sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /CNN/. АНУ дахь хорт хавдрын өвчлөлийн тухай хамгийн сүүлийн тайланд, хорт хавдрын шалтгаант нас баралтын тоо 2001-2022 он хүртэлх хугацаанд тогтмол буурсаар ирснийг харуулжээ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн хорт хавдраар оношлогдох тохиолдлын тоо 2001-2013 онд буурч, улмаар 2021 он хүртэл тогтворжсон бол эмэгтэйчүүдийн өвчлөлийн түвшин 2003-2021 оны хооронд жил бүр бага зэрэг өссөн байна.  


Харин 2020 онд хорт хавдрын өвчлөлийн түвшин мэдэгдэхүйц буурсан нь Ковид-19 цар тахлаас шалтгаалан эмнэлгийн тусламж үйлчилгээнд өөрчлөлт орсонтой холбоотой байх магадлалтай гэж тайланд дурджээ. 


Улмаар 2020 онд дээр дурдсан үзүүлэлтүүд хүлээгдэж байсан түвшинд эргэж хүрсэн байна. “2020 онд хорт хавдрын өвчлөл харьцангуй цөөн байсан тул дараагийн жилүүдэд хожуу үе шатанд оношлогдсон хорт хавдрын тохиолдол нэмэгдэж магадгүй” гэж судлаачид бичжээ. Хорт хавдрын өвчлөлийн тухай 2024 оны үндэсний тайланг “Cancer” сэтгүүлд даваа гарагт нийтэлсэн байна. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв, АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэнгээс санхүүжүүлдэг хорт хавдрын бүртгэлийн мэдээлэлд үндэслэсэн уг тайланг эдгээр байгууллагаас гадна Америкийн Хавдар судлалын нийгэмлэгийн судлаачид танилцуулжээ. 


“Ерөнхийдөө хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшин буурч байгаа нь эрсдэлт хүчин зүйлсийн өөрчлөлт, урьдчилан сэргийлэх үзлэг сайжирсан, эмчилгээнд гарсан ахиц дэвшлийг харуулж байна” гэж судлаачид дүгнэсэн байна. 


Мөн АНУ-д тамхи татдаг хүмүүсийн тоо цөөрч байгаа нь уушги, давсаг, мөгөөрсөн хоолой зэрэг тамхинаас үүдэлтэй хорт хавдрын өвчлөл, нас баралтыг буурахад нөлөөлснийг тайланд дурджээ. Уушгины хорт хавдрын өвчлөл тогтвортой буурч байгаа нь хорт хавдраар нас барсан тохиолдлуудын тоо буурахад ихээхэн нөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч нойр булчирхай, бөөрний хорт хавдар зэрэг илүүдэл жинтэй холбоотой хэд хэдэн хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаагаас гадна эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний, хөхний, элэгний хорт хавдар, өсвөр насныхан болон залуучуудын дунд бүдүүн гэдэсний болон шулуун гэдэсний хорт хавдар өсөх хандлагатай байна. Өмнө нь хэвлэгдсэн судалгаагаар хорт хавдрын өвчлөл хөгшчүүлээс залуучууд руу, эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүд рүү шилжиж байгааг харуулжээ. Энэ оны эхээр нийтлэгдсэн Америкийн Хавдрын нийгэмлэгийн тайланд дурдсанаар, дунд насны эмэгтэйчүүд хорт хавдар тусах эрсдэл нь эрэгтэйчүүдээс үл ялиг өндөр байгаа бөгөөд залуу эмэгтэйчүүдийг залуу эрчүүдтэй харьцуулахад өвчлөх магадлал нь ойролцоогоор хоёр дахин өндөр байв.


Шинэ тайлангаас үзэхэд, эмэгтэйчүүдийн өвчлөл жил бүр 0.3 хувиар өсжээ. Эмэгтэйчүүдийн дунд ходоодны хорт хавдрын тохиолдол нэмэгдсэн нь ДЭМБ-аас гаргасан хавдрын ангилал өөрчлөгдсөнтэй холбоотой байж магадгүй хэмээн судлаачид үзэж байна.


Хөхний хорт хавдрын өвчлөл мөн аажмаар нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь ихэвчлэн таргалалт, архины хэрэглээ, анхны хүүхдээ төрүүлэх нас зэрэг хүчин зүйлсээс шалтгаалжээ.Түүнчлэн хүмүүсийн арьсны өнгөтэй холбоотой томоохон ялгаа байсаар байгааг тайлан харуулсан байна. Тухайлбал, өнгөт арьст эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар нас барах эрсдэл нь цагаан арьст эмэгтэйчүүдээс 40 хувиар илүү байдгаас гадна умайн хүзүүний хорт хавдраар нас барах эрсдэл цагаан арьст эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин их байгааг тогтоожээ. Тусламж үйлчилгээний хүртээмжийн ялгаатай байдал, оношилгоо, эмчилгээнд хамрагдалт зэрэг нь ийм ялгааг үүсгэж байж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Тамхинаас гарах, жингээ хэвийн хэмжээнд барих, жимс жимсгэнэ, хүнсний ногоо түлхүү хэрэглэж эрүүл хооллох, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, арьсаа хамгаалах зэргээр дадал зуршлаа өөрчлөх нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг байна. Мөн үзлэг оношлогоонд хамрагдах нь хорт хавдрыг хүндрэхээс өмнө эрт илрүүлж, эмчлэхэд тустай.

 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг