sonin.mn
Энэ удаагийн зочноор "Инээдмийн театр" НҮТББ-ын тэргүүн, жүжигчин Б.Даваажавын гэр бүлийг урилаа. Түүний гэргий Б.Ган-Эрдэнэ төмөр замчны охин. Түүний хүүхэд нас 73 дугаар сургуулийн дотуур байранд өнгөрчээ.
 
-Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ирсэнд баярлалаа. Цаг үеийн нөхцөлөөс шалтгаалж, урлаг уран сайхны ажил хязгаарлагдсан ч таны хувьд цахим ертөнцөөр дамжуулан үзэгчиддээ бүтээлээ хүргэсээр байгаа харагдах юм?
 
Нөхөр: -Юуны өмнө манай гэр бүлийг зочин хоймортоо урьсан танай сонины редакцын хамт олонд баярлалаа. Ардын хувьсгалын яруу алдарт 100 жилийн өмнөхөн танай сониноор дамжуулан төмөр замчидтай уулзаж байгаадаа ихэд бэлгэшээж байна. Сүүлийн хоёр жилд дэлхий нийтийг цар тахлын аюул нөмөрч одоо ч үргэлжилсээр байна. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд цаг үе нь ийм байна гээд гараа хумиад сууж болохгүй. Ямагт шинийг эрэлхийлж, өөрийгөө хөглөж явдгийн хувьд нэлээд хэдэн дуунд ая хийлээ. Бас хуучны сайхан дуунуудыг гитартайгаа дуулж, цахим хуудсаараа олон нийтэд хүргэлээ. Ер нь, хуучин цагийн дуунуудын шүлэг нь сургаал үг шиг ончтой шүү дээ. Энэ ч утгаараа олон түмэн маань маш сайхан хүлээж авч байна. Цахим орчинд эерэг хандлага, сайн сайхныг түгээхийн тулд “Дархлаагаа сэргээе” гээд л өөрийнхөө хэмжээнд контентууд хийж байна даа.
 
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Төмөр замчны хүүхэд гэж сонссон?
 
Гэргий: -Аав ээж маань байнга захиалж уншдаг болохоор би “Ган зам” сониныг маш сайн мэднэ. Энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүсээс намайг болон миний аав ээжийг таних хүн ч зөндөө байгаа. Ижий, аав минь хоёул төмөр замчин. Аавыг минь Д.Баатарсүрэн гэдэг. 37 жил төмөр замд ажилласан. Ээж Д.Эрдэнэбаяр мөн л 33 жил ажилласан. Миний бага нас 335 дугаар точка буюу Ногоонтолгой зөрлөгт өнгөрсөн. Намайг дунд ангид байхад 384 дүгээр км-ийн гарам буюу 22-ын товчооны цаахантаа манайх нүүж ирсэн. Ер нь, төмөр замын тосгоны унаган хүүхэд л дээ. Миний хамгийн жаргалтай үе бол яах аргагүй хүүхэд нас. Зөрлөг гэдэг чинь бүхэлдээ аз жаргалын орон шүү дээ. Би таван эгч, нэг ахтай. Айлын отгон нь. Зөрлөгийн ах, эгч, найз нөхөд, төмөр замын хамт олон дундаа очихсон гэж дандаа боддог. Хамгийн том ах Б.Гантулга маань Замын II ангийн V хэсэгт бригадын даргаар ажиллаж байгаа. Замынхан миний ахыг танина даа. Миний дээд талын эгч бас төмөр замчин болсон.
 
-Хэвлэлд өгсөн ярилцлагуудыг тань нэлээд уншлаа. Хүүхэд насандаа өнчрөл хагацал үзэж, шилжилтийн нийгмийн шуурган дунд гутал тосолж, ундаа зарж явснаас эхлээд бартаа саадтай замуудыг туулж. Гэхдээ амьдралын тэр их шалгуурыг даваад гарна гэдэг хүний нэг сайн шинж шүү дээ?
 
Нөхөр: -Амьдрал өөрөө хар цагаантай, аливаа зүйл хоёр талтай. Хүн амьдралд хөлөө олохын тулд түүнийг даваад л гардаг. 1990-ээд оны хэцүү цаг үеийг би ганцаараа биш тухайн цаг үед амьдарч байсан хүн бүр л туулсан шүү дээ.
 
 
 
Ямар ч үед би “Аавынхаа алдрыг дуурсгасан сайн уран бүтээлч болно доо” гэж л зорьсон. Түүнийхээ төлөө ч тууштай явсан. Одоо ч хичээж л явна. Өнөөгийн бид маш сайхан цагт амьдарч байна шүү дээ. Дөнгөж саяхан төрийн дээд “Алтан гадас одон”-оор энгэрээ мялаалгалаа. Энэ бол миний зорилгоосоо буцалгүй зүтгэсний үр дүн эхнээсээ гарч байгаагийнх гэж баярлаж байна. 
 
 
 
-73 дугаар сургуулийн дотуур байрны хүндэтгэлийн самбарт таны зураг байдаг юм билээ. Онц сурлагатан байсан уу?
 
Гэргий: -Шугам замын төмөр замчдын хүүхдүүд бүгд 73 дугаар сургуульд сурдаг шүү дээ. Би ч бас тэр жишгээр цэцэрлэгт ч оролгүй шууд дотуур байрны сурагч болсон. Хоёр дахь гэр бол дотуур байр минь. Манай дотуур байранд зурагт үзэх, хичээлээ давтах, тоглох, унтах, цайндаа орох гээд бүгд хуваарьтай. Хүүхдүүд тэнд ёстой л бие дааж сурна шүү дээ. Ахуй хангамж сайтай учраас хүүхдүүд гэрээсээ илүү дотуур байрандаа байх дуртай болчихдог. Урлаг, спортын олон тэмцээн уралдаан болно. Би тэмцээн бүхэнд нь найзуудаа манлайлаад л оролцоно. Дуулна, бүжиглэнэ, спортоор хичээллэнэ. Тэр ч бүү хэл Цэрэгжилтийн улсын “Дөл” тэмцээнд ангийнхаа дөрвөн хүүхдийн хамт шалгарч байлаа. Сүүлд дотуур байрны маань багш залгаад “Зургийг чинь хүндэтгэлийн самбарт байршуулсан” гэж хэлсэн. Их баярласан шүү. Хорио цээрийн үе учраас одоогоор зургаа харж чадаагүй л байна. Удахгүй цаг сайхан болохоор дотуур байрныхаа шинэ жилийн арга хэмжээнд ханьтайгаа хамт очно. Багш нар маань баярлах байх.
 
-Сошиалаар таны “Аавынхаа дээлийн энгэрт төрийн дээд одонгоо зүүлээ” гэсэн ярилцлага яваад байна билээ?
 
Нөхөр: -Тиймээ, би таван хүүхэдтэй айлын доороосоо хоёр дахь нь. Ганц дүүгээ алдаад отгон нь болсон хүн. Хоёр ах, нэг эгчтэй. Одоо эргээд бодоход би өөртөө үнэхээр зөв зорилго тавьж, мэргэжлээ л маш зөв сонгосон юм билээ. Аавынхаа нэрийг түмэнд дуурсгана гэдэг сайхан шүү дээ. Ерөнхийлөгчийн зарлиг гарсныг сонсоод “Төрийн ордонд аавынхаа дээлтэй л орно доо” гэж бодсон. Төрийн ёслолд хүндэтгэлийн арга хэмжээнд хуучин, үзэмж муутай дээлтэй очих нь тийм ч зохимжтой зүйл биш гэдгийг мэдэлгүй л яах вэ. Гэхдээ миний энэ дээл “Хосоороо” клип “Оддын эрэлд”-ын Давааны цаана даваа гээд олон сайхан уран бүтээлд минь хамт явж ирсэн болохоор ард түмэн зөвөөр ойлгох байхаа гэж тэнэг зориг гаргасан. Гэрийнхэн ч дэмжсэн. Дээлнээс бусад бүх хувцсаа шинээр хийлгэсэн шүү (инээв). Монгол Улсын Ерөнхийлөгч энгэрт минь одон зүүж өгч байх тэр мөчид “Эр хүн бүр хүүтэй болохоороо “Миний хийж чадаагүйг гүйцээх үргэлжлэлтэй боллоо” гэж баярладаг. Би аавтайгаа хамт энэ шагналыг авч байна даа” гэж бодож зогссон. Гарч ирээд “Тэнгэртээ алтан гадас одтой, энгэртээ “Алтан гадас” одонтой боллоо” гэсэн минь тэр доороо цахим орчинд түгсэн байна лээ. Гудамжаар явж байгаа хүмүүс хүртэл “Аавын чинь дээл гоё зохиж байна шүү” гэдэг болсон. Хүн өндөрт гарлаа гээд ааваасаа төө дутуу гэдэг шүү дээ. Би өөрөөрөө нийгэмд зөв үлгэрлэл үзүүлжээ гэж бодоод их урамшсан.
 
-Нөхрийнхөө ямар зан чанар илүү их татагдсан бэ?
 
Гэргий: -Анх энэ хүний эхнэр болно гэж огт бодоогүй. Би 2012-2014 онд “Шилмэл загвар” агентлагт гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг байлаа. Дараа нь “Шилдэг өнгө” продакшнд бүжигчнээр орсон байхдаа нөхөртэйгээ танилцсан. Удалгүй бригадаар хамт явах санал авсан. Тэрнээс хойш илүү дотноссоор гэргий нь болсон. Дасчихсан л юм болов уу. Манай хүний сэтгэл үнэхээр агуу шүү дээ. Хөдлөнгийн хүмүүс бол СУИС-ийн атаман байсан. Ууж, иддэг гэхчлэнгээр ер нь л сөрөг талаас нь сонссоноо ярих гээд байдаг. Гэтэл энэ хүнтэй хамт ажиллаад, амьдрахад илүү сайн танина даа. Би нөхрийнхөө дотор хүнийг нь л маш сайн таньсан юм болов уу.
 
-“Тагтан дээр амьдарч, тагтааны махаар хооллодог Байлаа, “СУИС-ийн Чингис...” гэхчлэнгээр таны тухай түүх домог шиг яриа сошиалд бас л харагддаг. Байлаа гэж хоч эхэндээ “Балиус” байсан гэв үү. Нээрэн тийм ширүүн нөхөр байсан уу?
 
Нөхөр: -Миний бага нас Цагаан хуаранд өнгөрсөн. Тухайн үеийн нийгмийн байдал ямар байлаа даа. Дээр нь аав, ээжгүй, ах эгч, нар нь тусдаа гарчихсан гэртээ ганцаараа. Бусдад дээрэлхүүлэхгүйг бодно. Гэнэн залуу цагийн явдал алийг тэр гэх вэ. Бодох санах юмгүй салхи шиг дэрвэж явсан үе. Манай СУИС-ийн найзууд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө л миний тухай ярьж хөгжөөдөг юм шиг билээ. Манай багш нар ч хаа явсан газраа миний онигоог ярьж хөгжилддөг. СУИС-иас хамгийн их онигоотой нь би юм даг уу. Үнэн юмыг яалтай билээ. Өөрөө дотор нь ороод л маазраад явж байдаг.
 
-Тэгэхээр та нээрэн чанга гар байж, тийм үү?
 
Гэргий: -Тагтан дээр амьдарч тагтааны махаар хооллох нь ч юу вэ/инээв/. 
Нөхөр: -Хүн бүхэн ам дамжуулж ярьсаар сүүлдээ зарим нь арай дэгстүүлэх тал бий/инээв/. Сонин сэтгүүл дээр байсан онигооны эзнийг намайг болгоод ч ярьж байх шиг. Яах вэ. Оюутан байх үедээ хөдөлгөөнтэй байсан л даа. 2003 онд шүү дээ. Өнөөгийн МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан хоёр ид мандаж байх үе. Хөвгүүд л болсон хойно, С.Жавхлан нэг найзыг минь шоглочихгүй юу. Би л болсон хойно, ялагдаж яваа талд нь орно биз дээ. Мань хүнийг зөрүүлж шоглоод СУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар орсон. Тэгээд захирлын тушаал гарч намайг хөөхөөр болоход СУИС-д сурч байсан бүх оюутан, багш нар намайг үлдээхийг хүссэн өргөдөл бичиж билээ. Миний багш МУУГЗ С.Сугараас эхлээд МУУГЗ Н.Ганхуяг, Л.Лхасүрэн, талийгаач МУАЖ Д.Гантөмөр багш гээд бүх багшийн өргөдөл байсныг сүүлд сонсоод үнэхээр их баярласан. Тэгэхэд тухайн үед СУИС-ийн захирал байсан Д.Цэдэв гуай “Энэ Б.Даваажав гэж хүнийг надтай уулзуул. Яг ямар учиртай болохоороо ийм олон удаа хурлаар ороод сургуулиас хөөгдөлгүй үлддэг хүн бэ” гэж. “Захирлынхаа өрөөний хаалгыг эвдэж ороод унтсан”, “Багшаараа хүүхэд дуудуулж гаргаад зодсон...” гээд л миний балаг дундрахгүй шүү дээ. Ингээд сургуулийн захирал хөөх тушаал гаргачихсан ч дахин хуралдаад СУИС-ийн өмнөх талбайг нэг давхарын коридортой хамт гурван сарын турш Даваажаваар угаалгая” гэж шийдсэн. Гурван сарын дараа төгсөлт болж диплом гардуулахад хамгийн сүүлд Бандийн Даваажав гээд л дуудахад маш их баярлаж билээ. Саяхан “Алтан гадас” авсан зурагны минь доор тухайн үед манай тэнхимийн эрхлэгч байсан МУУГЗ Н.Ганхуяг багш маань “Маш олон оюутан дүү нарынхаа хайр хүндэтгэлийн хүлээсэн хүүхэд байсан даа” гэж бичснийг хараад их баярласан. Манай үеийнхэн намайг “СУИС-д дөрвөн жил сурахдаа долоон удаа Удирдах зөвлөлийн хурлаар орсон хүн ганцхан Даваажав” гээд л ярьцгаадаг. Хэдий сахилгагүй байсан ч олонтойгоо явсных юм уу. Миний дараагийн үеийн “Мөрөөдлийн театр”-ын Ж.Алтаншагай, хөтлөгч Э.Ууганбаяр гээд сахилгагүй нөхдүүд “Чингис” гэж цоллуулж л явсан даа. Ер нь, үеийнхнээ төлөөлж, манлайлдаг хүмүүсийг нь “Чингис” гэцгээдэг байсан шүү дээ, тэр үед. 
 
Гэргий: -Мөнгөтэй болохоороо сургуулийнхаа хүүхдүүдийг хоолонд даадаг байсан шүү, миний хань. 
Нөхөр: -2000 онд хоёрдугаар курст байхдаа С.Лхагвасүрэн ахын “Эрхэм элч”-д ажилладаг байв. Жилд ганц удаа тоглолт хийхэд нь 250.000 төгрөгийн цалин авна. Тэр цалингаараа эгчдээ сүү авч үзээгүй мөртлөө СУИС-ийнхаа дүү нарыг бүгдийг нь хоолонд даадаг байлаа. Өөрөө дутуу хөтүү амьдралыг мэддэг болохоор тэр байх л даа. 
 
-Охиноо атмантай гэрлэхэд аав, ээж нь юм хэлээгүй юу?
 
Гэргий: -Аав, ээж минь манай хүнийг урлагийн хүн гэдгээр нь эчнээ танина. Аав, ээж хоёр “Олон насаар ах хүн их халамжтай байдаг юм” гээд л их дуртай. Найзууд ч бас дотно хүлээж авсан. Миний хань хэнтэй ч уулзсан эерэг сэтгэгдэл төрүүлж чаддаг, хөгжилтэй, хүнлэг, өндөр мэдрэмжтэй хүн шүү дээ.
Нөхөр: -Бид хоёр 2013 онд Урлагийн ажилтны баяраар анх танилцаж байлаа.Тэгэхэд манай хүн “Шилмэл загвар” агентлагт ажиллана. Хараад л дурласан. Үнэхээр төгс эмэгтэй байсан. Гэхдээ ийм сайхан эмэгтэй миний гэргий болно гэж бодоогүй. Надаас 12 насаар дүү шүү дээ. Гэсэн ч өнөөдөр бид сайхан үр хүүхэдтэй аз жаргалтай амьдарч байна. Амьдрал үнэхээр баялаг шүү. Нийгэмдээ аль болох сайн үлгэр дууриалал болсон гэр бүл байхыг л хичээдэг. Манай хадмууд сайхан хүмүүс. Би багаасаа өнчирсөн болохоор ч тэр үү хадам аав, ээждээ их хайртай. Хадам аав маань сайхан дуулдаг. Гитараа тоглоод л П.Адарсүрэн гуайн тембрээр уянгалуулна шүү дээ. Ээж бас залуудаа бүжиглэдэг байсан гэсэн. Тэд маань 384 дүгээр точикт амьдарч байгаа. Аавындаа очиход галт тэрэг давхиад өнгөрөх нь яг үүдээр нь харагддаг юм. Үнэхээр сайхан л даа. Би уг нь төмөр замаас тэс хөндлөн хүн. Гэхдээ л галт тэрэг, төмөр замын аж байдал маш гоё сэтгэгдэл төрүүлдэг. Ямар сайндаа Хөх хот руу манайхан тоглолтоор явж байхад би ганцаархнаа унтахгүй вагоны цонхоор шөнөжин юм хараад явах вэ дээ.
Гэргий: -Миний аав “Хүндэт төмөр замчин”, “Тэргүүний төмөр замчин” хүн. 2005 оны тавдугаар сарын 5-нд манай гэр бүлийг УБТЗ-аас “Авьяаслаг гэр бүл”-ээр шалгаруулж байлаа. Аав маань гитар тоглоод л бид бүгд дагаж дуулаад, хүүхэд нас минь үнэхээр хайранд бялхаж өнгөрсөн дөө. Бас дотуур байр хэчнээн сайхан гэж санана. Төмөр замын хүүхдүүдэд “Маягт №9” гэдэг ягаан өнгөтэй тасалбар өгнө. Жилийн турш галт тэргэнд үнэгүй явах эрхтэй. Анх нэгдүгээр ангид орохдоо байрандаа сайн дасаж өгөхгүй. Байрын багш хүүхдүүдийн хичээлийн хэрэгслийг давтлагын өрөөнд цоожилчихно. Би юмаа алдчихлаа гэж бодоод л уйлна(инээв). 20.00 цагаас хойш гарч орж болохгүй. Бүх юм нарийн дэг журамтай. Хоол, цайных нь хангалт маш сайн хэдий ч гэрээсээ хол хүүхэд сэтгэлээрээ цаддаггүй ч юм уу, өлсөнө. Ээж аав маань ах, эгч нарт л мөнгө өгөхөөс мань мэтийн жаахнуудад өгөхгүй шүү дээ. Мөнгө ах, эгч нарын гараар дуусах нь тодорхой. Тэгэхээр нь би гэрээс ирсэн шар тортой боорцогноос хувцасныхаа бүх халаасанд чихэж аваад өөр тасгийн хүүхдүүдэд нэг ширхгийг нь 100 төгрөгөөр зарна. Олсон мөнгөөрөө цагаан самар, чавга авч иднэ. Тэр нь тансаглал шүү дээ (инээв) 
Нөхөр: -Зах зээлийг манай хүн дотуур байрнаас тэгэж эхэлсэн байгаа юм даа. Эхнэрийн 10 жилийн ангийнхан одоо хэрнээ хоорондоо сайхан холбоотой байдаг. Манай хүн ер нь их дайчин л даа. Сурагч байхдаа эрэгтэй хүүхдүүдтэй зодолдоно.Тэвэг өшиглөнө гээд л хөөрхөн юм ярьж өгнө шүү дээ. Бас дотуур байрны найзуудтайгаа нийлээд “Танхай зургаан гүнж” нэртэй хамтлаг байгуулаад дуулдаг байсан гэж байгаа (инээв)
 
-Та хоёр чинь ерөөсөө л адилхан “атаман”-ууд болохоороо нийлсэн юм байна шүү дээ?
 
Гэргий: -За юу гэж дээ(инээв). 
Нөхөр: -“Гала” хамтлагийг дуурайж хувцаслаад л “Хөвгүүн”, “Өнчин тогоруу” тэдний дууг дуулдаг байсан гэсэн. Хамтлагийн тав нь одоо ч холбоотой байдаг. Бүгд гэр бүлтэй болсон. Сурлага, урлаг, спорт гээд бүх төрлөөр нь манлайлдаг. Ер нь, би 73 дугаар сургуулийн бүх амжилтыг эвдсэн сорыг нь л авч суусан шиг билээ.
Гэргий: -Арай ч тэгэж хэлж болохгүй шүү, хайраа. 
 
-Төмөр замд атаман олон байсан гэж ярьдаг шүү дээ. Эмэгтэй атамануудтай таарч байв уу?
 
Гэргий: -Байсан, байсан. Ганцаараа гадуур явах аргагүй. Гудамжны булан тохойд аймаар ширүүн харцтай эгч нар тааралдаад л “Наад идэж байгаа гөөхийгөө өг” гээд л булаагаад авчихна (инээв).
Нөхөр:
 
 
 
-Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг бид хоёр бие биенийхээ дотоод сэтгэлийн нандин чанарт л татагдсаар нэг гэр бүл болсон гэж боддог.
 
 
 
Манай хүний аав нь хүүхдүүддээ дуу дуулж, гитар тоглож урлагаар хүмүүжүүлсэнтэй адил миний аав ч бидэнд гитар, баянхуур тоглож, Р.Чойномын шүлэг уншиж өгдөг байсан. Дараа нь, бид бригадаар хөдөө орон нутагт явж байхдаа орой амрахын өмнө гитараа бариад л олуулаа дуулна. Манай хүн их сайхан хоолойтой болохоор дагаж дуулна.
 
-Урлагийнхан романтик шүү дээ, гэнэтийн бэлэг их барих уу?
 
Нөхөр: -Хамгийн томоос нь эхэл(инээв)
Гэргий: -Хамгийн том нь гэвэл Мартын 8-нд час улаан өнгийн машин бэлэглэж байлаа. 
Нөхөр: -Яг тэр өглөө гэнэт романтик зан хөдлөөд шууд техникийн зах орж час улаан “РRIUS-20” худалдаж авчихаад л гэргийгээ дуудсан.
Гэргий: -Бас хамгийн хөгжилтэй нь Валентины баярын өмнөхөн маш олон шоколад бэлэглэсэн. Тэр үед би жирэмсэн байсан л даа. Өглөө нойрноос сэртэл нүдэнд олон өнгийн зүйл солонгороод болдоггүй. “Юу билээ...” гэж бодоод л босоод хартал намайг тойруулаад өнгө өнгийн шоколад өрчихсөн. Хажууд нь захиа бичээд тавьчихсан. Өөрөө байхгүй(инээв). Тэр бэлэг үнэхээр гоё.
Нөхөр: -Хажуугийн уулан дээр нэлээд сууж байгаад орж иртэл манай хүн мэлмэртэл уйлчихсан сууж байсан. Тэгээд л эхнэрээ тэврээд үнссэн. Захиан дээр өөрийнхөө мөрөөдлийг бичсэн. Гэхдээ яг юу гэж бичснээ дэлгээд яах вэ. Уншсан хүн бүр эхнэртээ бичээд эхэлнэ гээд л тас харамлахгүй юу(инээв). Ер нь, сэтгэл гэдэг зүйл байвал болохгүй бүтэхгүй зүйл хаана ч байхгүй шүү дээ. Бидэнд жаахан сэтгэл, жудаг л дутаад байгаа харагддаг. Энэ тухай одоо хийхээр зорьж байгаа “Монгол хүн байна даа” нэртэй 12 ангит кино контентдоо илүү тодоор тусгахыг хичээж байгаа. Монголчууд оюуны чадамжаараа Еврейчүүдийн дараа ордог шүү дээ.
 
-Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг та хоёрт үлдээе?
 
Нөхөр: -Би өөрийгөө үхээд боссон гэж боддог. Эмийн дасалтай сүрьеэ гэдэг өвчин хүсэх ч зүйл биш. Би атга дүүрэн эм уудаг байсан. Тэр эмийг уусны дараа нүдний хараа тогтохгүй. Орчин тойронд юу байгааг ч мэдэхгүй болдог байсан. 180 см өндөртэй хэрнэ 49 кг болтлоо турж байлаа. Өглөө сэрэхэд орны даавуу биений хэлбэр гартал нэвт хөлөрсөн байдаг сан. Сүүлдээ эмнэлэг хүртэл хүлээж авахгүй болоод. Ах эгч нар маань уйлж дуулан гуйж байж хэвтүүлж байсан. Үхэл амьдралын заагт байхдаа хүн “Би яг юу хийсэн хүн бэ. Эрүүл саруул явахдаа ядаж ганц хүнд тус хүргэчих минь яав даа” гэж л боддог юм билээ. Гэхдээ надад амьдрах хувь заяа байсан юм болов уу. 14 хоногийн дараа л босоод ирсэн. Аав ээж минь хүнд хар буруу санаж яваагүй сайхан хүмүүс болохоор буян нь надад буцаж ирсэн байх. Дээр нь, надад хүн чанарын хэлтэрхий арай ахиухан байдаг юм шиг. “Эрхэм элч”-д ажиллаж байх үед ээж маань бурхан болсныг сонсоод СУИС руу очиж, дүү нартаа нэг бүрчлэн бүх ажлаа захиж үлдээгээд явж байсан. “Ээж чинь өнгөрчихөөд байхад хүний захиалгын ажлыг шууд орхиод явж болмоор доо” гээд л одоо хүмүүс ярьцгаадаг. Хүнээрээ, үнэнээрээ байна гэдэг хамгийн сайхан л даа. 
Гэргий: -Би одоо нөхөртэйгөө хамт жүжигчний мэргэжлээр уран бүтээл туурвиад явж байна. Жүжигчний мэргэжилд дурлаж, шимтэж, яваагийн гол шалтгаан нь ерөөсөө л миний хань. Хань минь намайг онол, практик гээд аль аль талаас нь зааж зөвлөдөг. Ингэхдээ “Чи ямагт үнэн бай. Маш жижиг туслах дүр байсан ч үнэнээрээ л тогло” гэж захьдаг.
Нөхөр: -Өнгөрснөөс өнөөг хүртэлх цаг хугацааг харахад хань бид хоёр бие биенээ үнэхээр зөв олжээ гэж боддог. Хэрэв би энэ сайхан гэргийтэйгээ учраагүйсэн бол магадгүй өнөөдөр бор дарсан дурлаад ч явж байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Төгсгөлд нь “Ган зам” сонинхоо нийт уншигчдад энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе 
 
 
Б.Дэлгэрхишиг
Эх сурвалж: "Ган зам" сонин