sonin.mn
Өнөөдөр буюу энэ жилийн 4 дүгээр сарын 9 -нд Монголын цэрэг Польшийн нутагт томоохон ялалт байгуулсны 780 жилийн ой тохиож байна. Түүхэнд үүнийг “Легницийн тулалдаан” хэмээн нэрлэдэг.
Тэртээ 1230-аад оны сүүлчээр Монголчууд Оросын Вангуудыг эрхшээлдээ оруулсны дараа Киевийг 1240 оны 12-р сард эзэлсэн ба монголчуудын Өрнөд рүү явуулж байсан довтолгоон Унгар руу чиглэжээ. 
Энэ нь Монголчуудын өстөн, дайсан болох Куман (Кипчак)-уудыг Унгарын IV Бела ван өөрийн нутагт орогнуулж хаацайлсан, мөн тэднийг буцааж өгөх тухай Бат хааны шаардлагыг үл ойшоож, илгээсэн элч төлөөлөгчдийг нь алж, доромжилсноос үүдэлтэй гэдэг. Тагнуул, туршуулууд явуулснаар тухайн үед Унгарын ван Польш болон Чехийн вангуудын хороондын харилцаа сайн байсныг мэдэж, улмаар эдгээр улсуудын зүгээс IV Бела ванд тусламж үзүүлэхээс сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Бат хаан, Цагаадайн хүү Байдар хан, Зүчийн том хүү Орду нараар удирдуулсан баруун жигүүрийн цэргээ 1241 оны эхээр Польш руу хөдөлгөсөн байна. Байдар хан 1241 оны 3-р сарын 10-нд Висла мөрнийг Сандомирын ойролцоо гаталж, Ордугийн цэргийг Ленчица, Краков хотын зүг илгээгээд, өөрөө Кельц хүртэл довтолсон байна. Бага Польшийн нийслэл Краков орох замыг хаасан Краковын захирагч Вложимеж (Владимер)–ийн удирдсан Краковын цэргийг Орду ноён 3-р сарын 18-нд Хмелникийн дэргэд бут цохиод, Краковыг бүслэн хаажээ. Монголчуудыг Краковт орж ирэхэд уг хот огт хүнгүй хоосон,  хүмүүс нь дүрвэн зугтсан байв. Монголын цэрэг 3-р сарын 31-нд  Краковаас гарахдаа түүнийг галдан шатаасан байна. Улмаар 4-р сарын 2-нд Байдар, Орду нарын нэгдсэн цэрэг Силез (Шлонск)-ийн нийслэл Вроцлав (Бреслау)-ыг эзлэн авч, нутаг дэвсгэрийг нь түймэрдэн шатаав. 
 
Ийнхүү асар богино хугацаанд Бага Польшийг бут цохиж, түрэмгийлэн бусниулсан нь Польшийн бусад газар нутагт ч түгшүүрийн харанга дэлдэхэд хүргэсэн байна. Пястуудын удмынхнаас хамгийн хүчирхэг нь байсан Силезийн “Сүсэгт” хочит II Хенрих ван оршин суугчдад эх нутгаа хамгаалахыг уриалсны дагуу Вроцлав руу зүг, зүгээс Польшийн рыцариуд (хуягт морин цэргүүд) цуварч эхлэв.
 
Хенрикийн цэрэг дээр Сүмийн журмын холбооны рыцариуд (Тамплиерууд), Тевтон (Герман) рыцариуд, сайн дурынхан болон алтны уухайчдын баг ч хүч нэмсэн байна. Эдгээрийг түүний үеэл Чехийн ван Болеслав Дыполдовиц буюу Щепиолька удирджээ. Хенрик ван, Польшийн Силези (Шлонск) ба Бага Польшийн хуягт морин цэргүүд болон Щепиолькийн удирдсан холбоотнуудын цэргүүдээс бүрдсэн 7-8 мянган дайчид төвлөрүүлж чаджээ. Хенрик Вангийн байгуулсан энэхүү эвсэл 1241 оны 4-р сарын 9 –ний өдөр Польш, Германы хилийн ойролцоо, Легницээс зүүн өмнө зүгт 7 км-ийн зайд оршдог Волстат (Вальстат) хэмээх (энэ нь польш хэлээр Добре Полe – Сайнхан тал, гэхдээ Легницийн тал биш юм) газарт Орду, Байдар нарын удирдсан цэрэгтэй тулалданд орсон байна. Эхэндээ Польшийн цэрэг хүчээр давамгайлж байсан боловч тулалдааны талбарт хэн нэгэн хүн польшоор “Uciekajcie, uciekajcie  - Зугтаагаарай, зугтаагаарай” гэж чанга, чанга хашгиран давхиж байхыг сонсоод, Ополын Мечислав ван өөрийн удирдаж явсан 3-р жигүүрийн ихэнх дайчдыг дагуулан зугтсан байна. Ингэж хашгиран давхиж байсан этгээд нь монгол цэрэг байсан бөгөөд монголчууд, польшуудыг хууран мэхэлж зугтахад хүргэсэн гэдэг. Үүнийг харсан Хенрик ван “Бид ч сүйрлээ дээ” хэмээн шүүрс алджээ. Нөгөөтэйгүүр монголчууд, амьсгал бачимдуулдаг утаат хий ашигласан учир дайсны цэргүүдийн хүчийг сулруулж, дайтах чадваргүй болгосон аж. Ингэж Монголчууд дэлхийд анх удаа химийн зэвсэг тулалдаандаа хэрэглэсэн хэмээн түүхэнд нэрээ үлдээсэн юм. Ийнхүү Польшийн цэрэг сүйртлээ цохиулж, Хенрик ван олзлогдсон гэдэг. Түүнийг, амь үрэгдсэн нэгэн монгол жанжны цогцсын өмнө авчирч сөгдүүлээд, толгойг нь тас цавчиж Бат хаанд хүргүүлжээ. Сүсэгт Хенрикийг христын шашны ёсоор оршуулах гэж гэргий Анна Чешка тулалдааны дараа цогцсыг нь хайсан боловч түүний толгойг цавчиж, нүцгэлсэн учир олон мянган хүүр дотроос олоход маш бэрхшээлтэй байв. Иймээс Анна зүүн хөл нь зургаан хуруутай цогцсыг хайхыг тушаасны дагуу Сүсэгт Хенри II –ийн хүүрийг олж, өөрийн нь бариулсан Вроцлав дахь Францисканы сүмд түүнийг оршуулжээ. 
Ийнхүү Байдар ханаар удирдуулсан цэргүүд Бат Хааны даалгасан үүргийг гарамгай биелүүлж, Польшийн цэргийг бут цохисон юм. 
 
Харин уг тулалдаанд оролцсон Монголын цэргийн тоо, зорилгыг Польшийн түүхч, профессор Ейжы Марон “3-р сард Монголчуудын цэргийн ажиллагаа эхэлж, тэр хооронд тэд Сандомир  орчимд ихээхэн хохирол амссан. Тиймээс тэд анхны арван мянгаас цөөн, магадгүй зургаа, долоон мянгаас ч цөөн дайчинтай байсан байх. Тэдний үүрэг бол юун түрүүнд Польшийн Хенрик, Чехийн Вацлав ван нарыг унгарчуудад туслахаас урьдчилан сэргийлэх явдал байсан” хэмээн тодорхойлсон байдаг. Гадаадын түүхчдийн судалгаа, он цагийн бичээсүүдэд, манай зарим түүхчдийн бичиж байгаа шиг Польшийн цэргийн тоо Монголынхоос 3 дахин илүү буюу зургаан түм, монголын цэргийн тоо хоёр түм байгаагүй болохыг баттай эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.  Монголчуудын Польш руу хийсэн анхны дайралтын шалтгаан нь Византийн эзэнт гүрнийг эзлэх гэсэн оролдлого гэж зарим түүхчид үздэг. Польш руу хийсэн энэхүү дайралт нь Монголын цэргүүд Унгарыг эзлэн авах томоохон хэмжээний ажиллагааны зөвхөн нэг хэсэг юм. Гэхдээ монголчуудын туйлын зорилго нь Унгар биш, харин Бат хаан эзлэн авахыг хүссэн Византийн эзэнт гүрэн байсан ч байж магад. Монголчууд Польш руу довтолсноор Монголын гол хүч довтолсон Унгар руу Польш, Чехийн зүгээс тусламж илгээх боломжгүй болгосон ба энэ нь Бат Хаан, Сүбээдэй жанжин нар Унгарын IV Бела вантай дайтаж, ялахад стратегийн хувьд чухал ач холбогдолтой байжээ. 
 
Ц. Чухалхүү (Польшийн Краков хотын Уул уурхай, төмөрлөгийн академийг төгсөгч, Монгол Улсаас Польш, Канад улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан асан)