sonin.mn
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Colonial pipeline” хоолойн цахим халдлагыг хамтран шалгах хүсэлтээ ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинд илэрхийлэх гэж байна. Цагаан ордны мэдэгдсэнээр энэхүү халдлага Кремлийн үйл ажиллагаатай холбоогүй ч Оросын нутаг дэвсгэрээс үйлджээ. Жо Байден “Би В.Путинтэй шууд холбогдоно. Цахим дайралтыг ОХУ-аас үйлдсэнийг манай тагнуулын байгууллага нотолсон. Москвагийн эрх баригчид тушаал өгөөгүй ч тодорхой үүрэг хүлээх ёстой” хэмээв. Цагаан орны тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгчтэй өнгөрсөн сард утсаар ярихдаа уулзах санал тавьсан. Гэхдээ Кремль албан ёсны хариу өгөөгүй байна. “Politi­co” агентлагийн шинжээчид болон АНУ-ын албан тушаалтнуудын уулзалт Рейкьявик, Прага, Любляна, Баку хотын аль нэгэнд болж магадгүй гэж таамаглажээ. Цахим халдлагын улмаас АНУ-ын зүүн эргийн түлшний 45 хувийг хангадаг хоолойн үйл ажиллагааг зогсоосон юм. Хакерууд системийн өгөгдлийг шифрлэж цоожилжээ. Техасаас Нью-Жерси хүртэл шатахуун дамжуулах “Co­lonial pipeline” хоолойгоор өдөрт 100 сая гаруй галлон (380 сая литр) бүтээгдэхүүн тээвэрлэдэг. Дамжуулах хоолойн систем нь 8850 километр урт юм. АНУ-ын Засгийн газар шатахууныг авто замаар тээвэрлэх журмыг зөөлрүүлж, нийлүүлэлтэд гарах тасалдлыг хамгийн бага хэмжээнд хүргэсэн. Ингэснээр 18 муж улсад газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэхдээ илүү уян хатан хандах боломж олголоо. Аюулгүй байдлын мэргэжилтнүүд дэд бүтцийн гол салбар цахилгаан, усан хангамжийн байгууллагууд, эрчим хүч, тээврийн компаниудын операторуудад анхааруулга өгчээ. “TAG Cyber”-ийн гүйцэтгэх захирал Эд Аморосо “Америкийн дэд бүтцийн бусад компаниуд ноцтой халдлагад өртөж магадгүй. Оросын кибер дайчид 2015, 2016 онд Украины цахилгаан дамжуулах сүлжээг унтрааж чадсан. Ираны хакерууд инженерийн шугам сүлжээ, үйлдвэр, газрын тос, байгалийн хийн байгууламжийг түгшээдэг” гэжээ.
 
“DARKSIDE” БҮЛЭГЛЭЛ БУЯНЫ САНГ ИВЭЭН ТЭТГЭДЭГ
 
Халдлагыг “DarkSide” бүлэглэл үйлдэж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Америкийн тагнуулын албаны мэргэжилтнүүд санхүүгийн зорилгоор халдсан гэж мэдэгдсэн ч хакеруудын шаардсан төлбөрийг төлөх эсэх нь тодорхойгүй байна.
 
 
 
АНУ-ын технологийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Анне Нойбергер “Кибер халдлагыг үйлдэгчид аль нэг улсын Засгийн газартай холбоогүй. Газрын тосны бүтээгдэхүүн дамжуулдаг хоолойн үйл ажиллагааг энэ долоо хоногийн эцэс гэхэд сэргээнэ гэж найдаж байна.
 
 
 
“DarkSide” бодлогогүй үйлдэл хийсэн. Хакерууд “Co­lonial”-ийн мэдээллийн сүлжээг хэдэн долоо хоног эсвэл хэдэн сарын өмнөөс тандаж байсан. Тэд үйл ажиллагааны технологийг хариуцдаг программ хангамжид эхэлж нэвтэрчээ. Тэдний зорилго нийгэмд асуудал үүсгэх бус мөнгө олох. Өнөөдрөөс эхлэн бид зохицуулалтыг нэвтрүүлж, болзошгүй үр дагавраас зайлсхийхийн тулд түншүүдийнхээ шифрийг шалгаж байна. Хакерын бүлгүүдийн нэгэн адил “Dark­Side” вирустэй программ ашиглан зорилтот “бай”-ндаа халддаг” гэжээ. “Ассошэйтэд Пресс” агентлагийн мэдээлснээр “Dark­Side” бүлэглэл корпорацуудаас “дээрэмдсэн” мөнгөнийхөө тодорхой хэсгийг “Робин Гуд” буяны санд шилжүүлдэг аж. Тус бүлэглэлийн хакерууд Социалист лагерийн орнууд, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс руу халдахаас зайлсхийдэг юм. Мөн эмнэлэг, асрамжийн газар, боловсролын байгууллагууд руу халддаггүй. “DarkSide”-д харьяалагддаг хакерууд өнгөрсөн оны наймдугаар сараас үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн байна. Холбооны мөрдөх товчооны мэдээллээр тэд орос хэлээр тохируулсан компьютерийн системийг шифрлэхээс зайлсхийдэг. “DarkSide”-ийн халдлагад өртсөн серверийн толгой компьютерийн дэлгэцэн дээр шифрлэгдсэн тухай мэдээлэл гарч ирдэг байна. Тэд хулгайлсан бүх төрлийн мэдээллээ жагсаадаг бөгөөд төлбөрөө төлөхгүй бол алдагдсан хуудсуудыг ачаалж сүлжээнээс ул мөргүй устгадаг. DarkSide бүлэглэлийнхэн “Бид геополитикт оролцдоггүй, улс төрийн бус нэгдэл” гэж мэдэгдсэн. “Ransomware Task Force” шинжээчдийн эвсэл тэднийг үндэсний аюулгүй байдлын эрсдэл гэж нэрлэжээ. Тэр ч байтугай хэрэглэгчийн дансны мэдээллийг цуглуулдаг “нэвтрэх брокерууд”-тай ажилладаг. Эдгээр брокер хэрэглэгчийн нэр, нууц үгийг цахим гэмт хэргийн бүлэглэлүүдэд зарж борлуулдаг юм байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин