sonin.mn

2024 онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм. Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин өнгөрсөн онд 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна. Энэ удаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг нэрлэж байна. Тосонцэнгэл сум 1924 онд Хөвсгөл аймаг анх байгуулагдахад бий болсон байдаг. Аймагтайгаа нас чацуу гэж болно.


Тус сумын 100 жилийн ойн наадам өргөн болж улс, аймаг, сумын цолтон оролцсон 128 бөх зодоглоход Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж түрүүлж мөн сумын аймгийн начин Д.Баасанбаяр үзүүрлэжээ. Их шөвөгт буюу дөрөвт улсын начин Ц.Сандагдорж, аймгийн арслан М.Цэрэн нар үлдэв.


Түрүү бөх Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж энэ сумын уугуул нэгэн. Сайн ч бөх, бие галбир сайхан ч бөх. 2006 онд аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэнээс хойш улсын баяр наадамд 15 жил амжилттай барилдаж нэг түрүүлж, нэг үзүүрлэж, 10 удаа шөвгөрсөн юм билээ. Улсын баяр наадамд есөн жил тасралтгүй зодоглосон.


2009 онд улсын баяр наадамд тав давж улсын начин, 2011 онд зургаа давж улсын харцага цол хүртсэн. Энэ цолоо гурван удаа баталсан байдаг.


Тэгээд 2017 онд улсын баяр наадамд ес даван түрүүлж Монгол улсын арслан цол хүртжээ. Түүний багш нь гэвэл чөлөөт бөхийн ОУХМ, Үндэсний бөхийн аймгийн арслан, Женко клубийг үүсгэн байгуулагч С.Мөнхсүх юм. Арслан цолтой болсноосоо хойш 2018 оны улсын наадамд зургаа даваад долоогийн даваанд улсын заан Н.Жаргалбаярт барьцгүй хавсруулж унасан. Тэгвэл 2022 онд мөн зургаа давж чимэг нэмсэн. Бас 2016 онд даншгийн өсөх идэр начин болсон. Мөн онд гал бичин жилийн сар шинийн барилдаанд түрүүлж байв.


Харин сүүлийн нэг наадамд азгүйдсэн дээ. Зургаагийн даваанд даян аварга Н.Батсуурьтай барилдахдаа хаялцалгүйгээр идэвхийн дүрмээр унасанд тооцогдсон юм. Ц.Содномдорж арслан уран, хийцтэй барилдаанаараа үзэгчдийг баярлуулж чаддаг бөх. Улсын баяр наадамд 10 удаа тунаж барилдсан онцлогтой юм.


Үзүүрлэсэн бөх Д.Баасанбаяр бол өсөж яваа залуу бөх. Түүний анхны амжилт гэвэл Хөвсгөл аймгийн Мөрөн сум байгуулагдсаны 56 жил, анхдугаар үндсэн хуулиа баталсны 93 жилийн ойд зориулсан “Уранмандал” хайрханы хишиг барилдаанд сумын харцага цолтойдоо түрүүлсэн бол дараа нь аймгийнхаа баяр наадамд тав даван аймгийн начин цолд хүрсэн юм билээ. Их шөвгийн нэгэн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Сандагдорж 2020 оноос хойш улсын наадамд аймгийн арслан цолтойгоор тасралтгүй барилдаж байгаа. Гурван удаа дөрөв давсаны эцэст 2021 онд аймгийн арслан Б.Бат-Орших сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсоноор улсын начин цол нөхөн олгогдсон. Мөн аймгийн арслан М.Цэрэн улсын баяр наадамд гурав, дөрөв давж үзсэн сайн бөхийн нэг юм. Заал, танхимын барилдаанд гайгүйхэн барилдаж харагддаг юм.


Д.НАМДИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин