sonin.mn

Халхын гол ялалтыг гутаан доромжлогсод нэг сайхан баримттай бөгөөд үүнийгээ байн байн ярьж Оросыг муучлан шүлсээ үсчүүлэх бөлгөө.


Болсон явдал гэвэл: Дайны дундуур БНМАУ-ын 8-р морьт дивизийг зөвлөлтийн 9 онгоц довтолж бөмбөгдсний уршгаар манай 22-р морьт хороо асар их хохирч, 82 монгол цэрэг амь үрэгдэж, олон хүн шархдаж, цэргийн 300 гаруй үхэр, адуу, уналга, ачлагын тэмээд алагдсан. Үүний улмаас орлогч жанжин, корпус командлан захирагч Ц.Лувсандонойг баривчилж хороосон. Энэ явдлыг тайлбарлах нь монгол судлаачийн үүрэг юм.


“Эндүүрч галлах”, “өөрсдийнхнөө галлах” гэдэг бол цэргийн нэр томъёо бөгөөд дэлхийн аль ч армид түгээмэл ойлголт юм. Энэ бол цэрэг, цэргийн анги эндүүрэн өөрийн тал руу гал нээх үзэгдэл юм.


Эндүүрч галлахыг АНУ-ын армид “фратрицид” буюу “ах дүүсээ алах” гэж, Английн армид “нөхөрсөг гал” буюу “friendly fire” , эсвэл “хөхийн эсрэг хөх” буюу “blue versus blue” гэж нэрлэдэг.  


Эндүүрч галлах бол аль ч дайны түгээмэл бөгөөд салшгүй шинж юм. Эндүүрч галлах нь байлдаж буй армийн зэвсэг хэрэгсэл, дайны шинж чанар, ёс суртахууны үнэлэмжээс үл хамааран байлдаж буй бүх армийн түүхэнд түгээмэл байдаг үзэгдэл юм.        


1418 онд оросын Хлынов хотынхон (одоогийн Киров) өөрсөддөд нь туслахаар ирж явсан холбоотон Устюг хотын цэргүүдийг харанхуй шөнө дайсан гэж эндүүрээд байлдаж гарч. Түүхч Рязанцевын тэмдэглэснээр энэ эндүүрэлд 5000 хүн амь үрэгджээ. Манай монголд “аргалан дээлтэй дүүгээ би чинь андуу хараад намначихлаа” гэсэн дуу хүртэл бий.  Дайн моторжих хэрээр цэргийн хөдөлгөөний хурд ихсэж, энэ хэрээр эндүүрч галлах явдал байнга гарах болжээ. Ялангуяа дэлхийн I болон II дайны үед эндүүрч галлах явдал түгээмэл биш ч байнга тохиолдох үзэгдэл болжээ.


1943.07.11-нд Сицилийн районд 2000 десантчин суулгасан америкийн 144 тээврийн онгоц орж иржээ. Харин тэнд байсан америкийн зенитчид немцийн дайралт гэж эндүүрээд гал нээжээ.


Тэр өдөр америкийн зенитчид өөрийнхөө 23 онгоцыг сөнөөж, 57 онгоцыг гэмтээжээ. Энэ эндүүрлийн улмаас 87 десантчин, нисэх экипажийн 60 нисгэгч, нийтдээ 319 хүн амь үрэгджээ. Халхын голын дайны хувьд гэвэл зөвлөлтийн тал ч, японы тал ч эндүүрэн өөрсдийгөө галласан явдал хэд хэд гарсныг Р.Болдын номонд тодорхой өгүүлсэн нь бий. Дайны үед эндүүрэл гарах нь байдаг үзэгдэл юм. Холбоо харилцаа, техник технологи сайтар хөгжсөн одоо үед ч гэсэн эндүүрч галлах явдал байнга гардаг бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.  


Эндүүрч галлах нь 2 үндсэн алдаанаас үүсдэг гэж ном зохиолд дурддаг. Нэгдэх нь байрлал эндүүрсэн, удаах нь өөрийнхнөө таниагүй. Үүнийг өөрөөр “байлдааны манан” гэж нэрлэдэг.


Энэ хоёр алдаа голдуу их бууны галлалт, нисэх онгоцны бөмбөгдөлтийн үед түгээмэл гардаг. Мөн нисэх онгоцныхоо доод талд ялгах тэмдэг хийгээгүй бол агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин өөрийн онгоцыг унагадаг явдал ч олон тохиолддог. Эндүүрч байлдах явдал ганц нэг харуул алахаас эхлээд тасаг, салааны хооронд ч болдог. Заримдаа рот, батальоны түвшинд байлдсан тохиолдол цөөнгүй бий. Энэ нь таних болон ялгах тэмдэг байхгүй, цаг агаарын муу нөхцөл, ялангуяа өөрийн хүний цэргийн байрлалыг мэдээгүй зэргээс болж үүсдэг.  


Хамгийн хачирхалтай нь өндөр технологийн одоогийн дайнд эндүүрч галлах явдлын тоо тасралтгүй өсч байна. “Цөлийн шуурга” ажиллагааны үеэр АНУ-ын цэргийн амссан хохирлын 17%-оос 23% нь эндүүрч галласны үр дүн гэж судлаачид тооцож гаргажээ.


Үүний дараа америкчууд эндүүрч галлахыг зогсоох талаар иж бүрэн арга хэмжээ авсан боловч хохирол бас л их хэвээрээ байсан аж. Оросын хувьд ч гэсэн адилхан. Афганистан, Чечень, Гүржид, одоо бол Украинд эндүүрч галлах тохиолдолд нэг бус удаа гарсан. Одоо надад дэлхийн олон армийн эндүүрч галласны талаарх асар олон баримт сэлт байна. Гэвч энэ бүхнийг дурдах нь илүүц гэж бодож байна.   


Одоо шинжлээд үзье


Монголын 22-р морьт хороо: “тэр тэр районд бөөгнөрсөн япон-манжийн цэргийн байрлалыг эзэл” гэсэн тушаал авлаа. Тушаалыг тэр үед газрын зураг дээр зааж өгдөг байсан. Тэгээд очтол баргын морьт цэрэг аль нэг тийшээ явж, алга болсон байж. Манайхан тушаалд заасан байрлалыг эзэлж л таараа.


Түүнтэй бараг нэгэн зэрэг оросын удирдлага “тэр тэр районд бөөгнөрсөн япон цэргийн байрлалыг дайрч устга” гэсэн тушаал нисэх хүчиндээ өгчээ. Тэр үед цэргийн холбоо харилцаа, ялангуяа зохицуулалт тун сул байсан нь мэдээж хэрэг.


Оросын нисгэгчид радио холбоо байхгүйгээс гадна Дорнод монголын талд баримжаа авах юм юу ч байхгүй, хязгааргүй уудам нүцгэн талд нисэж яваа. Орос нисгэгчдэд дайралт хийх газрын баримжааг заасан газрын зургаас өөр юу ч байхгүй. Түүний дээрээс 2000-3000 мянган метрийн өндөрт нисэж яваа нисгэгчид монголын морин цэрэг, баргийн морин цэрэг хоёрыг ёстой ялгаж харагдаач. Ялгах ямар ч боломж байхгүй… Харин монголын тал эзэлж авсан газартаа тухайн үед түгээмэл хэрэглэж байсан ялгах тэмдэг тавихаа мартсан юмуу, ер нь бол тавиагүй аж. Ингээд л эмгэнэлт явдал болжээ.


Одоо бол тасалгаанд суугаа түүх сонирхогч баагий энэ явдлыг сүр бадруулан зөвлөлтийн нисгэгчид монголчуудыг санаатайгаар буудаж устгасан гэж сүр бадруулж, оросуудад өш хонзон санаж орилох нь зүгээр л тэнэглэл юм.


Одоо тэр “мэргэн цэцэн” баагийнуудыг АН-2 онгоцонд суулгаад Дорнод Монголын талаар нисгэвэл тэд хүн мал хоёрыг ч ялгаж харж чадахгүй гэж мөрийцсөн ч болно. Түүхчид түүхэн баримт гэж ярих их дуртай. Хэрэв болж өнгөрсөн үйл явдал, ялангуяа дайны талаарх нь мэдлэггүй бол ямар ч түүхэн баримт тус болохгүй. Баримт барьж зүтгэсэн түүхч шиг тэнэг хүн байхгүй. Учир нь түүхэн баримтууд цаг ямагт дутуу буюу зөрчилтэй байдаг бөлгөө. Болж өнгөрсөн эмгэнэлт явдлыг би зөв гээгүй. Харин эндүүрч галлах бол дайны салшгүй шинж бөгөөд эмгэнэлт тохиолдол гэдгийг л хэлж байна.


Харин өөрсдийнхөө бөмбөгдөлтөд өртөж амь үрэгдсэн монгол дайчид бол Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь насаа алдсан баатруудын тоонд зүй ёсоор орно.


Судлаач Х.Д.Ганхуяг



Эх сурвалж: https://gankhuyag.com/


Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу