sonin.mn
Өглөөг туйлын муу мэдээгээр угтсан болохоор сэтгэл нэг л гундуухан. “Тамсагбулагт 1939 онд барьсан цэргийн госпиталийн гурван давхар эмнэлгийн барилга соёлын биет өв болон хадгалагдаж байсан юм. Үүнийг шүлсээ савируулсан шуналтнууд буулгаж байна. Яг үүн шиг Халхын голд байгаа хөшөө дурсгалууд эхнээсээ тоногдоод эхэлжээ. Сумын соёлын төвд соёлын өвийн мэргэжилтэн, эргүүлийн хоёр орон тоо батлагдаад хүнээ авчихсан байгаа тул хөшөөнүүдээ эргэж тойрдог болохгүй бол хайран юм яйран болох нь ээ. Би хүний мууг үзэх гэсэнгүй, соёлын салбарт данслагдсан хүн учраас сэтгэл өвдөөд бичлээ шүү. Миний тэргүүлдэг "Халхын голын түүх, соёл, байгалийн өв" НҮТББ-ын маань ч чиг үүрэг бас л энэ асуудалд хамаатай учраас хошуу дүрэв. Яаж ч бодсон гахай явган Соёлын төв фургон машинтай, мэргэшсэн боловсон хүчинтэй, 13 хүний орон тоотой “Ялалт” музейгээс яаж илүү гарч хөшөө дурсгалуудыг хамгаалах билээ дээ! Төрийн мэргэн бодлого шийдвэрийн үр дүн нэг иймэрхүү л байна” гэж тус музейн эрхлэгч асан СГЗ Л.Мягмарсүрэн гуай нүүр номын хуудсандаа харамсан бичжээ.
 
Сонссон мань мэт бачуурч байхад насаараа Халхын голын түүхэн дурсгалт газар, хөшөө дурсгалын төлөө зүтгэсэн энэ хүн аргагүй биз. Түүнтэй холбогдож учир байдлыг тодруулсан юм. Өнөө хэдэн хөшөө дурсгалаа эргэж тойрч явсан түүнийг Тамсагбулагт байрлаж байсан цэргийн госпиталийн 3 давхар барилгыг ухаж хад чулууг нь хураагаад тавьчихсан, ихэнхийг нь  зөөчихсөн дүр зураг угтжээ. "Жил орчим хугацаанд очиж чадаагүй, уг нь очих санаа их л байх юм. Санаснаар болохгүй, өвгөн миний чадал тэнхээ хүрэхгүй үе ч байх юм. Үнэхээр харамсалтай, хашаа хороонд ашиглах гэсэн сувдаг сэтгэлээр биет өв болсон ийм дурсгалыг нурааж байх ч гэж дээ. Хүрз лантуутай ирээд буулгачих эд биш кран зэрэг техниктэй ирж нураасан бололтой. Сумын Засаг дарга комисс томилон ажиллуулж байна. Өвгөн ахад нь хэлэх үг алга” гэж хоолой зангируулан ярихад нь зүрх зүсэгдэх шиг боллоо.
 
Тамсагбулаг бол Халхын голын дайны ар тал болсон түүхэн газар. Бүр Тамсагбулаг хот гэж нэрийдэж байжээ. Тус цэргийн госпиталь гэхэд л 1000 хүнд үйлчлэх хүчин чадалтай байж. Түүхийн алтан хуудсыг илхэн харуулах амьд бус гэрч гэдэг хамгийн чухал, үнэ цэн нь хэмжээлшгүй их. Халхын голын дайны гэрч болсон хуруу дарам ахмад дайчин амьд мэнд байгаа хэдий ч насны эрхээр санаж мартах нь их болсон учраас биет өв болсон хөшөө дурсгал л үнэнийг хадгалан үлдэх нь ойлгомжтой. Халхын голын дайны гэрч болсон цэргийн госпиталийн барилгатай хамт дайнд үүргээ амжилттай биелүүлсэн цагаан нөмрөгт баатруудын гавьяа зүтгэл ч давхар арчигдаж буйг ухаараасай. 
 
Халхын голын дайнтай холбоотой 43 хөшөө дурсгал эл нутагт тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн, дайн байлдааны гамшиг, эцэг өвгөдийн минь баатарлаг түүхийн гэрч болон оршиж байдаг. Бас л эвдэлж, тоногдсоор байна. Алдарт Ерэн баатрын хөшөө, Яковлсвын хөшөө гээд захаасаа хашаа хороо нь нураад эвдрээд эхэлжээ. Хуулийн дагуу бол Сумын Засаг дарга хариуцаж иргэн, аж ахуйн нэгжид хариуцуулах үүрэгтэй байдаг боловч бодит байдал огт өөр гэнэ. Сумын төвөөс 130 гаруй км зайтай хөшөө дурсгалыг байнга эргээд байх боломж хомс, засварлаж сэргээгээд байх бололцоо тэр бүр байхгүй нь ойлгомжтой. Хэдийгээр сумын Соёлын төвд соёлын өвийн мэргэжилтэн, эргүүлийн 2 орон тоо батлагдаж, хүмүүс томилогдсон боловч хаанаа ч хүрэлцэхгүй нь мэдээж. Тэгээд ч сэтгэл гарган ажилладаггүй бололтой. Мягмарсүрэн гуайн хэлснээр “Ялалт” музейд хариуцуулаад бензин тосыг нь төсөвт харамгүй суулгаад өгчихвөл үр дүн нь хамаагүй өгөөжтэй байх биз. Тэрээр энэ асуудлыг 10 гаруй жил хөөцөлдсөн боловч тусыг үл олжээ. Түүний бас нэгэн туйлын  хүсэл нь Халхын голын районыг Батлан хамгаалах салбарт хариуцуулчхаасай гэсэн бодол. “Энэ ялалтын үнэ цэнийг ойлгож мэдэрдэг, хариуцлагатай ганц салбар нь тэр учраас найдвартай гарт өгч үүх түүхээ авч үлдэх юм сан гэж бодох юм. Тэгээд ч энд цэргийн анги, байгууллагууд бий. Тэднийгээ түшиглэвэл болоод явчихна даа гэж санаснаа хуваалцсан. Сониноор дамжуулаад өгөөрэй гэж гуйсан. Энэ бол дан ганц Батлан хамгаалах салбарын асуудал биш, Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хамгийн чухал зүйл. Аргаа ядахдаа биднийг л хамгаалаад хойч үедээ үнэнийг өгүүлэх хөшөө дурсгал, эх нутгаа иргэн олноо гэж амь хайргүй тэмцсэн баатарлаг охид хөвгүүдийн түүхийг сургамж болгон үлдээх байх гэсэн ахмадын горьдлого ихийг өгүүлнэ. Халхын гол бол зүгээр ч нэг газар биш. Бидний тусгаар тогтнол, эрх чөлөө, улс ардын маань амь амьдрал цусаар бичигдсэн түүхт газар. Дэлхийн судлаачдын “шүлсийг” гоожуулдаг, судлагдаагүй, судлах маш элбэг баримт түүхтэй үнэт өв. Өөрөөсөө хулгайлж, өөрийгөө тонодог, өрөвдөх хайрлах сэтгэлгүй хүн хогнууд байна гэдэгт итгэхгүй юм. Юуг нь тонох юм, юуг нь цөлмөх юм бэ, сэтгэлд багтахгүй юм.
 
Уг нь Халхын голын дайны ялалтын ой бүрээр л их бага хэмжээгээр сэргээн засварлах ажил хийж, чадах чинээгээрээ тордохыг чармайдаг юм сан. 
“Салхи нь хүртэл нэгийг өгүүлдэг газар юм шүү дээ” гэсэн өвгөн найрагч Сүрэнжав гуайн үг энүүхэнд сонсогдоно. Нээрээ ч Халхын голын урсгал гуниг хуран халуун амиа алдсан эрэлхэг хөвгүүдээ дурсдаг. Халхын голын хөндий хачин хүйтэн салхиар харийн дайсныг үлээдэг. Энд эх орныхоо төлөө амиа өргөсөн эрэлхэг дайчдын сүнс хоргодож эгэл түмнээ эгнэгт хамгаална гэж шивнэж байх шиг санагддаг юм. Хөшөө дурсгал гэдэг хүн зохиогоод бүтээчихдэг ч эд биш. Үүх түүх, ёс заншил, өнгөрсөн цаг хугацаа, өвөг дээдсийн байгуулсан гавьяа өнө мөнхөд үргэлжилж байдаг шаргал хуудаснууд юм. Ерэн баатрын хөшөө, Ялалтын хөшөө, Яковлевийн хөшөө, Ханан хөшөө, Илдэн хөшөө ... зөвхөн нэрс нь л үлдэх гэж үү?
Эх нутаг руу минь халдан довтолсон дайснуудтай зоригт эрс эрэлхгээр тулалдаж амь насаараа ялалт авчирсан түүхийг үнэн юм уу гэж асуувал бид юу гэж хариулах вэ, бас юугаа үзүүлэх вэ. Эх орныхоо газар шороо, эрх чөлөөг юугаар үнэлэгддэгийг, яаж ирснийг, тусгаар тогтнолын үнэ цэнийг хожим хойчдоо хэрхэн мэдрүүлэх юм бэ.
ХАЛХЫН ГОЛ УЙЛЖ БАЙНА, ХАНЫН ХӨНДИЙ НУЛИМСТАЙ БАЙНА.
 
 
Дэд хурандаа Х.ГАНЗУЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин