сонин mn
Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо /НАМОХ/-ны Ерөнхийлөгч Г.БАТДОРЖТОЙ ярилцлаа.
 
-МАН-ын 100 жилийн ой энэ онд тохиож байна. МАН-ын түүхт ойн баяртай холбогдуулан намын дэргэдэх оюутны байгууллагын хувьд ямар ажил зохион байгуулж байна вэ?
 
-Монгол Улсын түүхэнд маш тодоор тэмдэглэгдэх үйл явдал буюу Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ түүхэн ой тохиож байгаатай холбогдуулан улс төрийн намын дэргэдэх оюутны болон залуучуудын байгууллага тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж, эхлүүлээд байна. Тухайлбал, НАМОХ-ны хувьд МАН-ын 100 жилийн ойн хүрээнд оюутан, залуучуудад улс төрийн нам өнгөрсөн 100 жилд юу бүтээв, анхны долоо гэж хэн бэ зэрэг сэдвээр улс орны түүхтэй холбоотой контентуудыг цахим орчинд түгээхээр бэлтгэж байна. Улс оронд нүүрлээд буй цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор бид оюутан, залуустайгаа биечлэн уулзаж чадахгүй байна. Тиймээс контентуудаа аль болох цахим орчинд түгээх, энэ талаарх сурталчилгаагаа байршуулах зэрэг ажлыг хийж байна. Энэ ажлыг оюутан, залуучуудын хамгийн их үздэг контент бүтээгч инфлюсеруудтай хамтарч зохион байгуулахаар төлөвлөсөн. МАН өнгөрсөн оноос цахим нам болсноо зарласан. Үүний хүрээнд залуучууд МАН-д цахимаар элсэх боломжтой болсон. Тус үйл ажиллагаанд манай оюутны байгууллага намын Улс төрийн бодлогын болон Цахим бодлогын газартай хамтран ажиллаж байна. Цахимаар элсүүлдэг болсноор зөвхөн намын үүр дээр бүртгүүлэх, эсвэл хуралд сууж байж намын гишүүн болдог бус намын үзэл баримтлалыг цахим орчин, гар утасны аппликейшнээс авч, түүгээрээ бүртгүүлэн намын гишүүн болох боломжой болсон. Цаашлаад аппликейшнээрээ дамжуулан санал, бодлоо илэрхийлдэг болох шинэчлэл рүү чиглэж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас чиглүүлж байгаа бодлогыг намын дэргэдэх оюутан, залуучуудын байгууллага дэмжин илүү ач холбогдол өгч, түүчээлэн ажиллаж байна.
Залуучууд аливаа шинэ зүйлд хамгийн соргог хандаж, манлайлж явах ёстой. Энэ утгаараа намын дэргэдэх оюутан, залуучуудын байгууллагууд шинэ соргог бүхнийг түрүүлж харж, манлайлах ёстой гэж боддог. 100 жилийн өмнө Ардын хувьсгалыг Монгол Улсын залуучууд, залуу сэхээтнүүд шинэ соргогоор хүлээн авч уриалж эхлүүлсэн. Үүний дараа томоохон бүтээн байгуулалт, соёлын довтолгоон, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт залуучууд манлайлж ирсэн. Энэ түүчээг улам илүү буухиалах шаардлага байгаа гэж бид бүхэн үзэж байна.
 
-Нэгэн зууны түүхтэй улс төрийн ууган хүчин МАН-ын дэргэдэх оюутаны байгууллага өнгөрсөн хугацаанд ямар үүрэг, оролцоотой ажиллаж ирэв. Цаашдын бодлогоо хэрхэн тодорхойлж байна вэ?
 
-МАН-ын дүрэмд намын дэргэдэх оюутны байгууллага 18-25 насны гишүүнчлэлтэйбайна гэж заасан байдаг. Минийбие 2018 онд НАМОХ-ны долоо дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид бүхэн оюутны байгууллагын гишүүдийг 25-аас доош насныхан түлхүү болгох, 21 аймаг, нийслэлийн салбаруудын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд түлхүү анхаарч ажилласан. Мөн их, дээд сургууль, МСҮТ, коллежед НАМОХ-ны дэргэдэх “Тэмүүлэл” клуб байгуулан ажиллаж байна. Улс төрийн намын дэргэдэх оюутны байгууллага олон улсын туршлага, шинэ соргог бүтээл, инновацийн шийдлүүдийг хамгийн түрүүнд харж, МАН-ын удирдлагуудад танилцуулах, зарим талаараа шаардах, хэрэгжүүлэхэд нь нөлөөлөх нөлөөллийн үйл ажиллагааг явуулдаг. Улс төрийн намын гол зорилго бол улс төрийн үзэл баримтлалаа сурталчлах учраас МАН-ын Зүүн төвийн үзэл баримтлалыг оюутан, залууст сурталчлах үйл ажиллагаанд түлхүү анхаардаг. НАМОХ-ны гол ажлуудын нэг бол намын үзэл баримтлыг сурталчлах, оюутан, залууст чиглэсэн сургалт, лекц, подкастыг хүргэж ажиллаж байна. Зөвхөн оюутнууд гэлтгүй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох талаар, харин оюутан, залуучуудад хувь хүний ур чадвараа хэрхэн хөгжүүлэх талаар сургалтыг зохион байгуулдаг. Үүний хүрээнд 2019 онд 21 аймгийг бүтэн тойрч дээрх сургалтуудаа зохион байгуулсан.
 
-МАН хоёр ч удаагийн УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Энэ ялалт, амжилтын нэгээхэн хэсэг нь залуучуудын оролцоо өндөр байсантай холбоотой гэж ойлгож байна. Намын дэргэдэх байгууллага оюутан, залуустайгаа хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
 
-МАН-ын хоёр удаагийн сонгуулийн үнэмлэхүй ялалт бол намын удирдлагууд, намаас сонгогдсон УИХ-ын гишүүд, 21 аймаг, нийслэл, дүүргийн намын хороод, үүр гээд бүх шатны байгууллагын хүчин чармайлтын үр дүн. Үүний хажуугаар жилээс жилд залуу сонгогчдын тоо өсөж байна. 2016, 2020 онд намын удирдлагууд залуу сонгогчид руу чиглүүлсэн улс төрийн бодлого, нөлөөллийн үйл ажиллагаагаа сайн чиглүүлж, намын дэргэдэх эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, ахмадын байгууллагаа маш сайн дэмжиж ажилласан. Энэ хүрээнд бид 21 аймгаа тойрч залуучуудтайгаа уулзах, цахим орчинд контент бүтээх ажлыг амжилттай хийж чадсан. Мөн МАН хоёр удаагийн ялалт байгуулахад намын бүтцийн байгууллагууд нь сайн ажиллаж, улс төрийн нам ямар байх вэ гэдэг интитуцын нөхцөл байдалд нөлөөлж байна. Жишээ нь, 2020 оны сонгуульд өмнөх парламентын 20 гаруй гишүүдийг нэр дэвшүүлсэнгүй. Үүнээс харахад намын удирдлагууд судалгаа сайн явуулж, ард иргэд, залуучууд, сонгогчид хэнийг хүсэмжилж байна гэдгийг соргогоор мэдэрч чадаж байна л даа. Үүнийдүнд энэ удаагийн парламентад олон залуу гишүүн сонгогдлоо. Шинээр байгуулсан Засгийн газарт ч олон чадварлаг залуус багтсан байна. Энэ нь иргэдийн хүлээлтийг соргогоор мэдэрч байгаагийн үр дүн гэж боддог. Хоёр удаагийн УИХ-ын сонгуулийн ялалт, орон нутгийн сонгуулийн амжилттай оролцсон буухиагаа тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд таслахгүй байх гэж бодож байна. МАН-ыг дэмжигч залуучуудын тоог илүү өргөн болгох хүрээнд МАН-ын дэргэдэх оюутан, залуучуудын байгууллага хамтран сайн ажиллана гэж тооцож байна. Нөгөө талаасаа шинэ үеийн залуучуудад улс төрийн нам гэж юу юм, улс төр, улс төрийн үзэл баримтлал гэж юу вэ гэдгийг маш энгийн, ойлгомжтойгоор тайлбарлах контент, нөлөөллийн ажлуудыг явуулна.
 
-НАМОХ хэчнээн гишүүнтэй вэ. Цаашид гишүүнчлэлийг нэмэгдүүлэх талд хэрхэн анхаарч байна вэ?
 
-МАН цахим нам болсонтой холбоотойгоор гишүүд рүүгээ чиглүүлсэн үйл ажиллагаанд илүү анхаарсан. Одоогоор намын дэргэдэх НАМОХ 13 мянга орчим гишүүнтэй. Гишүүнчлэлийн тоог нэмэгдүүлэхээс илүүтэйгээр чанарыг нэмэгдүүлэхийг илүүд үзэж байна. Тухайн хүн зүгээр л улс төрийн намын гишүүн болж байна гэж бодохоос илүү хувь хүний ямар үзэл баримтлалтай вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тухайлбал, залуучууд өөрс-дийгөө Зүүн төвийн үзэл баримтлалтай юу, либерал үзэл баримтлалтай юу гэдгээ мэдрэх ёстой. Ингэснээр “Миний амьдралын зорил-год зүүн төвийн үзэл баримтлал нийцэж байгаа учир би ийм баримтлалтай нам болох МАН-д элсэнэ” гэсэн бодолтойгоор үзэл баримтлалдаа үнэнч байхыг шаардана.
 
-Залуучуудын улс төрийн оролцоог та хэрхэн харж байна вэ. Нэг үеэ бодвол залуу сонгогчдын тоо өсөж байгаа гэж та хэллээ. Тэгэхээр залуучуудын улс төрийн оролцоо нэмэгдэж байна гэж ойлгож болох уу?
 
-Залуучуудын сонгуулийн оролцоо нэмэгдэж байна гэдэг бол нэг л хэмжүүр нь. Гэтэл нийгэмд болж байгаа аливаа асуудалд залуучууд байр суурь, үзэл бодлоо илэрхийлж байгаа нь бас нэгэн хэмжүүр болно. Тухайлбал, хүүхдийн мөнгөний асуудалд залуус үзэл бодол өөр байж болно. Мөн шагнал урамшууллын системд өөр өөр үзэл бодолтойч байж болно. Үүнийгээ зөв, ёс суртахуунтайгаар илэрхийлэх чинь нэг талаараа улс төрийн оролцоо юм. Түүнээс биш хэн нэгнийг бүдүүлгээр доромжлох бол улс төрийн оролцоо биш. МАН хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь намын гишүүнчлэл чанартай байна гэсэн үг. Улс төрийн намын гишүүн болсноор дарга болно, хэн нэгний дэмжлэгийг авна гэдгээс илүү намаар дамжуулан улс төрийн итгэл үнэмшил, бодол санаагаа мөрийн хөтөлбөрт нь тусгуулж, тэр нь ахуй амьдралд хэрэгцээтэй шийдвэр болон хэрэгжиж байвал энэ нь улс төрийн намын гишүүнийхувьд ялалт юм. Өмнө нь улс төрийн сонгуульд ахмадууд, идэр насныхан л саналаа өгдөг байлаа. Залуучуудын саналыг нь өгүүлэхийн тулд аргаа бардаг байсан. Гэтэл одоо залуучууд саналаа өгч, үзэл бодлоо илэрхийлдэг болж байна. Залуучууд руу чиглүүлсэн зөв бодлогыг 2016-220 онд хэрэгжүүлсэн учраас 2020 оны сонгуульд залуучууд ирц, оролцоо өндөртэй байлаа. Залуучууд улс төрийг сонирхох, улс төрийн оролцоо нэмэгдэж байна гэсэн үг.
 
-Монгол Улсад залуучуудын байгууллага цөөнгүй бий. Гэтэл эдгээр байгууллагад хамрагддаг залуучуудын тоо бага байдаг юм байна. Тэгвэл залуучуудын байгууллагад элссэн буюу нийгмийн идэвхтэй залуучууд бусаддаа нам, улс төрийн талаар нөлөөлөх нөлөөлөл нь хэр байдаг юм бол?
 
-Нөлөөлж чадаж байна гэж бодож байна. Намын дэргэдэх залуучууд, оюутны байгууллагын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хүрч байгаа учир манай намд залуучууд саналаа өгч байна гэж ойлгож болно. Намын дүрэмд оюутны байгууллагад 18-25, залуучуудын байгууллагад 20-35 хүртэлх насны залуус хамрагдаж байна. Тэгэхээр насны ангиллаар нь авч байна. Монгол Улсад их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж байгаа 180 мянган орчим оюутан байгаагийн 13 орчим мянга нь манай оюутны байгууллагын гишүүнчлэлтэй байна. Энэ бол өндөр үзүүлэлт. Гэхдээ энэ тоо заавал өндөр байх ёсгүй. Залуучууд зөвхөн өөрийн үзэл баримтлал, итгэл үнэмшлээр элсэж байгаа юм. Гишүүнээр элсэхгүйгээр намын дэргэдэх залуучууд, оюутны бай гууллагын үйл ажиллагааг дэмждэг олон залуус бий. Тэгэхээр намын дэргэдэх оюутан залуусын байгууллага нөлөөлөл насны ангиллаараа сегментдээ хүрч чадаж байгаа гэж бодож байна. Би улс төрийн сонгуульгүй жилүүдэд оюутан, залуус руугаа чиглэж ажиллахаас гадна ирээдүйд иргэн болж төлөвшиж, мэргэжлээ эзэмших гэж байгаа ерөнхийболовсролын сургуулийн ахлах ангийн су-рагчдад чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулдаг. Ингэхдээ улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй. Улс төрийн нам, улс төр сурталчилдаггүйгэсэн үг. Ирээдүйд эзэмших мэргэжлийнх нь талаар, Монгол ёс заншил, эх орны түүхийн талаарх сургалтуудыг явуулдаг.
 
-13 мянган оюутныг нэгтгэсэн томоохон байгууллагыг удирддаг хүний хувьд ямар бодлого, чиглэлтэй ажиллахыг чухалчилдаг вэ?
 
-Миний хувьд МАН-д 2008 онд гишүүнээр элсэн орж байлаа. Тэр үед 20 настай байсан юм. Намд элссэнийхээ дараа жил нь буюу 2009 онд МАН-ын Тэрэлжийн тунхаг бичиг болон хөгжлийн хөтөлбөр гаргаж байсан. 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар Монгол Улсад анх удаа Хүүхдийн төлөө үндэснийгазрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилсөн. Ингээд Монгол Улс 1990 оноос хойш анх удаа залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай болсон юм. Энэ газрын залуучуудын хөгжлийн газрын анхны даргаар нь миний бие ажиллаж энэ хугацаандаа манайбаг хамт олон маш сайн ажиллаж, Монгол Улс анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуультай болсон. Дэлхий дээр залуучуудын хөгжлийг дэмжих хуультай 30 гаруйхан улс байдгийн нэг нь Монгол Улс болсон. Тус хуулийн хүрээнд 21 аймаг, есөн дүүрэг бүрд 3-4 ажилтантай залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулж, тус төв нь 14 нэр төрлийн үйлчилгээг залууст үзүүлж байна. Тэгэхээр төр залуучууд руугаа анхаарч эхэлсэн гэж хэлж болно. Миний хувьд цаашдаа залуучуудын хөгжлийн асуудалд анхаарч ажиллах томхон зорилт тавьсан.
 
 
М.Энх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин