sonin.mn
Олон Улсын Валютын Сан Монгол Улсад Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ.Уг хөтөлбөрийн хүрээнд Монголын арилжааны банкуудад шалгалт хийсэн юм. Тэгвэл "Буян" компаний Ерөнхий Захирал Б.Жаргалсайхан өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үедээ энэ тухай нэгэн хачирхалтай зүйл өгүүлэв. Тодруулбал тэрээр: "Сая ОУВС банк санхүүгийн системд дүгнэлт хийж, тайлан гаргасан. Хамгийн муу үзүүлэлттэй хоёрхон банк л гарсан...Худалдаа Хөгжлийн банк тэргүүтэй...Яагаад гэвэл Худалдаа Хөгжлийн банк асар том том зээлүүд гаргасан. Эд нар дээр төрийн мөнгө ч байна. Өөрсдийнх нь авсан мөнгөнүүд ч хэвтэж байна. Замбараагүй зарчихсан. Хятадын своп зээл. Своп зээл гэдэг чинь нэг өдрийн зээл л байхгүй юу. Чи арван юаньтай, тэрийгээ Монгол руу хийх гэж байгаа бол арван юаньтай тэнцэх төгрөг болгож солиулна.Эсвэл чи Хятад явах гэж байгаа бол төгрөгөө юань болгоно. Тийм л зээл байхгүй юу даа. Тэгээд Хөдөө Аж Ахуй,Тариалангийн банкаар дамжуулаад манай хоёр банкинд өгчихсөн. Тэгээд тэр хоёроор нь байшин болсон болоогүй тавиад, бодвол хагас мөнгийг нь оффшорт аваачаад хийчихгүй юу даа тэр мөнгөнөөс авсан хүмүүс чинь. Тэгээд пээдэлзээд, гэв гэнэт баяжаад...Ингээд гурван миллиард доллартай тэнцэх өртэй хэвтэж байна шдээ. За тэгээд банкны өөрийнх нь мөнгө, “Голдмэн Сакс”-аас миний мэдэхийн Худалдаа Хөгжлийн Банк 500 сая доллар авсан. Гэтэл энэ банкууд дампуурчих юм бол Монгол улс дампуурна. Тэгэхээр энэ тайланг ард түмэнд ил гаргахгүй дараад сууж байгаа, Монгол банк. Гэхдээ энэ ч бас шударга биш байна шд. Харин ч ил гаргаад энэ банкуудаа аврах ёстой байхгүй юу. Тэр муу өр зээлүүдийг нь шударгаар гаргаж тавиад. Тэгэхгүй энийг дарснаараа яаж байна, хариуцлагагүй байдлыг л улам өөгшүүлээд, цаашаагаа явуулж байгаа хэрэг байхгүй юу." хэмээсэн юм. Харин албаны эх сурвалж буюу Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайханы хэлж буйгаар бол: "Активын чанарын үнэлгээний дүн гарсан. Шалгалтын дүнгээр ойролцоогоор ДНБ-ий хоёр орчим хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Гэсэн хэдий ч банкны системийн үзүүлэлтүүд сайн гарсан. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13,7 хувьтай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьтай байна." буюу банкны систем тогтвортой хэвийн байгаа аж. Иймээс "Буян" компаний захирал Б.Жаргалсайхан худал мэдээлэл тараасан байж болох юм.Энэ тохиолдолд Худалдаа Хөгжлийн Банк иргэн Б.Жаргалсайханы дээрх ярианы талаар холбогдох хуулийн байгууллагад гомдол гарган, шалгуулж таарах биз ээ.
 
С.Мандах