сонин mn
CNN агентлагийн “Арт” булангийн сэтгүүлч Оскар Холланд Монголын хип хоп хөгжмийн түүх, реппэр Жийг онцолсон байна. Нийтлэлд “Залуу хүү Төгсжаргалын Мөнх-Эрдэнэ 1996 оноос Америкийн хип хопыг сонсож эхэлжээ. ЗХУ задарсны дараа Монгол Улс гадаадын соёлын импортын давлагаанд өртөх болов. Төрийн цензурыг зөөлрүүлсэн нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг эриний эхлэл байв. Өсвөр насны монгол хүүхдүүд хип хоп, гангстеруудаар “амьсгалж” эхэллээ. Мөнх-Эрдэнэд Др Дре ба Снуп Догг нарын “187 On the Undercover сop” бүтээлүүд тод сэтгэгдэл төрүүлжээ. Тэрбээр “Би тэдэн шиг үглэж чадна гэдгээ мэдэрсэн. Тэгээд реп хөгжим бичиж эхэлсэн. Тухайн үед Улаанбаатарт цөөн студи байлаа. Гэхдээ маш үнэтэй бичлэг хийнэ. Бидэнд чанартай аудио, видео хийх, том компаниудтай хамтарч ажиллах боломж байгаагүй. Телевиз, радио станцууд бидний дуу, клипийг төдийлөн цацахгүй. Тухайн үед хип хоп бол буруу зүйл гэсэн ташаа ойлголт монголчуудын дунд байсан” гэж Монгол Улсын нийслэл Улаанбаатар дахь студиэс хийсэн видео ярилцлагадаа дурссан юм. Мөнх-Эрдэнэ Улаанбаатарын гэр хороололд өссөн бөгөөд нийгмийг уран бүтээлээрээ шүүмжилдэг гангстер.
 
Биг Жи хорь гаруй жилийн дараа Монгол Улсын хамгийн алдартай MC-нүүдийн нэг болжээ. Гэхдээ Монголын реппэрүүд эх орон шигээ далайд гарцгүй хэвээр. Тэдний талаар Их Британийн гэрэл зурагчин, найруулагч Алекс де Морагийн “Straight Outta Ulaanbaatar” баримтат бүтээл гартал баруунд Монголын хип хопын тухай мэдэгдэхүүн байсангүй. Де Мора “Гаднынхан Монголыг уудам тал нутгаар төсөөлдөг.
 
Магадгүй тэд хоёр бөхт тэмээ, морь унасан хүмүүсийг л харсан байх. Үнэндээ хот суурин газрын соёлын талаар хэзээ ч бодож байгаагүй. Би орчин үеийн соёлтой Улаанбаатарыг харуулахыг хүссэн” гэж ярьсан юм. Де Мора бол Пуша Т, МФ Дум, Ву-Танг зэрэг АНУ-ын нэр хүндтэй репперүүдийн зургийг авч байсан. Реппэр Жи түүний бүтээлийн гол баатар байв. Жи Монгол Улсын тулгамдсан асуудлын талаар “Ажилгүйдэл, архидалт, авлига гээд нийгмийн олон асуудал бий. Монголын ард түмнийг төр засаг биш, өөрсдөө л анхаарч байна” гэж CNN-д ярьсан юм. Тэрбээр авлига, албан тушаалаа урвуулан ашигласан талаар илэн далангүй ярьдаг гэдгээрээ алдартай. Монгол ардын дууны нэгэн адил түүний хөгжмөөр дамжуулан нэхсэн нэгэн чухал сэдэв бол байгаль. Жи “Би байгаль орчноо хамгаалах сэдвээр хэд хэдэн дуу хийсэн.
 
 
 
 
Жинхэнэ баялаг гэж юу болохыг хүмүүс ухаараасай гэж хүссэн” хэмээсэн нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм. Уул ус, элсэн манхан, цэнхэр тэнгэр бол Де Морагийн гэрэл зургуудын үндсэн сэдэв. Монголын залуу реппер Маберрантын дуунаас ардын хөгжмийн зэмсэг, үлээвэр хөгжим, байгалийн дуу чимээ сонсогдох нь гайхалтай.
 
 
 
Де Морагийн төсөл нь тодорхой дэд соёлын хэтийн төлөвийг авч үздэг боловч энэ нь үнэндээ Монголын нийслэлийг өргөн дурангаар харуулжээ. Түүний зурагт Улаанбаатар хотын олон янзын оршин суугчид бүгд багтсан мэт. “Гудамжинд тоглож буй хүүхдүүд, ахмад настнууд, баян хуур хөгжимчин гээд хэнийг ч дурангийн цаана нуусангүй. Зөвлөлт маягийн хананд англи, кирилл үсгийг хослуулсан граффит нь Улаанбаатарт оршиж буй янз бүрийн соёлын хүчнүүдийн талаар өгүүлнэ. Энэ бол хотын хөрөг, хотын доторх соёл” гэсэн байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин