sonin.mn
5-р сарын 3-нд Филиппиний Гадаад Харилцааны Сайд Теди Локсин Жуниор нийгмийн сүлжээнд нилээд бүдүүлэг үг хэрэглэн, Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсээс загас агнуурын онгоцнуудаа гаргахыг БНХАУ-аас шаардсан билээ. Тэгвэл маргааш нь буюу 4-нд тэрээр дахин нийгмийн сүлжээгээр БНХАУ-ын Гадаад Харилцааны Сайд Ван И-гээс уучлал гуйж, "Ван И бол хамгийн шилдэг хамгийн ухаалаг дипломатч" гэжээ.
 
Үүнтэй холбогдуулж, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте: "БНХАУ бидэнд тус болсныг мартаж болохгүй. Санал зөрөлдөөнтэй асуудал байж болох ч ёс зүйг умартахгүй байх хэрэгтэй" гэсэн байна.
 
Мөн  4-ний өдөр БНХАУ-ын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин тайлбар хийхдээ: " Микрофоны дипломат ажиллагаа бодит байдлыг өөрчилж чадахгүй, харин ч хоёр улсын итгэлцлийг эвдэж мэднэ. Филиппиний холбогдох албан тушаалтнууд үг хэлэхдээ нийгмийн харилцааны үндсэн ёс суртахууныг эрхэмлэж, өөртөө зохицсон үг хэлэх хэрэгтэй" гэсэн аж.
 
Г.Бямба