sonin.mn
Хорьдугаар зууны цуутай удирдагчид хэмээгдэн түүхэнд бичигдэж үлдсэн эрхмүүд цөөнгүй бий. Сийрүүлбэл, Америкийн Т.Рузвелет, Английн У.Черчилль, Хятадын Мао, Оросын В.И.Сталин, Хойд Солонгосын Ким Ир Сен, Кубын Ф.Кастро зэрэг улс үндэстнийхээ хувь заяатай салшгүй гүн бат холбогдсон удирдагчдыг нэрлэж болох юм. Эдгээр эрхмүүдтэй эн тэнцэхүйц, магадгүй улс төрийн үйл ажиллагаагаараа зарим талаар илэрхий далайцтай, өнгөрсөн зууны наяад оны дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд “өөрчлөн байгуулалтын эцэг” хэмээгдэн хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч бол хуучнаар ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч М.С.Горбачев юм.
 
М.С.Горбачев 1931 онд Оросын Ставрополь хязгаарын Привольное тосгонд тариачны гэр бүлд төрсөн, эцэг нь орос, эх нь украин. М.С.Горбачев 1955 онд М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн хуулийн ангийг, 1967 онд Ставрополийн ХААДС-ийг хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Их сургуульд суралцаж байхдаа 1953 онд философийн ангийн оюутан Раиса Максимнова Титаренкотой гэрлэсэн, нэг охин, хоёр зээ охинтой. Түүний намтар товчдоо ийм. Харин улс төр, нийгмийн хүрээн дэх үйл ажиллагаа нь маш дэлгэрэнгүй, дэлхийн цараатай дэлгэрэнгүй.
Москвагаас алс хол, хязгаар нутгийн тариачны хүү нам, эвлэлийн ажлын шугамаар шат дараалан удирдах албан тушаал хашиж, улмаар дэлхийн хуурай газрын зургааны нэгд оршин тогтнож байсан хүчирхэг ЗХУ-ын төрийн тэргүүний сэнтийд заларсан нь түүний мэдлэг, сэтгэлгээ, шударга зан чанартай холбоотой нь мэдээж. Тариачны хүү учраас Гагарин сансарт ниссэн гэх явган яриа бий, харин улс төрд бол өөр шалтгаан заавал олддог. М.С.Горбачев улс орноо удирдсан 5 жилд миний бие ЗХУ-д 5 жил сурч, амьдарсан юм. М.С.Горбачев хий зайгүй намтар нь цэвэрхэн, ховорхон орос хүн. Бурханаас илгээсэн төрөлхийн удирдагч, арван хуруу тэв тэгш хүн гэж үгүй, тиймийн учир бага, сага яриа байлгүй яах вэ, сэтгүүлч мэргэжил эзэмшихээр түүний төрөлх нутагт суралцаж байсан би болоод бусад залуус сонсолгүй яах вэ. М.С.Горбачев дунд сургуулийн сурагч байхдаа "Хөдөлмөр" зусланд идэвхийлэн ажиллаж, арван таван насандаа Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдаж байсан нь түүний тууштай ажилсаг чанарыг илтгээд зогсохгүй Москвад суралцахад нь нийгмийн тустай ажилд идэвхтэй гэх нэгэн түлхэц болсон нь маргаангүй. Аав, ээж нь хамтралын ногооны талбайгаас холдож үзээгүй байхад тариачны хүү алтан Москваг зорьж, ээж нь хослол авч өгчээ. Сургуулиа төгсөхдөө уг хослолын пиджакийн энгэрт ромбо зүүж ирсэн гэх, энэ ч бас нягт нямбайг нь илтгэнэ. М.С.Горбачев оюутан ахуйдаа дотно үерхдэг бүсгүйтэй байсан хэдий ч, нэг удаа үдэшлэгт бүжиглэж байхдаа ирээдүйн эхнэртэйгээ танилцаж, сургуулиа төгсөхөөс өмнө яаравчлан гэрлэжээ. Энэ гэрлэлтэд яарах учир шалтгаан байж. Раисагийн гэр Москвагийн төвд, эцэг нь ЗХУКН-ын Төв хороонд алба хашдаг эрх мэдэл бүхий түшмэл. Вот это, хадам эцэг нь түүний намын ажил хийгээд албан тушаал ахихын зааварлагч, дэмжигч болсон байна.
 
 
 
Хожим үерхдэг байсан бүсгүй болоод гэрлэлтийнх нь талаар сэтгүүлч асуухад М.С.Горбачев “Дурлал бол урвалт биш сонголт” гэж хариулсан байдаг.
 
 
 
1981 онд МАХН-ын 18 дугаар их хуралд оролцох Зөвлөлтийн төлөөлөгчдийг ЗХУКН-ын Төв хорооны хөдөө аж ахуй хариуцсан нарийн бичгийн дарга М.С.Горбачев ахлан манай улсад айлчилж, их хуралд үг хэлж, Их тэнгэрийн аманд хэд хоног тухлахдаа зүгээр ч нэг дайлуулж цайлуулаад буцаагүй, энд хоёр зүйл тодорхой харагддаг. Тэр цагт БНМАУ-ыг ЗХУ-ын хөдөө аж ахуйн бааз, дагуул гэх ойлголт түгээмэл байв, тийм учраас Зөвлөлт засгийн зүгээс хөдөө аж ахуй хариуцсан нарийн бичгийн даргаа илгээжээ, энэ чинь улс төрийн бодлого шүү дээ. ЗХУКН-ын дотор (дээд удирдлагын) хийгдсэн халаа сэлгээ эхэлчихсэн, М.С.Горбачевын үеийнхэн (фракц) давамгайлж, мань эр хэдэн жилийн дараа гэх юмгүй ойрмогхон улс орныг удирдах гарц руу эргэлт буцалтгүй орчихсон байсан нь мэдрэгддэг. Гурван жилийн дараа БНМАУ-ын удирдагч Ю.Цэдэнбалыг албан тушаалаас нь буулгах ажиллагааны гол удирдагчаар мань эр тодорсон байдаг, энэ бол огт өөр асуудал.
М.С.Горбачев ЗХУ-ын удирдагчаар сонгогдоод л улс орондоо ил тод байдал (гласность), өөрчлөн байгуулалтыг (перестройка) эхлүүлж, гадаад бодлогодоо эрс шинэчлэлт хийсэн бөгөөд гадаадад байрлаж байсан Зөвлөлтийн цэргийг (Зүүн Герман, Куба, Монгол) татаж, Афганистанаас цэргээ гаргаж, арваад жил сунжирч, олон зуун орос залуусын амийг авч одсон үзэл суртлын дайныг зогсоосон юм. Яг тэр үеийн үйл явдлыг телевизийн шууд нэвтрүүлгээр нүдээр харж, чихээр сонссоноо өчье. ЗХУ-ын Дээд Зөвлөлийн хурлын индэрт гарч үг хэлсэн саальчин, депутат “Би хоёр хүүтэй, хоёулаа Афганистанд амь үрэгдсэн. Орос эхийн нулимсыг харах сайхан байна уу" гээд уйлсан. Хурал завсарлаад үргэлжлэхэд М.С.Горбачев гадаадад байрласан цэргээ татах, Афганистанд үргэлжилж буй дайныг зогсоох түүхэн шийдвэрээ уншиж танилцуулсан, тэр өдрөөс хэрэгжиж эхэлсэн байдаг.
 
 
 
Түүний ийм огцом, зоримог, эрс шийдвэрүүд нь олон нийтэд таалагдаж, үйл хэргийг нь дагаж байв. 1985 оноос ЗХУ-д архины эсрэг ”сухой закон" хэрэгжүүлсэн юм.
 
 
 
Орост удирдагчийнхаа тухай явган шог гаргах нь элбэг. М.С.Горбачевын тухайд бол тун ховор, гэхдээ яаж хоосон үлдэх вэ, удирдагч юм чинь, ядаж нэг байлгүй дээ. 1945 оны ялалтын дараа В.И.Сталин “Гайхамшигт ялалтыг тэмдэглэж 40 жил архи уух ёстой” гэсэн аман шийдвэр гаргажээ. Ялалтын баярын сүрт жагсаал Улаан талбайд хөвөрч, индэрт зогссон их удирдагч В.И.Сталин буруу харан шилтэй архинаасаа балгаж, архиа хөлийнхөө дэргэд тавьчхаад хөдөлмөрчид рүү гараараа даллаж байтал индэрт буй дарга нарт пионерууд цэцэг гардуулжээ. В.И.Сталинд цэцэг өгсөн жаал эргэхдээ хөлийнх нь хажууд байсан архийг унагаж  асгажээ. В.И.Сталин жаалхүүгийн тохойноос атгаж, чи хэн бэ гэхэд жаалхүү “Би пионер Маша Горбачев” гэжээ. В.И.Сталинаас хойш яг 40 жилийн дараа М.С.Горбачев архины эсрэг дайн зарласан билээ.
 
Тухайн цагийн оюутнуудын дунд М.С.Горбачевын тухай нэгэн явган шог яригдаж байсныг өөрөө сонсоод жуумалзаж суусан тухай хэвлэлийн төлөөлөгч нь дурсамждаа бичсэн нь бий. Тэр яриа нь, Зөвлөлтийн төрийн тэргүүнээр сонгогдсон М.С.Горбачев үдэш эхнэртэйгээ унтахдаа бардмаар “Чи хэзээ нэгэн цагт агуу их ЗХУ-ын төрийн тэргүүнтэй унтана гэж бодож байв уу” хэмээн асуухад эхнэр нь гацаж түгдрэлгүйгээр “Харин чи агуу их ЗХУ-ын тэргүүн хатагтайг өвөртөлнө гэж бодоогүй биз дээ” гэж мухарлажээ. Дээрх хоёр ярианаас өөр дэл сул яриа сонсогдоогүйг бодоход мань эр хийгүй нэгэн явсан бололтой.
1988 оны 10 дугаар сарын 1-нээс ЗХУ-ын Дээд Зөвлөлийн даргаар ажиллаж, 1990 оны 3 дугаар сард ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон М.С.Горбачев олон ургалч үзлийг хөгжүүлэх бодлого явуулсны үр дүнд 1990 онд Орост хэвлэл, мэдээллийн салбарт төрийн зүгээс цензур (хяналт) тогтоохыг хориглосон хууль батлагдаж, улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах нүсэр ажлыг эхлүүлжээ. М.С.Горбачев Зөвлөлтийн нийгмийн тогтолцоо гажуудсан, үзэл сурталжсан нэг намын бодлогын явуургүйг, эдийн засгийн мухардлыг олон жилийн турш ажиглан мэдэрч, үндсээр нь өөрчилж, дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэх арга замыг улс орны удирдагчийн сэнтийд хүрч, эрх мэдэл олж аваад хэрэгжүүлэхээр зорьжээ. Түүний шинэчлэлийн хэлбэр нь өмнөх удирдагчдынхаас эрс ялгаатай байв. Нэг намын тогтолцооноос аль болох хурдан татгалзах, хүний эрх, эрх чөлөөг хангаж өгснөөр эдийн засгийн төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос зах зээл рүү шилжих байсан юм. Түүний тэргуүлх байсан хүчирхэг ЗХУ хэрхэн задарсан үйл явдлыг эргэн харья.
 
1991 оны 4 дүгээр сард М.С.Горбачев Оросын бүрэлдэхүүнд багтаж байсан Бүгд Найрамдах Улсын удирдагчидтай цаашид ЗХУ-ын газар нутгийг хэвээр хадгалан үлдэх Тунхаглалд гарын үсэг зурах зөвшилцөлд хүрч, уг зөвшилцлийн дагуу 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Тунхаглалд гарын үсэг зурах байв. Тэгтэл товлосон өдрөөс нэг хоногийн өмнө (1991 оны 8 дугаар саран 19-нд) М.С.Горбачевийн хүрээллийн хэд хэдэн сайд нар улс орон даяар онц байдал тогтоож, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ татгалзаж, бүх эрх мэдлээ дэд ерөнхийлөгч Г.Янаевт шилжүүлэхийг шаардав. Улс оронд онц байдал тогтоох шаардлага тулгасан сайд нарын дунд хүчний байгууллагын сайд багтсан байв. М.С.Горбачев энэ үед Крым дахь “Форос” зусланд амарч байсан бөгөөд “эсэргүү” сайд нарынхаа шаардлагыг хүлээн авалгүйгээр 8 дугаар сарын 21-нд Москвад иржээ. 1991 оны 8 дугаар сарын 24-нд М.С.Горбачев ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас огцров. 1991 оны 12 дугаар сарын 8-нд Беловежийн Тунхаглалд гарын үсэг зурсны дараа 1991 оны 12 дугаар сарын 25-нд М.С.Горбачев ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох шийдвэр гаргаснаа ард түмэндээ телевизээр зарлаж, Оросын Ерөнхийлөгч Б.Н.Ельцинд бүх эрх мэдлээ шилжүүлж, алтан шаргал алх хадуурт час улаан ЗХУ-ын төрийн далбааг Кремлийн оройгоос буулгаж, цагаан, хөх, улаан гурвалсан туузат ОХУ-ын төрийн далбааг мандуулжээ.
 
Нэгэнт эхлүүлсэн эрс шинэчлэл эрчээ авсан учраас бүх эрх мэдлээсээ тайван замаар татгалзаж чадсан зоримог эрс шийдвэртэй алхам нь М.С.Горбачевын улс төрийн үйл ажиллагаанд цэг хатгасан бөгөөд улс орныхоо өөрчлөлт шинэчлэлийг хэрхэн цааш өрнөхийг л ажиглан харах үлдсэн билээ. Тэрбээр 1992 онд “Горбачев фонд" олон нийтийн байгууллага үүсгэж, 1996 оноос “Иргэний хэлэлцүүлэг” хэмээх төр, олон нийтийн хөдөлгөөний тэргүүнээр сонгогджээ. 1993 онд “Ногоон загалмай” олон улсын экологийн байгууллагын даргаар ажилласан байна. 2000 оноос Оросын Социал демократ намын тэргүүний албан тушаалыг хашиж, мөн оны 5 дугаар сараас “НТВ телевиз” компанийн олон нийтийн Зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллаж байв. Насан өндөр болсон нэрт удирдагч үүнээс цааших он жилүүдэд ямар нэгэн алба, сонгуульт ажил хашаагүй, нэр нь яригдахаа больсон билээ.
 
 
 
М.С.Горбачев үйл хэрэгтээ тууштай үнэнч зүтгэхдээ олон саад бэрхшээлийг давж, эр зоригийг ч харуулж байв.
 
 
 
Украины нийслэл Киевт олны өмнө үг хэлэхээр танхим руу алхахад хамгаалалтынх нь албаны дарга, генерал “Танхимд мэргэн бууч байна, та тийшээ орж болохгүй” гэхэд М.С.Горбачев “Би ажлаа хийе, та ажлаа хий” гээд танхим руу оржээ. Польшид айлчлаад буцах замдаа М.С.Горбачев хил залгаа Украины Львов хотод ирэх тов гарсан байлаа. ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудаас улс төрийн зөрчил, үзэл бодлын ялгаа, үндсэрхэг үзлээрээ хамгийн ээдрээтэй нь Украин, тэр дундаа хэт үндсэрхэг үзэлтний өлгий Львов төвтэй баруун Украин, өдгөө ч тийм. Львов хотын төв талбайд олон нийтийн цуглаан болно гэж оюутан залуус голцуу олон хүн өдөржин хүлээсэн ч М.С.Горбачев хүрэлцэн ирэлгүй оройхон тарж билээ. М.С.Горбачев тэр өдөр Львовт ирсэн ч хэт үндсэрхэг үзэлтнүүд төв талбайд халдлага үйлдэхээр зэхэж байжээ, өөр маршрутаар явж, хотын удирдлагатай уулзаад буцсан байв, тухайн цагтаа оргил улс төрч гэгдэж байсан түүний гэгээн дүрийг алсаас ч болов харж амжаагүй юм, харин жилийн дараа тун ойрхноос харсан юм даг.
 
Энэ жил нас сүүдэр 90 хүрч буй М.С.Горбачевийг сураглалаа, хаана, аль хотод амьдарч буй нь тогтоогдсонгүй. 2010-аад оноос хойш нийтийн өмнө үзэгдэхээ больсон ч, түүнийг шинэ зууны шинэ оросууд мартаагүй гэдэгт итгэнэм. М.С.Горбачевын улс төрийн зоримог шийдвэр, эрс өөрчлөлт, шинэчлэлүүдийн улмаас гарцаагүй үүсэх хүндрэл, бэрхшээлийг даван туулахад хэцүү байснаас түүнийг илэрхий буруутгах улс төрийн хүчин, хуучнаа санагалзах хүмүүсийн зөрчилдөөн лавтайяа хорь гаран жил үргэлжилсэн юм. Арваад жилийн өмнөх баримтыг түшиглэе.
2012 оны тавдугаар сард “Википедиа” цахим нэвтэрхий тольд М.С.Горбачевын үхлийн талаар бичиж, дэлхий нийтийг цочирдуулж байсан бол жилийн дараа М.С.Горбачевыг үхсэн хэмээн цуу гаргаж байв. Дахиад жилийн дараа ОХУ-ын төрийн мэдлийн “РИА Новости” агентлаг цахим хуудсаараа М.С.Горбачевыг өөд болсон тухай мэдээлэл цацсан ч удалгүй худал гэдэг нь тодорхой болжээ. Энэ мэдээлэл гарсан даруйд үнэн, худлыг нь нягтлах гэж ХБНГУ-ын “Шпигель” сэтгүүлийн сурвалжлагч түүний ойр дотнын хамтран зүтгэгчидтэй холбоо барихад, өндөр настай М.С.Горбачев амьд сэрүүн, даралт хэвийн, ухаан санаа эрүүл гэж мэдэгджээ.
 
 
 
Хэдэн жилийн өмнө “Шпигель” сэтгүүлийн сурвалжлагч “Оросын иргэд яагаад таныг ийм ихээр үзэн яддаг юм бэ" гэж асуухад тэрбээр минут гаруй дуугүй сууснаа “Магадгүй, намайг өөд болоны дараа л хүмүүс үзэн ядахаа болино биз ээ. Гэхдээ ард иргэд маань намайг тэгтлээ үзэн яддаг гэж би боддоггүй" гэж хариулж байжээ.
 
 
 
Берлиний хана нурахад энэ эрхэм онцгой хувь нэмэр оруулсан билээ. Чухамдаа өөрчлөн байгуулалт, ил тод байдлын үзэл санаа баруун, зүүний ялгааг арилгах нөхцөлийг бүрдүүлж, зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоож цөмийн зэвсгийн хошууг хорогдуулж, хүйтэнд дайнд цэг хатгахад М.С.Горбачев удирдагч шиг удирдагч байж чадсан гавьяатайг тийм ч богино хугацаанд мартахгүй биз ээ. М.С.Горбачев нэг намын дарангуйлал, үзэл суртлыг халж, ардчилсан нийгэм, зах зээлийн харилцааг тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хангахад Орос оронд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан ч хүчирхэг ЗХУ-ыг задалсан хэмээн шүүмжлэгддэг. Энх тайвны Нобелийн шагналт, эрин зууны гарамгай удирдагчдын нэг М.С.Горбачев 90 насны босго давлаа. Дай, бог (Бурхан ивээг)
 
 
П.Батнайрамдал
Эх сурвалж: "Соёмбо" сонин