sonin.mn
“... Аавын алдрай хөвгүүд өслөө      
Ард олны хүү боллоо  
Ээжийн энхрий хөвүүд өслөө    
Эх орны хүү боллоо ...” 
Тийм ээ, өнгөрөгч долоо хоног ижий аавынхаа захиас даалгаврыг өвөртлөн эх орноо батлан хамгаалахаар эр цэргийн албанд мордож буй идэр чийрэг хөвгүүдийн баяр хөөр, бахдал омогшлоор хөглөгдсөн өдрүүд байлаа. Уншигч та ч санал нэгдэх биз ээ. Тэгвэл эл өдрүүдэд нийслэлийн зарим дүүргийн цэрэг татлагын товчоогоор саатаж, сурвалжилга бэлтгэлээ. Бид Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийг түшиглэн цэрэг татлагаа зохион байгуулсан БЗД-ийн цэрэг татлагын товчоогоор эхлээд орлоо. Сургуулийн хашаанд цэрэг, эх орны сэдэвт дуунууд ээлж дараалан цуурайтах нь ойр орчмоор өнгөрсөн хэн бүхний, тэр тусмаа зарлан дуудах хуудсаа өвөртлөн эрүүл мэндийн үзлэгт орохоор дараалал үүсгэн зогсож буй залуус, энхрий үрсээ эр цэргийн албанд үдэх гэж буй ээж аавуудын сэтгэлийн утсыг хөндөж байна уу гэлтэй тийм нэг гэгээн басхүү гэгэлгэн зураглалыг илэрхийлэх ажээ.     
     
Бид ажлын үнэмлэхээ шалгуулан дотогш нэвтэрлээ. Цар тахалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэсэн нь бэлхнээ харагдахын зэрэгцээ “Хүн хоорондын зайгаа бариад дугаарлаарай. Ариутгал хийснээс хойш хоёр цаг болчихлоо, одоо дахиад ариутгал хийх гэж байна. Очер чинь болоогүй бол түр гарч болно шүү” гэх үгс сонсогдох нь УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллаж буйн илрэл гэлтэй. Энэхүү хариуцлагатай үүргийг цэрэг татлагын явцад тухайн дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хариуцан гүйцэтгэж, хоёр цаг тутамд агаар сэлгэж, ариутгал хийн, амны хаалт тараах зэргээр үйлчилгээ үзүүлж байгааг дүүргийн Эрүүл мэндийн төвийн ариутгагч, сувилагч С.Тунгалаг онцолж байлаа. 
Халдвар хамгааллын дэглэм баримтлан уртаас урт дараалал үүсгэн зогссоноос үзвэл залуусын ирц, идэвх өндөр байгаа бололтой. Үүнийг ч тус дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Энх-Амар бататган ярив. Тэрээр хэлэхдээ “Залуусын идэвх маш өндөр байна. Цэргийн албанаас зайлсхийж, татгалздаг хүн тун ховор болжээ. Эрүүл мэндийн хувьд л ямар нэгэн асуудалгүй бол цэргийн албаа хаачихъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа нь олзуурхууштай. Ер нь залуусын цэргийн албаны тухай ойлголт, түүнд хандах хандлага их өөр байна” хэмээн тодотгосон юм.  
Харин эрүүл мэндийн хувьд өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал  чих, хамар, хоолой, шүдний өвчлөл, тэр дундаа дунд чихний үрэвсэл зонхилж байгааг эмч нар хэлж байлаа. Түүнчлэн цар тахлын халдвар аваад эдгэсэнтэй холбоотойгоор зарим залуусын уушги ч бага зэрэг өөрчлөлттэй байна гэдгийг дурдсан юм.  
Цэрэг татлагын хоёр дахь өдөр бид Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг дагалдан Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын товчоонд ажиллав. Эх орноо батлан хамгаалах эрхэм хүндтэй үүргээ ухамсарласан залуус өглөөний 8 цагтай уралдан урт дараалал үүсгэсэн нь мөн л тэдний идэвхийг илтгэж байв. Дугаарлан зогссон залуусын заримынх нь дунд “Чи саналаараа явж байгаа юу? Би өөрийнхөө хүсэлтээр явж байгаа. Хэрэв цэрэгт тэнцэхгүй бол яана аа. Тэгвэл ёстой онигоо болно доо” гэх инээд дагуулсан хөгжүүн яриа, “Хугацаат цэргийн албаа сайн хаавал тухайн ангидаа улираад улмаар цэргийн хүн болох боломжтой гэсэн” гэх хэгжүүн яриа ч өрнөх ажээ. Чих дэлссэн эдгээр ярианаас цэргийн албаны үнэлэмж, давуу тал, залуусын цэргийн албаны тухай нийтлэг ойлголт ямар байдаг нь анзаарагдаж байв. 
Ер нь цэргийн алба хаах хүсэлтэй залуусын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн хувьд ч өмнөх жилүүдийнхээс харьцангуй дээгүүр үзүүлэлттэй байгаа талаар тус дүүргүүдийн Цэргийн штабын дарга нар, Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд Батлан хамгаалахын сайдад танилцуулж байлаа. Салбарын сайдын хувьд ч цэрэг татлагатай холбоотой бүхий л талын асуудлыг лавлаж, шаардлагатай зарим үүрэг чиглэлийг нийслэл, дүүргийн Цэргийн штабын удирдлагуудад өгч ажилласан юм.  
 
Мөн тэрээр эхний шалгуур болох эрүүл мэндийн үзлэгээр орж тэнцээд, алба хаах ангидаа хуваарилагдсан залуустай уулзаж, хугацаат цэргийн албаа нэр төртэй хаахыг эрхэмлэн захихын зэрэгцээ тухайн ангийнх нь онцлог хийгээд, цэргийн албатай холбоотой бодлогын зарим асуудлаар мэдээлэл хүргэв. Тухайлбал “Бид цэргийн албанд нэлээд анхаарал хандуулж байгаа. Наад зах нь л алба хаах байр, орчин нөхцөл, ахуйн хангалтаас эхлээд бүхий л талын асуудлыг орхигдуулахгүй орчин үеийн жишигт хүргэхээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч байна. Товчхондоо хүнийг хөгжүүлэх орчныг бүрдүүлэхэд голлон анхаарч байгаа юм. Та бүхэн ч хуваарилагдсан ангиуддаа очоод бодитоор харна” гэдгийг дурдав. Мөн “Цэргийн алба хааснаар та бүхний өмнө олон сайхан боломж нээгдэж байгаа. Алба хаах хугацаандаа энгийн болон цэргийн мэргэжил эзэмшихийн зэрэгцээ албаа үлгэр жишээ хааж, үргэлжлүүлэн цэргийн гэрээт алба, цаашлаад ахлагч, офицерын эгнээнд элсэх боломж ч бий. Гагцхүү цэргийн албаа л та бүхэн чин сэтгэлээсээ сайн хаах хэрэгтэй, заасан бүхнийг сайтар сурах ёстой. Та бүхний эрх тодорхой хугацаанд хязгаарлагдана. Унтах, сэрэх, хооллох, хичээл сургалтад хамрагдах гээд бүх л зүйл цагийн хуваарийн дагуу явдаг. Энэ бүхэнд богино хугацаанд дасаж эр цэргийн албаа нэр төртэй сайн хаагаарай” гээд албанд нь амжилт хүссэн юм.
 
ЯАГААД 11 ДЭХ БААТАР НЬ БИ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ...
 
Г.Батсайхан /БЗД/ -Намайг Г.Батсайхан гэдэг. Би 2020 онд МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр дүүргэсэн. Энэ бол миний эхний зорилго. Харин эр цэргийн алба хаах нь хоёр дахь зорилго маань учраас би цэргийн зарлан дуудах хуудсаа тун ч их баяр бахдалтайгаар хүлээж авсан. Тэгээд л аль ангид алба хаах талаар бодож, Зэвсэгт хүчний ангиудын үүх түүхийг судалсны эцэст эгнээнээсээ арван баатар төрүүлсэн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийг сонгосон юм. “Яагаад би энэ ангиас төрсөн 11 дэх баатар нь байж болохгүй гэж” гэсэн асар том зорилгыг тээж энэ ангийг сонгосон. Эрүүл мэндийн үзлэгээр орж тэнцээд тус ангид алба хаах хүсэлтэй байгаагаа уламжилж хүссэн ангидаа хуваарилагдсандаа туйлаас баяртай байна. Иргэнийхээ үүргийг ухамсарлан биелүүлж, олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн эр цэргийн алба хаана гэдэг бол амьдралд нэг л тохиох алтан мөч гэж би ойлгож байна. Энэ цаг мөчийг алдар түүхтэй ангид үднэ гэдэг бүр ч бахархалтай биш гэж үү. Манай аав цагдаагийн байгууллагад алба хаадаг болоод тэр үү цэргийн албыг заавал хаах ёстой гэдэг ойлголтыг бидний ой тойнд суулгачихсан. Тийм ч учраас цэргийн албанаас татгалзаж, хойш суух тухай бодол бидэнд огт байдаггүй, ах нар маань ч бүгд хугацаат цэргийн алба хаачихсан. Цэргийн алба хааснаар олон боломж нээгддэгийг, наад зах нь хувийн зохион байгуулалт, цагийн менежмент, тэсвэр хатуужлаас эхлээд асар их өөрчлөлтийг олж авдгийг ах нар маань надад үлгэрлэн харуулж байгаа. Энэ ташрамд, үеийнхэндээ хандаж хэлэхэд иргэний үүргээ ухамсарлан цэргийн албаа заавал хаагаарай гэж уриалъя.
 
 
БАХАРХАЛТАЙ БАЙНА, ТӨРИЙН ТОРГОН ЦЭРЭГ БОЛЛОО 
 
Г.Дашдондов /СХД/ -Би МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан, сургуулиасаа нэг жилийн чөлөө аваад өөрийнхөө хүсэлтээр цэргийн албанд явж байна. Хугацаат цэргийн алба хаана гэдэг бол эр хүн болж төрсөн хэн бүхний биелүүлэх ёстой үүрэг. Тийм ч учраас би энэхүү үүргээ ухамсарлан биелүүлэх гэж байгаадаа баяртай байна. Тэр тусмаа Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хуваарилагдаж, төрийн торгон цэрэг болж байгаагаараа бахархаж байна. Бас олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алба хааж, амьдралынхаа туршид нөхөрлөх анд найзынхаа хүрээг тэлнэ гэхээр маш сайхан санагдаж байна. Тэрчлэн амьдралд минь алтан дүрэм болохуйц олон эрдэмд суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломж нээгдэж байгаад олзуурхаж байгаа. Тийм ч учраас үеийн нөхдөдөө хандаж “Бид эх орныхоо ирээдүйн эзэд, өрх гэрийн тэргүүн болох учраас цэргийн албыг заавал хаах ёстой” гэдгийг хэлье.
 
 
ХҮНДЭТ ХАРУУЛЫН ШАЛГУУРТ ТЭНЦСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
 
Э.Бат-Оргил /СХД/  -Намайг Э.Бат-Оргил гэдэг. Би Үндэсний лаборатори “Ган зам-2” сургуулийг төгссөн. Иргэнийхээ үүргийг ухамсартайгаар биелүүлж, эр цэргийн алба хаахаар мордож байгаадаа, тэр тусмаа Хүндэт харуулын ангийн шалгуурт тэнцсэндээ туйлын баяртай байна. Яг энэ цаг мөчийг хүлээж байсан болоод тэр үү сэтгэл маш их догдолж байна. Бас эх орныхоо эзэн, ээж аавынхаа хүү болж төрснөөрөө өөрийн эрхгүй бахархаж зогсоно. Хугацаат цэргийн алба хааснаар миний өмнө олон боломж нээгдэнэ гэдэгт итгэл төгс байгаа. Бие бялдрын өв тэгш хөгжил, тэсвэр хатуужил, хувийн зохион байгуулалт, хүнээс үг сонсох чадвар гээд л дурдаад байвал олон зүйлийг нэрлэж болно шүү дээ. Түүнчлэн үеийнхээ олон сайхан залуусаар насан туршийнхаа нөхөрлөлийн хүрээг бэхжүүлнэ. Ер нь найзын хүрээлэл, нөхөрлөлийн үнэ цэн гэдэг хүний амьдралд чухал гэж би ойлгодог юм.   Цэргийн алба хаасан нэг жилийн хугацаа маань миний амьдралын хамгийн гэгээн дурсамжуудын нэг байх болно. Энэ ташрамд, үеийнхээ залууст цэргийн албаа нэр төртэй хаахыг уриалахын зэрэгцээ албанд нь өндөр амжилт хүсье. 
 
 
ЗҮҮНБАЯНГААС ИХ ЗҮЙЛ СУРАЛЦАНА ДАА
 
Э.Хуягаа /БЗД/ -Миний хувьд БЗД-ийн 22 дугаар хорооноос цэргийн албанд татагдсан. Нийслэлийн 53 дугаар сургуулийг дүүргээд дараа нь тогоочийн мэргэжил эзэмшсэн, II зэрэгтэй. Нэгэн зоогийн газарт ахлах тогоочоор ажиллаж байгаад эх орныхоо дуудлагаар цэргийн албанд мордож байгаадаа, тэр тусмаа Зүүнбаяныг зорих болсондоо сэтгэл өндөр байна. Миний сонссоноор Зүүнбаянгийн цэргийн анги маш сайн сургалттай гэсэн. Тийм учраас очоод их зүйлд суралцана гэдэгтээ итгэлтэй байна. Мөн эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн олон аавын хөвгүүдтэй “Онжав” гэсэн эрхэм нэрээр гагнагдаж, насан туршийн нөхөрлөл үүсгэнэ гэж бодохоор цаанаа л урамтай сайхан байна. Яагаад гэхээр цэргийн нөхөрлөл хамгийн бат бөх, хамгийн үнэ цэнтэй байдаг тухай цөөнгүй сонсож байсан юм. Надад маш олон мөрөөдөл, зорилго бий. Түүний нэг нь цэргийн албаа нэр төртэй хаачхаад гадагш явах. Визээ ч мэдүүлчихсэн. Цэргийн алба хааснаар олны дунд биеэ хэрхэн зөв авч явах, аливаад яаж тууштай хандах, цаг хугацааг ямар аргаар удирдах вэ гэдгээс эхлээд олон зүйлд суралцах учраас эдгээр нь надад хүний газар ажиллаж, амьдрахад давуу тал болно гэж бодож байна. Албаа нэр төртэй хаагаад ирнэ ээ.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин