sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Англид амны хаалт заавал зүүх, гэрээсээ ажиллахыг зөвлөх зэрэг “COVID-19”-ийн тархалтыг хумих “Б” төлөвлөгөөний хязгаарлалтуудыг тогтоохыг сөрөг хүчний Лейборист намын зүгээс Засгийн газарт уриалжээ.
 
 
 
“Вакцинжуулалтын хөтөлбөр зогсонги байдалд ороод байгаа тул нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж Лейборист намын гишүүн Рэйчел Ривз “BBC” телевизэд мэдээлсэн байна.
 
 
 
Харин Канцлер Риши Сунак одоогоор “Б” төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүсээгүй байна хэмээн мэдэгджээ. Энэхүү төлөвлөгөө нь эрүүл мэндийн тогтолцоог “тогтоон барих боломжгүй ачааллаас” сэргийлэх зорилготой байна. Үүнд вакцины гэрчилгээг заавал шаардах дүрэм ч мөн багтаж байгаа аж.Англид одоогоор хэрэгжүүлж буй “А” төлөвлөгөөний хүрээнд хамгийн эмзэг бүлгийн иргэдийг нэмэлт тунд хамруулах, 12-15 насны эрүүл хүүхдүүдийг нэг тун вакцинаар дархлаажуулах, вакцин хийлгээгүй байгаа хүмүүст дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байгаа юм.
Гэвч сүүлийн үед халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болоод байгаатай холбогдуулан Үндэсний эрүүл мэндийн газрын холбоо, Их Британийн Анагаах ухааны нийгэмлэг тэргүүтэй байгууллагууд Англид тодорхой хязгаарлалтуудыг дахин тогтоохыг уриалах болжээ. 
 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг