sonin.mn
Вертерийн хам шинж гэж байдаг талаар сэтгэл судлаач эмч нар ярьдаг. Өнгөрсөн зууны 30-аад онд Америкийн Нью-Йорк хотод Вертер гэгч залуу гүүрэн дээрээс унаж амиа хорложээ. Энэ талаарх мэдээллийг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлж, борлуулалтаа тодорхой хувиар нэмсэн байна. Харамсалтай нь, Нью-Йорк хотод тэр цагаас хойш Вертерийн насны залуус гүүрэн дээрээс нисэж амиа хорлох тохиолдол олширчээ. Энэ хэргээс улбаалан Вертерийн хам шинж гэх нэр томьёо гарч ирсэн байна. Үүнийг сануулах болсны учир нь, сүүлийн үед Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд дээрх алдааг давтах боллоо. Саяхан Төв талбай дээр эрдэнэт хүний амь үгүй болоход зөвхөн түрүүлж мэдээлэхийн төлөө хэвлэлийнхэн ёс зүйгээ умартаж байгаа нь харагдлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулж гаргасан удирдамж бий.  Уг удирдамжид амиа хорлох үйлдлийг зураг дүрсээр үзүүлэхгүй, арга барил болон хэрэг болсон газрын талаар тодорхой мэдээлэхгүй гэх мэтээр анхааруулсан байдаг.
 
 
 
 
Хөл хорионы үед хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт орж, айж эмээх, түгших, уурлаж бухимдах байдал нэмэгдэх болсныг сэтгэл засалчид хэлж байна. Гэтэл ийм цаг үед хар бараан, тэр дундаа амиа хорлосон мэдээллийг дахин давтан харуулж, сануулж байгаа нь нийгэмд асар их хор хөнөөлтэй юм. Мөн амиа хорлосон иргэний ар гэрийнхэнд ямар хүнд цохилт өгөх нь тодорхой. Тиймээс бүх нийтээрээ түгшүүр, айдастай байгаа энэ үед аль болох эерэг мэдээлэл түгээх хэрэгтэй байна. Иргэд ч бас үүнд анхаарах ёстой.
 
 
 
 
Учир нь, хүн бүр ухаалаг утастай болж, хаа яваа газраасаа мэдээлэл шууд авдаг, дамжуулдаг болсон хэдий ч хүн бүр ухамсартай байж, бусдадаа хүндэтгэлтэй хандацгаая.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин