sonin.mn
Цагдаагийн албан хаагчид биеэ үнэлэгчидтэй байс гээд л дайн зарлах. Хамгийн эртний гэж хэлж болох энэ мэргэжил хөгшин европчуудын шүдний өвчин болоод хэдэн зууныг элээжээ. Хамаг бүхнээ дотроо нууж, хацар гоо охид нь хувцсан дотроо гэрэлтдэг ичимхий даруухан Азиуд маань ч энэ зууны эхээр садарлах нь хэрээс хэтэрсэн гэхэд болно. 
 
АзийнТайланд, Малайз, Хонконг, Тайвань, Хятад секс аялалын гол чиглэл болжээ. Биеэ үнэлэлтийг “массаж" гэсэн сайхан нэрийн дор нууж хөгжүүлсэний гайгаар эдгээр улс ДОХ, бэлгийн замын өвчний үүр уурхай болоод байна. Манайд биеэ үнэлэх үзэгдэл социализмийн үед Нууц хэлбэрээр байсан. “Венгерийн хүүхнүүд” гэж алдартай завхай хүүхнүүд байсан тухай өвөгчүүл хуучилдаг. 
 
Мэргэжилтэн Унгарууд их байсан. Тэдэнтэй явалддаг байсан хүүнүүдийг л хэлээд байгаа бололтой. Ер нь гадаадын мэргэжилтнүүдтэй сээтгэнэдэг хүүнүүд их байсан нь эдүгээ Европ төрхтэй дунд насныхан болон залуучууд, өнгөт арьстны эрлийзүүд хааяагүй харагддаг байдал амьд гэрч болон үлджээ. 1990-ээд он гарсаар Биеэ үнэлэгчид Улаанбаатар зочид буудлын үүдэнд ил цагаан биеэ үнэлэх болсон. 
 
Эхэндээ өнөөх л ардчиллын нэг хэлбэр нь юм байлгүй хэмээн цагдаа нар ч нэг их тоодгүй байсан даа. Сүүлдээ ДОХ хэмээх аймшиг монголд орж ирснээр тэр хүүхнүүдийг цэгцэл журамлах, бүртгэлжүүлэх ажил цагдаагийнхны толгой дээр буусан гэхэд болно. Гэвч цааш биеэ үнэлэгчдийн эгнээ өргөжсөөр Хөдөө аж ахуйн яам, Саппоро гээд өргөн фронтоор давшиж эхлэв. Бэлгийн замын өвчин улам л дэлгэрсээр.
 
Ил задгай биеэ үнэлдэг байсан янхнууд саун, массаж гэсэн нэрийн дор зүсээ хувилган, нууц байдалд шилжэв. Сүүлийн үед бүр гулгаа массаж, түрүү булчирхайн массаж гэсэн нэрийн дор гар хангалга хийх, зөвшилцөн бэлгийн харьцаанд орох явдал газар авах болжээ, Энэ нь садар самуунтай тэмцэх тухай хуулийн 4.2 дугаар заалт буюу Биеэ үнэлэх явдлыг зуучлах, орон байраар хангах, тээврийн хэрэгслээр хангах этгээдэд хариуцлага хүлээлгэдэг заалтыг нь аваад зөвхөн биеэ үнэлэгчид хариуцлага тооцдог болсонтой ч холбоотой гэнэ. Гулгаа массаж гэдэг нь бэлгийн массаж л гэсэн үг.
 
Лхагва гаригын шөнө бид Улаанбаатар хотын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн албан хаагчид болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэнтэй массажны газруудад хяналт шалгалт явуулсан юм, Хэд хоногийн өмнө цагдаагийнхан бас л биеэ үнэлэгчидтэй тулалджээ. Бүгдийг нь “чихдэж” аваад 111-т саатуулсан юм байх. 
 
Гэтэл жижиг дэн буудлуудаас “эмэгтэй хүн манайд жаахан хүүхдээ орхичихоод явчихлаа, ирж авахгүй байна” гэсэн дуудлага хэд хэд иржээ. Цагдаагийнхан очиж шалгахад ихэвчлэн нэг, хоёр ойтой, ой хэдэн сартай хүүхдүүд байсан тэх. Учрыг нь олж хужрыг нь тунгаавал өнөөх баривчилж саатуулсан янхнуудын хүүхдүүд байжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй гэр оронгүй тэд ихэвчлэн буудлаар гэр хийж, тэндээ хүүхдээ өсгөн, биеэ үнэлдэг байсан нь ийнхүү ил болжээ. 
 
Биеэ үнэлэгч гэдгийг нь мэдээд ч тэр юм уу ар гэрийнхэн нь хайхархаа больчихсон байдаг гэнэ. Энэ мэтийг ярилцсаар бид 00:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн подвальд орших “Сити” массажны газар руу орлоо. Бүдэгрүүлсэн улаан неон гэрэлтэй ор, ариун цэврийн алчуур, тос бүхий умгар тасалгаануудтай энэ массажны газрын үндсэн цэсэнд гулгаа массаж гэсэн үйлчилгээ байхгүй байсан ч үйлчилгээний бүртгэлийн дэвтэрт хэд хэдэн удаа гулгаа массаж хийсэн бүртгэл байх ажээ.
 
Үнэ нь 70 мянган төгрөг. Гулгаа массаж гэдэг нь массажист, үйлчлүүлэгч хоёр бүх хувцсаа тайлаад массажист өөрийн болон үйлчлүүлэгчийнхээ биед тос түрхэн бүх биеэрээ хүрэлцэн үйлчлүүлэгчийнхээ доогуур дээгүүр орж массаж хийхийг хэлдэг ажээ. Бас түрүү булчирхайн массаж гэж байх аж. Үндсэндээ бол массажист бүсгүй үйлчлүүлэгчиддээ гар хангалга хийж өгөхийг хэлээд байгаа аж. 
 
Энэ массажны эзэн нь Хүрэлхүү гэгч хүн байдаг гэх. Төрийн байгууллага байж садар самуун үйлдлийг өөгшүүлж байрныхаа подвалийг түрээслүүлсэн ТОССК-ийн удирдлагуудад ч хариуцлага тооцоход буруудах зүйлгүй билээ.
 
“Сити массаж"-ны массажист бүсгүй н. Чимгээгээс цөөн асуултад хариу авсан юм.
 
-Гулгаа массаж хийж байх явцдаа бэлгийн харьцаанд ордог уу?
 
-Зохицоод орох явдал байдаг. Бас гар хангалга хийж өгдөг.
 
-Түрүү булчирхайн массаж гэдэг нь гар хангалаг юм уу?
 
-Өөр төрлийн массаж. Цавь, төмсөг орчмын булчирхайд массаж хийхийг хэлдэг.
 
-Чи гэр бүлтэй юу?
 
-Нехөр. хоёр хүүхэдтэй.
 
-Нөхөр чинь юу хийдэг вэ?
 
-Цахилгаанчин.
 
-Ийм ажил хийдгийг нөхөр чинь мэддэг үү?
 
-Үгүй. Угаагчаар ажилладаг гэж хэлсэн.
 
-Цалин хэдийг авдаг вэ. Нийгмийн даатгал төлдөг үү?
 
-Нийгмийн даатгал төлдөггүй. Сая орчим төгрөг л авдаг.
 
Ийнхүү асуултаар булсаар сүүлдээ энэ бүсгүйн эмзэг цэгийг нь хөндөв үү яав уйлуулж орхисноор бид ч эвгүй байдалд орсноо нуух юун. Цагдаагийн ажилтнууд хогийн саван дахь ариун цэврийн хэрэглэл, ор дэрэнд үзлэг хийн баримтжуулаад тэндээс гарав. Бид тэндээс гараад Алтжин бөмбөгрийн урд орших Лайп массажинд орлоо. 
 
Угтаа бол эмчмлгээ, гоо сайхны массажны газар гэсэн сайхан нэртэй энэ газар ёстой л амьдрал үргэлжилж байна аа. Жижүүрийн ажилтныг нь чимээгүй байхыг сануулаад нэг өрөөг мөрлөн түлхэж орвол үнэхээр халуухан юман дээр буух нь тэр. Массажны умгар өрөөнд үйлчлүүлэгч, массажист хоёр чармай шалдан, ум хумыг нийлүүлэхийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн бололтой байх нь тэр. Бид ч бага зэрэг санаа зовж жижүүрийн ажилтан охиноос байцаалт явуулав. 
 
Одоогоор эзэн нь байхгүй байгаа тул асуултад хариулах эрхгүй гэнэ. Өнөөх л бүгчим орчин, эхүүн үнэр, неон гэрэлтэй умгар өрөөнүүд. 20-л дөнгөж шүргэж яваа 3-4 охин хялбар тайлагдах хөнгөн нимгэн хувцастай, үсээ задалсан байдалтай үйлчлүүлэгчээ хүлээж суух. Өөр ажил хийгээд амьдарч болдоггүй юм уу гэхээр ажил олдохгүй, олдлоо ч цалин нь хаанаа ч хүрэхгүй юм гэсэн шалтаг тавих. 
 
Жирэмсэн охин байна гэж дуулдав. Худлаа л байгаасай. Бурхан минь, юу л болоод байна даа. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах байцаагч Б.Гүнчин-Ишээс цөөн асуултад хариулт авсан юм. 
 
-Чингэлтэй дүүргийн цагдаагийн албан хаагчид өнгөрөгч долоо хоногт саун массажны газарт биеэ үнэлсэн хоёр хэргийг илрүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-Энэ сарын 7-ны өдөр “Хяналт" нэгдсэн хэмжээний дор саун массажны газруудыг шалгасан. Хоёр газар саун массаж нэрийн дор биеэ үнэлэлтийг зохион байгуулж байгаа нь илрээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үүний нэг нь Баянбүрдийн тойргийн урд орших ТОССК-ийн подвальд үйл ажиллагаа явуулж байгаа Сити массажны газрыг шалгасан. Манай байгууллага болон дүүргийн эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээний газруудтай хамтарсан шалгалт явуулсан. 
 
Үйл ажиллагааг нь зогсоосон. Гэтэл түүнээс хойш бидний шаардлагыг үл хайхран ажилласаар өнөөдрийн байдлаар цэсэн дээр байхгүй ч орлогын бүртгэлийн дэвтэр дээр гулгаа массаж хийсэн гэсэн бүртгэлтэйгээр бусад эд мөрийн баримттайгаар үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдоод байна. Та бүхэн харж байгаа байх. Гудамж талбай, хаа сайгүй гулгаа массаж гээд биччихсэн байгаа. 
 
Гулгаа массаж гэж ямар учиртай массаж вэ гэдгийг хүн бүр сайн ойлгохгүй байгаа. Энэ нь хуулиар зөвшөөрсөн хэм хэмжээ биш. Садар самуунтай тэмцэх тухай хуулиар садар самууныг бодитой сурталчилж байна л гэж үзэж болно. Массаж хийж байгаа хүн үйлчлүүлэгчээ болон өөрийгөө нүцгэлээд массаж хийнэ гэдэг хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг.
 
-Үйл ажиллагааг нь зогсоогоод байхад ажиллаад байгаа эдгээр газрыг яах ёстой вэ?
 
-Үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоох санал хүсэлтийг холбогдох газруудад нь явуулна. Ялангуяа Мэргэжлийн хяналтын байгууллага үүн дээр голлох үүрэгтэй оролцох ёстой.
 
-Чингэлтэй дүүргийн хэмжээнд ийм газар хичнээн байна вэ?
 
-Саун, массажны 13 газар байгаа. Дөрөв нь ийм гулгаа массаж гэсэн нэртэй. Цагдаагийн газар эрүү үүсгээд шалгаж байгаа. Гэм бурууг нь шүүхийн байгууллага тогтооно. 
 
-Биеэ үнэлэгч худалдаж авсан этгээдэд хүлээлгэх хариуцлага байдаг уу?
 
-Монгол Улсад мөрдөгдеж байгаа хууль тогтоомжоор биеэ үнэлэгчийг худалдаж авсан хүнд хүлээлгэх хариуцлага байхгүй. Тэр бүү хэл Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 4.2-т байсан зохион байгуулах, орон байраар хангах, тээврийн хэрэгслээр хангахад хүлээлгэдэг байсан хариуцлагыг хүчингүй болгосон. Энэ бүхнээс болж садар самуун байдал цэцэглээд байна. Үүнийг дарж, барьж авахгүй бол аюултай. Хуулиндаа ч чанга заалтуудыг нэмж оруулж өгөх ёстой.
 
-Массажны газар шөнийн 00:00 цагаас хойш  ажиллаж болохгүй биз дээ?
 
-Дээд зэрэглэлийн массажны газар байж болно. Орон сууц, байшингийн подвальд байгаа эдгээр газрыг дээд зэрэглэлийн гэж хэлж болохгүй. Харуул хамгаалалт ч байхгүй. Янз бүрийн зан ааштай хүмүүс орж ирээд ганц массажист бүсгүйг тэр умгар өрөөнд яаж ч болно. Саун массажны стандартыг зөрчиж байна. Мэргэжлийн хяналтынхан энэ стандарт дээр хяналт тавих ёстой. Цагдаагийн байгууллага хууль зөрчсөн эсэх дээр нь хяналт тавих ёстой.
 
Бид Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Сэтгэл амар” төвийн зохицуулагч Д.Нандин-Эрдэнээс эдгээр массажны газрууд эрүүл мэндийн хувьд шаардлага хангаж байгаа эсэхийг тодруулсан юм. Харин тэрээр “Эрүүл мэндийн дэвтэр бөглөсөн байх шаардлагатай. Шинжилгээ өгсөн бичилт дэвтэр дээрээ алга байна. Зарим нь нэг өдөр автоматаар бөглөгдсөн байна. Ийм газар үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс наад захын эрүүл мэндийн мэдлэгтэй байх ёстой. Наад зах нь мөөгөнцөртөх гээд халдвар авна. 
 
Гэтэл бэлгийн замаар дамжих халдварын талаар мэдлэггүй байна. Хамгаалалтгүйгээр үйлчилгээ үзүүлнэ гэдэг бол охидууд маань өөрсдөө эрсдэлд маш их орж байгаа явдал" гэсэн юм. Мөн хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд ороход халдвар цаашид нэмэгдэх талаар ч хэлсэн. Түүнчлэн хүний арьсаар дамжиж маш их нян бактер халдах аюултай аж. 
 
Ийм газраар үйлчлүүлж байгаа эрчүүд ихэнх нь хөдөө, орон нутагт уурхайд ажилладаг, тохиолдлын бэлгийн харьцаанд их ордог эрчүүд байдаг байна. Тиймээс өвчин авсан тохиолдолд эхнэртээ халдаахаас гадна биеэ үнэлэгчид цаашлаад өөр эрчүүдэд халдаах замаар бэлгийн замын халдварт өвчин хяналтаас гардаг тухай хэлсэн. 
 
Ц.Мөнх
Эх сурвалж: "Нийслэл таймс"