sonin.mn
Өвөрхангай аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга А.Ишдоржтой ярилцлаа.
 
Өвөрхангай аймаг Батлан хамгаалах бодлого, зорилтыг хангах талаар ямар ажлуудыг хийж байна?
 
-Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, Засгийн газрын тогтоолоор баталсан дүрэм, журам, Батлан хамгаалахын сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийг тухай бүр гаргаж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. 
2020 онд Батлан хамгаалахын сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг 93.3 хувьтай ханган биелүүлсэн ажлын үр дүнгээрээ манай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб улсад тэргүүлж, Батлан хамгаалах яамны “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнууллаа. Энэ жил Батлан хамгаалахын сайдтай хамтран ажиллах гэрээг байгуулж, 5 бүлэг, 38 заалт бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба эхний хагас жилээр биелэлтийг тооцоход 80.1 хувьтай үргэлжилж байна. Мөн зарим онцлог ажлаас дурдахад 18 сумын шинээр томилогдсон Засаг дарга нарыг “Цэргийн бэлтгэл” сургалтад хамруулж, батлан хамгаалах бодлого, орон нутгийн хамгаалалт, улсын болон цэргийн дайчилгаа, цэргийн бүртгэл, цэрэг татлагын ажил, цэргийн дүйцүүлэх албаны талаар зохих мэдлэгийг олголоо. Ирэх 11 дүгээр сард багийн Засаг дарга нарыг тус сургалтанд хамруулахаар төлөвлөсөн. 
 
Энэ жил Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хувьд түүхэн ойн өдрүүд олон тохиож буй?
 
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх  арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч үзэл хүмүүжлийг олгох чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгууллаа. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуулиар хүлээсэн үүргийг ойлгуулах зорилгоор 900 гаруй ажилтан, албан хаагч, иргэнийг хамруулан батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчилж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн.
 
 
Энэ жил орон нутгийн дайчилгааны хуулийн дагуу аймгийн дайчилгааны бэлэн байдалтай холбоотой бүх бичиг баримтыг шинээр боловсруулж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар батлуулсан гэх мэтээр Батлан хамгаалах бодлого, зорилтыг ханган ажиллаж байна.
 
Цэргийн насны залуусын эрүүл мэндийн хувьд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
 
-Өвөрхангай аймгийн хэмжээнд жилд хоёр удаа цэрэг татлагыг зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн  асуудал сэтгэл зовоож байна. Хятад мотоцикль, цахим сүлжээ зэргийг байнгын хэрэглээ болгосноор бэртэж гэмтэх, нүдний хараа муудах, даралт ихсэх, сульдаа ядаргаанд орох гэхчлэн эрүүл мэндийн шалтгаанаар албаа хааж чадахгүй байгаа залуус олон бий. Тиймээс сумдын Засаг дарга нартай байгуулсан гэрээнд цэргийн насны иргэдийн эрүүл мэндэд анхаарах, удирдлага зохион байгуулалтыг хангах талаар тусган ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн карт хөтлүүлэх замаар  мэдээллийн сан бий болгож, эрүүлжүүлэн эмчлэх ажлыг зохион байгуулах талаар сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд албан даалгавар хүргүүлсэн. 2020 оны цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийн дүнд дүгнэлт хийж, гарсан алдаа дутагдал, цаашид анхаарах, асуудлаар аймгийн ЭМГ, БОЭТ, сумдын Эрүүл мэндийн төвийн дарга нарт албан даалгавар хүргүүлэн зохих ажлыг хэрэгжүүлээд байна. 
 
Эх оронч үзэл хүмүүжлийг хүүхэд залууст төлөвшүүлнэ гэдэг өнөө цагт маш чухал.
 
-Ерөнхий боловсролын сургуулиудад цэрэг, эх оронч уур амьсгалыг бүрдүүлсэн танхимуудыг байгуулж байна. Монгол Улсаас төрөн гарсан баатруудынхаа үйл хэргийг сурталчлан таниулах, тэднээрээ бахархах үзлийг төлөвшүүлэхээр аймгаас төсөв хөрөнгийг гаргаж, Арвайхээр сумын Мэргэд лаборатори болон 4 дүгээр сургуульд “Монгол Улсын баатруудын танхим”-ыг байгууллаа. Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд “Цэрэг-эх оронч хүмүүжил олгох танхим”-ыг тохижуулахаар шийдвэрлэсэн. 
Өвөрхангай аймгаас төрөн гарсан 10 генералаа алдаршуулахаар аймгийн Музейд Хүндэтгэлийн танхимыг байгуулж, тэдний түүхэн замнал, эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг үзмэр болгон тавьсан зэрэг нь улсад анхны шинэлэг ажил болсон төдийгүй өсвөр үеийнхэнд эх оронч үзэл, хүмүүжлийг олгоход чухал хувь нэмэр оруулж байгаа хэмээн үзэж байна. Мөн “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний тэмдэглэлт ойн өдрүүдээр цэрэгжсэн спортын “Дөл”  тэмцээн, “АХА” тэмцээнийг ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулж хэвшсэнээс гадна ахмад дайчдынхаа алдар гавьяа, ажил амьдралын түүхээс сурагчдад хичээлийн сэдэв болгон зааж байна. 
 
Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб болон Зэвсэгт хүчний анги, салбартай хэрхэн уялдаа холбоотой ажилладаг вэ?
 
-Гамшгийн нөхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгарах үед Зэвсэгт хүчний 256 дугаар ангитайгаа олон талаар хамтарч ажилладаг. Тэр хүрээндээ тухайн анги, салбарынхаа үйл ажиллагааг дэмжиж,  тулгамдаж байгаа асуудлуудыг нь боломжоороо шийдвэрлэж өгдөг. Тухайлбал, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 31.7 сая төгрөгийн төсвөөр Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн танкийн тавиулангуудын дээврийг бүрэн засварлалаа.  
 
Цэргийн штабын алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулж, компьютер, техник хэрэгслээр хангасан. Эх орныхоо өмнө хүлээсэн иргэний үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, 1984-1992 оны хооронд 5-6 хүүгээ хугацаат цэргийн алба хаалгасан гурван гэр бүлд хүндэтгэл үзүүлж, аймгийн Засаг дарга, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагчийн “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнасан. Мөн Улаан загалмайн салбар хороо болон 19 сумын ЗДТГ-тай хамтран хугацаат цэргийн алба хааж байгаа 35 цэрэг дайчдын ар гэрт хүнс, түлээ нүүрс, өвс тэжээлийн дэмжлэг туслалцааг үзүүлсэн гэх зэргээр Зэвсэгт хүчний анги, салбаруудтайгаа хамтран хэрэгжүүлсэн ажил багагүй бий. Түүнчлэн дэлхий нийтээр тархаж буй коронавирусийн халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд болон бүтээн байгуулалтын ажлуудад цэрэгжсэн анги, байгууллагууд, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хүч, оролцоо их байдаг гэдгийг онцолж хэлье.
 
Цэргийн албаны ач холбогдол, хүүхэд залууст үзүүлдэг нөлөөллийн талаар та юу хэлэх вэ?
 
-Биднийг хүүхэд байхад гурван жилийн цэргийн алба хаагаад ирсэн ах нар бие бялдар, ярьж хэлж буй зүйлсээрээ онцгойрч, нутаг усныхнаараа магтуулдаг байсан нь их бахархалтай санагддаг байлаа. Одоо цэргийн алба нэг жил болсон ч гэлээ, албаа биеэр хаагаад ирсэн залуус хүнтэй зөв мэнд устай явдаг, найз нөхөдтэй болдог, зан харилцааны хувьд эрс төлөвшиж, эх орноо хайрлан хамгаалах, тусгаар тогтнолын үнэ цэнг мэдрэх зэрэг олон давуу талыг олж байна. Хуулиар цэргийн алба хаах өөр гарцуудыг нээж өгснөөр ихэнх нь мөнгөн төлбөр өгөх, дүйцүүлэхээр албаа хаах сонирхолтой болжээ. Уг нь ингэхгүйгээр оюутан цэрэг болоод хоёр сар ч болов цэргийн амьдралыг биеэр туулаад үзвэл арай өөр зүйлийг мэдэж, ойлгох болов уу.
 
 
Дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: Соёмбо сонин