sonin.mn

Халхын голын ялалтын ой болгоноор гадаадад худалдагдсан Баабар тэргүүтэй хэсэг баагий Их Ялалтыг гутаах суртал нэвтүүлэг хийдэг нь бараг “ёс заншил” болов. Өөрийнхөө ялалтыг үгүйсгэж, тухайн үеийн дайснаа магтан дуулдаг улс дэлхийн бүх үеийн түүхэнд ганц ч байхгүй. Харин Монголд Баабар тэргүүтэн ялалтаа үгүйсгэх солиотой ажлыг манлайлж байна.


Манай түүх бичлэгт яг Халхын голын дайныг голлон бичдэг, харин түүнээс өмнө Халхын голтой холбоотойгоор өөр газарт болсон үйл явцыг огт мэдэхгүй. Энэ нь Халхын голтой маш их холбоотой учир энэ тухай өгүүлбэл Халхын голын үйл явдал илүү тодорхой болно. Энэ тухай товч өгүүлье:


Манай зүүн хязгаарт хар үүл бөөгнөрөв


Орост Зөвлөлт засаг тогтсон, Хятадад шинэ засаг тогтсоны дараа Алс Дорнод, Байгалийн чанад, тодруулбал Транссибирийн төмөр зам тойрсон будлиан, зэвсэгт мөргөлдөөн байнга гарах болов.

Алс Дорнодод 1923 онд Зөвлөлт засаг тогтсоны дараа жилээс л хятад-оросын хооронд байнга том жижиг мөргөлдөөн гарах болов. Энэ мөргөлдөөнд Манжуурт дүрвэн гарсан олон тооны цагаантнууд гол үүрэг гүйцэтгэв.


1923 оноос эхлэн цагаантны том жижиг отрядууд хүн ам суурьшсан том суурингууд руу довтолж, Трансибирийн төмөр зам дээр хорлон сүйтгэх ажиллагаа эхлүүлэв. 1929 онд хятадууд Манжуур дахь консулын газрыг хааж, мэргэжилтнүүдийг нь хөөж явуулав. Үүний улмаас 1929 онд Орос-Хятадын хооронд жижиг гэхээргүй байлдаан болжээ. Энэ талаар монголчууд байтугай, оросууд ч мэдэхгүй олон жил болсон.

1932 онд япончууд манжуурыг эзэлж, Манж-го улсыг тунхагласнаар хилийн будлиан асар их нэмэгдэж, нэрэн дээрээ манжууд, нидэр дээрээ япончууд оросын нутаг руу буудах, хорлон сүйтгэх отряд явуулах зэрэг тасралтгүй өдөөн хатгалга хийх болов.   

1932-1940 онуудад япончууд зөвлөлтийн хилийг 891 удаа зөрчиж, зөвлөлтийн нутаг, усан онгоц руу 433 удаа гал нээж, 57 зэвсэгт дээрэмчдийн отрядыг Зөвлөлт рүү оруулжээ. Энэ хугацаанд Зөвлөлтийн хилчид 2732 хил зөрчигчийг баривчилжээ.    


Япончууд энэ өдөөн хатгалгаа юуны өмнө цагаантнуудаар голдуу халхалж байв. Манжуурын цагаантнуудын дунд буриадууд цөөнгүй байсан бололтой. Энэ нь 1937 онд Монголд байсан буриадуудыг илүүтэй хэлмэгдүүлэх дам нөхцөл болсон ч байж магадгүй.


Япончууд өдөөн хатгалгаа улам эрчимжүүлж, зөвхөн 1935 оны эхний 7 сард японы нисэх хүчин зөвлөлтийн хилийг 24 удаа, японы усан хөлгүүд 46 удаа зөвлөлтийн хилийг зөрчиж, хил давуулан 33 удаа гал нээжээ. Харин японы талаас зөвлөлтийг 126 удаа хилийн зөрчил гаргасан гэж эсрэгээр баталдаг.


1935 оны сүүлээр тус бүр нь 20-100 хүн оролцсон нэлээд том зэвсэгт мөргөлдөөн байнга гарах болов.

1935 онд орос японы хооронд 10 зэвсэгт тулгаралт болж байсан бол 1936 онд 12, түүний дотор маш олон зэвсэгт өдөөн хатгалга болжээ.

Улмаар зэвсэгт мөргөлдөөний тоо 1936 онд 50, 1937 онд 87, 1938 оны эхний хагаст 124 болж асар их өсчээ.     

1938 оноос эхлэн зэвсэгт өдөөн хатгалга, жижиг зэвсэгт мөргөлдөөний үе шат өнгөрч, том хэмжээний тулалдааны үе эхлэв.


Нүүдэлчдийн хилийн тухай


Монгол, Манж-го хоёр хоёулаа Чин гүрний мэдэлд байв. 1911 онд Монгол, 1932 онд Манж-го улс байгуулагдсанаар хилийн маргаан будлиан байнга гарах болов. Учир нь Монгол, Манж-го хоёр нэг улсын мэдэлд байсан учраас хоорондын хатуу заагласан хилийн шугам гэж байсангүй. Нэгэнт хоёулаа нүүдэлчин ард түмэн учраас нааш цаашаагаа нэлээд гүн чөлөөтэй нүүдэллэдэг байжээ. Энэ нь хилийн будлиан гарах суурь нөхцлийг бүрдүүлжээ. Аль аль тал нь “манайх тэнд өвөлжиж байсан, энд зусаж байсан, энэ бол манай нутаг” гэж нотлох үй түмэн баримт гаргаж чадаж байв.


Уг нь бол Манжуурын ихэнхи хэсэг манай Цэцэн хан аймгийн нутаг юм. Монголын тал хилийг Цэцэн хан аймгийн уугуул нутгаар татна гэхэд Манж- го хилийг Халх голоор тавина гэж зүтгэж байв. Уг нь Монголын зөв юм.


Хилийг нарийвлан тогтоох боломжгүй байдал нь геополитикийн түвшинд өрсөлдөн тэмцэлдэж буй Зөвлөлт, Япон хоёрт сайхан далим болсон юм.


Эрүүл ухаанаар бодоод үзэхэд Зөвлөлт нь Монгол Улсыг хамгаалж, газар нутгийг нь өргөтгөх, харин Япон нь Манж-гог хамгаалж, манжийн газар нутгийг өргөтгөх (энэ нь Монголын газар нутгаас булаан авна гэсэн хэрэг) цэрэг-улс төрийн стратеги баримталж байсныг нотлох нь илүүц.  


Гэтэл ноён Баабар үүнийг “ойлгосонгүй”, газар нутгаа Японд өгөх нь “зөв байсан” гэж нотолж байна.
Монгол цустай ямар ч монгол хүн газар нутгаа алдах нь зөв байсан гэж амьд яваа цагтаа хэлэхгүй.       


Японы төлөвлөгөө   


1938 оны 7-8-р сард оросууд “Хасан нуурын байлдаан”, японууд “Чанкуфений будлиан” гэж нэрлэдэг тулалдаан болов. Энэ нь Манж-го Хасан нуурыг өөрийн нутаг гэж нотолсонтой холбоотой. Япончууд Манж-гогоор далимдуулан Хасан нуурын районыг эзлэхэд Оросууд цэргийн хүчтэй том бүлэглэл бүрдүүлж, япончуудыг Хасан нуурын районоос 4 хоногийн дотор хөөн гаргав.


Япончууд 30-аад оны эцэст ЗХУ-ын эсрэг “Оцу” нэртэй цэрэг-стратегийн том төлөвлөгөө боловсруулж, 1938 онд нэмж тодотгол хийжээ.


“Оцу” төлөвлөгөөнд Зөвлөлтийн Алс дорнод, мөн манжуур, умард Хятадыг эзлэн авах санаархлыг тусгасан бөгөөд үүнийгээ тэд “харилцан цэцэглэх хүрээ” гэж томъёолж байв. Өөрөөр хэлбэл японы “харилцан цэцэглэх хүрээ” гэдэг нь монголыг оролцуулсан газар зүйн бүс нутгийг илэрхийлж байна. Эхний шатанд зөвлөлтийн Владивосток, Благовещенскийг эзлэх, удаах шатанд Николаевск-на-Амуре, Комсомольск-на-Амуре, Умард Сахалин, Петропавловск-Камчатскийг эзлэхээр төлөвлөжээ.

Түүнээс гадна япончууд “Агуу их Зүүн Азийн харилцан цэцэглэх хүрээ”, “Азийг азичуудад”, “Цагаан колоничлогчид сөнөтүгэй”, “Азийн ард түмнүүдийн эдийн засгийн байр суурийг бэхжүүлье” гэсэн уриа лоозон дэвшүүлж, дайны системтэй суртал нэвтрүүлэг явуулж байв.


Одоо ноён Баабар тэргүүтэн “Японд Монголыг эзлэх төлөвлөгөө байгаагүй” гэж нотолж байна.
Манжуурт байсан японы Квантуны арми Зөвлөлтийн эсрэг “Оцу” төлөвлөгөөнд японы армийн өмнөд жигүүрийн давшилтыг хангах гол үүрэгтэй байжээ. Энэ нь шууд утгаараа Монголыг эзэлнэ, эсвэл монголын зүүн хэсгийг таслан авна гэсэн хэрэг юм.   


Энэ бол япончуудын Монголтой байлдах, Халхын голын районыг эзлэх төлөвлөгөөнөөс өөр зүйл биш гэдгийг усан тэнэг ч гэсэн ойлгоно. Харин ноён Баабар үүнийг “огт ойлгосонгүй”.

Ноён Баабарын нотолгоогоор японы “зөв” байсан юм бол цэргийн өргөн хүрээтэй давшилт хийж, Халх голыг гатлан баруун эрэгт гарсан японы байлдааны ажиллагаа бас л “зөв” болж таарна. Энэ нь ноён Баабар Халх гол, Буйр нуур, одоогийн Монголын нефтийн районуудыг Японд таслан өгөх нь “зөв” гэж хэлснээс огт ялгарахгүй.


Зөвлөлт-монголын армийн ялалтын хүчээр бид энэ сайхан газар нутгаа хамгаалж хойч үедээ үлдээсэн юм.


Хэрэв Халхын голын дайныг шүүмжилбэл “1939 онд Монголчууд нэг мөсөн цааш давшиж, Манж-гог тэр чигээр нь эзэлчихсэн бол санаа амар байхгүй юу ?!” гэж монгол сэтгэлгээтэй хүн бодох ёстой. Харин ноён Баабар гадаад сэтгэлгээтэй учир ингэж бодож хэзээ ч чадахгүй…   


Энэ бол Эх орон, нэр төрөө тэр чигээр нь худалдсан гэмт явдал мөн.

Эрт үеийн милитарист Япон, одооны энхтайван ч Японы хоёр эрс тэс ялгаатай. Японтой сайн хөршийн харилцаатай байхыг би огт үгүйсгээгүй. Харин Японд саймшрах гэж ялалтаа гутамшиг болгон зарлаж тэнэглэхийг л би эсэргүүцэж байна.

Японоос “Мандах нарны одон” авсныхаа шанд Эх орноо, мөн өөрийгөө худалдах эрхийг Баабарт хэн ч олгоогүй. Би лав Баабарыг Монгол Улсын иргэн гэхэд ихэд эргэлзэж байна…


Судлаач Х.Д.Ганхуяг.


2024 оны 09 дүгээр сарын 06


Эх сурвалж: https://gankhuyag.com/




Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу