Нэг. ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ УРЬТАЛ ҮЕИЙН ДЭЛХИЙН ЦЭРЭГ-УЛС ТӨРИЙН БАЙДАЛ БА ЭХЛЭЛ
Түүхэн баримтуудаас үзэхэд Япон улс 1875 онд Курилийн арлуудыг бүрэн эзэмших болж, 1905 оны Орос-Японы дайны дараа Сахалины урд хэсгийг эзлэн авч, 1910 онд Солонгосыг өөрийн эрхшээлд оруулсан. Улмаар 1930-аад оны эхээр дэлхийн эдийн засгийн хямралын үед Хятадад нөлөөллөө тогтоох гэсэн Англи, Америкаас өрсөж 1931 онд өнөөгийн Хятадын зүүн хойд хэсгийг эзлэн авч, тэнд өөрийн гарын дор Манж-го гэгч тоглоомын улсыг байгуулсан байна.
Энэ үед баруун Европт, түүний дотор Вэймарын Германд эдийн засгийн хямрал гүнзгийрсээр тэр нь улс төрийн хямрал болж, улмаар тухайн үедээ хүчирхэгжин гарч ирсэн Үндэсний социалист намын лидер Адольф Гитлер 1933 онд Засгийн эрхэнд гарч, цэргийн фашист дарангуйлал тогтжээ. Засгийн эрхэнд гарсан Гитлер 6 жилийн дотор Германыг эдийн засгийн үзүүлэлтээр Англи, Францаас давуулж АНУ-тай өрсөлдөх түвшинд хүргэж чадсан юм. Баруун Европ болон Алс Дорнодод бий болсон цаг үеийн энэхүү хурцадмал байдал Герман, Итали, Япон гурвыг хань хамсаатан болгон ойртуулж, 1936 оны 11 дүгээр сард Герман Японы хооронд “Коминтерны эсрэг гэрээ” байгуулагдаж, жилийн дараахан түүнд фашист Итали нэгдсэнээр “Берлин-Ром- Токио” гэсэн түрэмгий гурвалжин бий болсон байна.
Энэ үед Англи, Франц, АНУ гурвын эрх баригчид Германтай хэлэлцээ хийж, Герман, Япон хоёрыг Зөвлөлтийн эсрэг турхирч ЗХУ-ыг устаж чадахгүй ч хүчийг сулруулан олон улсад коммунизмын нөлөөллийг таслах зорилго агуулж байжээ.
Зөвлөлтийн Засгийн газар энэхүү бий болсон хурцадмал цагийн байдлыг намжаах талаар боломжтой гэж үзсэн бүх арга хэмжээг авч, Европ болон Алс Дорнодод Хамтын аюулгүй байдлыг намжаах талаар боломжтой гэж үзсэн бүх арга хэмжээг авч, Европ болон Алс Дорнодод Хамтын аюулгүй байдлын концепц бий болгох санал дэвшүүлсэн боловч Европынхон түүнийг хүлээж аваагүй ажээ.
Алс Дорнодод бий болсон түгшүүрт цагийн байдалтай холбогдуулан ЗХУ 1936 оны 3 дугаар сард БНМАУ-тай Харилцан туслалцах тухай протоколд гарын үсэг зурж, 1937 оны 8 дугаар сард Хятадтай Харилцан үл довтлох гэрээ байгуулсан байна. БНМАУ-ын эсрэг Япон Манж-гогийн цэргийн тагнуул, туршуул, өдөөн хатгалга ихсэж байсны зэрэгцээ 1935, 1936, 1937 онд хийсэн Монгол-Манжуурын хэлэлцээ үр дүнгүй болсон зэргээс улбаалан 1936 оны “БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд байгуулсан Харилцан туслалцах тухай дээрх Протоколын дагуу БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтээр 1937 онд Зөвлөлтийн 57 дугаар онцгой корпус Монголын нутаг дэвсгэрт шилжин байрлахад хүрчээ.
Европт болон Алс Дорнодод цэрэг-улс төрийн цагийн байдал ийнхүү улам бүр хурцадсаар, 1939 оны зун гэхэд ЗХУ-ын баруун болон зүүн талд, 2 фронт дээр дайны гал зэрэг гарч болзошгүй нөхцөл бүрдсэн байна. Японы эрх баригчид Коминтерны эсрэг холбоотныхоо үүрэгт үнэнч гэдгээ харуулж ЗХУ-тай дайтахад ч бэлэн байгаагаа үзүүлэн 1939 оны эхээр тэр үеийн Манж-гогоос зүүн тийш ЗХУ-ын хилээр хойд Сахалин руу, баруун зүгт БНМАУ-ын зүүн хилийн Халхын голын орчмоор цөмөрч, операцын түшиц газартай болж, ЗХУ-ын Транссибирийн төмөр замын чиглэлээр баруун хойд зүг рүү гарч, Эрхүүгээс Владивостокийн хоорондох өргөн уудам газар нутгийг эзлэн улмаар Эрхүү-Красноярскийн чиглэлд давшилтаа цааш нь хөгжүүлж (өргөжүүлж), эдийн засаг, газар нутгаа тэлэх зорилго бүхий “Хойд зам” (Hokushin-ron, Northern Expansion Doctrine”) гэх цэрэг-улс төр, стратегийн томоохон төлөвлөгөө боловсруулжээ.
Япон БНМАУ-ын зүүн хилийн шугам Халхын голоор зааглагдах ёстой гэсэн зохиомол маргааныг зориуд үүсгэж, өдөөн хатгалга явуулсаар 1939 оны зунаас үе үе зэвсэгт мөргөлдөөн гаргаж, тэр нь даамжирсаар дайны байдалд түлхэн оруулсан байна. ЗХУ-ын дорнод хилийн хажууханд, Монгол нутагт Халхын голын дайны гал асаж, ид дүрэлзэж байх тэр үед буюу 1939 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ЗХУ Германтай харилцан үл довтлох гэрээ байгуулсан нь Японы хувьд санаандгүй бөгөөд маш таагүй явдал болжээ.
Урьд нь 1936 оны 11 дүгээр сард Герман Япон хоёрын байгуулсан гэрээ (пакт)-ний нууц заалтад хамтын зөвшилцөлгүйгээр хэн нь ч тэрхүү гэрээнд харш улс төрийн ямар ч гэрээ, хэлэлцээрийг ЗХУ-тай хийхгүй гэж албан ёсоор тохиролцсон, өөрийн хамгийн итгэлтэй холбоотноо гэж бат итгэж байсан Германы энэ үйлдэл Японд хүнд цохилт болсон нь ойлгомжтой. Би цэргийн түүхч биш учир Халхын голын дайны явц дахь цагийн байдал 4 сар гаруйн туршид хэрхэн яаж хувирч өөрчлөгдөж байсныг энд эс тоочин, зөвхөн Зөвлөлт-Монголын цэргийг ялалтад хүргэсэн бодлого, шийдвэр, гол цохилтын чиглэл, гарсан хохирол, дайны зарим онцлогийн талаар өгүүлье.
Хоёр. ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ГОЛ ЦОХИЛТЫН ШИЙДВЭР
Халхын голын дайнд Зөвлөлт-Монголын талын цэргийг фронт командлагч Г.М.Штерн, корпус командлан захирагч Н.Ф.Фекленко (1939.06.06 хүртэл), Г.К Жуков (1939.06.06-наас), БНМАУ-ын маршал Х.Чойбалсан нар командалж, Япон-Манж-гогийн талыг Мититаро Комацубара, Рюхэй Огису, Кенкиди Үэдэ, Пу И нар голчлон удирдаж явуулсан.
Халхын голын дайнд Японы эсрэг хийх шийдвэрлэх цохилтын бодлогын үндсийг Зөвлөлт-Монголын цэргийн командлал тодорхойлохдоо: “Японы цэргийн өвөр эгнээний хүчийг нь сульдаахын зэрэгцээ хоёр жигүүрээр, Номон хан-Бүрд овооны үндсэн чиглэлд гэнэтийн цохилт өгч, цаашид дайсныг Халхын гол, улсын хил хоёрын дундах зайд бүслэн бүрмөсөн бут цохиж, БНМАУ-ын хилийг сэргээх явдал” гэж түүхийн ил баримт бичигт өгүүлжээ.
Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Зөвлөлт-Монголын цэргийг 3 бүлэг болгож, гол цохилтыг өмнө зүгээс хурандаа М.И.Потаповын, хойд талаас хурандаа И.В.Шевниковын, өвөр эгнээнээс бригадын захирагч Д.Е.Петровын-командалсан бүлгүүдээр гол цохилт хийхээр шийдвэрлэжээ. Операцыг Зөвлөлт-Монголын командлал маш нууцын зэрэглэлтэй төлөвлөхийн зэрэгцээ өргөн хэмжээнд оперативын өнгөлөн далдлалт хийж, дайсны талд боломжтой бүх чиглэлээр маш үнэмшилтэй хуурамч мэдээлэл тараан мөд давшихгүй юм байна гэсэн ойлголтоор дайсныг төөрөгдүүлээд, Японы талаас Зөвлөлт-Монголын цэргийн эсрэг 8 дугаар сарын 24-ний өдөр ерөнхий давшилт хийхээр төлөвлөөд байсан ба хугацаанаас нь бүтэн 4 хоногоор урьтаж, 8 дугаар сарын 20-ны өдөр гол цохилтоо хийж ялалт байгуулах эхлэлийг тавьсан байдаг.
Давшилтын өмнө бүтэн 2 цаг 45 минутын туршид авиацийн болон их бууны галын бэлтгэл (цохилт)-ийг хийж дуусмагц гол цохилтыг танкийн дайралтаар хийж, түүний араас фронтын бүх чиглэлд Зөвлөлт-Монголын явган болон морин цэргийн ангиудын давшилт залгажээ. Энэ үед ширүүн тулалдаан үргэлжилсээр, 8 дугаар сарын 23-ны орой Японы тал бүрэн бүслэгдэж, улмаар 8 дугаар сарын 31-ний өдөр тэдний хуурай замын цэргийн хориглолтын сүүлчийн голомт дарагджээ. Гэхдээ хуурай замын цэргийн томоохон бүлэглэлээ ийнхүү үндсэндээ алдсан Японы тал мөчөөгөө өгөхгүйг хичээж, 9 дүгээр сарын дунд хүртэл Зөвлөлт-Монголын цэрэгт голчлон агаараас цохилт өгөхөөр 7 удаа оролдсон боловч дорвитой амжилт ололгүй байсаар ялагдалд хүрсэн түүхтэй.
Гурав. ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ЯВЦ ДАХЬ ЗАРИМ ГОЛ ОНЦЛОГ БА СУРГАМЖААС
Би түүхч биш, цэргийн мэргэжлийн хүний хувьд Халхын голын дайныг авч үзэхэд хэд хэдэн онцлог, сургамж болох зүйл ажиглагддаг юм. Тухайлбал:
1.Халхын голын дайнд Зөвлөлт-Монголын цэрэг анх удаа нэгэн удирдлага, командын дор хээрийн дадлага, сургуульд биш, жинхэнэ байлдааны ажиллагаанд гар нийлэн оролцож, байлдааны бүх талын харилцан ажиллагааг амжилттай зохион байгуулан тухайн үеийн дэлхийн хүчирхэг армиудын нэг гэгдэж байсан Японы армийн томоохон бүлэглэлтэй дайтаж ялсан нь хоёр орны ялангуяа МАХЦ-ийн бүх шатны албан тушаалтан, бие бүрэлдэхүүнд чухал туршлага, сургамж болсон.
2. Халхын голын дайнд Зөвлөлтийн арми агаарын тулалдаанд тийрэлтэт сум, явган цэргийн байлдаанд Симоновын 7,62 мм-ийн автомат винтов “АВС- 36", 82 мм-ийн миномёт зэрэг тэр үеийн хэд хэдэн шинэ загварын зэвсэг, техникээ туршсаны дотор химийн цэргийн огнемётын “Т-26”, “ХТ-130” загварын 41 нэгж танк, утаат халх палтын 4 нэгж “БХМ-1” автомашиныг бүрэн хэмжээгээр туршсаныг цэргийн химичийн хувьд энд онцлох нь зүйтэй байх. Химийн танкнууд давшилтад дэмжлэг үзүүлж, ялангуяа хориглолт, хоргодох байр, нуувчинд байгаа дайсантай тэмцэхэд маш үр дүнтэй, юугаар ч сольшгүй зэвсэг болох нь тоггоогдсон тухай Халхын голын дайны тайлан мэдээнд дурдсан байдаг. Халхын голын дайны дараахнаас химийн танкнуудыг дахин сайжруулж “ТХ-131”, “ХТ-132” загварыг шинээр бий болгон химийн танкийн 4 батальон 1939-1940 оны Зөвлөлт-Финляндын дайнд оролцож чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
3.1932 онд Токиогоос Манж-Год шилжин байрлаж, Хятад, Орос, Солонгос, Монголын олзны амьд хүмүүс дээр биологи (бакгериологи)-ийн зэвсгийн аймшигт туршилтыг явуулж байсан Японы Эзэн хааны армийн, тусгай, маш нууц “731 дүгээр отряд Халхын голын дайны үед “Амьсгал боогдуулах, хорт болон бусад хий, бактериологийн хэрэгслийг дайнд хэрэглэхийг хориглох тухай 1925 оны Женевийн протокол”-ыг ноцтой зөрчиж, Зөвлөлт-Монголын цэргийн эсрэг 1939 оны 6-7 дугаар сард тахал, гэдэсний хижиг, цусан суулга зэрэг гоц халдварт өвчин үүсгэгчдээр Халхын гол, түүнд цутгадаг Хулстайн болон Аргун Эргүүн) голуудын эх болон худаг, цөөрмүүдийг удаа дараа хордуулан олон хүний аминд хүрсэн нь тогтоогдсон боловч дайны үй дараа энэ хэрэгт Японоос хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн.
4. Баянцагааны тулалдаанд хоёр талаас 400-аад танк, хуягт эд машин, 800 гаруй их буу, миномёт оролцсон нь цар хүрээ, тооны хувьд тэр үеийн ямар ч дайн, байлдаанд урьд нь үзэгдээгүй явдал байжээ.
5. Халхын голын дайн харьцангуй бага орон зайд, богино хугацаанд (4 сар) нэгж талбайд байлдааны асар олон зэвсэг, техник хуримтлуулан явагдсан операц байсан гэдгээрээ ч бас онцлогтой.
6.1939 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Зөвлөлт-Монголын цэргийн ерөнхий давшилтаар 46 дайрагч, 144 сөнөөгч онгоцны халхлалт дор 150 гаруй бөмбөгдөгч онгоц Японы хориглолтод агаараас цохилт өгсөн. Мөн 21-ний өдөр Тамсагбулагийн орчимд Зөвлөлтийн 184 онгоц, Японы 120 гаруй онгоц (хоёр талаас 300 гаруй), байлдааны нисэх онгоц оролцсон агаарын том тулалдаан болсныг “Халхын голд болсон агаарын тулалдаан шиг тийм том тулааныг би аугаа их эх орны дайнд ч хараагүй” гэж хожим нь ЗХУ-ын маршал Г.К.Жуков дурсан ярьсан байдаг.
7. Халхын голын дайны ялалт нь Японы түрэмгийлэгчдийг Аугаа их эх орны дайны үед ЗХУ руу халдан довтлохоос зүрхшээж, татгалзахад хүргэсэн хамгийн гол шалтгаан болсон нь энэхүү дайны түүхэн ач холбогдлын нэг гарцаагүй мөн.
8. Байгаль орчны тогтцын хувьд, Халхын голын дайны гол тулалдаанууд болсон газрууд нь элсэн манхан, гүнзгий нүхэн тойром, цулгай дов, толгодтой учир давшиж байгаа Зөвлөлт-Монголын талын танк, хуягт машин явахад маш хүндрэлтэй, хөдөлгөөний хурд саардаг, зарим газар явахын ч аргагүй байдалд хүргэдэг, харин хориглож байгаа талд хяналт зохион байгуулах, галын цэгүүдээ өнгөлөн далдалж сайтар нуух боломжтой, илүү зохимжтой, цаг уур нь, ялангуяа зөвлөлтийн дайчдын хувьд, бэрхшээлтэй, агаарын температурын хэлбэлзэл заримдаа -15°С - ..+40°С градуст хүрч байсны хажуугаар шумуул нь хүртэл төвөгтэй байсан гэдэг.
9. 1939 оны 7 дугаар сарын 2-ны шөнө Японы тал давшиж, Халхын голоор гаталж, Баянцагааны орчимд үндсэн хүчээ хуралдуулан хориглолтод шилжиж эхлэхэд Корпус командлан захирагч Г.К.Жуков тэр үеийн Зөвлөлтийн ажилчин, тариачны Улаан армийн байлдааны дүрмийг зөрчин байж, нөөцөд байсан танкийн 11 дүгээр бригад (150 гаруй танк)-ыг Монголын хуягт 8 дугаар дивизионы хамт явган цэргийн оролцоогүйгээр, явдал дундаас хүч задалж, шууд давшилтад оруулсан (сөрөх цохилт хийсэн) нь өмнөх үеийн байлдааны ажиллагаанд хаана ч тохиолдож байгаагүй маш эрсдэлтэй, өнөөг хүртэл цэргийн эрдэмтэн судлаачдын шүүмжлэл дагуулсаар байна. Энэ нь дайсан ашигтай байрлал эзэлж, ялангуяа танк эсэргүүцэх чадвартай хориглолт байгуулж амжихаас нь өмнө, цаг алдахгүйгээр, эрсдэлтэй боловч ийнхүү гэнэтийн сөрөг цохилт хийх нь тухайн цагийн байдалд тохирох цорын ганц, хамгийн зөв шийдвэр байсан гэдгийг Халхын голд байлдаж байсан удирдах тушаалын захирагч дарга (түүний дотор Г.М.Штерн, И.И.Федюненский) нар болон өнөөгийн цэргийн эрдэмтэн судлаачдын ихэнх нь хүлээн зөвшөөрсөн юм.
10.Хэрэв Халхын голын дайнд Зөвлөлт-Монголын цэрэг Японы талд үхлийн цохилт өгөөгүй бол дэлхийн 2 дугаар дайн, түүний дотор Аугаа их эх орны дайн яаж дуусах байсныг тааварлахад хэцүү. Өөрөөр хэлбэл, хэрэв 1941 онд ЗХУ-ын эсрэг фашистын Герман баруун талаас, Япончууд дорноос нэгэн зэрэг довтолсон бол Зөвлөлтийн ард түмний хувь заяа хэрхэх байсныг төсөөлөхөд бэрх,
11. 1930-аад оны дэлхийн томоохон гүрнүүдийн эдийн засаг, цэрэг-улс төрийн сөргөлдөөний улмаас энэхүү дайн Монголын газар нутаг дээр гарч, түүний төгсгөлөөс баруун Европт их дайны гал асаж эхэлсэн учир Халхын голын дайныг дэлхийн 2 дугаар дайны эхлэл байсан гэж үзэх үндэслэлтэй.
Тэгээд ч Халхын голд явагдсан 100 гаруй том, жижиг тулалдаануудын цар хэмжээ, тактик, операцын шинж чанараар нь авч үзвэл, тэр үед сөргөлдөж байсан улс орнуудын армиудын байлдааны олон төрлийн цоо шинэхэн зэвсэг, техникүүдийг анх тэнд туршиж хэрэглэсэн, байлдааны харьцангуй бага хэмжээний орон зай (ТВД)-д, асар олон амьд хүч, зэзсэг, техник төвлөрүүлсэн (2 талаас нийт гаруй мянган цэрэг, 1000 гаруй танк, хуягт машин, 800 гаруй онгоц оролцсон) цэргийн томоохон үйл явдал байсан нь Халхын голын дайн гэдэг нэршлийг баталгаажуулах бас нэг үндэслэл болно.
12. Халхын голын дайн нь Г.К.Жуковыг дэлхийд нэр цуутай цэргийн жанжин болж өсөн дэвжих эхлэлийг тавьсан томоохон “сургалт” болсон гэдгийг гадаад, дотоодын цэргийн эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрдөг. Халхын голын дайнаас хойш олон жилийн дараа Японы цэргийн түүхчид (Кушимы, Танаки, Мики) эрдэм шинжилгээний бага хурал дээр ЗХУ-ын маршал Г.К.Жуковыг “Чингисийн шавь” гэж нэгэнтээ дурдсан нь ч бас учиртай. Энэ нь юм бүхэнд түүний нягт нямбай ханддаг зан, байлдаанд ер бусын гэмээр зоригтой шийдвэр гаргадаг байдал, зорьсондоо хүрэхийн тулд хатуу чанга шахалт шаардлага тавьдаг чанар, байлдааны явцыг маш ухаалгаар удирдан залах онцгой чадвар зэргийг нь үнэлж цэргийн шалгарсан жанжин мөн гэдгийг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч, нэгтгэн дүгнэсэн хэрэг юм.
13. 1990 оноос өмнө түүхчид, цэргийн эрдэмтэн судлаачид Халхын голын дайн гарах болсон учир шалтгааныг дэлхийн эх газарт хөл тавьж, газар нутгаа тэлж өргөжүүлэх гэсэн Японы эзлэн түрэмгийлэх бодлогын уршиг гэж үзэж байсан бол одоо энэхүү дайны өдөөлтийг тэр үеийн их гүрнүүдийн гео стратегийн бодлогоос улбаатай гэсэн шинэ агуулга, чиглэлийн өнцгөөс харж, судалж тайлбарлах болсон нь түүх судлалын хүрээг улам өргөсгөж, цаашдын судалгаагаар бодит үнэнийг олж тогтооход илүү дөхөмтэй болгож байна.
Дөрөв. ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНЫ ТӨГСГӨЛ
Халхын голын дайны дайтагч талуудын хохирлын хэмжээ одоо ч эцэслэн тогтоогдоогүй, цаашдын судалгаа нээлттэй хэвээр байна. Одоогоор хэвлэл, мэдээлэлд ил байгаа өгөгдөхүүнээс үзвэл, Зөвлөлт-Монголын нийт бие бүрэлдэхүүн (амьд хүч)-ий хохирол 18 500 (амь үрэгдсэн болон сураггүй алга болсон, хүнд шархадсан), үүнээс Зөвлөлтийн албан ёсны дүгнэлтээр, Монголын талын бие бүрэлдэхүүний хохирол 566 (амь үрэгдсэн 165, шархадсан 401) гэдэг ч манай цэргийн түүхч, доктор, хурандаа С.Ганболд монголын талын хохирлыг 895 (амь үрэгдсэн 234, шархадсан 661) хүн гэж үздэг. Харин Японы судлаач А.Наканиси Зөвлөлт-Монголын бие бүрэлдэхүүний нийт хохирлыг 23000-24889 гэж багцаалжээ. Зөвлөлтийн мэдээгээр, Японы талын амьд хүчний хохирол 61 мянга (амь үрэгдсэн, сураггүй алга болсон, хүнд шархадсан), онгоц 162-660 (маш их зөрүүтэй өгөгдөхүүн) гэсэн бол Японы түүхч С.Хаяаси Японы амьд хүчний хохирлыг 55 мянга гэж үзжээ.
Тав. ДҮГНЭЛТ
Халхын голын дайн нь XX зууны дэлхийн цэрэг-дайны түүхэнд тодорхой байр суурийг эзлэхүйц, цэргийн урлагт өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс үлдээсэн, цэргийн хэргийн томоохон үйл явдал болсон юм. Түүнчлэн тус дайн манай улсын хувьд, өрх тусгаар БНМАУ-д гаднаас зэвсэглэн халдсан хүчирхэг дайсны өнгөлзлөгийг улсынхаа хилийн гүнд нэвтрүүлэхгүйгээр тогтоон барьж, найрамдалт Зөвлөлтийн армитай хүч хамсан үхлийн цохилт өгснөөр буцаан хөөж, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалсан Монголын бүх ард түмний дайчин түүхтэй, шударга тэмцэл байсныг хэн бүхэн үеийн үед хэзээ ч мартаж үл болно.
Цэргийн ухааны доктор (Ph.D), бригадын генерал Монтойн ХҮРЛЭЭ
Сэтгэгдэл0
Баярлалаа. Та тун зөв дүгнэжээ. Судлаач Х.Д.Ганхуяг.