sonin.mn
МЭНДЭЛСНИЙ НЬ 75 ЖИЛИЙН ОЙД
 
XVI жарны гал нохой жилийн намрын адаг сар буюу 1946 оны арваннэгдүгээр сарын тавнаа алс Увс аймгийн харьяат эр цэрэг А.Доржготов, Дорноговь аймгийн Мандах сумын уугуул багш О.Ичинхорлоо нарын гал голомтод нэгэн хүү мэндлэхэд тэр үеийн Октябрийн баяр тохиосны учир Октябрь гэж нэрлэе гэсэн боловч өвөө нь цааргалснаар Санжмятав хэмээх нэр хайрласан нь хожмын нэгэн авьяастан байжихуй.
Энэ бяцхан хүү өсөх насандаа үеэл дүү Цоогийн Дагшил хоёул “Очирбатын хар нохойноос хоёр хүүхэд нь хэцүү” гэгдтэлээ зүггүйтэж гэрийнхнээсээ нууж тамхи татаж байгаад баригдахын даваанд сандрахдаа аргалынхаа дөрвөлжинд хаяж гэрээрээ гал тахих дөхөж байсан багын сүрхий паянтай болой.
Хожим Зүүнбаянгийн үйлдвэр сургалттай ерөнхий боловсрол, хөдөлмөр политехникийн сургуульд анги улирсан найзаасаа салахгүй гэж зөрүүдлэн өөрийн санаснаар зүтгэн улирч, арван нэгэн жилийн сургуулийн анхны төгсөгч болж чадаагүйдээ харамсдаггүй гэдэг бөгөөд одоо бодоход тайз дэлгэцнээс л холдоогүй бол тэгтлээ харамсаад байхааргүй нэгэн бөлгөө.
Мань хүн аравдугаар ангиа дүүргээд аймгийн Усны аж ахуйд хуваарилагдаж жил гаруй болохдоо хээрийн бригадад яваагүй үедээ Соёлын ордонд л байх агаад төдхөн хөдөлмөрийн сахилга зөрчсөн “бяцхан зөрчил” үүсгэсний учир халагдаж харин ч бүр аймгийн захиргааны шийдвэрээр хүсэж тэмүүлсэн Соёлын ордныхоо жүжигчин болж чадсан байнам. Ийнхүү Дорноговь аймгийнхаа соёлын ордон, театрт гуч гаруй жил хоёргүй чин сэтгэлээр амьдралаа зориулан авьяас чадвараа нээн цаг нарыг сайн сайхнаар төсөөлөн ажиллахдаа Ч.Ойдовын “Алиа Тогмид” жүжгийн багш лам, Ш.Цэрэнгийн “Будам шуу”-гийн Хориний, Ц.Нацагдоржийн “Мөнхийн галт цэцэг”-ийн чоно, А.Петрашкевичийн “Түгшүүр”-ийн Ольховик, М.Байджиевийн “Сэтгэлд харвасан туяа”-гийн Искандор, Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”- ны Шагдар, Г.Боровикийн “Буэнос-Айросоос хийсэн сурвалжлага”-ын Бланко, А.Шартолгойн “Их говийн зоригтон”-ы Гончиг, А.Арбузовын “Эрхүүд болсон явдал”-ын Сердюк, Б.Лхагвасүрэнгийн “Улаан тэргэл сар”-ын Туган, А.П.Чеховын “Хунгийн дуу”-ны Светловидов зэрэг хоёр зуу шахам жүжиг, олон хошин үзэгдлүүдийн гол ба туслах дүрүүд, Монгол бөхийн мэх, Бадарчны адал явдлууд, Гөрөөчний домог, “Алтан загасны үлгэр”-ийн монгол хувилбар гээд хувийн хэдэн арван үзүүлбэр яриануудыг ур чадварын өндөр түвшинд бүтээсэн ажгуу.
 
Ийнхүү жүжигчин, СТА Д.Санжмятавыг Дорноговь аймгийн соёлын ордон театртаа анхны хошин шогийн жүжигчин хэмээн нэрлэж болох буйзаа. 
 
Ийнхүү соёлын ордон театртаа жүжгийн бүтээлүүдийн ачааг нэгэн үе үүрч байсан ба концертын уран бүтээлд бүжиглэхээс эхлээд контрвас, аргил гитар, том жижиг бөмбөр тоглож найрал дууны баргил хоолойн үүргийг чадамгай гүйцэтгэдэг гээд уран бүтээл бүрт бүтээлч сэтгэлээр чадахгүйн зовлонгүй оролцдог нэгэн байжихуй.
Д.Санжмятав маань тайзнаа дүр бүтээхийн зэрэгцээ Ш.Гүрбазарын “Боролдойн цаг”, Ж.Барамсайн “Хорхой”, өөрийнхөө зохиосон “Шүүмжлэл” хошин хөтөлбөр зэргийг найруулан тоглуулсан байнам.
Түүний залуу цагийн нэгэн мөрөөдөл болох кино дэлгэцнээ “Моторын дуу” киноны аргил гитарч, “Бид мартахгүй”-н дайчин эр, “Харуул занги”-ийн цэрэг, “Эзэн нь юмаа мэддэг”-ийн боловсон хүчин, “Тэнгэрийн түшиг”-ийн тайлбарлагч, “Мөнгөн буйл”-ын Чагнаа, “Хэцүү даалгавар”-ын Бадрах гээд хориод кинонд дүрээ мөнхөлж хүсэл мөрөөдлөө хагас дутуу ч гэсэн биелүүлснийг хань ижил, үр хүүхэд, төрөл садан, танил нөхөд нь уулзсан мэт бахархан харж суунам бөлгөө.
Жүжигчин Д.Санжмятав хошин араншинтай хүн гэдэг нь залуу анд Болдбаатарындаа очоод “бусад дэлгүүрт “Ерөөл” архи гурван мянга гэдэг, харин танай хажуугийн дэлгүүрт 2999 төгрөг гэж байна. Хямдхан байгаа биз” гэх ч юм уу “Мөнгөн буйл” киноны зураг авалтын түр амрах үеэр “амьд тарвага чанаж байна” гэж кино зургийн группийн бүсгүйд хэлснээр хэрэгт дуртай нэг нь буцалж буй тогоотой усанд дөрвөн хөл нь сарвайсан тарвага байхыг хараад бөөн шуугиан тарьсан боловч үнэндээ бол боож шарсан тарваганы хуйхыг зөөллөх гэсэн хэрэг байсан гэх зэргээр бүр багын үйл, хошин төрх нь тодрох ажгуу.
 
 
 
Хамт олон найз нөхдөдөө Мятка гэж авгайлагдсан нөхөр маань найруулагч Н.Дугарсанжаа, Г.Чимэд, Н.Ёндонсамбуу, Б.Сумхүү, Г.Доржсамбуу, С.Сугар, Э.Санчигдан нараар багшлуулж, жүжигчин Л.Дамдинбазар, Б.Дамчаа, З.Жарантав, Л.Жамсранжав, Н.Дорлигжав, Ш.Вандансэнгэ, Ч.Сүхээ, Г.Адилбиш, Б.Октябрь, М.Юра гээд төв, орон нутгийн олон алдартан уран бүтээлчидтэй нөхөрлөж бүтээл туурвилын аяны богцондоо олзтой урлахын оргилд мацаж явсан нэгэн болой.
 
 
 
Бас залуу жүжигчид Баярсайхан, Батбаяр, Төмөрбаатар, Оюунчимэг, Энхжаргал гээд зааж тусалж байсан шавь нь гэхүйц олон хүн багшаа хэмээн дурсдаг бөлгөө. Мятка тухайн үедээ “Залуучуудын үнэн”, “Соёл”, “Ялалт” сонин, сэтгүүлийн идэвхтэн бичигч сурвалжлагч байж олон мэдээ, тэмдэглэл, сурвалжлага хэвлүүлсэн байдаг ба шагай сайхан харвана, гар болон сагсан бөмбөг тоглохдоо ч хувиа хүнд өгөхөөргүй, бичиж зурахдаа гаргуун, нөхөрсөг, шог зурна, урлагийн бригадын тоглолтын зарлалын цоолбор хийж олон хувь болгочихно, ер нь л юм юманд авьяастай, санаачлагатай, хүнийхээ хувьд ч авьяас билэг, зүтгэл бүтээлээрээ ч нийгмийн идэвхтэй нэгэн байжихуй.
Түүний гэргий алдарт эх, ахмад багш Ө.Хишгээ “Би аймгийн Соёлын ордонд байхдаа “Ойн нуурын дэргэд” “Хярааны хонхорт” жүжигт орос эмэгтэйн дүрүүдэд тоглож байх үедээ түүнтэйгээ үерхсээр гэр бүл болж нэг ч удаа ам мурийж үзэлгүй дөч шахам жил амьдарсан даа. Тэр минь биеэ тоож сайрхдаггүй, бусдад атаархаж үгүйсгэж муулчилдаггүй, их бодь сэтгэлтэй гүндүүгүй хүн байлаа шүү дээ” хэмээн дурссан нь тэр хүний бодит дүрийн үнэн тодорхойлолт болох бөлгөө. Ө.Хишгээ дээрхийг хүүрнэх зуур “миний хань ардын хувьсгалын ойн медалиуд, дөрвөн удаагийн таван жилийн гавшгайчийн болон соёлын тэргүүний ажилтны цол тэмдгийн эзэн болж “Алтан гадас” одон төр түмнээсээ хүртсэн ч түүнээс илүүг эзэмших уран бүтээлийн ид үедээ …” гээд санаа алдаж суусан нь юутай үнэн агаад харамсалтай.
 
 
 
Хүний хорвоод авьяас билгээрээ амьдралынхаа мөрийг бичиглэн зурагласан хүмүүнийг тэнгэр бурхан дэргэдээ залсны нэг нь энэхүү Д.Санжмятав агсан бөгөөд түүний бүтээл туурвил хийгээд дорнын говийн урлагийн их өргөөг соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэр ба бүтээлээр алдаршуулах үйлсэд хүчин зүтгэлцсэнийг өнөө болон өнө ирээдүйг бүтээгчид мартахгүй нь маргашгүйд итгэнэм.
 
 
 
Дашрамд нэгэн санааг төр засаг, түмэн олны мэлмий сонорт хүлцэл өчин хүргэсүгэй. Төв хөдөөгийн урлагийн сүмүүдэд удирдлага нь хэн ч байсан хэзээ ч ямар ч үед уран бүтээлчдийн бүтээлийн гэрэл болон уран зураг, хувцас хэрэглэл, хөгжим зэмсэг, нот, ном зэрэг зүйлсээр баяжигдан байнга ажиллаж байх зориулалтын музей үзмэрийн танхимтай байгаасай хэмээн хичээнгүйлэн хүсэж буйгаа толилуулж байнам.
Ийнхүү Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрыг үндэслэгчдийн нэг Доржготовын Санжмятав агсантай алтан тайз, төв хөдөөд мөр зэрэгцэн алдаж онож, хөрч халж, урлан бүтээхийн алс замд хамтран зүтгэж явсан уран бүтээлчид, танил нөхөд, төрөл садан, үзэгч олонтойгоо цуг, үгэн хадаг барьж буяны зул өргөн журмын нөхөр Лувсандоржийн Буянхишигт мэхийн залбирч бичвэр юүгээ өндөрлөн хашвай.
 
 
Л.БУЯНХИШИГ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин