сонин mn
“COVID-19” биднийг олон зүйл дээр туршиж байна. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн тогтворгүй байдал, боловсролын хоцрогдол гээд олон асуудалд санаа зовинож байна. Үүний нэг нь гэр бүлийн хүчирхийлэл. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэр бүлийн хүчирхийлэл ихэссэн талаар мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн ням гаригт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес дэлхийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан “Бүх улс орны Засгийн газар цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахдаа эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавихыг уриалж байна” хэмээн “Twitter”-т бичиж, уриалснаас үүдэн дэлхий нийт дахиад энэ асуудал руу анхаарч эхлээд байна. 
Олон улсын байгууллагын хийсэн судалгаанаас харахад, коронавирусын халдварыг цар тахал гэж зарласнаас хойш гэр бүлийн хүчирхийлэл Бельги улсад 70 хувь,  АНУ-д 30 хувь, Колумбид хоёр дахин нэмэгдсэн байна. Хүчирхийлэл ихсэж байгаагийн шалтгаан нь  цаг үе, нийгмийн стресс бухимдал, ажилгүйдэл, хөл хорионы үед тулгамдсан асуудлуудаас үүдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм. Манай улсад ч бас гэр бүлийн хүчирхийлэл нь ярих ёстой сэдэв, шийдвэрлэх ёстой асуудлын нэг болоод байна.
 
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ДУУДЛАГА ӨДӨРТ 100-150  БҮРТГЭГДДЭГ
 
Тоон мэдээлэл сонирхвол, 2021 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 388 бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 39 хувиар өсчээ.  “Хөл хорио тогтоосон дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1365 дуудлага ирсэн. Ер нь, хоногт зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 100-150 дуудлага мэдээлэл бүртгэгддэг бөгөөд хөл хорио тогтоосон хамгийн эхний өдөр 182 дуудлага мэдээлэл хүлээн авсан. Бусад өдөр 100-гаас доош дуудлага бүртгэгддэг” гэдгийг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан хэлж байна.  Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий хэлэхдээ “Ирж буй дуудлага мэдээллийг  өмнөх оны арваннэгдүгээр сарын 11-нээс он дуусталх үеийнхтэй харьцуулахад, энэ оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага 2.5 дахин нэмэгдсэн байна. Энэ хугацаанд 1700 орчим дуудлага, мэдээлэл ирсэн. Бүгдэд нь хэрэг нээгээд ажиллаж байгаа” гэдгийг  дурдав. Энэ бүхнээс харахад нийслэл хотод  хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага өссөн, олон хүүхэд эмэгтэйчүүд хохирсон дүн мэдээтэй байна.
Хэдэн жилийн өмнө Хүчирхийллийн эсрэг төв ганцаараа шахуу энэ асуудалтай тэмцдэг байсан. Харин одоо Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар гээд төрийн олон байгууллага энэ асуудалд анхаарч, өөр хоорондоо уялдаатай ажилладаг болжээ. Эдгээрээс хамгийн голлох үүрэгтэй байгууллага нь НЦУГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс. Тус хэлтэс нь нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, есөн дүүрэгт урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг. Мөн 107 тусгай дугаарын утас болон түр хамгаалах байрыг давхар ажиллуулдаг.
 
 
 
“Он гарсаар тус байгууллагын түр хамгаалах байранд 60 гаруй хүн байрласны 37 нь хүүхэд байсан. Бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн 80 орчим хувь нь ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Тиймээс нийслэлийн хэмжээнд аюулын зэргийн үнэлгээ өндөр айл өрхүүдээр биечлэн явж шалгах үүргийг дүүрэг бүрт өгч ажиллаж байгаа” гэдгийг албаныхан хэлэв.  
 
 
 
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ  БОЛ  ХААНА ХАНДАХ ВЭ?
 
Хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийг цаг алдалгүй мэдээлж, арга хэмжээ авахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал байгааг энд дахин дурдъя. Өмнө нь бид дуудлага өгөхдөө “Мэдээллийн нууцыг хэрхэн хадгалах вэ”, “Миний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ” гэж санаа  санаа зовдог байсан бол 2020 оноос хүчирхийллийг мэдээлэгчийн нууцыг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хамгаалдаг болсон гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна.  Иймд таны таних, танихгүй хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртвөл ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт мэдээлэл өгөх боломжтой. Мөн 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Хэрэв хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй бол 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мэссэж илгээж мэдээлэл өгөх боломж бүрдсэн гэдгийг албаныхан хэлж байна. Түүнчлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн “Итгэлтэй утас-96490505” дугаарт холбогдох, дүүрэг бүрт байрлах “Нэг цэгийн үйлчилгээний төвүүд”-д хандаж тусламж үйлчилгээнд хамрагдах боломжтой. Энэ талаарх нэмэлт мэдээллүүдийг албаны хүмүүсээс тодруулснаа хүргэе.
 
ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НУУЦЫГ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
 
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан:
 
-Хөршүүдээс мэдээлэл их ирдэг болсноор энэ төрлийн гэмт хэргийг эрт илрүүлэх, таслан зогсоох боломжтой болсон. Зарим тохиолдолд хөрш нь намайг мэдээлэл өгснийг мэдчихвэл яах юм бэ, миний аюулгүй байдал алдагдвал яах вэ гэж их асуудаг.  Тэгэхээр хуульд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгсөн иргэний мэдээллийг нууцлах чиглэлээр бүх хуулийн байгууллага үүрэг хүлээдэг. Амьдрал дээр 2020 оны нэгдүгээр сарыг хүртэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар гэрчийн мэдээлэл задарчихаад байдаг байсан юм. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан этгээд зөрчлийн хэргийн материалтай танилцахдаа хэн дуудлага мэдээлэл өгснийг мэдчихдэг байсан. Тэгвэл бид олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагуудтайгаа нэгдэж байгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, Хүүхдийн эрхийг ноцтой зөрчих зөрчлийг шалгасан алба хаагч хэргийн материалыг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд танилцуулахдаа хаанаас, хэнээс дуудлага мэдээлэл өгсөн, хөндлөнгийн гэрчийн өгсөн мэдүүлгийг хүчирхийлэл үйлдсэн этгээд болон өмгөөлөгчид нь танилцуулахгүй байж болох заалтыг оруулсан. Тэгэхээр мэдээлэл задруулах асуудал нэг мөсөн арилсан гэж ойлгож болно.
 
НИЙСЛЭЛД УДАА ДАРАА ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДДЭГ 2000 ГАРУЙ ИРГЭН БАЙНА
НЦУГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг:
 
-Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг 2000  гаруй иргэн байна. Эдгээр айл өрхийг аюулын зэргээр нь өндөр, дунд, бага гэж ангилдаг. Аюулын зэрэг өндөртэй 200 гаруй өрхөд НГБХЗХГ-тай хамтраад 171 хороонд тусгай ажлын баг гаргаж, айл өрхүүдээр биечлэн явж, хянаж шалгаж байна. Учир нь тухайн айл өрхүүдээс байнга ирдэг дуудлага нь зогсчихдог. Тиймээс хатуу хөл хорио тогтоосон үед эдгээр айл өрхийг заавал шалгахаас өөр арга байдаггүй учраас хамтарсан баг гарган тогтмол хянан шалгах ажлыг зохион байгуулж байна.
 
 
 
Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн нэгдсэн сан гэж байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг хүчирхийлэл үйлдэхэд нь тус мэдээллийн санд бүртгэж дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчийг хамгаалах зорилгоор хамтарсан багийн тусламжтайгаар бүсчилж хянадаг.
 
 
 
ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ 96490505 УТСААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА
ХЭҮТ-ийн Итгэлтэй утасны зөвлөгч Д.Должинсүрэн:
 
-Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 2021 оны эхний улирлын байдлаар ХЭҮТ-ийн түр хамгаалах байранд нийт 57 иргэн үйлчлүүлснээс эмэгтэй 22, хүүхэд 35 үйлчлүүлсэн байна. Эмнэлгийн анхан шатны  тусламж үйлчилгээг 27 хүнд, сэтгэлзүйн зөвлөгөөг 82, хууль эрхзүйн туслалцааг 113 хүнд үзүүлсэн байна. Мөн бид “Итгэлтэй утас”-ны зөвлөгөөг 344, онлайн зөвлөгөөг 125, бичлэн хандсан 80 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн. Манай түр хамгаалах байр үйлчлүүлэгчийг долоо хоногоос гурван сарын хугацаанд байрлуулан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх, нийгмийн ажлын үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө, хууль эрхзүйн туслалцаа үзүүлдэг. Хүчирхийллийн нүцгэн үнэн судалгаагаар Монгол Улсад гурван эмэгтэй тутмын нэг нь бие махбодийн хүчирхийлэлд өртөж байна. Мөн 10 эмэгтэй тутмын зургаа нь салсан нөхөр, хамтран амьдрагчийн зүгээс хүчирхийлэлд өртөж байдаг гэсэн тоон мэдээлэл байдаг гэв.
 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин