sonin.mn

 

Хэдэн жилийн өмнө арлын оронд оюутан болж очоод удаагүй байхдаа найзынхаа хамт япон хүний эрхэнд санаандгүй байдлаар "халдаж" байсан нэгэн дурсамж санаанд буулаа. Япон улсын Кобе хотод очоод удаагүй бид бусад оюутны адилаар цагийн ажил хийдэг байв.
 
 
Нэг удаа ажлаасаа нэлээн орой тарж, дугуйгаа унан гэр рүүгээ явах замдаа ойр зуурын сонин хачинг ярилцсаар... Ердөө нэг л машин явах зайтай гудамжаар "шөнө оройн цагаар машин нэг их явахгүй биз" хэмээн сэтгэсэн бид замын голоор зэрэгцэж явав.
 
 
Бид хоёртой зөрөх нэгэн ихэд гайхаж харагдана. Бид ч мөн тэднийг харж гайхахын зэрэгцээ " Өөр орны хүн хараагүй юм байх даа" хэмээн тэднийг шоолж явсаар гэрийнхээ гадаа ирж. дугуйнаасаа буутал манай Байшингийн гаднаас гудамжны  өнцөг хүртэл уртаас урт машины дараалал үүссэн байлаа.
 
 
Сандарсандаа хоёулаа уучлалт гуйн толгой мэхийн нэлээд удаан зогсож билээ. Тухайн үед айсандаа учрыг нь олох ч сөхөө байгаагүй юм даг. Харин сүүлд учрыг олох нь ээ шөнө оройн цагаар дуут дохио дуугаргаж бусдын амгалан тайван байдал алдагдуулах хориотой учраас тэдгээр жолооч бид хоёрыг гэрийнхээ гадаа очтол араас тийн чимээгүйхэн дагасныг мэдсэн.
 
 
Ийн өнгөрсөн дурсамжийг сөхөхийн учир нь өнөөдөр манай улсад, тэр дундаа Улаанбаатар хотын иргэд орон гэртээ амар тайван амьдарч чадахгүйд хүрээд байна. Гэхдээ энэ нь иргэдээс өөрсдөөс нь бус гадны хүчин зүйлээс болоод байгаа юм.
 
 
Япон улс бол өндөр хөгжилтэй орон, тэр хэрээр иргэд нь хотожсон байж таарна. Тэдэн шиг дуут дохио дуугарахгүй явдаггүй юмаа гэхэд иргэдээ амгалан тайван амьдруулмаар байна шүү дээ, хотын даргаа. Урин дулаан цаг ирж хаа сайгүй л барилгын ажил ид өрнөж байна.
 
 
Мэдээж нэг талаас энэ бол улсын хөгжил цэцэглэлт ч гэлээ үүний цаана иргэдийн эрх ашиг зөрчигдөж эхэллээ. Нийслэлчүүд гэртээ өдөр ч, шөнө ч тайван, амгалан сууна гэдэг гонжийнжоо болж байх шиг байна.
 
 
Өдөржин ажлаа хийж ядарсан хүн гэртээ ороод амрах гэхээр хэдэн өдрөөр эзгүй хаясан гэлтэй өөдөөс бөөн тоос бургиж, тачигнасан дуу чимээ угтах боллоо. Урин дулаан болж утаа тортог багассан байлгүй гээд салхивчаа жаахан онгойлгохоор тоос тортогоор гэр орон дүүрчих юм.
 
 
"За энэ ч яахав, дүүрч гээд орхих гэхээр дуу чимээ нь шөнө оройгүй нүргэлээд амруулдаг юм биш дээ". Энэ нь хэдийгээр нийслэл хотын бүтээн байгуулалт ч гэлээ барилга барьж буй компаниуд иргэдтэй урьдчилан уулзаж гэрээ байгуулмаар байна.
 
 
Энэхүү гэрээн дээр олон зүйлийг тодорхой тусгаж өгмөөр байна, хотын даргаа. Хэрвээ барилгын компаниуд ойр орчмынхоо оршин суугчидтай байгуулсан гэрээгээ зөрчвөл шууд торгуулийн арга хэмжээ авдаг тийм аргад шилжмээр байна.
 
 
Гэрээндээ барилга барих цагийг хүртэл тодорхой зааж өгөх хэрэгтэй мэт. Хамгийн энгийн жишээг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны чанх хойд талд баригдаж байгаа болон Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд баригдаж байгаа барилгуудаар жишээлж болно.
 
 
Ялангуяа Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын ажилчдад шөнө орой ойр орчмынхоо иргэдийг амраана гэсэн ойлголт огт алга. Тэр орчмын оршин суугчид тун бухимдалтай байна.
 
 
Уг нь, өнгөрсөн долоо хоногт хуралдсан удирдлагын зөвлөлийн хурлаар "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам"-ын төсөл боловсруулах ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах захирамж гарахад "Овоо доо, энэ эмх замбараагүй барилга цэгцлэгдэхээс гадна, шөнө оройдоо үр хүүхэд, ээж, аав, эмээ өвөө нар минь тайван амрах нь дээ" гэж баярласан.
 
 
Гэтэл энэхүү барилга угсралтын үйл ажиллагааны үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангах, сургалт зааварчилгаа өгөх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах гэнэ.
 
 
Журамд захиалагч болон, гүйцэтгэгч, ажил олгогч болон ажиллагсадын хооронд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах гэрээг ямар зарчмаар хэрхэн хийх, барилга угсралтын ажил хийх газар анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ болон үйлдвэрлэлийн талбайн хашааны стандартыг тодорхой зааснаас гадна барилга угсралтын ажлын талбайн орчныг камержуулсан байх зэрэг шаарддагыг тусгажээ.
 
 
Түүнчлэн барилгын захиалагч нь барилга угсралтын ажлын үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, барилгын орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлын талаарх аливаа арга хэмжээний санхүүжилтийг бүрэн хариуцахаар журамласан байна.
 
 
Мөн ажлын төлөвлөгөөнд захиалагч болон гүйцэтгэгч талууд "Эрсдлийн менежментийн гэрээ" заавал хийх, хэрэв хийгээгүй бол барилга эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байх, гэрээ хийж ажил эхэлсэн ч аюулгүй байдлыг ханган ажиллаагүй бол үргэлжлүүлэхгүй байхаар тусгасан байна билээ.
 
 
Энэхүү журамд иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах гэдэг зүйл огт тусгагдаагүй байх юм. Шинээр гарах энэхүү журамдаа хотын дарга та болон журам гаргах ажлын хэсгийн 11 хүн, дээр өгүүлснийг анхааралдаа авч ажил хэрэг болгох хэрэгтэй байна.
 
 
"Эрсдлийн менежментийн гэрээ" хийгээгүй бол барилгын зөвшөөрөл олгохгүй гэдэгтэй адилхан тухайн барилга барих гэж буй газрынхаа ойр орчимд амьдарч байгаа оршин суугчидтай гэрээ байгуулаагүй бол зөвшөөрөл өгөхгүй гэсэн заалтыг оруулахад болохгүй нь юу билээ.
 
 
Нөгөө талаар барилгын компаниуд ойр орчмынхоо нийтийн эзэмшлийн зам талбайг сүйтгэж байна. Үүнийхээ хариуцлагыг тэд хүлээлгүй өнгөрч байна. Тухайн комиани барилга бариад ойр орчмынхоо газрыг тохижуулна гэхээр барьсан барилгынхаа эргэн тойрныг дэвэрлэхээс бус эвдсэн зам, сүйтгэсэн талбайгаа засч янзалчина гэсэн ойлголт огт алга.
 
 
Тиймээс хотын даргаа, барилгын компаниуд иргэдтэйгээ гэрээ байгуулдаг эс бөгөөс оршин суугчдад төлөөс төлдөг болгомоор байна. Бас нийтийн эзэмшлийн зам талбайн хэмжээг тодорхой зааж өгөн тохижуулдаг болгоё.
 
 
Угтаа нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах гэж жил бүр л өдий төдий мөнгө хөрөнгө, татвар төлөгч бидний халааснаас зүгээр урсаж гараад байна шүү дээ. Тиймээс энэ бүхнийг шинээр гаргах журмандаа тусгаж хугацаа алдалгүй арга хэмжээ авах хэрэгтэй байна.
 
 
Г.Цогзол
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”