sonin.mn
Коронавирусийн улмаас эдийн засгийн хямрал үүссэн ч Азийн хөгжиж буй орнууд болон хөгжингүй улсын эдийн засаг 5.6 хувиар өснө гэж Дэлхийн банк таамаглалаа. Энэ нь өнгөрсөн нэгдүгээр сарын таамаглалаас 1.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Дэлхийн эдийн засаг сэргэнэ гэсэн найдвар нь вакцин түгээх ажил ахицтай байгаатай холбоотой. Гэвч улс орнуудын эдийн засгийн өсөлт вакцинжуулалтын улмаас 2021 онд өөр хоорондоо эрс ялгаатай байх төлөвтэй байгаа юм. Тодруулбал, АНУ тэргүүтэй чинээлэг орнууд эдийн засгийн тал дээр манлайлах хандлагатай байгаа бол хөгжиж буй, бага орлоготой орнуудын хувьд цар тахал үргэлжилсээр байх хандлага ажиглагджээ.
 
Дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын өсөлтийг авч үзвэл, АНУ-ын эдийн засаг энэ онд 6.8, БНХАУ-ын эдийн засаг 8.5 хувиар өсөх төлөвтэй байна. Түүнчлэн хөгжиж буй орнуудын хувьд энэ үзүүлэлт 4.4, бага орлоготой орнуудынх 2.9 хувьтай байна гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд урьдчилан таамаглажээ. Эдийн засгийн төсөөллийг энэ хэмжээгээр ахиулахад дэлхий даяар явагдаж байгаа вакцинжуулалт мөн улс орнуудын эдийн засгаа дэмжих нэмэлт төсвийн арга хэмжээнүүд голлон нөлөөлжээ. Харин Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ясуюки Савада “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хөгжиж буй Азийн орнуудын эдийн засгийн өсөлт нь эрч хүчээ авч байгаа боловч халдварын шинэ давлагаа аюул заналхийлсэн хэвээр байгаа” гэж дурджээ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин