сонин mn
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй холбогдлоо.
 
Сайн байна уу? Sonin.mn мэдээллийн сайтаас холбогдож байна. Танаас тодруулга авах гэсэн юм?
 
Би гэртээ тусгаарлагдчихсан байна.
 
 “Ковид-19” тэй холбоотой шалтгаанаар уу?
 
 Тийм. “Ковид-19”-ын хавьтал болоод тусгаарлагдаад байна.
 
Тантай холбоотой мэдээл цахим орчинд тархаад байна.  Та ч өөрөө үзсэн байх, энэ тухай тайлбар өгөөч?
 
Би энэ талаар ярьчихмаар байна. Гэхдээ урд хойно нь оруулаад, монтажлаад, янз бүр болгочихгүй гэж итгэж болох уу? 
 
Болно оо. Таны яриаг тэр чигээр нь нийтлэнэ?
 
Яг наад яваад байгаа асуудлаар би Цагдаагийн байгууллагад хэдэн сарын өмнө гомдол гаргасан.Яривал нилээн их юм байна. Ёс зүйтэй хэвлэл мэдээлэл гэж үнэндээ байхгүй шахам болсон юм биш үү? Ямар ч ор үндэслэлгүй  асуудал. Анх удаагаа танайх л “Энэ үнэн юм уу?” гэж асууж байна шүү дээ. Энэ олон сайт, янз бүрийн юмаар гарчихаад байхад. Өөр энэ тухай надаас асуусан газар алга. Харин хүний авчирч өгсөн төлбөртэй юм уу? Ямар ч юм мэдээллийг нэг талаас нь асуух ч үгүй шууд тавьчихдаг.
 
Мэдээлэл тавиулж байгаа хүмүүсийг нь ч би мэдэж байгаа. Энэ бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд над руу дайрч байгаа, зөвхөн ИНЕГ-т олон жил ажиллаж, удирдах ажил хийгээд, хаан шиг байсан нөхдүүд энэ сууриа алдсандаа үхэх гээд, буцааж өөрсдийн хүмүүсээ тавих гэж л ийм юм хийж байгаа юм.
 
Энэ асуудлаар яриад байвал дуусахгүй. Миний тэвчээр ч алдарч байна. Арай дэндлээ. Намайг янз янзаар л дайрлаа. Нойлын цаас л гэнэ. Нохойн хоол л гэнэ. Ийм асуудлууд гарахаар нь та нар худлаа мэдээлэл тавиад байна. Үүнийгээ болиоч ээ гэдэг.  Гэвч ч болихгүй, улам л янз янзын юм ярина. Цагдаад өгөхөөр нөгөө сайтууд нь зуучихна. Улстөрч гээд нэг сайт байна. Тэр сайт болон өөр хэд хэдэн газрыг худлаа мэдээлэл гаргасан гэж цагдаагийн байгууллагад өгчихсөн. Хариуд нь нөгөөдүүл нь улам л “зуучихна.” Эргэн тойрныхоо хүмүүсээр, өдөр шөнөгүй миний тухай хуурамч мэдээлэл цацуулаад эхлэнэ. Цагдаагийн байгууллага нь одоо болтол шалгаж дуусаагүй. Хэдэн сараар шалгаж байна гээд л байхгүй болчихно. Хэдэн төгрөгөөр торгодог юм шиг байгаа юм. Тэр торгуулийнх нь мөнгө нь нөгөө мэдээлэл захиалагч нарт юу ч биш. Торгуулчихаад дахиад л худлаа мэдээлэл цацаад явдаг.
 
Үнэхээр би хүн зодоод эрүүг нь хугалчихсан бол шоронд байж байна биз дээ? Сэтгүүлч нар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Албанаас ИНЕГ-ын дарга хүн зодчихсон юм уу? гээд лавлачихаж болно шүү дээ. Гэтэл асууж байгаа нэг ч сэтгүүлч байхгүй. Надад эрүүгээ хуга цохиулаад зодуулах байтугай алгадуулчихсан хүн байх юм бол би ёс зүйн хариуцлага хүлээгээд, ажлаа өгчихөж болж байна.
 
Тэгээд нэр төрөө сэргээлгэе гэхээр өчнөөн хугацаа орно. Тэр хооронд миний талаар эргэн тойрны бүх хүмүүс худлаа мэдээлэл аваад өнгөрч байгаа юм. Хүнийг хохироохын дээдээр хохироож байна. Би өөрөө дүүрч гэхэд би чинь хөгшин аав ээжтэй, ах дүүтэй, гэр бүлтэй хүн шүү дээ. Тэдэнд маань илүү хүнд тусдаг юм байна. Анх удаагаа хоёр талын мэдээлэл авч байгаад баярлалаа. Уг нь үүнийг Цагдаагийн газар дээрээс очоод асуухад л тодорхой болчихно шүү дээ. Та бүхэн энэ талаар эцэслээд дуусгачихаасай гэж би хүсэж байна.  Энэ ганц надад тохиолдож байгаа юм биш. Ажил хийх гэж зүтгэж байгаа хүмүүс рүү дайрдаг  ийм зүйл ИНЕГ дээр байна л даа. “Нисэхийн” захын хүнээс ямар хүмүүс ингэж байгаа юм бэ? гээд асуухад нэр устай нь л хэлээд өгнө.  “Ийм хүмүүс байсан юм. Одоо энэ хүмүүс ингэж байгаа юм” гээд бүгдээрээ мэднэ. Хэн ингэж захиалж яваад байгаа юм бэ? Гэдгийг мэднэ. Яасан ч их мөнгөтэй юм? Яасан ч их хэвлэл мэдээллийг худалдаж авч, худал мэдээлэл цацдаг юм. Би үнэхээр гайхаж байна. Миний тэсвэр алдагдаж байна. Ингээд зүгээр явж болохгүй юм байна гэж ойлгож байна. Тийм учраас  хорионоос гараад ямар ч байсан тодорхой арга хэмжээ авч, хэвлэлийн хурал хийдэг юм уу, баримттайгаар энэ хүмүүсийн асуудлыг дэлгэж  ярих ёстой юм байна гэж бодож байна. Танайх энэ талаар лавлаж байгаад баярлалаа.Энэ бол огт худлаа мэдээлэл шүү.
 
Энэ асуудлаар та цагдаагийн байгууллагад хандчихсан юм байна гэж ойлголоо?
 
Тийм ээ. Энэ асуудлаар харьяа газрынхаа цагдаагийн байгууллагад хандаад, шалгаж өгөөч ээ, худлаа мэдээлэл цацаад байна гээд өгчихсөн юм. Гэтэл өчигдрөөс эхлээд хуурамч мэдээлэл дахиад явж байна. Яагаад гэвэл нийтэд болон Засгийн Газрын түвшинд намайг хүн зоддог, хулгайч гэсэн мэдээлэл хүргэх гэж л энэ хүмүүс өчнөөн мөнгө гаргаж, цацаад байгаа юм.Үүнийг цагдаагийн байгууллагаас лавлаад асуучих хэрэгтэй.
 
Л.Бямбасүрэн гэж хүн зөвхөн өнөөдөр ч биш, ер нь сүүлийн арван жилд хүн зодчихсон юм уу? Ийм асуудал байна уу? гээд асуучихаж болно шүү дээ. Бүх зүйл бүртгэлтэй байж байгаа биз дээ.Ийм огт ор үндэслэлгүй зүйлийг нийгэмд тараадаг нь муухай байна. Ёс зүйтэй хэвлэл мэдээлэл гэж байгаасай.
 
Олон талаас нь мэдээлэл авч байж тавьдаг байгаасай. Ганц мөнгө өгсөн хүний мэдээллийг тавьдаггүй байгаасай. Үүний цаана хүний амьдрал, нэр төр гээд олон зүйл байдаг шүү дээ. Хэвлэл мэдээллийн газрууд бас үүнийг ойлгоосой. Хүний үйлийн үр гэж байдаг. Эргээд өөрсдийн чинь толгой дээр бууна шүү гэж хэлмээр л байна. Өөр асуух юм байвал би хэлье. 
 
Таны хувьд албан ёсоор энэ асуудал дээр мэдэгдэл хийж, олон нийтэд хандаж эцэслэх хэрэгтэй юм болов уу?
 
Өнгөрсөн хугацаанд намайг янз янзын байдлаар, өдөр шөнөгүй бичсэн шүү. Тэр болгон дээр би
 
“Төрийн ажил хийж байгаа хүн шалчигнаад, хэвлэл мэдээлэлтэй зууралдаад яахав дээ” гэж бодоод өнөөдрийг хүртэл явсан. Гэтэл хүний эрүү хугалж, хүнд гэмтэл учрууллаа ч гэх шиг...Яаж сэтгэж бодохоороо ийм мэдээлэл цацдаг юм. Худал үнэн нь  хамаагүй, худал мэдээллийг хүмүүсийн тархийг угаах зорилгоор ингэж цацдаг юм байна.
 
Нэр төрөө сэргээлгэх гээд явахад маш их цаг хугацаа ордог. Цагдаад ханддаг, шалгаж байна л гээд байдаг. Эхний өгсөн асуудлуудыг  шалгаад хэдэн сар өнгөрч байна. Хариу нь гарсан юм байхгүй. Хүнийг худал мэдээллээр гүтгэчихээд, үүнийгээ залруулах явдал нь өчнөөн хугацааны дараа л болдог юм шиг байна. Тухайн үедээ хүмүүсийн “тархийг нь угаачихаад л.” Чин үнэнээ хэлэхэд надад эрүүгээ хугалуулж зодуулах байтугай алгадуулсан хүн байвал тэр хүнийг аваад ир ээ. Би ёс зүйн хариуцлагаа хүлээгээд ажлаа өгчихөж болно оо. Асуудал байхгүй. Ингэж л хэлмээр байна.
 
 
 
М.Чойжал