sonin.mn
/Хүншүүлэл/
 
Маргааш би холын орныг зорино. Хайртай эзнийхээ хамтрагч нь болж явна. Эзэн бид 2 эх орны хөвгүүд болохоор өгсөн тушаалыг үнэнчээр биелүүлэх эрхэм үүрэгтэй. Өмнө нь бид холын Афганыг зорьж байсан бол өдгөө халуун тивийн Судан Улсыг зорих гэж байна. Хүний нутагт эзэн минь надаас огт салахгүй, холын эргүүл, харуул хамгаалалт, ээлжийн жижүүр, хурал цуглаан, урлаг соёлын арга хэмжээ гээд хаана, хэзээ ч хамт л байна. Элээж жаахан муудсан ч гэсэн эзэн минь наддаа сэтгэлээсээ хандана. Биед эвтэйхэн байдаг юм гэж магтана, байс гээд л цэвэрлэж индүүднэ. Эзэн бид 2-т үзэж туулсан зүйл их ээ. Хээрийн сургууль, хичээл сургалт, тэмцээн уралдаан, холын томилолт гээд хаана л очно хамтдаа л явна. Гэргий нь хааяа намайг өрөвдөнө. Ханийн минь хувцас муудаж байна даа гэж хайр шингэсэн гараараа илбэнэ. Элэгдэж муудсандаа би харамсаж халаглахгүй ээ, элээх эзэнтэйдээ харин ч баярлана. Эзнийг минь залгамжлах эр цэргүүд, эх орноо хамгаалах эрэлхэг хөвгүүдийн залгамж халаа тасрахгүй үргэлжлэх болохоор энэ биеэ тэдний төлөө элээснээрээ харин ч бахархана. 
Эзний минь хөвгүүд их сахилгагүй ээ, хувцсаа тайлав уу үгүй юу хамаг байдгийг нь булаацалдаж нэг нь малгайг нь, нөгөө нь кителийг нь өмсөж хаа сайгүй ёсолж гүйнэ. Харахаас хайр хүрэм. Хачин гоё өнгө будагтай хээнцэр ганган хувцсанд биш хээрийн эрээн надад дурлан өмсөж байгаад нь хэмжээлшгүй их баярладаг даа би. Ирээдүйн эх орны хүү, эцгийнхээ залгамж халаа болон торниж буй хөвгүүдэд би аавынх нь нөмөр шиг дулаахан санагдаж, айдас хүйдсээс авардаг баатрын хувцас шиг шидтэй мэт бодогдож, намайг өмсөхөөр зориг зүрх орох шиг мэдрэмж төрдөг байх гэж төсөөлдөг юм. Хааяа эзэн минь гундуухан, хамаг бүхэн нь бүтэхгүй мэт санагдаж сэтгэл нь үймэрнэ. Дагаад би ч бас унжийжчихна. Хамаг байдгаараа үрчийж хунирна. Ажлаа гялалзуулж, жагсаалдаа жавхалзах үед бол харин ч нэг өнгөлөг дөө бид хоёр. 
 
Хаа ч очсон бардамхан алхана. Заримдаа бид хоёр хээр хөдөө олон хоногоор явна. Хөсрий царайтай 2 хүн л гэрийн бараа харна. Харлаж борлосон эзний минь царай, хир шороо болчихсон миний байдал хоёроос хэр зэрэг хүнд хөдөлмөр эрхэлдгийг маань хараад л шууд ойлгодог байх даа гэж бодогдоно.
 
 
 
Хөдөлмөрлөж дуслуулсан хөлсний дусал хээрийн салхитай нийлэн надаас үнэртэхэд би хачин их дуртай. Өөрөөрөө бахархаж, эзнээ хүндэтгэх сэтгэл эрхгүй төрнө шүү дээ. Өө нээрээ энгэрт минь шагнал гялалзах тэр агшин үгээр хэлэхийн аргагүй сайхан. 
 
 
 
 Эх орныхоо төлөө зүтгэснийг нь үнэлж эзэнд минь төр шагналаа хайрлана, тэр илэрхийлэл нь энгэрт минь галалзана, мөрөнд минь зүүгдэнэ. Үнэхээр сайхан. Шинэхэн цолоо хараад л баймаар. Сайн сайхан мөч, дурсамж олон байдаг даа бидэнд. Эзэн бид 2 магнай дээрээ соёмбоо залж, Монголынхоо салхийг энгэртээ шингээж, эх орноо элгэндээ тэвэрч холын оронд үүргээ гүйцэтгэчихээд хүрээд ирнэ ээ удахгүй. 
 
 
 
Дэд хурандаа Х.ГАНЗУЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин