sonin.mn
Манай улс нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш халдварын тоо эрчимтэй буурлаа. Үүнтэй холбогдуулан УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяртай ярилцлаа.
 
-Хоёр тун вакцин халдвараас 96 хүртэл хувь хамгаална гэж анх зарласан. Гэтэл дахин нэмэлт тун шаардлагатай гэсэнд олон хүн эргэлзэж байна. Гуравдугаар тунг хийх болсон шалтгаан нь юу байв?
 
-Дэлхий нийтэд гуравдугаар тун вакцин бол шинэ зүйл биш. Вакцины судалгаануудыг хамгийн анх Ухань хотод бүртгэгдсэн COVID-19-ийн хувилбарт үндэслэн хийж, хоёр тун  вакцин хэрэгтэй гэсэн шийдвэрийг олон улсад гаргасан. Энэ анхны хувилбараас Pfizer вакцин 95 хувь, Синофармын вакцин 75 хувь, AstraZeneca 72 хувь хамгаалж байгааг судалгаагаар тогтоосон. Ингэхдээ вакцин тариулсан хүмүүсийг вакцингүй хүмүүстэй харьцуулан судалсан статистик дүнг харгалзсан.
Ийн вакцинуудыг ДЭМБ бүртгэж, улс орнууд дархлаажуулалтдаа ашиглаж эхэлсэн. Гэвч энэ оны дөрөвдүгээр сараас COVID-19-ийн дельта хувилбар бүртгэгдэж эхэлсэн. Энэ нь анхны Уханийн хувилбараас халдварлах чадвар нь дөрөв дахин их байв. Мөн сорьцод байгаа вирусын тоо 1000 дахин нэмэгдсэн нь нөхцөл байдал ноцтой болсныг сануулсан. Вирус мутацид орж, халдварлах чадвар нь нэмэгдсэнээр вакцинд хамрагдсан хүмүүс халдвар авах эрсдэлтэй болж эхэлсэн. Вакцинд хамрагдсанаас хойш 42 хоногийн дараагаас цусан дахь эсрэг биетийн хэмжээ 10 хувиар буурч эхэлсэн.
 
 
Байгалиасаа вакцин болон халдварт өвчний дараа тогтсон дархлаа, эсрэг биеийн түвшин тодорхой хугацааны дараа буурдаг. Хамгийн гол дархлаа нь эсийн түвшинд тогтох ёстой. Ингэснээр халдвар ороод ирэхэд эс таниад богино хугацаанд эсрэг биеийг үйлдвэрлээд  вирусыг устгаад хариу урвал өрнөх ёстой.
 
 
 
AstraZeneca болон Pfizer вакцины дархлаа буюу эсрэг биеийн титр 3.5 сарын дараагаас буурч эхэлсэн.  Вакцинуудыг шинэ технологиор хийсэн учир халдвараас хамгаалах чадвар буурч эхэлсэн ч хүндрэл болоод нас баралтаас хамгаалах чадвар нь хэвээр байгаа. Мутацид орж олон төрөл болсон вирусыг хүний дархлааны систем богино хугацаанд таниад устгах боломжгүй. Тиймээс хоёр тун тариулсан хүмүүс эрсдэлд орж эхэлсэн. Үүнээс үүдэн эсрэг биеийн титрийг өсгөхөөс илүүтэйгээр дархлааны санамж, хариу үйлдлийг сайжруулах зорилгоор нэмэлт тунг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 20 орчим улс гурав дахь тунгаа хийж байна. Үүнд манлайлсан улс нь Израйль. Тус улс маш богино хугацаанд судалгаа хийгээд гуравдугаар тунг эрчимтэй тарьж, нэг сарын дотор хүн амын 30 хувиа хамруулсан. Ингэснээр халдварын тоо нь 80 хувиар буурсан. Их Британи хүн амын 20 хувиа нэмэлт тунд хамруулаад тохиолдлын тоог 15 хувиар бууруулсан. Манай улс аравдугаар сартай харьцуулахад арваннэгдүгээр сарын сүүлийн 14 хоногийн халдварын тоо 60 хувиар, орны ачаалал 40 хувиар буурсан нь нэмэлт тунгийн үр дүн юм.
 
-Ихэнх орон зургаан сарын дараа нэмэлт тунгаа хийж байна. Харин манай улс гурван сарын дараа тарьж байгаа нь ямар учиртай вэ?
 
-Вакцины хамрагдалт муу зүүн ба баруун европын улс орнууд ба манай хөрш ОХУ-д дельта давалгаа эрчимжиж, тохиолдлын тоо эрс өсөж байна. Тухайлбал, ОХУ-д өдөрт 40 мянган тохиолдол илэрч, 1000 гаруй хүн нас барж байгаа бол Германд өдөрт 50 мянган тохиолдол бүртгэгдэж, 300 хүн нас барж байна. Манай улсын хувьд европын улсуудын адилаар дельта давалгаанд өртөх эрсдэл есдүгээр сарын сүүл ба аравдугаар сарын эхээр үүссэн тул бид  нэмэлт тунг хийх хугацааг 3-6 сараар тогтоосон. Учир нь Синофармын хоёр тунгийн дараах эсрэг биеийн титр гурав дахь сараас буурч эхэлсэн. Тэр дундаа  халдварлах чадвар өндөр дельта вирусын эсрэг дархлааны бусад үзүүлэлтүүд буурч байгаа үед гурав дахь тун вакциныг хийхэд эдгээр үзүүлэлтүүд нэмэгдэж байгаа нь манай улсын  судалгаагаар нотлогдсон. Вакцины эсрэг биетийн титр буурсантай холбоотойгоор дельта давлагаа эхлэхээс өмнө яаралтайгаар гуравдугаар тундаа иргэдээ хамруулсан нь оновчтой шийдвэр болсон. Учир нь манайд тохиолдлын тоо буурч эхэллээ. Манай хөрш БНХАУ 3-6 сарын дараа вакцины нэмэлт тунд иргэдээ хамруулж эхэллээ.
 
-Халдвар аваад эдгэрсэн хүмүүс вакцинд хамрагдах шаардлагагүй гэж мэдэгдсэн. Гэвч удалгүй 21 хоногийн дараа нэмэлт тундаа хамрагдаж болно гэсэн. Энэ нь юутай холбоотой вэ?
 
-ДЭМБ-ын судлаачид “Вакциндаа хамрагдаад халдвар авч байгаа хүмүүс дархлааны тогтоц сул байна. Дахин халдвар авах эрсдэл өндөр байна” гэж мэдэгдсэн. Халдвар аваад эдгэрсний дараа тогтож байгаа дархлаа вакцины дархлаа шиг системтэй байж чадахгүй байгаа юм. Тиймээс халдвар аваад эдгэрсэн бол 21 хоногийн дараа вакциндаа хамрагдахыг зөвлөж байгаа.
 
-Халдвар аваад эдгэрсэн ч мартамхай болох, сульдах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байна гэж хүмүүс ярьж байна. Халдвараар хүндээр өвчилвөл ямар эрхтний систем гэмтэж байгаа талаар судалгаа хийсэн үү?
 
-Барууны орнуудад хийсэн судалгаагаар өвчилсний дараа тархины эдүүд маш их гэмтэж авто осолд орсон юм шиг оюуны чадамж муудаж байгааг тогтоожээ. Монголд энэ  халдвараар нас барсан хүмүүст задлан хийхэд ижил үр дүн гарсан. Тархины эсүүд асар ихээр үхэжсэн, зүрхний булчин гэмтэж, элэг бөөрний хурц дутагдалд орж байна. COVID-19-өөр өвдсөн дөрвөн хүн тутмын нэг нь элэг, бөөр, зүрх, тархины асар их хүнд гэмтэлтэй хоцорч байна. Энэ судалгаанаас үзэхэд вакциндаа хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс амиа алдах өндөр эрсдэлтэй төдийгүй насан туршдаа архаг хууч өвчинтэй болох эрсдэлтэй байна.
 
Ийм байдалд оруулахгүйн тулд бид иргэдээ гуравдугаар тунд хурдан хамруулахыг хичээж байна.
 
-Манай улс хүүхдүүдээ гуравдугаар тунд хамруулах уу?
 
-Халдвар авсны дараах үлдэц залуу хүмүүс ч эрсдэлтэй учир Израйль улс 12-оос дээш насны хүүхдүүдээ нэмэлт тунд хамруулсан. Мөн АНУ 5-11 настай хүүхдүүдээ вакцинд хамруулахаар боллоо. Энэ нь дельта хувилбараар хүүхэд өвчилж, нас барах нь эрс нэмэгдсэнтэй холбоотой. Манай улсад ч  Уханьд гарсан хувилбараар хүүхдүүд өвчлөх нь бага байсан бол дельта хувилбарын үед 12-оос доош насны хүүхдийн өвчлөл ба хүндрэл эрс нэмэгдсэн. Одоогоор манай улс 17-оос дээш насныхныг нэмэлт тунд хамруулж байна.
 
 
Жирэмсэн эмэгтэйчүүд вакцины гурав дахь тунд хамрагдах боломжтой ба жирэмсний аль ч үед вакцин ураг ба эхэд эрсдэлгүй учраас ДЭМБ зөвшөөрсөн байдаг. Вакцинд хамрагдаагүй 12 наснаас доошхи хүүхэд ба жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл буурсан нь гурав дахь тунд хамрагдсан иргэд гэртээ халдвар тараах нь багассантай холбоотой.
 
 
 
-Pfizer вакцины хугацааг сунгасан нь нэлээд эргэлзээг дагуулж байна. Нэгэнтээ үйлдвэрлээд гаргачихсан вакцины хугацааг сунгах нь эрсдэлтэй биш гэж үү?
 
-COVAX хөтөлбөрийн хүрээнд  190 гаруй орон Pfizer вакцин хүлээн авсан.  -60-аас -90 градусын гүн хөлдөөгчид байгаа вакцины хугацааг гурван сараар сунгахад вакцины чанар, үр нөлөө өөрчлөгдөхгүй гэсэн захиаг Pfizer компани илгээсэн. Ингэснээр цаашид тус компани вакцинаа есөн сарын хадгалах хугацаатайгаар үйлдвэрлэхээр болсон. Монгол Улсын Засгийн газар 2.5 сая тун Pfizer вакцин  худалдан авч байгаа.Үүүний тодорхой хувь  болон COVAX хөтөлбөрийн хүрээнд 1.5 сая тун Pfizer  вакцин хүлээж аваад байна. Ингэснээр нийт 2.9 сая тун Pfizer  вакцин  хүлээж авлаа.  Манай  улсын хүлээж авсан бүх вакцины  нөөц 7.5 сая тун болоод байна. Манай улс вирусын эсрэг эмчилгээг өрхөөр дамжуулан эрт хийж ард иргэдээ улсын төсвөөс Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлсэн мөнгөнөөс 280 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн эмчилсэн.  Мөн орны тоог эрс нэмж 23  мянгад хүргэсэн ба вакцины татан авалтыг сайн хийж вакцинжуулалтыг эрчимтэй хийснээр томоохон давалгааг нас баралт хүндрэл багатай давах боломжийг бүрдүүлсэн.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин