sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 8 /CNN/. Америкийн тэрбумтан, “Washington Post” сонины эзэн Жефф Безосыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын өмнө өвдөг сөгдөж буйгаар дүрсэлсэн шог зургийг нь нийтлэхээс татгалзсан тул Пулитцерийн шагналт шог зураач Энн Телнаес тус сонинд цаашид ажиллахгүй гэдгээ мэдэгджээ. “Миний хэвлүүлэхээр өгсөн шог зургуудын талаар хянан өөрчлөх санал хүсэлт ирүүлж, бүтээлч яриаг өрнүүлж, зарим нэг өөрчлөлтийг оруулж байсан боловч энэ бүх хугацаанд хэнийг, юуг зурсан бэ гэдгээс шалтгаалан миний зураг хэвлэгдэхгүй байсан тохиолдол үгүй. Энэ цаг мөчийг хүртэл” гэж 2008 оноос хойш “Washington Post”-д ажиллаж буй Э.Телнаес “Substack” платформ дахь хаягтаа бичсэн байна.  


Уг шог зурагт Ж.Безос, “Meta”-гийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг, “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Альтман нар өвдөг сөгдөн Д.Трампын хөшөөнд ууттай бэлэн мөнгө өгч буйгаар дүрсэлсэн бөгөөд тэдний хажууд “Los Angeles Times” сонины эзэн Патрик Сун-Шион уруулын будаг барин сөхрөн сууж байхаас гадна Микки Маус мөргөж буй нь харагдана. Э.Телнаес шог зурагтаа “Ерөнхийлөгчөөр сонгогдсон Трампын таалалд нийцүүлэхийн тулд бүхнийг хийж буй технологийн салбарын тэрбумтан болоод хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээний удирдах албан тушаалтнуудыг шүүмжилсэн” хэмээн ярьжээ. Харин “Washington Post” уг зургийг хэвлэхээс татгалзсан нь “тоглоомын дүрмийг өөрчилж, чөлөөт хэвлэлд саад учруулсан явдал болсон" гэж нэмж хэлсэн байна. 


Америкийн улс төрийн шог зураачдын холбоо энэ талаар гаргасан мэдэгдэлдээ, “Washington Post” сонины шийдвэрийг зэмлэн буруушааж, тус сониныг “хулчгар цензүүр тогтоосон, улс төрөөс айж эмээсэн” хэмээн буруутгажээ. 


Өнгөрсөн 11 дүгээр сард болсон сонгуулийн өмнөхөн Ж.Безос дэд ерөнхийлөгч Камала Харрисыг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасны дараа “Washington Post”-ын редакторуудын зөвлөлийн хэд хэдэн гишүүн болон алдартай сэтгүүлчид ажлаасаа гарсны дараа энэ үйл явдал болж байна. Ж.Безосын маргаан дагуулсан шийдвэр нь уншигчдын дургүйцлийг төрүүлж, 250 мянга гаруй уншигч захиалгаа цуцалж байв.


Ж.Безос өнгөрсөн сард Д.Трамптай Флорида дахь Мар-а-Лаго эдлэн газарт нь хамт оройн зоог барьсан бөгөөд “Amazon” компани Д.Трампын тангараг өргөх ёслолд нэг сая доллар хандивлахаа мэдэгдсэн юм.


Мөн ABC телевизийн толгой компани болох “Disney” Д.Трампад 15 сая доллар хандивлажээ. Түүнчлэн “Facebook”, “Instagram”-ыг эзэмшдэг “Meta” компани М.Цукерберг Д.Трамптай ганцаарчилсан уулзалт хийснийхээ дараа түүний тангараг өргөх ёслолд зориулж нэг сая доллар хандивлахаа зарласан билээ. Харин Биотехнологийн салбарын тэрбумтан П.Сун-Шионы эзэмшдэг “Los Angeles Times” сонин 10 дугаар сард К.Харрисыг дэмжихээ зогсоосон нь захиалагчдын дургүйцлийг төрүүлж, долоон гишүүнтэй редакторын зөвлөлийн нэг гишүүнээс бусад нь огцроход хүрч байв.





Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг