sonin.mn

Өнгөрсөн парламентад төрд ч хэрэггүй, түмэнд ч тусгүй хэд хэдэн гишүүн байсан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг.

2008 онд Хөвсгөл аймгаас элдэв арга саам хэрэглэж байж, арай гэж УИХ-д сонгогдсон тэрбээр энэ жил дахин нэр дэвшиж явна. Уг нь өнгөрсөн дөрвөн жил Ц.Сэдванчиг гэдэг хүний байгаа байдал парламентад зохихгүй, улстөрч байх чадваргүй хүн гэдгийг нь нотлоод өгсөн. Үнэхээр УИХ-д гарсныхаа дараа хөвсгөлчүүдэд юу хийж өгсөн, ямар асуудал шийдсэнийг нь хэн ч мэдэхгүй.

Харин энэ жил дахин АН-аас нэр дэвших эрх авахын тулд их хэмжээний хөрөнгө хаясан гэдэг юм билээ. Ц.Сэдванчиг Хөвсгөл аймгаас хоёр дахь удаагаа сонгогдох “шанс”-гүй болсон тул АН-ынхан түүнийг нэр дэвшүүлэхээс татгалзаж, мань эр тойроггүй хоцрох шахсан. Гэвч намдаа асар их мөнгө хаясны хүчинд арайхийж Хөвсгөл аймагт нэр дэвших эрх олж байсан сурагтай. Ямар ч байсан намуудын хандивын босго гэгддэг 20-30 сая төгрөгийг аль хэдийнэ даваад гарчихсан эр.  

Ц.Сэдванчигийн хувьд чуулганы танхимд орохоороо үхсэн амьд нь мэдэгдэхээ байчихдаг учраас нутгийнхан нь ихэд дургүйцдэг юм билээ. Эрх биш өөрсдийгөө төлөөлүүлэн УИХ-д сонгосон юм болохоор Хөвсгөлийн талаар юу ярих нь вэ гэж хүлээдэг биз. Гэвч мань хүний нэр бүтэх, бүтэхгүй хууль батлуулах гэсэн болчимгүй хэдэн гишүүний дунд хааяа цохиж явдаг.

Уг нь хийж гавьсан зүйл байхгүй ч “хайлсан тугалаг” Л.Гүндалай шиг орилж хашгираад явж байвал нутгийнхан нь ядаж “Энэ маань амьд байгаа юм байна даа” гэж харах байх. Гэхдээ дуугүй хүний доодох нойтон гэдэг. Ц.Сэдванчиг ийм загварын хүн. Тэрбээр 2006 онд “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа төрийн өмчийн компанийн хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байв. Энэ дагуу түүнийг төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудал сөхөгдөж, нэлээд шуугиан дэгдээж байлаа.

Тодруулбал 2006 онд Гачууртад байрлах “Говь” ХК-ийн “Рашаант” нэртэй амралтын газрыг нууцаар худалдаж авсан хэмээн сэрдэгдэж байсан. Энэхүү амралтын газарт “Говь” ХК-ийн хүнд хүчир ажлыг нугалж байгаа ажилчдын алжаалыг тайлах, тэднийг амрааж сувилах зориулалттайгаар ашиглагдаж байжээ. Гэтэл Ц.Сэдванчиг өөрийн сонгуулийн менежерээр ажиллаж байсан нутгийнхаа ах Шарбаньд гэгчийн нэрээр “Рашаант” амралтын газрыг нууцаар худалдан авчээ. Ингэхдээ Ц.Сэдванчиг Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчиж, амралтын газрыг хувьдаа завшсан нь тогтоогдсон байна. Төрийн өмчийн компанийн үл хөдлөх хөрөнгийг ганцхан Засгийн газрын шийдвэрээр л худалддаг. Гэтэл энэ объектыг худалдах тухай ямар ч шийдвэр гараагүй байхад Ц.Сэдванчиг нууцаар авчээ.

Мөн дуудлага худалдаа явагдсанаас хойш 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн хийсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэх ёстой. Гэвч эрхэм захирал төлбөрөө ч бүрэн хийгээгүй байж өмчлөх эрхийг нь авч, дахин хууль зөрчжээ. Энэхүү төлбөрийн 40 орчим хувийг жил шахмын хугацаанд бараа, түүхий эдээр хийхээр гэрээнд тусгасан байдаг.

Энэ мэтээр Ц.Сэдванчиг “Говь” ХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хэд хэдэн төрийн өмчийг шамшигдуулсан хэргээр шалгагдаж байв. Гэвч мөнгө хүчтэй. Мөнгөтэй хүн ямар ч хэрэг хийсэн яаж ийгээд хэргийг хэрэгсэхгүй болгож дөнгөдөг. Ц.Сэдванчиг гишүүн ийм л замаар хөрөнгөжиж,  тэр хөрөнгөөрөө УИХ-ын гишүүний сэнтийг “худалдаж” авчихаад туйлж яваа нэгэн.

Гэхдээ энэ хүн мөнгөө зөв зүйлд зарцуулсан бол хэлээ хазаад өнгөрөхсөн. Даанч тийм биш.

2008 онд АН-аас нэр дэвшсэн Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нар багаараа сонгогдож чадсан. УИХ-д багаараа сонгогдож чадвал тойрогтоо ямар нэгэн зүйл хийж, амлалтаа биелүүлэх боломжтой. Гэвч тэдний баг хөвсгөлчүүддээ юу ч гялтайлгасангүй. Хүсэл сонирхол алга байсан уу, эсвэл үнэхээр чадваргүй юм уу гэдгийг нутгийн олон нь дор бүрнээ тунгаасан байх.

Багаараа сонгогдсон хоёр гишүүн улстөрийн карьертаа биш, тойрогтоо анхаарал хандуулсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хөвсгөл аймаг Улаанбаатар хотыг холбосон авто зам тавьж, нүсэр том бүтээн байгуулалт хийх боломжтой байлаа. Одоо ярьж байгаа шигээ Хөвсгөл нутагтаа хайртай байж, анхаарал хандуулсан бол шүү дээ.

Эрхэм гишүүдийн хувьд Улаанбаатар, Хөвсгөлийг холбосон засмал зам хэрэггүй байж болно. Учир нь тэд мөнгөтэй, компанийн захирал, бас дээр нь УИХ-ын гишүүн болохоор байнга онгоцоор нисчихдэг. Ийм хүмүүс фургон автомашинд чихэлдэж суугаад бүтэн хоног сэгсчүүлэн байж Улаанбаатар, Хөвсгөл хоёрын хооронд зорчдог жирийн иргэдийн зовлонг яаж ойлгох вэ дээ.

Улаанбаатараас Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот хүртэл 800 км. Үүнээс 500 км нь буюу Улаанбаатараас Булган аймгийн Уньт сум хүртэл засмал замтай. Тэгэхээр Булган аймгийн Уньт сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум хүртэл ердөө 300 км засмал зам хэрэгтэй.

Иймхэн зүйлийг шийдчихэж чадаагүй Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нар дахин УИХ-д багаараа орно, биднийг сонгож өгөөч гээд явж байна. УИХ-д мөнгөтэй л бол хэн ч сонгогдож болдог цаг үе. Гэхдээ УИХ-д сонгогдсоны дараа сонгогч олны нэхэл дагал гэдэг хатуу. Хөвсгөлчүүд ухаантай ард түмэн. Тийм болохоор хэн юу ярьж УИХ-д гарсан, хэний амлалт ач холбогдолтой, амлалтаа хэрхэн биелүүлсэн гэдгийг ялгаж дүгнэхтэйгээ байна.      

Зам дагаж хөгжил гэдэг. Хэрэв энэ зам тавигдчихвал хөвсгөлчүүдэд маш их ач холбогдол өгнө. Аялал жуулчлалаасаа орлого олдог Хөвсгөл аймгийн иргэдийн амьжиргаа эрс дээшлэх нь ойлгомжтой. Харамсалтай нь 2008 онд нутгийн зон олныхоо итгэлийг өвөрлөж, УИХ-д сонгогдсон Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нарын баг итгэл алдлаа.  

Хамгийн ичгэвтэр нь Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нар хоорондоо үг шидэлцээд байдаггүй юм шиг харагддаг боловч нутаг орондоо очихоороо байнга нэгнийгээ доош нь хийж, муучилж явдаг аж. Өөрөөр хэлбэл, бие биеэ хүлээн зөв­шөөрдөггүй. Наанаа багаараа сурталчилгаа хийж яваа боловч цаанаа тус тусдаа сурталчилгаа хийж, нэгнийхээ ар нуруунд хутга зоож яваа сурагтай.

Ц.Сэд­ван­чигийн хувьд хэзээний ийм зантай. Л.Гүндалай ч юугаараа дутах вэ. Мөчөөгөө өгөхгүй Ц.Сэдванчигийг муучилж, сөрөг сурталчилгаа хийж явна гэсэн. Магадгүй энэ нь сонгуульд унахын цондон бололтой.  

Ямартай ч бид “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа төрийн өмчийг шамшигдуулсан Ц.Сэдванчигийн луйврыг үргэлжлүүлэн хүргэх болно. Тухайн үед түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч Улсын Ерөнхий прокурор асан Д.Алтанхуягийн шийдвэрээр түдгэлзүүлж байжээ. Харин тухайн үеийн хууль хяналтынхан тэрчигтээ шинэчлэгдсэн учраас энэ асуудлыг дахин шалгах цаг нь болсон бололтой.

Эх сурвалж: "Өглөөний сонин"