sonin.mn
Прокурорын байгууллагаас энэ оны эхний улиралд хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа:"Монгол Улсын Засгийн газраас энэ оныг авилгын эсрэг жил болгосон. Тиймээс ч прокурорын байгууллагаас энэ талаар анхаарч ажиллаж байна. Тухайлбал, авлигын улмаас 3.6 их наяд төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож, 234.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, 2.2 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлсэн" гэв.
 
Мөн Нийслэлийн Прокурорын Газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II дугаар газрын дарга Г.Гэрэлтуяа : " С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж буй байгууллагын зүгээс уг хэрэгт яллагдагчаар татсан саналыг хүчингүй болгох саналыг нийтдээ 5 удаа прокурорт гаргасан. Дөрвөн удаа хянаад, мөрдөн шалгах ажиллагаа  цааш үргэлжлүүлэн явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр буцааж байсан. Сая 3-р сарын 15-нд  дахин дээрх гурван хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан тогтоолыг мөрдөх байгууллагаас тав дахь удаагаа тавьсан. Прокурор хавтаст хэргийн материалыг хянаж үзээд, энэ 3 хүн  С.Зориг агсныг алсан гэх хэрэгт цуглуулсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна, гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл бүрэн тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл эргэлзээ бүхий нөхцөл байдал байна гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргасан.дээд шатны прокурор дахин хянах шаардлагатай. Тиймээс НПГ-т энэхүү шийдвэрийг хянаж байна. Хянаж дууссаны дараа хэргийн оролцогчдод тогтоол танилцуулна. Хэргийн оролцогчид гомдол гаргаагүй тохиолдолд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болно. Одоо бол тогтоол хүчин төгөлдөр болоогүй хянах ажиллагаа явуулж байна гэж ойлгож болно.
 
Яруу найрагч Ц.Хулангийн хэрэгт тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тагнуулын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн санал прокурорт орж ирсэн.Прокурор хэргийг хянаад гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэсэн яллах дүгнэлт үйлдээд,  шүүхэд шилжүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан, энэ хүн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүх тогтооно." хэмээсэн юм.
 
С.Сарнай