sonin.mn
Аливаа хүний намтар, дурсамж нь түүний ажил, амьдралын туршид олж авсан мэдлэг, боловсрол, дадлага, ур чадварын илэрхийлэл бөгөөд түүний хичээж зүтгэсэн он жилүүд, бүтээлч үйл ажиллагаа бүхнийх нь тайлан төдийгүй хийсэн ажилтай, хэлэх үгтэй явсных нь тод гэрч хэмээн ойлгодог сон. Тиймээс ч нэгэн цагт Ардын Армийн тэргүүний соёлын ажилтан хэмээх нэршлээр өөрийгөө чимж явсан чөлөөнд буй хошууч И.Хаданбаатарын ажил, амьдралын тухайд хүүрнэсэн нийтлэлийг тэрлэн суугаадаа машид баяртай байна.
 
Бид ахмад үеэсээ ямагт суралцаж, тэднийхээ ажлын дадлага, туршлагад тулгуурлан өнөөгийн түүхийг тэрлэж яваа бөгөөд өнгөрсөн зуунд Ардын Армийн нэр хүндтэй соёлын ажилтнуудын тоонд зүй ёсоор нэрлэгддэг Соёлын тэргүүний ажилтан Мөнхзаяа, Гаанжуур, Бямбагомбо, Будзагд, Лувсанням, Цоодол, Бадарч, Банзрагч, Сампилноров, Баасанхүү зэрэг олон алдартны хөдөлмөр, зүтгэл, авьяас билгийг нь дээдлэн хүндэтгэх учиртай. 
И.Хаданбаатар 1953 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт төрсөн бөгөөд 1960-1967 онд ерөнхий боловсролын сургуульд суралцаж, төгссөн. Улмаар Улаанбаатар хотноо Багшийн техникумын соёлын ангид хуваарилагдан суралцсанаар 1971 онд “Соёлын ажилтан” мэргэжлийг эзэмшсэн нэгэн. Ийнхүү олон түмэндээ хүндлэгдсэн энгийн агаад эрхэм нандинд тооцогдох мэргэжлийг эзэмшсэнээр урлаг, соёлоор дамжуулан нийгэм болоод аливаа хүмүүнийг соён гэгээрүүлэх, тэдний урлагийн авьяас, ур чадварыг нь нээн илрүүлэх, түүнийг нь улам бүр хөгжүүлэх, олон түмний өмнө, тайзнаа алдар нэрээ мөнхлөх их замын үүдийг нь нээх нөр их хөдөлмөрт насан туршдаа зүтгэсэн нь тэр билээ. Түүний дурссанаар тэр бээр сургууль төгссөн жилээ өөрийн төрж, өссөн төрөлх аймгийнхаа Соёлын ордонд хөгжимчнөөр томилогдон ажлын гараагаа эхэлсэн ба 1973 оноос нийслэл хотноо Ажилчны соёлын ордны хөгжимчнөөр дэвшин ажиллаж байтал 1974 онд уг Соёлын ордон нь татан буугдсан гэдэг.
 
 
Харин тухайн үед Ардын Армийн Улаанбаатар гарнизоны харьяа Тусгай ангиудын Улс төрийн хэлтсээс түгээсэн “Соёл, урлагийн мэргэжилтэй ажилтнуудыг сонгон шалгаруулж, ажиллуулна” гэх зарын дагуу түүнийг очтол уг хэлтсийн соёлын ажлын зааварлагч, ахмад Батмөнх түүнтэй уулзаад шууд л “тэнцлээ” хэмээжээ. Ийнхүү Ардын Армийн үйл ажиллагаатай амьдралаа холбох дардан зам нь нээгдэж, тун удалгүй урлагийн 3 хоногийн тоглолтод “Хаврын шувуу” хэмээх ёочингийн гоцлолоор оролцсон нь өндөр үнэлэлтийг авчээ. Чухамдаа тэрхүү тоглолтын дараа Батлан хамгаалах яамны сайдын 1974 оны 6 дугаар сарын 30-ныөдрийн 640 дугаар тушаалаар Ардын Армийн 120 дугаар ангийн Соёлын төвийн даргаар томилогдож, өдгөө “Армийн соёлын ажилтан” хэмээх цол, хүндлэлээр чимж яваа нь нэн бахархалтай ажээ.
Тийм ээ. Түүний хувьд насан туршдаа мартамгүй дурсамжийг үлдээн хоногшсон тэр л өдрөөс хойш Ардын Арми, Зэвсэгт хүчний ариун жагсаалд 42 жил алхаа жигдрүүлэхдээ ангиудын соёлын төвийн даргаар 26, батальоны улс төрийн орлогчоор хоёр, үлээвэр найрал хөгжмийн удирдаачаар зургаан жил гаруй хугацаанд ажиллажээ. Тэдгээрээс онцлоход, тэрээр 1977-1989 он,1991-2016 онд буюу дээрх хугацааны зөвхөн 37 жилд нь Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид ажилласан нь албандаа чин үнэнч зүтгэж, удирдлага, хамт олондоо машид үнэлэгдсэний бодит баримт гэлтэй.
Түүний ажилласан он жилүүдэд Ардын Арми, Зэвсэгт хүчний соёлын ажил нь асар өргөн цар хүрээтэй байж, нийт бие бүрэлдэхүүний улс төрийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, цаг үеийн мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, соёл, олон түмний ажлуудыг түгээмэл явуулж, гоо сайхны хүмүүжил, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, баяр, амралтын өдрүүдэд урлаг, уран сайхны ажлыг удирдан зохион байгуулах зэрэг олон чиглэл, агуулгаар өрнөж байлаа. Тэрчлэн бие бүрэлдэхүүний дунд төрөл бүрийн дугуйлан, секцүүдийг байнга хичээллүүлэхийн хамт урлагийн үзлэг, төрөл бүрийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулж, залуучуудын авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэхэд чиглэгдсэн ажлуудыг тасралтгүй явуулж ирснийг би бээр сайтар мэдэх нэгэн билээ.
 
 
 
Энэ үед иргэд, залуучууд, цэргийн алба хаагчдад эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор Ардын хувьсгалын партизанууд, Улсын баатрууд, хөдөлмөрийн сайчууд, салбар бүрийн гавьяатууд болон бусад алдартнуудтай уулзалт, өдөрлөг, үдэшлэг, сонирхолтой ярилцлагуудыг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ байгалийн үзэсгэлэнт болон хөшөө дурсгалт газрууд, улсын томоохон үйлдвэрүүдээр тойрон аяллыг өргөнөөр хийдэг байлаа.
 
 
 
Түүнчлэн ангийн номын сангаас шинэ номын үзэсгэлэнг тогтмол гаргаж, ном сурталчлах ажиллагааг эрчимтэй явуулахын зэрэгцээ жил бүр тэргүүний уншигчдыг шалгаруулан урамшуулснаар номтой нөхөрлүүлэх, ном уншигчдын эгнээг өргөтгөхөд анхаарч ажиллахын зэрэгцээ зохиолч, уншигчдын уулзалт, үдэшлэг, номын бага хурал, зохиолын баатруудаар театрчилсан тоглолт хийх зэрэг олон ажлыг хэрэгжүүлж байсан юм.
 
 
 
Нөгөө талаар кино үзвэрийг тогтмолжуулахад онцгой анхаарч, энэ чиглэлээр цэргийн алба хаагчдын амралт, чөлөөт цагаар зөвхөн кино үзвэрээр үйлчлэх бус, түүнийг тойруулан зохиох ажилд эргэлт гаргаж, кино үдэшлэг, өдөрлөг, кино хичээл, сэдэвт кино хоногуудын аяныг өрнүүлдэг нь үр дүнгээ өгсөн. Тэрхүү ажлын үндсэн чиглэл нь эх оронч, баатарлаг үйлсийг сурталчлах, хүний нинжин сэтгэл, хөдөлмөрч чанар, хайр дурлал болоод бусад сайн сайхан үйлсийг харуулсан сонирхолтой кинонуудаар хэлэлцүүлэг, маргаан, кино наадмыг тогтмолжуулахад чиглэгдэж байв.
Гагцхүү эдгээр өргөн цар хүрээтэй олон талт ажлуудыг ангийн захирагч, улс төрийн орлогчийн шууд удирдлага дор тухайн ангийн нам, эвлэлийн хорооны дарга нар, ухуулах ажлын зааварлагч, соёлын төвийн дарга, номын санч, кино механикч нар хамтран нягт уялдаа холбоотой ажилладаг байсныг ахмад соёлын ажилтнуудын дурсамж ярианаас мэдэрч болохыг өнөөгийн соёлын ажилтнууддаа зөвлөе. 
 
 
Үүний зэрэгцээ ангийн соёлын ажлыг бүхэлд нь хариуцсан албан тушаалтнуудын хэнтэй ч хуваалцдаггүй нэг чухал ажил нь Монголын бүх ард түмний урлагийн үзлэг болон Ардын Армийн хэмжээнд явагдсан бүхий л урлагийн наадам, уран сайхны тэмцээнүүдэд анги, салбараа бэлтгэн оролцуулахад чиглэгдсэн юм. Энэ тухайд нийтлэлийн баатар маань амжилт дүүрэн оролцсоор ирсний дотор 1976,1981,1986, 1987 оны Монголын бүх ард түмний урлагийн наадам, 1983 оны Ажилчны урлагийн их наадам зэрэг томоохон тоглолтуудад Ардын Армийн уран сайханчид ямагт тэргүүн байранд орох бүрийд тэр бээр бүрэлдэхүүнд нь шалгаран оролцож явсныг мэдэх хүн олон биз ээ. Энэ үед гоцлол дуучин Янжинсүрэн, Баасанхүү, Лувсанням, Гаанжуур, Нарангэрэл, Лувсандорж болон цөөхүүл дуучид, дан найрал дуучдын үзүүлбэр, үндэсний цөөхүүл, холимог найрал хөгжим,гоцлол, хамтлаг бүжиг мөн ардын язгуур урлаг зэрэг бүхий л төрлүүдээр оролцох бүрдээ алт, мөнгөн медалийг нь хүртэж явсныг ахмад соёлын ажилтнуудын түүх бэлхнээ гэрчлэх бөлгөө.
Тэрхүү амжилтын үр дүнд тэрээр нэгэн үедээ “014-ийн ёочингийн Хаданбаатар” хэмээн цоллогдож, олон жилийн бүтээлч хөдөлмөрөө зориулсан төрөлх ангиараа овоглон, толгой гэдгэр, сэтгэл хангар явсныг нь түүнтэй хамтран ажилласны хувьд би бээр баталж чадна. 
Түүний хувьд Ардын Армийн соёлын ажилтнаар 40 гаруй жил ажиллахдаа нэгтгэл, ангиудын урлагийн үзлэг, наадмын нэгдсэн тоглолтуудад алгасалгүй оролцохын зэрэгцээ цэргийн хүрээ, ангийн болон оршин суугаа дүүрэг, хорооныхоо уран сайханчдын 150 гаруй тоглолтыг найруулан тоглуулсан ба хэдэн арваар тоологдох чадварлаг уран сайханчдыг бэлтгэн мэргэжлийн урлагийн ажилтан болоход нь дэмжлэг үзүүлсэн тоо баримт дэлгэгдэх юм билээ. Тэдгээр шавь нарын дотроос гавьяат жүжигчин Вандан, Дэлгэр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх, Дэлгэр, “Мандухай” чуулгын дуучин Тангад, Дашзэвэг, Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Ганцогт, Бямбасүрэн, улсын филармонийн хөгжимчин Ганбат тэрчлэн хөгжимчин Даваадорж, Сүхтогоо, Саранчимэг, Галмандах, Зоригт зэрэг олон тэргүүний авьяастнуудыг нэрлэж болох биз ээ. Тэд өнөөдөр ч түүнтэй тааралдах бүрдээ “Багшаа” хэмээн хүндэтгэн дуудах бүрийд нь сэтгэл огшиж байдгаа тэр бахархан өгүүлж билээ.
 
 
Энд бас нэгэн сонирхолтой дурсамж хүүрнэхэд, хошууч И.Хаданбаатар Армийн үзэл суртлын тэргүүний ажилтны зөвлөгөөнд оролцох үеэрээ Батлан хамгаалах яамны Сайшаалын үнэмлэх, мөнгөн шагналаар шагнуулсан гэдэг. Харин тэрхүү зөвлөгөөний үеэр үг хэлэх боломж олдсон ба ангийн улс төрийн орлогч нь түүний хэлэх үгийн агуулгыг зааж өгөөд “Үлдсэнийг нь чи өөрөө бодоод шүүмжлэлхэлчхээрэй” хэмээжээ. Тэгэхэд нь тэрбээр олдсон боломжийг нь ашиглаад “Бидний хувьд сурч боловсрох асуудал хаагдмал байна. Би гэхэд л 1976 онд ЗХУ-д Львов дахь Соёлын дээд сургуульд суралцахаар өргөдөл өгөхөд офицер бэлтгэдэг сургуульд офицер явуулахгүй гээд зөвшөөрөөгүй. Мөн 1977 онд Москва хотноо хөгжмийн консерватортсурахаар өргөдөл өгөхөд мөн л тийм шалтгаанаар соёлын чиглэлээрээ суралц гээд зөвшөөрөөгүй” гэж хэлээд буруутжээ. Уг зөвлөгөөнийг тарахад ангийн улс төрийн орлогч нь түүний хамтаар Ардын Армийн намын комисс дээр дуудагдаж, албан тушаалтнаа хүмүүжүүлээгүй хэмээн шийтгүүлсэн ба эрхэм Хадаа маань төр, засаг, армийн командлалын бодлого, шийдвэрийг гуйвуулж гүтгэлээ хэмээн багагүй зэмлэл хүртсэнээр нэг зөвлөгөөнөөс сайшаал, шийтгэлийг зэрэг авснаа тэртээ 1991 онд дурсаж байсан даа.
Харин тэрхүү шүүмжлэлийнхээ үр шимийг нь хожмоо хүртэж, 1983 онд тухайн үеийн намын орлогч гишүүнээр элссэн ба 1984-1987 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн дэргэдэх Марксизм-Ленинизмийн их сургуульд суралцан төгссөн удаатай. Ингэснээр 1987-1989 онд ангидаа батальоны улс төрийн орлогчоор дэвшин ажиллаж байгаад тухайн үеийн орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1989 оноос Барилгын цэргийн 144, 073, Ардын Армийн 238, 1991 оноос Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид Соёлын төвийн даргаар ажиллажээ. Тэр бээр 1999 онд гавьяаныхаа амралтад сууж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон ч Үлээвэр найрал хөгжмийн удирдаачаар найм, Соёлын төвийн даргаар тав, Гэрээт харуулын даргаар гурван жил ажилласнаа их хувь заяа хэмээн бэлэгшээдэг, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн удирдлага, хамт олонд талархаж явдгаа ч илэрхийлсэн.
 
Түүнийг Ардын Армийн 014 дүгээр ангид клубийн даргаар томилогдон ажиллах ахуйд тус ангийн клуб нь жижигхэн ч маш цэвэрхэн,  дулаан, тохилог зэргээр ажиллах орчин таатай санагджээ. Тэр үед түүний өмнө ажилласан клубийн дарга Лүүрэв нь нягтлан бодогчийн мэргэжилтэй, маш гайхалтай зурж, бичдэг байсан учир баримт бичгийн боловсруулалт нь маш сайн, зохион байгуулсан ажлын хөтлөлт жигдэрснээр дээд шатны байгууллагаас ирсэн шалгалтуудад тогтмол сайнаас онц дүн авдаг байжээ. Гэхдээ л соёлын төвөөс зохион байгуулах бодит ажил, нэн ялангуяа соёл, урлагийн ажил нь тогтмолжоогүй, олон нийтийн сонирхлыг татахааргүй санагдсанаар урлаг, соёл, олон нийтийн ажлын чанар, хүртээмжийг нь сайжруулах талд нэлээд анхаарч ажилласны дүнд тун богино хугацаанд мэдрэгдэхүйц ахиц гарсан ба улмаар “Мэргэжлийн хүн ирээд соёлын ажлын чанар сайжирлаа” гэсэн дүгнэлтийг хамт олноосоо сонсож, тэдний талархлыг хүлээснээ соёлын ажилтны зөвлөгөөнд оролцохдоо туршлага болгон ярьж билээ.
Мөн Үлээвэр найрал хөгжимчдийн зүгээс төрөл бүрийн концертод оролцох үүргийг нь нэмэгдүүлэх зорилгоор хөгжмийн сурагчдад онолын хичээлийг зааж, зарим бүжгийн болон дуучдын дууны хөгжмийн бичлэгийн чанарыг сайжруулан тоглуулах замаар концертын хөтөлбөрийг хөгжмийн сургалттай уялдуулсан зэрэг нь үр дүнгээ өгснийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гансүх өндрөөр үнэлж билээ. Энэ бүхний үр дүнд зөвхөн урлаг, соёлын ажил төдийгүй олон нийтийг хамарсан соёл хүмүүжлийн бусад ажлууд ч тусгай төлөвлөгөөний дагуу  үр өгөөжтэй, хүртээмжтэй, чанартай явагдах үндэс суурь нь болсныг онцлох нь зүйд нийцэх авай.
Ийнхүү ажилласан анги бүрдээ нийт бие бүрэлдэхүүнийг соён гэгээрүүлэх, анги, салбарт зохиох соёл, олон нийтийн ажлыг тогтмолжуулах, баяр, тэмдэглэлт өдрүүдийг зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх, нэгдсэн урлаг, уран сайхны тоглолтуудыг бэлтгэх, уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцох, цэргийн гэрээт болон хугацаат алба хаагчдын баяр, амралт, чөлөөт цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүлэх чиглэлд ихээхэн хөдөлмөр зүтгэл гарган ажилласан ахмад соёлын ажилтны талаар цухас өгүүлэхэд ийм.
 
МСНЭ-ийн шагналт сэтгүүлч, СТА, хурандаа Б.ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин