sonin.mn
4 сарын 22-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин видео хэлбэрээр Цаг уурын өөрчлөлтийн талаарх дэлхийн удирдагчдын хуралд оролцон, үг хэлжээ.
Энэ үеэрээ Ши Жиньпин: "Эх байгаль хүн төрөлхтнийг бий болгосон. Хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ хүндэтгэн, зүй зохистой харьцаж, хайрлан хамгаалах ёстой. Байгаль дэлхий үндсээрээ эвдэгдэх юм бол хүн төрөлхтний амь амьдрал, хөгжил дэвшил нь эхгүй ус, үндэсгүй мод адил болно. Бид нүдний цөцгий шигээ байгаль орчноо хамгаалан, хүн байгалийн шүтэлцээний шинэ хэлбэрийг бий болгох хэрэгтэй. Хятадын тал Америкийн талыг олон талт цаг уурын засаглалын үйл явцад оролцохыг урьж байна. Хятад, Америк саяхан хамтран "Цаг уурын хямралын эсрэг тэмцэх хамтарсан мэдэгдэл" гаргасан.
 
Хятадын тал АНУ-ыг багтаасан олон улсын хамтын нийгэмлэгийн хамт дэлхийн байгаль орчны засаглалыг дэмжихийн тулд хүчин зүтгэнэ.
 
Хятад улс нүүрстөрөгч ялгаруулах хэмжээг дээд түвшинд тогтоон барих, нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг бууруулах зэргийг экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын төлөвлөлтөд оруулж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тогтоон барих тухай үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрийг тууштай дэмжиж, нөхцөл боломжтой бүс нутаг, чухал салбар болон аж ахуйн нэгжүүдийн тус үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно. Хятад улс цаашид нүүрс, цахилгааны эрчим хүчний төслүүдийг хатуу хянаж, "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд нүүрсний хэрэглээний өсөлтийг хатуу хянаж, "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд ч үргэлжлүүлэн бууруулна" гэжээ.
 
Н.Пүрэвжав