sonin.mn
"УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охидыг хүчирхийлдэг” гэх хэргийг цагдаа шалгаж эхлээд хагас жил өнгөрлөө. Энэ тухай нэвтрүүлэг хийсэн сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар АТГ-ын гадаа мэдээлэл хийв. Энэ үеэр сэтгүүлч Ц.Анхзул: " УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охидыг хүчирхийлдэг гэх асуудлыг өнгөрсөн 4-р сард буюу одоогоос 6 сарын өмнө эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ гаргасан. Нэвтрүүлэг гарсны маргаашнаас эхлээд хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж эхэлсэн байдаг. Уг нэвтрүүлгээр 6 хохирогч, уг хэргийг гэрчлэх 3 гэрч гээд нийт 9 хүн оролцсон. Хохирогч нь тодорхой, гэрчлэх гэрч нь байгаа хэрэг дээр цагдаагийн байгуллагаас 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарчихаад өнөөдрийг хүртэл уг хэргийг эцэслэж шалгаж дуусахгүй байгаа юм. Энэ хэргийг шалгаж эхлэхтэй зэрэгцээд сэтгүүлч С.Будрагчаа бид хоёрыг мөн шалгаж эхэлсэн. Энэ асуудал дээр нь тухайн үед УЕПГ-т гомдол гаргаснаар биднийг холбогдогчоор дуудсан хошууч н.Ганбат, хурандаа н.Бат-Эрдэнэ нарт Цагдаагийн байгууллагын дотоод хяналтаас шалгалт хийгээд алдаатай мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна гэж үзээд сахилгын хариуцлага тооцсон юм. Мөн  манай нэвтрүүлэгт орсон хохирогч 6 эмэгтэйд ч асуудлууд үүсэж эхэлсэн.
 
 
Бид нэвтрүүлэгтээ эдгээр эмэгтэйчүүдийн дуу хоолойг өөрчилж, царайг нь харуулахгүйгээр, нэрийг нь сольж, нийгэмд цаашдаа амьдрахад нь саад болохгүй байх талаас нь арга хэмжээ авч гаргасан. Гэвч эдгээр хохирогчдоос нэг эмэгтэй нь амиа хорлох үйлдэл гаргахыг завдсан байна. Энэ хэргийг шалгахгүй хагас жил сууж байх хооронд хэн нэгэн хохирогч үхэх ёстой юу?
 
 
Цагдаагийн байгууллага юу хүлээгээд суугаад байгаа юм бэ? Хохирогч нь байна, гэрч нь байна. Баримтыг нь гаргаад өглөө. Өөр юу хэрэгтэй юм бэ? УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийлэлд өртсөн нэг эмэгтэй амиа хорлох үйлдэл хийснийг цагдаагийн байгууллагаас очиж амийг нь аварсан гэдэг нь бүртгэгдсэн. ЦЕГ-ын ХМА-ны дарга Б.Баатархүүгээс тодруулж асууж болно. Бас нэг хохирогч өргөдлөө татаж авья, гомдолгүй гэж прокурорын байгууллагад 2 удаа хандсан байна. Цаашид олон эмэгтэйчүүд битгий хохироосой гэж ярьж байсан эмэгтэй би гомдолгүй, хүчирхийлэлд өртсөн минь үнэн ч гэсэн цаашид би амьдрах учраас шалгуулаад явмааргүй байна. Гомдолгүй учраас намайг битгий шалгаач гэж УЕПГ-т хоёр удаа хүсэлт гаргасан байх юм. Хүнийг ингэж өргөдөл гаргатал нь цагдаагийн ажил удаан байна. Энэ хүнийг айлгаж дарамталсан юм уу? Эсвэл мөнгө төгрөг амалсан юм уу? гэж хардаж байгаа. Тийм учраас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шалгаж өгөөч гэж АТГ-т хандаж байна." хэмээсэн юм.
 
 
 
 
М.Чойжал