sonin.mn
Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага буюу өдгөөгийн Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсаны 110 жилийн түүхэн ой өнөө жил тохиож байгаа билээ. Эл ойн хүрээнд тус яамны хөгжил хувьслыг тодорхойлж, удирдан чиглүүлж ирсэн үе үеийн сайд нарын төлөөллийг урин ярилцаж байгааг уншигч та анзаарсан биз ээ. Энэ удаагийн зочин хойморт Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр уригдлаа. 
 
Таныг сайдын албаа хүлээж авахад салбарын өнгө төрх ямар байсан хийгээд ажлаа юунаас эхлүүлсэн талаар яриагаа эхэлье? 
 
-Монгол Улсын Зэвсэгт хүчин дайчин уламжлалаа үргэлжлүүлэн эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Өндөр мэргэжил боловсролтой, эх орон, цэрэг армидаа үнэнч олон мянган офицер, ахлагч нарын идэвх зүтгэлийн үр дүнд цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай Зэвсэгт хүчинтэй байх төрийн бодлого үе шаттайгаар хэрэгжиж цэрэг армийн нэр хүнд гадаад дотоодод тогтмол өссөөр байсан юм. 
Үүний зэрэгцээ Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд шийдвэрлэгдээгүй олон асуудал байгаа, түүгээр ч барахгүй зарим нэг ноцтой гэж хэлж болох гажуудал үүссэн болох нь тэр үед улам бүр мэдрэгдэж байв. Зэвсэгт хүчинд он удаан жил албаа нэр төртэй хааж ирсэн, өндөр мэдлэг боловсрол, ажил амьдралын баялаг туршлага бүхий зарим  генерал, офицер, цэргийн эрдэмтэд болон бусад ахмад дайчид, цэргийн алба хаагчид армийнхаа тэр үеийн зарим байдалд санаа зовж, төр засгийн бодлогод шүүмжлэлтэй хандан үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх болсон нь санамсаргүй зүйл биш байлаа. Түүнчлэн бэлтгэл генерал, офицерууд цэрэг армиа гэсэн үзэл бодлынхоо үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, янз бүрийн нэр хаягтай төрийн бус байгууллага байгуулахыг оролдох, улс төрийн агуулга бүхий уриа лоозонг дэвшүүлэх болсон нь бас анхаарал татсан асуудал болж байсан юм.
 
Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож төгөлдөржүүлэхэд сайдын хувьд ямар бодлого барьж ажилласан тухайд тодруулбал ... 
 
-Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлыг хүлээж аваад хамгийн түрүүнд хийж эхэлсэн ажлын нэг л дээ. Салбарынхаа эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх асуудлыг чухалчлан үзэж цэргийн голлох эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулан ажиллуулж “Монгол Улсын төрийн батлан хамгаалах үзэл баримтлал” баримт бичгийн төслийг боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид өргөн барьсан. Энэ нь цаашдаа Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн үргэлжлэл буюу энэ салбарын багц хуулиудыг шинэчлэн боловсруулах ажлын эхлэл болох учиртай байсан. Тийм ч болсон.
Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Батлан хамгаалах чиглэлээр тусгах бодлогын зорилт, арга хэмжээнүүдийг нэлээд нухацтайгаар тодорхойлон Сайдын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газарт хүргүүлэн Батлан хамгаалах салбарын ойрын 20 жилийн хөгжлийн хөтөлбөрийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах ажлын хэсгийг томилон ажиллуулж, “БХЯ-ны мэдээллийн технологийг шинэчлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл”-ийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. 
 
Зэвсэгт хүчний бэлэн байдлыг дээшлүүлэх талаар нэлээд анхаарч ажилласныг тань мэдэх юм?
 
-Анх ажил авахдаа л манай нэгтгэл, ангиудын тэр тусмаа мотобуудлагын анги, салбаруудын үндсэн чиг үүргээ биелүүлэх дадлага чадвар ихээхэн суларсан, түүний дотор байлдааны бэлтгэл сургууль, ялангуяа анги, салбаруудын байлдааны жигдрэлт шаардлагаас ихээхэн хоцорч байгааг анзаарсан. Тиймдээ ч үүнийг засах олон талт арга хэмжээг авч эхэлсэн. Юуны түрүүнд “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд дүгнэлт хийлгэн уг хөтөлбөрт тусгагдсан зарим ажил, арга хэмжээг, түүний дотор мотобуудлагын болон төрөл, тусгай мэргэжлийн ангиудын бэлэн байдлыг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай шийдвэр гарган хэрэгжүүлж эхэлсэн юм.
 
Тухайлбал ...
 
-Зэвсэгт хүчний үндсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байх чадавхыг дээшлүүлэх асуудлыг ихэд чухалчлан анхаарч ерөнхий зориулалтын цэргийн нэг нэгтгэлийг тайван цагт үндсэн үүргээ гүйцэтгэхэд бүрэн бэлэн байдалтай, ажиллах нөхцөл, ахуй хангалтын хувьд олон улсын жишигт ойртуулан өргөтгөн зохион байгуулах үүргийг ЗХЖШ-т өгч ажиллуулсан л даа. Энэ нь бусад анги, нэгтгэлд мөрдөж баримтлах жишиг бий болгон цаашид өргөжүүлэн дэлгэрүүлэх ёстой их ажлын эхлэл болж чадсан. 
Мөн энхийг сахиулах болон тусгай томилгоот ангиудын бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг ч авсан. Тухайлбал, үүний хүрээнд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бэлэн байдлыг сайжруулахад чиглэсэн хэд хэдэн чухал ажлыг хэрэгжүүлсний дээр энхийг дэмжих зориулалт бүхий шинэ анги байгуулах ажлыг эхлүүлсэн нь алсыг харсан чухал алхам болсон гэж боддог.
 
Зэвсэгт хүчний бэлэн байдлыг дээшлүүлэх эдгээр олон талт арга хэмжээний хүрээнд ЗХЖШ-ын 2012 оны сургалт, бэлтгэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу явагдсан “Өгөөмөр-12” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулахад ихээхэн анхаарал хандуулсан юм. Тус сургуульд 800 гаруй цэргийн алба хаагч, 200 гаруй зэвсэглэл, техник оролцсон.
 
Иймэрхүү томоохон хээрийн сургуулиудыг амжилттай зохион байгуулж байсан Зэвсэгт хүчнийхээ уламжлалыг дахин сэргээсэн сайхан үйл явдал боллоо гэж манай ахмад дайчид, генерал, офицерууд дүгнэж байлаа. Түүнчлэн Зэвсэгт хүчний марш-тактик, тусгай бэлтгэлийн аварга болон Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Зэвсэгт хүчний шилдэг офицер, ахлагч шалгаруулах тэмцээнийг шинэ утга агуулгатайгаар зохион байгуулсан юм. Энэ тэмцээнд эхний гурван байрт шалгарсан офицер, ахлагч нарт 2 өрөө байр, гадаадын цэргийн сургуульд суралцах эрх, гадаадад гэр бүлийн хамт амрах эрхийн бичиг гардуулсан нь цэргийн алба хаагчдын урам зоригийг сэргээсэн, албандаа хандах эерэг хандлагыг өдөөсөн арга хэмжээ болсон байх гэж бодож байна. 
 
Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудал бүхий л цаг үеийн сайд нарын тулгамдсан асуудал байсаар ирсэн байх. Таны хувьд энэ чиглэлээр нэлээд дорвитой ажлуудыг шийдвэрлэсэн гэж ойлгодог. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний зонхилох хэсэг болох ахлагчийн бүрэлдэхүүний цалингийн шатлалыг нэмэгдүүлэхээс эхлээд л ...
 
-Би цэргийн хүний гэр бүлд төрж, өсөж хүмүүжсэн, цэргийн хуарангийн дэргэд амьдарч байсан хүний хувьд цэргийн алба хаагчдын нийгмийн асуудалд үргэлж анхаарч явдаг. Сайдаар томилогдохоосоо өмнө ч УИХ-ын гишүүний хувьд энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч, чадах чинээгээрээ туслахыг хичээдэг байсан юм. Ийм учраас Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал бөгөөд амаргүй асуудлуудын нэг гэдгийг ойлгон дэс дараатайгаар шийдвэрлэхээр чармайн ажилласан. 
Тухайлбал, юуны өмнө Зэвсэгт хүчний гол цөмийг бүрдүүлдэг, Батлан хамгаалах салбарын нүүр царай болж НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа, олон улсын бусад ажиллагаанд олноороо оролцон улс орныхоо нэр хүндийг өргөж байдаг ахлагч нарын цалинг нэг шатлалаар ахиулан нэмсэн. Үүнээс гадна цэргийн алба хаагчдад тулгамддаг хамгийн чухал асуудал бол байр, орон сууц. Эл асуудлыг байж болох боломжит хэмжээнд нь хүртэл шийдвэрлэхийг эрмэлзсэн, шийдвэрлэж ч чадсан гэж боддог. Тодруулбал, Батлан хамгаалах салбарын хэмжээнд ирсэн орон сууц хүссэн өргөдлийг харгалзан үзэж нийслэлд албан тушаалын орон сууцууд нэмж барих, хөдөөгийн ангиудад алба хааж буй цэргийн алба хаагчдаа ч орхигдуулахгүйг хичээн тухайн аймгийн Засаг дарга нартай зөвлөлдөн орон нутагт нь орон сууц барих зэргээр албан тушаалын 5000 орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах үүрэг өгсөн.
 
Засгийн газраас төрийн албан хаагчдын орон сууцны хороолол барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “Экспорт-импорт” банкнаас авах зээлд БХЯ-наас хамрагдах хүсэлт тавьж, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 1662 цэргийн алба хаагчийг хамруулахаар болсон юм. Мөн Засгийн газраас “Ахлагч” амины орон сууцны хотхоныг хот, хөдөө орон нутагт барих зорилт тавьсныг хэрэгжүүлэх анхны алхмыг хийсэн. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай харилцан тохиролцсоны дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт БХЯ-ны мэдэлд 5 га газар олгуулах шийдвэр гаргуулан албан тушаалын орон сууц барихаар Баянзүрх дүүргийн Засаг даргатай тохиролцсоны дагуу 20 га газрыг БХЯ-ны мэдэлд олгуулан ахлагчийн орон сууцны хотхон байгуулахаар болсон.
 
БХЯ-ны “Монгол цэрэг-жуулчин” ТӨҮГ-ын харьяа Таван толгой болон Баян-Өлгий аймаг дахь амралт, аялал жуулчлалын баазуудыг Зэвсэгт хүчний 311, 340 дүгээр ангид шилжүүлэн үйл ажиллагааг нь сайжруулсан. 
Түүнчлэн БХЯ, ЗХЖШ болон харьяа бусад байгууллагад ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан 600 ахмад настныг анх удаа өргөн хүрээнд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн санаа бодлыг нь сонссон 1983-2004 онд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан, би өөрөө ч хүүхэд байхдаа олон удаа очиж амарч байсан БХЯ-ны харьяа хүүхдийн “Шонхор” зусланг сэргээн засварлаж, үйл ажиллагааг нь хэвийн явуулж эхэлсэн нь олны талархлыг хүлээсэн ажил болсон. Энэ мэтээр тоочоод байвал цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр өрнүүлсэн ажил чамгүй урт жагсаалт үүсгэх байх. 
 
Таныг сайдаар богино хугацаанд ажилласан хэдий ч багагүй ажлыг амжуулсан гэдгийг салбарынхан онцолдог. Та сэтгэлдээ тултал амжуулсан ажлуудаасаа зөвхөн нэгийг нь онцлоно уу?
 
-Их зүйл хийх, олон ажил бүтээх өөдрөг санаа бодолтой очсон маань үнэн. Багагүй ч ажил амжуулсан гэж боддог юм. Энэ нь зөвхөн эхлэл байсан. Харамсалтай нь нэг их удалгүй сонгуулийн үр дүнгээр ажлаа өгөх болсон. Тийм учраас учиргүй сэтгэлдээ тултал амжуулсан ажил энэ тэр гэж ярихад хэцүү. Гэхдээ Батлан хамгаалахын сайд хэмээх хариуцлагатай албыг хашиж байгаа хүн өнөө цаг үед нэг иймэрхүү байдлаар ажиллах ёстой юм гэдгийг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд, цаашлаад ард иргэдэд ойлгуулж, ийм байж болох юм байна гэсэн итгэлийг нь төрүүлж чадсан шүү гэж манай ахмадууд надад хэлсэн. Тийм байж магадгүй.
 
Богино хугацаа гэснээс Танд илүү цаг хугацаа, боломж байсан бол ийм л асуудлыг шийдэж, энэ ажлыг л амжуулах байсан даа гэсэн бодол төрж байв уу? Нэг тийм чамлалттай сэтгэл гэх үү дээ... 
 
-Байлгүй яах вэ. Ер нь сайдаар томилогдоод очихдоо манай цэргийн нэртэй генералууд, эрдэмтдийн тусламжтайгаар боловсруулсан Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлэх цэгцтэй бодлого, төлөвлөгөөний төсөлтэй байсан юм. Нэгэн цагт аавынхаа удирдаж явсан салбарт тод томруун мөрөө үлдээе гэсэн чин хүсэл, дундаршгүй мөрөөдөлтэй байснаа ч нуугаад яах вэ. Гэхдээ дараа нь УИХ-ын гишүүн, Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Батлан хамгаалах салбарын багц хуулиуд, цэргийнхний нийгмийн хамгаалалтай холбоотой нэлээд тооны асуудлыг шийдвэрлүүлсэн, хамгаалсан. 
 
Батлан хамгаалах салбарыг гадаад харилцаагүйгээр төсөөлшгүй. Тэгэхээр салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр хийсэн ажлуудаасаа тодруулбал...     
 
-Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд онцгойлон анхаарч ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, БНСУ, БНТУ, БНАСАУ, Япон, Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Батлан хамгаалахын атташе нарыг хүлээн авч уулзан Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцон тодорхой алхмуудыг хийсэн. Тэр тусмаа АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Жемс Миллер, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Сюй Цайхоу нарыг хүлээн авч уулзан эдгээр оронтой тогтоосон Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцээ хийж тодорхой асуудлуудаар тохиролцоонд хүрч байсан юм.
 
Мөн ХБНГУ-ын Бундесверээс Цэргийн төв эмнэлэгт буцалтгүй тусламжаар өгсөн Молекул биологийн болон Иммунологийн шинжилгээний лабораторыг хүлээн авах ёслолд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хамт оролцон, Афганистанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлтэй ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд П.Шаллерын хамт танилцаж, манай цэргийн багт сургалт явуулсан ХБНГУ-ын цэргийн сургагч багш 20-иод офицер, ахлагчийг Батлан хамгаалах салбарын шагнал “Дайчин алдар” медаль, “Эх орны төлөө” хүндэт тэмдгээр шагнасан нь тухайн үедээ л өвөрмөц шинэ зүйл болсон санагддаг юм.
 
Гар, сэтгэл нийлж богино хугацаанд чамлахааргүй ажлын ард гарсан баг, хамт олныхоо талаар дурсвал?  
 
-Би хаана ч тэр, ямар ч хамт олон байна тэдэндээ итгэж, санаа бодлыг нь ойлгож ажиллах ёстой гэж боддог хүний нэг. Ялангуяа улс төрийн намын харьяаллаар хүнийг халж солихыг эрс эсэргүүцдэг. Ийм ч учраас сайдын алба хаших хугацаандаа нэг ч хүнийг өөрчилж, ажлаас нь халаагүй. Тэр ч байтугай хуулиар зөвшөөрөгдсөн зөвлөхөөсөө өөр хүн дагуулж очоогүй юм. Харин ажлын явцад өмнө нь улс төрийн маягийн арга хэлбэрээр хууль дүрэм зөрчиж албан тушаалд томилогдсон, тэгээд ч мэргэжлийн хувьд үнэхээр ажлаа хийж чадахгүй байсан ганц хоёр хүн өөрчлөгдсөн байх. Бүхэлдээ бол ярих юмгүй сайхан хамт олонтой, өндөр мэдлэг, дадлага туршлагатай генерал, офицеруудтай үр дүнтэй хамтран ажилласан. 
 
Энд тодотгох нэг зүйл бол би өөрийнхөө үүрэгт ажилдаа Зэвсэгт хүчний ахмад генерал, офицеруудын сургамж зөвлөгөөг байнга авч тусгаж, хэрэгжүүлэхийг хичээдэг байлаа. Тэр ч үүднээсээ Батлан хамгаалахын сайдын дэргэд Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөлийг байгуулж ажиллуулсан нь ихээхэн үр дүнтэй ажил болсон гэж боддог.
 
Тус зөвлөл Батлан хамгаалахын сайдад шинжлэх ухаан технологи, цэргийн мэргэжлийн удирдлага, батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэх асуудлаар зөвлөмж өгөх, мэдээллээр хангах үүрэгтэй байсан бөгөөд энэ зөвлөлд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад ажиллаж байсан 16 генерал, 8 эрдэмтэн багтаж байлаа. Тэдний 12 нь шинжлэх ухааны доктор, доктор, профессор цол зэрэгтэй. Бүгд л аавтай минь хамт буюу удирдлагад нь ажиллаж байсан мундаг хүмүүс байсан. 
Ер нь ахмад дайчид, цэргийн алба хаагч жирийн офицер, ахлагч, тэдний гэр бүлийн хүмүүс, цэрэг дайчдынхаа үгийг аль болох их сонсохыг чухалчилж ажилласан гэх юм уу даа. Ингэхдээ Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний тулгамдсан чухал асуудлуудыг шийдвэрлэхдээ эхлээд цэргийн эрдэмтэд, ахмад хүмүүсээр дүгнэлт, зөвлөмж гаргуулж байх журмыг хэвшил болгон хэрэгжүүлсэн нь ихээхэн үр дүнтэй байжээ гэж боддог юм.
Эдгээрээс гадна “Сайд таныг сонсож байна” нээлттэй утас ажиллуулан ажил хэрэгч санал хүсэлт, шударга бодитой шүүмжлэлийг хүлээн авч байсан нь олон хүний сэтгэлд ихэд нийцсэн. Эл утсаар офицер, ахлагч нар, тэдний гэр бүлийнхэн, бэлтгэл болон чөлөөнд буй ахмад дайчид өөрсдийн санал бодлоо өргөнөөр илэрхийлж байлаа. 
 
Та дээр аавынхаа удирдаж явсан эл салбарт тод мөрөө үлдээх хүсэл эрмэлзэл дүүрэн ирж байснаа өгүүлсэн. Ер нь аавынхаа ажил үйлсийг залгамжилж төрийн сайдын хариуцлагатай албыг хашсан хүн ховор байх. Тэр тусмаа Тань шиг аавынхаа удирдаж явсан салбарыг хожмоо удирдсан түүхтэй хүн бүр ч үгүй болов уу? Энэ бас ховор хувь зохиол юм даа... 
 
-Тэгэлгүй яах вэ, сайн эцгийн үр хүүхэд болон мэндэлж, сайхан аавынхаа хазайлгаж үл болом титэм шиг нэрээр овоглогдон, ажил үйлсийг нь залгамжлан түүчээлж, өдий хэмжээнд өөрийнхөө түүхийг бүтээж яваа маань надад оногдсон их хувь заяа юм даа. 
 
 
 
Ухаан суухаас эхлээд ухамсарт ажил, амьдрал маань цэрэг армийн хүрээнд, цэргийн хүмүүсийн дунд “буцалж” ирсэн. Аавын маань намайг хүмүүжүүлсэн арга ухаан, ааваараа бахархах үзэл бодол, хамгийн гол нь миний оюун ухаанд аавын маань үлдээсэн өв уламжлал буюу цэрэг армиа гэсэн сэтгэл намайг амьдралын замд хөтөлж байдагт гол утга учир нь байдаг байх.
 
 
 
Энэ нь ч Батлан хамгаалахын сайдаар томилогдоход нөлөөлсөн гэж ойлгодог. Тэр үед УИХ-ын хуралдаан дээр Ерөнхий сайд Сү.Батболд “Армийг цэрэгт элэгтэй хүн удирдах нь зөв юм билээ” гэсэн утгатай үгээр намайг тодорхойлсон нь асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж олон хүн хэлдэг юм.
 
Батлан хамгаалахын сайд байсан хүний хувьд энэ салбарын өнөөгийн өнгө төрх, ирээдүйн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?  
 
-Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн бусад байгууллага Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн өөрсдийн үүргээ нэр төртэй хэрэгжүүлж байгаа. Энэ нь манай олон зуу, мянган генерал, офицер, ахлагч, цэрэг дайчид, тэдний гэр бүлийнхний баатарлаг гавьяа юм. Ийм ч учраас энэ салбарын ирээдүйг ихээхэн өөдрөгөөр харж, улам их амжилтад хүрнэ гэдэгт ч итгэлтэй байна. Үүний зэрэгцээ, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн бусад байгууллагад шийдвэрлэвэл зохих олон тулгамдсан асуудал, тэр тусмаа хоцрогдох, мухардалд орох талдаа болж байгаа асуудлууд ч бий. Хамгийн гол нь энэ салбарыг олон улсын болон дотоодод бий болсон шинэ нөхцөл байдалд нийцүүлэн дорвитой шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Эдгээр нь энэ салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох байх. 
 
Өдгөө Та ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын албыг хашиж байна. Энэ ч утгаараа Батлан хамгаалах салбартай салшгүй уялдаатай ажиллах нь гарцаагүй. Энэ тухайд тодотгоод яриагаа өндөрлөе ...        
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийнхөө мөрийн хөтөлбөрт Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний талаар маш тодорхой, чиглэл зорилготой асуудлуудыг тусгасан. Ташрамд хэлэхэд энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч хүний мөрийн хөтөлбөрт тус салбарын талаар хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ анх удаа тусгай бүлэг болон тусгагдаж, үүнийг нь Монголын ард иргэд бүрэн дүүрэн дэмжсэн чухал үйл явдал болсон юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх надад маш өндөр итгэл хүлээлгэж энэ албанд томилсон. Ийм учраас түүний Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн бусад байгууллагад чиглүүлэн мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд нь туслан бүхий л хүч чадал, мэдлэг боловсрол, хуримтлуулсан туршлагаа дайчлан ажиллаж энэхүү итгэж даалгасан үүргийг нь бүрэн хэмжээгээр биелүүлэх болно. 
Үүнийгээ ч амжилттай хийж чадна гэсэн бүрэн итгэлтэй байгаа. Яагаад вэ гэвэл би ҮАБЗ-ийн ажлын алба болон миний удирдлагад байдаг Стратегийн судалгааны хүрээлэнг аюулгүй байдлын салбарт олон жил ажиллаж өндөр мэдлэг, дадлага туршлага хуримтлуулсан, энэ чиглэлээр тусгайлан бэлтгэгдсэн, жинхэнэ мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачдаар бүрдүүлж байгаа юм. Нөгөө талаасаа одоогийн БХЯ, ЗХЖШ болон төрийн цэргийн бусад байгууллагын удирдлагад олон жил надтай хамт ажиллаж, санаа бодлоо ойлголцдог болсон генерал, офицерууд ажиллаж байна. Ийм учраас эдэндээ түшиглээд, өөр хоорондынх нь ажлыг зөв уялдуулж чадвал Ерөнхийлөгчийнхөө мөрийн  хөтөлбөрийг бүрэн дүүрэн ажил хэрэг болгож чадна гэж бодож байна.
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа, Танд амжилт хүсье. 
 
Хошууч Д.МЭНДБАЯР
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин