сонин mn
Америкийн кино академи хүртээмжтэй байдал, арьсны өнгө, хүйсийн тэгш байдлын шалгуураа өөрчлөхөөр журамласан билээ. Үүний дагуу “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн бүтээлд Ази, Африк, Латин Америкаас гаралтай жүжигчин тоглосон байх ёстой. Жүжигчдээс гадна кино зохиол, зураг авалтын баг, студид тодорхой шаардлага тавих болсон. Эдгээр шинэчилсэн журмаас гадна цар тахлын дараах гэдэг утгаараа 2021 оны “Оскар”-ын кино наадам онцлогтой. Цар тахлын тархалтаас улбаалан энэ сарын 28-нд товлосон академийн шагнал гардуулах 93 дахь удаагийн ёслолыг ирэх дөрөвдүгээр сарын 25 хүртэл хойшлуулсан. Мөн Лос-Анжелес хотод болох Кино академийн музейн нээлтийг ирэх дөрөвдүгээр сарын 30 хүртэл хойшлуулжээ. Академийн ерөнхийлөгч Дэвид Рубин “Зуу гаруй жилийн туршид кино урлаг бидний амьдралд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Харанхуй цаг үед биднийг тайвшруулж, урам зориг өгдөг. Бид сонгон шалгаруулалтын хугацааг сунгаж, шагнал гардуулах ёслолын ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ баяр ёслолын байдалтай зохион байгуулна. Цар тахлын улмаас гала концерт, кино наадмын нээлтийг цуцалж, улаан хивсний ёслол төгсгөл болсон гэж олон хүн үздэг. Бид тэдний үзэл бодлыг өөрчилнө. Нэр дэвшигчдийн албан ёсны жагсаалтыг ирэх сарын 15-нд зарлана” гэжээ. Академийн шинэ хуанлийн дагуу урьдчилсан санал хураалт энэ сарын 1-5-нд болно. “Оскар”-ын богино жагсаалтыг энэ сарын 9-нд зарлах юм. Холливудын “Долби” театрт болох шагнал гардуулах ёслолыг АНУ-ын ABC суваг дэлхийн даяар шууд дамжуулна. Энэ жилийн наадамд “Оскарын фаворитууд”-ын нэг болох Регина Кинг, Хлое Жое нарын эмэгтэй найруулагч нэр дэвшиж байгаа. “Оскар”-ын шагналын 92 жилийн түүхэнд Лина Вертмюллер, Жейн Кэмпион, София Коппола, Кэтрин Бигелоу, Грета Гервиг гэсэн таван эмэгтэй “Шилдэг найруулагч” номинацид нэр дэвшиж байжээ. Өөрөөр хэлбэл, шилдгийн төлөөх жагсаалтад зөвхөн эрчүүд ноёлж байсан юм. Цар тахлын улмаас кино урлаг өөрчлөгдсөн. Төлөвлөгөөт уран бүтээлүүд олон улсад нээлтээ хийж амжаагүй бол төсөв багатай кинонууд үзэгчдэд хүрчээ. Бага өртгөөр бүтсэн киног дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй эмэгтэйчүүд найруулсан байдаг. 2021 онд “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийн арван эмэгтэй найруулагчийн жагсаалтад Монгол Улсыг төлөөлөн Д.Бямбасүрэн багтжээ. “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд түүний найруулсан “Алтан судал” кино өрсөлдөнө. Энэ төрөлд 15 кино нэр дэвшээд байгаа юм. “Алтан судал” киног “Basis Berlin” кино продакшн, “Rundfunk Berlinbrandenburg”-тай хамтран бүтээжээ. Мөн Монгол Улсаас гадна Герман, Араб, Австри зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажиллажээ. “Алтан судал” киноны гол дүр нь 11 настай, хөдөөгийн хүү Амраа. Алтны эрэлд гарсан уурхайчдаас болж зэрлэг дагшин байгаль эвдрэн сүйдэж, нүүдэлчдийн эсрэг аюул нүүрлэнэ. Амраагийн аав Эрдэнэ тэднийг эсэргүүцэн зоригтой тэмцэж байсан сүүлчийн удирдагч байлаа. Аавыгаа таалал төгссөнөөс хойш Амраа тэдний эсрэг тэмцэхээр зориг шулуудсан тухай уг кинонд өгүүлнэ.
 
“Оскар”-ын наадмын “Шилдэг кино” төрөлд шалгарах магадлалтай бүтээлүүдийг онцолж байна.
“НҮҮДЭЛЧДИЙН НУТАГ”
Хлое Жоен найруулсан энэ кино гайхамшигтай зураг авалттай. Мөн “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Фрэнсис МакДормандын сэтгэл татам, заримдаа сэтгэл гонсойлгосон тоглолтыг шүүмжлэгчид өндрөөр үнэлжээ. “Нүүдэлчдийн нутаг” кино Венецийн “Алтан арслан”, Торонтогийн кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн байна.
“MАНК”
Өнөө үеийн хамгийн нэр хүндтэй кино найруулагчдын нэг Дэвид Финчерийн найруулсан энэхүү кинонд домогт сценарист Херман Манкевичийн амьдралын тухай өгүүлдэг. Шүүмжлэгчид “Манк” намтарчилсан киноны түүхэнд эргэлт хийнэ гэж дүгнэжээ. Киноны гол дүрийг Гари Олдман, Аманда Сейфрид, Лили Коллинз нар бүтээсэн байна. Киноны зохиолыг Финчерийн аав бичсэн ажээ.
“МАЙАМИД НЭГ ҮДЭШ”
“Майамид нэгэн үдэш” бол найруулагч Регина Кингийн арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхлыг хурц шүүмжилсэн бүтээл юм. Малколм Х (Кингсли Бен-Адир), Мухаммед Али (Эли Горей), Сэм Күүк (Лесли Одом Бага), Жим Браун (Алдис Ходж) нарын жүжиглэлт шүүмжлэгчдийг гайхшируулжээ.
“МИНАРИ”
Найруулагч Ли Исаак Чунгийн бүтээсэн “Минари” кинонд Солонгос гаралтай америк гэр бүлийн Арканзас цөлд суурьших гэж хэрхэн зовж буйг өгүүлнэ. Энэ кино Сандэнсийн наадамд хит болсон бөгөөд өрнөл, гайхалтай хөгжмийн зохиол, чадварлаг жүжиглэлт (гол дүрүүдэд Стивен Янг, Хан Е-Ри, Юн Ёо-жун нар тоглосон), сэдэвчилсэн төрлөөрөө онцгой бүтээл болжээ.
“МА РЭЙНИ: БЛЮЗИЙН ЭХ”
Жорж C.Вулфийн “Ма Рэйни: Блюзийн эх” бол Август Уилсоны ижил нэрт драмын жүжгээс сэдэвлэсэн кино. Мөн кино ертөнцөд тэсрэлт хийсэн бүтээл юм. Виола Дэвис блюз дууны дүрээр тодорч, Чадвик Босеман чадварлаг залуу хөгжимчин болжээ. Хэдийгээр гунигтай ч Чадвик Босеман нас барсныхаа дараа “Оскар” хүртсэн гурав дахь жүжигчин болж магадгүй.
“ЭЦЭГ”
Флориан Зеллерийн солиорол өвчтэй хөгшин эрийн тухай бүтээл Сандэнс кино наадмын үеэр нээлтээ хийсэн. Гол дүрийг нь бүтээсэн Энтони Хопкинс, Оливия Коулман нар “Оскар”-ын “Шилдэг жүжигчин” болох магадлал өндөр байгаа юм.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин