sonin.mn
Йорданы эрх баригчид улс орны аюулгүй, тогтвортой байдалд заналхийлсэн гэж угсаа залгамжлах хунтайж асан Хамзех бин Хуссейн тэргүүтэй албан тушаалтнуудыг баривчилжээ. Ханхүүг хаан ахыгаа ширээнээс буулгах улс төрийн хуйвалдаанд оролцсон хэмээн буруутгасан юм. Хамзех бол эзэн хаан асан Хуссейны америк эхнэрээс төрсөн ханхүү. Одоогийн хаан Абдуллатай сайн харилцаатай байдаг. Абдулла 2004 онд Хамзехын хунтайж хэргэмийг хурааж, ууган хүүдээ шилжүүлжээ. “Петра” агентлагийн дамжуулснаар хааны гэр бүлийн гишүүн Шериф Хасан бин Зайед, II Абдуллагийн зөвлөх, Сангийн сайд асан Бассем Авадаллах нарыг баривчилсан байна. Мөн язгууртан, овог аймгуудын удирдагчид болон тус улсын аюулгүй байдлын байгууллагын гишүүдийг баривчилжээ. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр хааны авга ах нар болох Хасан бин Талал, Али бин Хуссейн нарын хувь заяа тодорхойгүй байна. Гэхдээ Йорданы зэвсэгт хүчний штабын дарга, хошууч генерал Юсеф аль-Хунейт ханхүүг баривчилсан мэдээллийг үгүйсгэсэн юм. Тус улсын Засгийн газрын төлөөлөгчийн хэлснээр Сангийн сайд асан Бассем Авадаллаг “Израилтай сэжигтэй гүйлгээ хийсэн учир саатуулсан” гэжээ. Түүнийг либерал шинэчлэлийг санаачлагч гэж үздэг. Йордан улс 1946 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд газрын тосны баялаг багатай, хилийн дайн дажинд удаа дараа өртсөн. Мөн Ойрхи Дорнод дахь АНУ-ын гол холбоотон юм.
 
Нийслэл Амманд болсон баривчилгаа Арабын орнууд болон АНУ-д түгшүүр төрүүлж байна. Саудын Араб, Вашингтоны эрх баригчид Йорданийн хааныг дэмжихээ мэдэгдсэн. Саудын Арабын тал II Абдуллагийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн бол АНУ-ын Төрийн департамент хааныг “гол түнш” гэж нэрлэжээ. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс “Хаан Абдулла бол АНУ-ын гол түнш. Тэрбээр 1999 онд эцгээ нас барахад хаан ширээнд суусан. Бид бүрэн дэмжлэг үзүүлдэг” гэсэн юм. Персийн булангийн улсууд, Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл, Арабын лиг, Египет улс Йордантай хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээ зарлалаа.
 
ХАНХҮҮ ЮУ ХЭЛЭВ
 
Ханхүү Хамзех Амман хотын захад байрлах Салам ордонд хоригдож байгаа дүрс бичлэгийг BBC шууд дамжуулсан. Тэрбээр ахынхаа засаглалыг хатуу шүүмжилж “Зэвсэгт хүчний жанжин штабын дарга миний гэрээс гарах, хүмүүстэй харилцах, уулзах эрхгүйг мэдэгдсэн. Би олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр Засгийн газар, хааныг шүүмжилж байсан. Миний найз нөхдийг баривчилж, интернэт, утасны шугамыг тасалсан. Манай улс нь боловсрол, эрүүл мэндийн салбартаа, хүний нэр төр, эрх чөлөөгөөрөө бүс нутагтаа тэргүүлж байсан. Гэтэл өдгөө хууль бус баривчилгаа, хүчирхийллийн орон болжээ. Сүүлийн 15-20 жилийн хугацаанд авлига, төрийн байгуулалтын чадваргүй байдалд дээд цэгтээ хүрлээ. Ард түмэн төр засагтаа итгэх итгэлгүй болсон.
Тэд хариуцлага хүлээх ёстой. Одоо байдал бүр ч дордсон. Энэ талаар санал бодлоо илэрхийлсэн хүнийг эрүүдэн шүүж байна. Би ямар нэгэн хуйвалдаанд оролцоогүй. Гадаадаас санхүүгийн дэмжлэг авдаггүй” гэжээ. Ханхүүгийн бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, олны хандалт авчээ. Хамзехын шүүмжлэл II Абдулла тэргүүтэй эрх баригч элитүүдийг хагаралдуулж байна.
 
Х.Эрдэнэзаяа
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин