sonin.mn
“COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын явц ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМААС тодрууллаа.
 
-Одоогоор хэчнээн хүнийг вакцинжуулалтад хамруулсан бэ. Өдөрт хэчнээн хүнд хүрч үйлчилж байна вэ?
 
-Өнгөрсөн сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 30446 хүнийг вакцинд хамруулсан. Тэдний 47.1 хувийг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан эзэлж байна. 16.6 хувь нь хариу арга хэмжээний багт оролцож байгаа салбарын алба хаагчид байгаа бол бусад ажилтан, алба хаагчид 11.3 хувийг бүрдүүлсэн.
 
-Вакцинд хамрагдсан иргэнд ямар урвал илэрч байна вэ?
 
-Вакцин хийлгэсний дараа даарч болохгүй. Даарснаас хариу урвал илэрч харшил өгдөг. Тариулсан нийт хүний 40-50 хувьд нь халуурах, хэсэг газар өвдөх, бие жихүүдэс хүрч байгаа юм шиг томуугийн шинж тэмдгүүд эхний хоёроос гурван хоногт илэрнэ. Маш богино хугацаанд илрэх урвал ч байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд тариулсан газартаа эмчийн дэргэд 30 минут биеэ хянаж байхыг зөвлөж байгаа.
 
 
-Жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулахгүй гэсэн. Хөхүүл эмэгтэйчүүд яах юм бол?
 
-Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг цар тахлын эсрэг вакцинд хамруулахгүй. Магадгүй жирэмслэхээр төлөвлөсөн эмэгтэйчүүд эмчтэйгээ зөвлөлдөөд тухайн вакциныг бүрэн тунгаар авч чадах эсэхээ зөвлөлдөх хэрэгтэй. Хөхүүл эмэгтэйчүүдэд вакцин хийнэ.
 
-Дархлаажуулалтад цаашдаа иргэдийг хэрхэн хамруулах вэ?
 
-Гурван үе шаттай вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Эхний үед нийт хүн амынхаа 10 хүртэл хувь буюу дээр хэлсэн иргэдийг хамруулна. Харин хоёрдугаар үеийн 10-20 хувьд насны бүлгээр эрэмбэлж дархлаажуулна. Нөхцөл байдалтай уялдуулж хэдэн насныхан өндөр эрсдэлтэй байна гэдгээр нь эрэмбэлнэ. Гуравдугаарт, хүн амынхаа 20-50 хувийг дархлаажуулах хэмжээний вакцинтай үед тодорхой цэгүүдээр хийж эхэлнэ. Одоо бол зөвшөөрөгдсөн вакцинаар зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулах үйл ажиллагааг нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж байна.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг