сонин mn
Өндөг үйлдвэрлэгч “НАШ” брэндийг үүсгэн байгуулагч “Нионшэль” компанийн захирал Т.Далантайг энэ удаагийн “Бизнес хөгжил” буланд урьж  ярилцлаа.
 
-Хил хаагдаж хорио чангарснаар өндөгний эрэлт нэмэгдэхийн хэрээр үнэ нь өсч  480-500 төгрөгт хүрээд байна. Танайх өндөгөө үйлдвэрээс яг хэдэн төгрөгөөр гаргаж байна вэ?
 
-Манайх өндөгнийхөө чанарт түлхүү анхаардаг. Өдөрт 50-60 мянган ширхэг өндөг үйлдвэрлэж байна. Нэг ширхэг өндөг 390-400 төгрөгөөр хот хөдөөгийн гэрээт 260 гаруй цэгээр борлуулж  байна. Үүнээс Улаанбаатарт 170 цэгт үйлдвэрээс шууд өөрсдөө түгээлт хийдэг. Тухайн цэгүүд  лангууны  түрээсийн зардлаа нэмээд  хөл хориогүй үед 420 төгрөгт борлуулдаг. Гэтэл импортын өндөг тасалдаад эхлэхээр бөөний төвүүд болон гэрээт цэгүүд шууд 440-460 төгрөгт хүргэчихээр томоохон дэлгүүр, сүлжээ супермаркетуудаар 480-500 төгрөгт ч нэмэгддэг юм билээ. Энэ бол зохиомол үнэ. Яах ч аргагүй юм. Бусад компаниуд ч ялгаагүй ийм л байдалтай байгаа. Дотоодын арван хуруунд багтах хэдхэн үйлдвэр хүчин чадлаараа ажлаад хэрэгцээг 100 хувь хангах боломж одоогоор бүрдээгүй. Цаашдаа дотоодын үйлдвэрийг хөгжүүлье гэвэл төрөөс  импортын өндөгт тодорхой хугацаагаар хязгаарлалт тавих хэрэгтэй. Ингэснээр дотоодын үйлвэрлэгчид  үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой. Цар тахлаас өмнө  30 орчим өндөгний аж ахуй үйл ажиллагаа явуулж байсан бол одоо 20 орчим нь үйлдвэрээ хаасан байна.
 
 
 
Монголчууд өглөө бүр шинэ өндөг идэх боломжтой. Ингэхийн тулд хөдөө орон нутагт өндөгний аж ахуйг байгуулах хэрэгтэй. Хэдий болтол импортын хуучин өндөг идэх вэ дээ. Гэхдээ тооноос илүү чанарт анхаарах хэрэгтэй. Манайх Голландын удам сайтай өндөгийг дарж, европ стандартын  тэжээлээр тэжээдэг учраас  өөрийн гэсэн хэрэглэгчидтэй. 
 
 
 
- Ер нь  өндөглөгч тахианы өртөг болоод нэг тахиаг хэдэн жил ашиглах боломжтой байдаг юм бэ?
 
- Нэг өндөгийг дэгдээхэй болгоход 21 хоног  инкубаторт дарж 50 гр жинтэй болгосны дараа  өндөглөгч тахиа болгоход дахин 180 хоног тэжээдэг. Тэгэхээр нэг өндөглөгч тахианы өртөг өнгөрсөн жил 21.800 төгрөг байсан бол энэ жил 1000 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. 22-23 мянган төгрөг болоод байгаа. Гэхдээ бид  одоогоор үнээ нэмсэн зүйлгүй л байна. Тодруулбал, өндөглөгч тахианы нас долоо долоо хоногоор хэмжигдэж явдаг юм. Нэг долоо хоногтой, хоёр долоо хоногтой гээд л тоолно. Олон улсын жишгээр 85 долоо хоногтой буюу 600 хоног болсон тахиаг нядалгаанд оруулдаг. Дэгдээхий гарснаас хойш 600 орчим хоног болоод л өндөглөгч тахианы ашиг байхгүй болдог. Тиймээс дараагийн циклээ эхлүүлнэ. Шувууны аж ахуй гэдэг чинь байнгын эргэлтэд байдаг зүйл. Өндөглөгч тахиаг нядалгаанд оруулаад, махыг нь зарна. Манайхан тамирчин тахиа гээд байдаг юм. Яахав, мах нь жаахан хатуу байдаг байх. Одоо хүмүүс эрүүл мэндэд ашигтай учраас монгол тахиа иддэг болчихсон.
 
-“НАШ” брэндийг үүсгэн байгуулаад хэдэн жил болж байна. Анх компаниа байгуулсан түүхээсээ хуваалцаач?
 
-2006 онд “Нионшэль” компаниа байгуулж байсан. Харин “НАШ” өндөгний аж ахуйг 2008 онд эхлүүлж, 2009 оны дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Анх 5000 өндөглөгч тахиатай, хагас автомат тоноглолтой аж ахуйг байгуулж байлаа. Харин өнөөдөр 60 мянган шувууны хүчин чадалтай, өдөртөө 50-52 мянган ширхэг өндөг үйлдвэрлэдэг үйлдвэр болчихсон ажиллаж байна даа.
 
-Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд танай үйлдвэр хурдацтай томорчээ. Ажиллах хүч ч дагаад нэмэгдсэн байх. Одоогоор хэдэн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
 
-Манай үйлдвэр үндсэн 32 ажилтантай. Өвлийн улиралд 4-5 түр ажилтан авах шаардлага гардаг. 32 ажилтны цаана гэр бүлийн хэдэн хүн байгаа билээ. Ер нь 100 гаруй хүний аж амьдралыг л дааж явна даа.
 
- Импортын өндөг орж ирэхгүйгээс  зах зээл дээр эрэлт эрс нэмэгдсэн. Энэ нь шувууны аж ахуйг, өндөгний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага байгааг харуулж буй хэрэг. Танайх үйлвэрлэлээ өргөжүүлэх тухайд төлөвлөгөө бий байх?
 
-Манай компани үйлдвэрлэлээ нэмж, өдөртөө 150 мянган өндөг үйлдвэрлэх зорилт тавьж байгаа. 2025 он гэхэд зорилтдоо хүрч, бүтээн байгуулалтаа дуусгах төлөвлөгөөтэй байна. 2021 оны арванхоёрдугаар сард 30 мянган шувууны аж ахуй ашиглалтад оруулна. Одоо барилгын үйл явц 40 гаруй хувьтай байна. Одоо удахгүй  барилгын ажлаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Хамгийн сайн чанарын өндөг үйлдвэрлэх нь бидний эрхэм зорилго.
 
- Та чанартай өндөгөөр хангахын чухлыг онцолсон. Танайх өндөглөгч тахиагаа хаанаас оруулж ирдэг вэ?
 
-Манайх одоохондоо үржлийн тахианы үйлдвэр байгуулаагүй. Монголын нөхцөлд үржлийн тахианы үйлдвэр байгуулна гэдэг хүнд. Харин өндөглөгч тахианы аж ахуйг өргөжүүлээд явах боломжтой. Манай компани Голландаас гаралтай, удам сайтай өндгийг ОХУ-аас оруулж ирээд, инкубаторт дардаг. Улмаар дэгдээхийгээ бойжуулаад, өндөглөгч тахиа болгоно доо. Ирэх зургадугаар сараас үржлийнхээ өндгийг оруулж ирээд, долдугаар сарын эхний  долоо хоногт дараагийнхаа үржлийн циклийг эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
 
-Тэжээж байгаа тэжээл нь цэвэр, экологийн бүтээгдэхүүн байдаг байх?
 
-Европ стандартын, хамгийн чанартай тэжээлийг тахиандаа өгдөг. Хамгийн өндөр орцтой, найрлага сайтай тэжээлийг гаднаас оруулж ирдэг байсан. Коронавирус гарснаас хойш эх орондоо тэжээлээ үйлдвэрлүүлж байгаа. Манайхан эх орондоо үнэхээр сайн тэжээлийг хийж чадаж байна. Тийм учраас гадагшаа валютаа урсгаад байлгүй дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллаж байна даа.
 
-Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авсан гэсэн. Зээлэнд хамрагдахаас өмнө ямар байсан. Зээл авснаас хойш гарч буй өөрчлөлтийнхөө талаар яриач?
 
-Би өмнө нь 2015 онд “Чингис” бондын зээлэнд хамрагдсан юм. Тэр зээлээрээ 30 мянган шувууны байр бариад, үйлдвэрлэлээ явуулаад 2-3 жил болж байна. 2019 оны арванхоёрдугаар сард ЖДҮГ-аас 700 саяын зээл авсан. Тэр мөнгөөрөө 2021 онд ашиглалтад оруулах 30 мянган тахианы аж ахуйн байраа барьж байна. Уг нь 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан боловч коронавирусийн улмаас ажил зогсчихсон. Тиймээс хойшлуулаад, 2021 ондоо ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй л ажиллаж байна.
 
- Одоо танай аж ахуйд тулгамдаж буй асуудал юу байна?
 
-Хамгийн гол тулгамдаж буй асуудал бол импорттой холбоотой хууль, эрх зүйн орчныг л сайжруулмаар байна. Импортын өндөгний хэмжээг багасгадаг ч юм уу. Бидний үйлдвэрлэж чадахгүй байгаа хувьд нь тааруулж өндөг оруулж ирдэг ч юм уу зохицуулалт байж болно шүү дээ. Өнөөдөр үүд хаалгаа барьчихсан шувууны аж ахуй цөөнгүй байна. Тэр үйлдвэрүүд бүгдээрээ ажиллавал бид дотоодынхоо хэрэгцээг бараг 80 хувь боломжтой гэж би боддог. Манай салбарынхан 2024 он хүрэхэд дотоодынхоо хэрэгцээг 90 хувь хангах зорилттой ажиллаж байгаа.  Улаанбаатар хотыг тойроод 32 өндөгний аж ахуй байсан. Том, жижиг нийлсэн, өндөгний хэрэгцээнд өдөр тутам нэмэр болж явсан үйлдвэр шүү дээ. Гэтэл Оросоос хямдхан өндөг орж ирдгээс болоод алдагдалтай ажиллаж, үүд хаалгаа барьсан. Миний мэдэхээр 20-иод өндөгний аж ахуй хаалга барьсан. Одоо 12 үйлдвэр л ажиллаж байна.
 
- Өглөө бүр шинэ өндөг идмээр байна. Гэтэл гаднаас хуучин өндөр оруулж ирээд байна. Үүнд ямар зохицуулалт хэрэгтэй бол?
 
-Хэрэглэгчид өөрсдөө сонголтоо хийх хэрэгтэй байх. Ямар хүнс идвэл эрүүл байх вэ гэдгийг ч тухайн хүн мэддэг болчихсон гэж боддог. Бид импортын өндөг учиргүй муу гээд муулаад байх нь хаашаа юм. Гэхдээ хэд хоног хадгалсан юм, хэчнээн хугацаанд тээвэрлэсэн, ямар нөхцөлд орж ирсэн бэ гэдэг нь тодорхой биш л байгаа. Ийм өндөг авах уу, эсвэл өдөртөө шинээрээ хэрэглэгчдийн гарт очиж буй өндгөө авах уу гэдэг сонголтоо манай иргэд хийх л ёстой. Хэрэглэгчиддээ шинэ өндөг хүргэхийн тулд бид бусдаас хойно унтаж, түрүүлж босдог. Тэгж л хичээж, ард иргэдийнхээ гарт шинэ өндөг үйлдвэрлэж хүргэж байна.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин