sonin.mn
Хотын дарга Д.Сумьяабазар хоёр, гурав хоногийн өмнө нийслэлийн ногоон бүсийн тохижилттой танилцаж явахдаа иргэдийн хамгийн ихээр зорин очдог Богд уулын Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэгт түр саатжээ. Мэдээж байгаа газар нь “дархан цаазат” гэж нэрлэхэд халагламаар болсныг өөрийн нүдээр харсан биз. Тэгвэл дээрх газрыг “Энигма” гэх компани бусниулж орхисон нь энэ. Бараг тэр чигтээ “Энигма”-гийн мэдэлд байдаг. Уг нь 17 жилийн өмнө энд газар эзэмшихдээ аялал жуулчлалын цогцолбор байгуулах тохиролцоотой байж. Гэвч өнөөдөр байгаа байдал нь эмгэнэлтэй. Харин хотын дарга дээрх газартай танилцсанаар “Энигма” компанид хариуцлага тооцохоо мэдэгдэж, шүүхэд өгөхөөр болсон нь сайшаалтай. Энэ бол өнгөрсөн долоо хоногийн баяртай мэдээнүүдийн нэг байсан юм. Д.Сумъяабазар дарга тохижилтод анхаарал хандуулалгүй өнөөг хүртэл явж ирсэн тул холбогдох албаны хүмүүсийг анхааралдаа авч, шаардлагатай бол Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахыг үүрэг болгоод буцсан байдаг.
 
Тэрбээр “Компани болон БОАЖЯ-нд мэдэгдэл хүргүүл. Арга хэмжээ ав, шаардлагатай бол Засгийн газар, Улсын их хурлаар оруул” гэв. Түүнчлэн Богд уулын Баруун ширээт рүү гарах замд тав, Зүүн ширээт рүү гарах замд амралтын зургаан цэг байгуулахаар төлөвлөжээ.
 
Дугуй цагаан буюу амралтын талбайг ч мөн тохижуулахаар болсон байна. Хотын дарга “Тохижилтын ажлыг модоор болон байгалийн шийдлээр нь хий. Өнгө үзэмжтэй, эко байх ёстой. Төр, хувийн хэвшлийн хүрээнд өнгө үзэмж, чанартай орчны тохижилтыг хийхэд анхаараарай” хэмээжээ. Ямартай ч тус газар тохь тухтай болох нь гэж баярламаар. Чухам хэзээ вэ гэдгийг цаг хугацаа харуулах биз. Хуульд захирагдах дургүй “Энигма” компани дархан цаазат газрыг ямар болгосныг нийслэлчүүд өдөр бүр харж байна. Тэндхийг дүрсэлбэл, эвдэрч хэмхэрсэн шавар гэр, хоолны газар, хөшөөний хаягдал энд тэндгүй. Мөн хааяадаа хотоос очсон залуусыг буудаллуулдаг дөрвөн ханатай түрээсийн хэдэн гэр, “Энигма”-д данстай “Чингисийн өргөө” ресторан зэргийг л олж харна. Нэг ёсондоо балгас болгож орхисон гэхэд хилсдэхгүй. Тиймээс дархан цаазат газарт сандайлж суусан дээрх компанитай хариуцлага тооцож, төр төмөр нүүрээ харуулах цаг болсныг энд дурдах гэсэн юм. Ямар нэгэн асуудал болохоор Монголын үндэсний их сургуулийн оюутнуудыг өмнөө бамбай болгож жагсаадаг, очихгүй оюутныг дүнгээр боодог. Ийм дүр зураг хэдэн жилийн өмнө гарч байлаа. Хотынхон Богд уул руу нэвтрэхийн тулд “Энигма”-д хураамж төлж байсан үе ч бий. Энэ бүхнийг өнөөдөр эцэс болгож, дархан цаазат газраа төр эргүүлэн аваасай.
 
“ЭНИГМА” ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫГ ИНГЭЖ ХУУЛЬ БУСААР АШИГЛАЖ БАЙЛАА
 
“Энигма” компани нь 2004 оноос хойш Богдхан уулын дархан цаазат газарт нийт 40.1 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглах зөвшөөрөл авсан байна. Ямар замаар яагаад ч өгчихсөн юм бүү мэд. Гэвч эдгээр газарт зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, тус компанийн нэр дээр “Чингисийн өргөө” гэх амралтын газар л энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байна. Бусад 39 га газарт ямар нэг үйл ажиллагаа явуулалгүй өнөөдрийг хүрчээ. Дөрвөн жилийн Богд ууланд алхдаг, агаарладаг нийслэлчүүдийн ая тухтай байдлыг хангах үүднээс 1.2 га газрыг чөлөөлж автомашины зогсоол барихаар төлөвлөж байлаа. Харин өнөөх “Энигма” оюутнуудаар эсэргүүцлийн жагсаал хийлгэж, тэр ч бүү хэл шүүхэд хүртэл нөлөөлж ялалт байгуулсан байдаг. Гэхдээ төр хүссэнээ гүйцэлдүүлж зогсоол барьж чадсан. Дээрх компани анх 2004 онд 20, түүнээс хойш есөн жилийн хугацаанд газраа сөөм сөөмөөр томруулсаар 18.2 га-г нэмж авчээ. Газар ашиглах эрхийн хугацаа 2013 онд дуусгавар болох үед “Энигма” компаниас Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлт гаргаагүй учир үүнийг нь үндэслэн эрхийг нь цуцалжээ. Энэ өдрөөс хойш тус компани нь дээрх газрыг “зөвшөөрөлгүй” ашиглаж ирсэн байдаг. Хамгийн хачирхалтай нь, аль 2013 онд газар ашиглах хугацаа дууссан гэдэг шалтгаанаар эрх нь цуцлагдсан атал яагаад ч юм бэ “Манай компанийн газар ашиглах эрхийг цуцалж өгнө үү” гэдэг хүсэлтээ 2016 онд БОАЖЯ-нд гаргасан байна.
 
Үүнийг нь салбарын сайд ёсоор болгож тушаал гаргасан байгаа юм. Ингээд зогсохгүй “Энигма”-гийн хүсэлтээр цуцлуулсан газрыг нь тус компанийн охин компани болох Монголын үндэсний их сургуульд нийт 20.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, “Универсал политехник” коллежид сургуулийн зориулалтаар 12.7 га газрыг хуваан олгожээ. Ойлгомжтойгоор хэлбэл, толгой компани нь ашиглаж ирсэн газрынхаа төлбөрийг бүрэн барагдуулаагүй байхдаа эрх цуцлуулах хүсэлт гаргасан. Үүнийх нь дараа охин компаниуд нь өнөөх газрыг хувааж авсан гэсэн үг. Тэрбум гаруй төгрөг болж хуримтлагдсан газрын төлбөрөөс ингэж бултсан байдаг. “Энигма” компанийн нэр дээр байсан газраас гуравхан га газрыг төр сөгдөж гуйх нь шахуу байж эргүүлж авсан. Уг газар дээр 264 автомашины зогсоол, 60 унадаг дугуйн зогсоол барьсныг бид мэднэ, өнөөдөр ч ашиглаж байгаа.
Монголчууд бид Богдхан уулыг дархан цаазат газарт бүртгэснээрээ байгаль дэлхийгээ хайрлаж, хүндэлдэг гэдгээ дэлхий нийтэд батлан харуулсан байдаг. Гэвч энэ бахархал, хүндлэлийг удаан зүүх хувьгүй байж. Учир нь, Богдхан уулын аманд эзэн суусан нэг компани төртэйгөө тэрсэлж, төлбөр мөнгө нэхэж, дархан цаазат уулын дархан эрхтэй эзэн шиг аашлах болсоор олон жил болсон. Төрийн төмөр нүүр гэж байдаг бол одоо л тэрийгээ үзүүлмээр байна.
 
ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫГ УЛС ЧӨЛӨӨЛӨХ ЭРХТЭЙ
 
Төр, төрийн байгууллага яг өнөөдрөөс ажлаа шуурхайлмаар. Хотын дарга Д.Сумъяабазарын хэлсэнчлэн тохижилтын ажлыг нэн даруй эхлүүлж, хариуцлагагүй хандсан “Энигма”-д хариуцлага тооцмоор байна. Бүр газраа төр нь эргүүлэн авмаар байгаа юм. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Шаардлагатай бол төмөр нударгаа үзүүлэх хэрэгтэй. Монголын төр, хуулиас давсан эрх ашигтай компани байх ёсгүй” хэмээн ярьж байсныг мартаагүй биз. Тэгвэл түүний хэлсэн үгийг одоо л хэрэгжүүлмээр байна. Нийслэлчүүд богд ууланд жишиг зогсоолтой болсондоо өнөөдөр ч талархсаар яваа. Тиймээс дахин нэг удаа иргэдийн талархлыг хүлээхийн тулд төр, төрийн байгууллагууд зоригтой хөдлөх цаг болжээ. Уг нь 2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар МҮИС, “Универсал” политехникийн коллеж, “Энигма” компанийн эзэмшдэг газрыг хүчингүй болгосон. Гэвч дээрх байгууллагууд салбарын яамыг зөрүүлээд шүүхэд өгсөн байдаг. Улмаар шүүх шийдвэрээ “Энигма”-гийн талд гаргаснаар тэд Монгол төрийн яамаар тохуурхаад амжсан. Төр өөрийнхөө мэдлийн газрын ашиглах эрхийг цуцлахаар төрийн өөр нэг байгууллага болох шүүх түүнийг нь хүчингүй болгосоор өнөөдөртөө учирлаа. Уулыг амаар нь хашсан гурван байгууллагад Монголын яам нөлөөлж чадсангүй. Шүүгчийн гарыг хүндрүүлж, асуудлыг өөрсдийн тал эргүүлж, бүхнийг мөнгөөр шийдсээр ирэв. Ганцхан компанийг дийлдэггүй төрийн байгууллага өнөөдөр Монголд байсаар байна. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллага, “Энигма”-тай хоёр, гурван удаа шүүхдэлцсэн ч тухай бүрдээ ялагдаж, төрийн шүүх нь төрийнхөө эсрэг шийдвэрийг удаа гаргаж байсан нь гайхалтай.
 
Д.СУМЪЯАБАЗАР ДАРГА АА, ЭХЛҮҮЛСЭН АЖЛАА ДУУСГААРАЙ
 
“Энигма”-тай холбоотой дээрх газрын асуудал хэсэг шуугидаг ч тэгсхийгээд нам гүм болж, мартагддаг. Харин хотын дарга Д.Сумъяабазар Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэгт саатсанаар уг газрын маргаан дахин сөхөгдөж, олны анхааралд байх бололтой. Тэгвэл энэ удаад төр хүчтэй юү, мөнгөтэй компани илүү юү гэдгийг харах үлдэж байна. Дархан цаазат газрыг зүй бусаар ашиглаж, өдгөө балгасаар дүүргэсэн “Энигма” хэмээх даварсан компанитай холбоотой асуудалд хотын даргыг тууштай ажиллаасай гэж хүсье. Таныг эхлүүлсэн ажлаа дуусгаж, нийслэлчүүдэд баяртай мэдээ дуулгана гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд сайн баг байх нь чухал. Бас дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Д.Сумъяабазар даргын хийх ажлыг Засгийн газар, салбарын яам нь дэмжиж төр хүчтэй гэдгээ харуулаасай. Уг нь бол дархан цаазат газрыг улс чөлөөлөх эрхтэй. Харамсалтай нь, энэ эрхээ эдэлж чадалгүй өдийг хүрэв. Тиймээс толгойг нь илээд өнгөрөх бус хатуу гараар тэдэнтэй учраа ололцож, Богд уулыг төр мэдэлдээ авмаар байна.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин