sonin.mn
Дамдинсүрэнгийн ЖИГЖИДНЯМАА
/ 1965-2021 он /
 
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга, Монгол Улсын гавъяат тээвэрчин Дамдинсүрэнгийн Жигжиднямаа 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эх орондоо гэр бүл, үр хүүхдийн гар дээр хүнд өвчний улмаас таалал төгсөж бид бүхэнд хүнд гарз тохиолоо.
Д.Жигжиднямаа нь 1965 онд Улаанбаатар хотод төржээ. 1972-1982 онд Зөвлөлтийн VIII дунд сургууль, 1982-1988 онд ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын тээвэр удирдлагын инженер мэргэжлээр суралцаж тус тус төгсчээ.
1988-1990 онд Багануурын нүүрсний уурхай дахь төмөр замын хэсгийн диспетчер, ахлах диспетчер, 1990-1992 онд УБТЗ-ын Амгалан өртөөнд дагалдан кассир, товарын конторын эрхлэгч, Ашиглалтын албаны суудлын хэлтсийн инженер, ачилтын нөхцөл, тариф хариуцсан ахлах инженер, 1992-1998 онд “Монгол транс” ББХК-ийн экспортын хэлтсийн менежер, “Монгол транс” ББХК-ийн ОХУ-ын Москва хот дахь төлөөлөгч, 1998-2005 онд “МТТ” ХХК-ийн захирал, 2007-2010 онд УБТЗ-ын ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга, 2010 онд УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, 2010-2013 онд УБТЗ-ын ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга, 2015-2016 онд УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга, 2016 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл УБТЗ-ын даргаар тус тус ажиллаж байсан юм.
 
Д.Жигжиднямаа нь Монгол Улсын төмөр замын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан, төмөр замын чадварлаг мэргэжилтэн, сайн зохион байгуулагч, шилдэг удирдагч байлаа. УБТЗ-ын даргаар ажиллах хугацаандаа УБТЗ-ын тээврийн хэмжээг жил дараалан өсгөж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг улам бүр нэмэгдүүлж, УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх хүчин чадал, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлтийг хийх талаар томоохон бодит ажлуудыг хийж хэрэгжүүлсэн юм. 
 
Монгол Улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулж, Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр зам, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг УБТЗ-ын хамт олон богино хугацаанд барих ажлыг удирдаж, амжилттай хэрэгжүүлсэн юм.
Монгол Улсыг Ази-Европыг холбосон тээврийн гол коридорын нэг болгох зорилтыг бодит ажил хэрэг болгож, УБТЗ-ын бүс нутагтаа өрсөлдөх чадварыг дээшлүүлж, олон улсад нэр хүндийг нь өсгөхөд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
 
Д.Жигжиднямаа нь эгнээндээ 200 шахам орныг гишүүнээр нэгтгэсэн төмөр замын нэр хүндтэй олон улсын байгууллага болох Олон улсын Төмөр замын Холбоо /UIC/-ны Ази, Номхон далайн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байлаа.
2018 онд Олон улсын тээврийн холбоодын нэр хүндтэй шагнал “Алтан сүйх тэрэг”-ээр “УБТЗ” ХНН-ыг шагнасан юм.
Д.Жигжиднямаагийн хөдөлмөр зүтгэлийг төр,засаг өндрөөр үнэлж ОХУ-ын болон Монгол Улсын “Хүндэт төмөр замчин” цол тэмдэг, “Алтан гадас” одон, 2021 онд Монгол Улсын “Гавъяат тээвэрчин” цолоор тус тус шагнажээ.
Д.Жигжиднямаагийн тал бүрийн өргөн мэдлэг, шулуун шударга, зарчимч, ажил хэрэгч, хүнлэг зан чанар бид бүхэнд үлгэр дууриал болж, үүрд мөнхөд дурсан санаж байх болно.
 
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамт олон