sonin.mn

“Монголын түүхийн философи (нэн эртнээс XXI зууны эхэн)” номыг маань уншсан олон хүн “Та ХХ зууны түүхэнд онцгой анхаарах ёстой байсан бус уу?” гэж асуудаг юм. Энэнд тайлбар өгөх учиртай.


НЭГДҮГЭЭРТ; Ном маань он дараалан, түүхийн явцыг ягштал дагаж бичигдсэн түүх огт биш, харин түүхийг үзэх, ойлгох, судлах онол-аргазүй, Монголын түүх хэмээх салбар шинжлэх ухааны философи үндэслэл юм.


ХОЁРДУГААРТ; Энэ номыг анх бичиж эхэлсэн 1990-1995 оны үесэд ХХ зууны түүх маань түүх болж чадаагүй, ашиглагдах ёстой гол, чухал баримтууд нь ч ил болоогүй, түүхийг өөртөө ашигтайгаар гуйвуулж, зохиож бичих, худал түүхийг үнэн мэт сурталчилж өргөн олныг төөрөгдүүлэх зорилготой улстөрийн хүчин (гадаад, дотоод), хүмүүсийн нөлөө ч хүчтэй байсан юм. Асар их баримтуудын ил болохыг, нууцаас гарахыг хүлээх, түүхэн үнэнийг олж, хэлж, бичиж чадах оюунлаг хүмүүс, түүхчид буй болохыг хүлээх, түүх гуйвуулж элдвээр ашиглаж ирсэн хүмүүсийн нэр, нөлөө сулрах, үгүй болохыг хүлээх, жинхэнэ түүхэн үнэнийг хүлээн авах, ойлгох хэмжээ, түвшинд ядаж л сэхээтний давхраа маань боловсрох, хүрэхийг хүлээх хэрэгтэй байлаа.


ГУРАВДУГААРТ; Нэн эртнээс XXI зууны эхэн гэсэн урт хугацаа дахь монгол хүн, монгол угсаатан, монгол төр улсын түүхийн ерөнхий дүр зургийг тойм төдий боловч нэгтгэн, товчлон гаргах нь нэн чухал байв. Ерөнхий дүр зураг үнэн аваас түүний тусгай хэсгүүд, бүрэлдэхүүн хэсгүүд, нэгж хэсгүүд зөвөөр гарах магадлал өндөр болох ёстой шүү дээ.


ДӨРӨВДҮГЭЭРТ; Монголчуудын түүхийг нэн эртнээс XXI зууны эхэн хүртэл түүхэн үнэнээр нь бичнэ гэдэг бол олон хүний, удаан хугацаанд хийж чадах нэн хүнд, нөр их ажил юм. Энэ чухал ажил, зорилгыг монголын шилдэг түүхчид, олон улсын монгол судлаачид хамтарч байж, төр засгаас онцлон анхаарч, дэмжиж, явцыг нь гар таталгүй санхүүжүүлж байж л хэрэгжүүлэх боломжтой. Нэг хүн, нэг хэсэг хүний үүрэг, роль энэ ажлын хувьд жолдно, хангалттай, чанартай үр дүн гарахгүй.


ТАВДУГААРТ; Түүхийг түүхэн үнэнд нь аль болохоор ойртуулж таних, тогтоох, бичихийн тулд түүхчдийн санал солилцолт, хэлэлцүүлэг, маргаан, шүүмж, онол-аргазүйн семинарууд, олон улсын монгол судлаачдын оролцооо заавал байх учиртай, судлаачдын гал тогоонд асар их бүтээлч үйл ажиллагаа нээлттэй өрнөж байх ёстой.


ЗУРГАДУГААРТ; Монголын түүхийн аль ч үеийг ойлгох, судлахад улстөрийн шинжлэх ухааны оролцоо нэн чухал. Улс үндэстнүүдийн түүх, түүхэн үзэгдлүүдийг тойрсон харилцаа, үнэлгээ бол гол төлөв л улстөрийн шинжтэй байдгаас цаад, гүнийн учрыг нь тайлах боломж юуны өмнө л улстөр судлалд, улстөрийн зорилго, сонирхлыг нь тодруулахад байдаг.


Жишээ нь, Монгол орон, монголчуудын талаар явуулсаар ирсэн Хятад, Оросын улстөрийн бодлогын цаг цагийн наад, цаад ил, далд учрыг улстөрийн шинжлэх ухааны үүднээс ухаж ойлгохгүйгээр Монгол, Орос, Хятадын харилцаа хийгээд хоёр их хөрштэйгөө нягт холбогдсон Монгол улсын түүхийн олон ээдрээ, зангилааг тайлах аргагүй.


Өөрөөр хэлбэл, улстөрийн шинжлэх ухааны үүднээс хийгдсэн нарийн нягт анализгүйгээр энэ гурван улсын харилцааны түүх, түүхийн философийг үнэнд ойролцоогоор ойлгох, бичих бололцоогүй. Түүхийн баримт, материалуудын шууд, ил утгыг хичнээн ч олон янзаар өрж, зүйж үзээд үнэнд төдийлөн ойртохгүй. Учир нь, нэг талаас, энэ гурван улсын харилцаанд хамаарах түүхэн баримт сэлтийн ихэнх нь тэдгээрийн харилцаа, үйл явцын цаашдын өрнөлтийн шууд, үнэн тусгал, илэрхийлэл ер биш, нөгөө талаас, зуун зууны турш дахь, тэр дундаас ХХ зууны турш дахь Монголын нийгмийн амьдрал бол өөрийнх нь жам ёсны амьдрал биш, харин гадны шийдвэрлэх оролцоо, зориудын санаачилгаар зохиомлоор явуулсан бохир туршилт мөн болно. Том хүчирхэг улс үндэстэн, эзэнт гүрний холч, далд бодлогын утаан хөшгөнд автаж төөрөлдсөн бага буурай улс, үндэстний хувьд эх түүхээ, явж өнгөрсөн замаа, алдаа оноогоо, улстөрийн зүтгэлтнүүдээ жинхэнэ бодит нүүр царайгаар нь таньж тогтоох ажил ёс юм шиг эргэж хийгдэх ажил болон үлдэж хоцордог жамтай. Ер нь улс, үндэстэн нэг бүрийн түүхийн түүх шиг олон зангилаа, их ээдрээтэй зүйл хорвоод үгүй юм. Монголчууд бидний хувьд л гэхэд 


  • Үнэн мөнөөрөө бичигдэж байсан үе үеийн тасархай түүх,
  • Урд ба хойд хөршийн урвуулж өөриймшүүлсэн хиймэл түүх,
  • Сайн нөхдийн “сайжруулж” бичсэн магтаал түүх,
  • Том эрдэмтэн царайлагчдын тохиолдуулж айлдсан үлгэр түүх,
  • Уран зохиолыг түүх мэтээр ойлгосон худлаа түүх,
  • Дотоод, гадаадын улстөрийн нам, НАХЯ-ны захиалга, жороор бэлтгэсэн хуурамч, загвар түүх,
  • Зэрэг, цол горилохын эрхээр албан ёсны үзэл сурталд нийцүүлэн худал зүйлийг ч болов хүчлэн “нотолсон” зохиомж түүх,
  • Намын дарга нар бичиж ногоон гэрлээр орсон хоосон номчирхол, тунхаглал түүх,
  • Дайсагнагч этгээдээс муу үгээр довтолж, шүлсээр нулимж бичсэн хогийн түүх,
  • Хүчирхэг явсан үеийн маань санаж хонзон өвөрлөж бичсэн хараалын түүх,
  • Бага, буурай болсныг маань хараад тавлаж, тохуурхаж бичсэн басамжлал түүх


гэх мэт төөрөлдөхөөр олон түүх, түүхэнцэр бий. Тэдгээрийн дотор том онол, сургаал түшин төөрөлдөж бичсэн түүхүүд бий, тухайн үзэгдэл, үйл явцын хувьд явуургүй жижиг зорилго тавьж бусдыг төөрөлдүүлсэн бүтээлүүд бий, шашны ашиг сонирхолд үйлчилж түүхээ самууруулан жирийн хүмүүсийг тэнгэрээс гаралтай бурхад, богдос, ид шидтэн болгож эндүүрсэн түүх ч бас бий... Гадна, дотны далд санаа, улстөрийн олон зүсмийн ашиг сонирхол байдаггүйсэн бол нэгэн улс, үндэстний түүх чингэж янз янзаар бичигдэх учиргүй билээ. Энд танин мэдэхүйн шинж, гарвал бүхий олон ургальч байдал биш, харин улстөрийн олон байр суурь, ашиг сонирхол л голлох шалтгаан нь болдог ажээ. Ингэхлээр нэг нэгнийхээ түүх, өнөөгийн байдал, ирээдүйд хандах улс үндэстний хоорондох харилцаа, хандлага бол юуны өмнө улстөрийн харилцаа мөн болох нь нотлогдож байна. Чухам ийм болохын ойрхны жишээ бол ХХ зууны турш дахь Монгол улсын түүх, монголын өнөө, ирээдүйг үзэх гадна, дотны олон арга, хандлага, олон янз үнэлгээ, дүгнэлт, гаргалгаа мөн болно.


Хоорондоо аль нэг төрлийн харилцаагүй шахам, тэр тусмаа улстөрийн ашиг, сонирхлын элдэв шүтэлцээ, хамааралгүй орнуудын түүхчид хэн хэнийхээ түүхэнд ганцхүү түүхэн үнэний байр сууринаас хандаж чадахыг үгүйсгэж болохгүй нь мэдээж билээ.


Тэрчлэн оршин үйлчилж байгаа албан ёсны улстөрийн үзэл суртал хийгээд их ба бага улс, үндэстнүүдийн үндсэрхэх үзлээс ямагт ангид, дээгүүр байж, тэдгээрийг таньж ойлгосныхоо хэрээр нугалаа, туйлшралаас чөлөөтэй байж, ганцхүү түүхэн үнэнд л алба хаах ёстой шинжлэх ухааны түүхчийн хувь тавиланг чин үнэнчээр, ухамсартайгаар эдэлж, эрсдэж хэлмэгдсэн ч гэсэн үнэнийг улам бүр их үндэслэлтэйгээр давтан хэлж, бичиж байдаг тэр судлаачид мөн түүхэн үнэний байр суурь дээр үлдэн байж чаддагийг үгүйсгэж болохгүй. Эл хоёр тохиолдлын жишээ, баримт Өрнө ба Дорнодод цөөнгүй бий.


Их Орос, Их Хятадын үндсэрхэх үзлийн тарьж ирсэн сөрөг нөлөө, гажуудлаас бие, сэтгэлээ ангид авч явж чадсан Орос ба Хятадын шударга түүхчдийн их гавъяаг мартвал монголчууд бидэнд алдас, нүгэл болно...


ЗХУ-аас тусгайлан томилогдсон нэр, зартай том түүхчид, дээр нь нэмэгдээд МАХН-ын Төв Хорооноос мөн тусгайлан томилогдсон түүхчдийн хамтарсан хүчээр бичигдэж Зөвлөлт, Монголын төр, засгийн сайшаасан товч түүхийн үг үсэг, үзэл санааны хүрээнд л дараа дараачийн түүхүүд бичигдэж, их, дээд сургуулиудад сурах бичиг болон ашиглагдаж байлаа. Мөн уг түүхүүдийн үг үсэг, үзэл санааны хүрээ, хязгаар дотор л уран сайхны ном, жүжиг, кино бичигдэж, бүтээгдсээр иржээ. Товчилж хэлэх аваас монголчуудын оюун санааны ертөнц ХХ зуунд санаатай зохиомжлогдсон, худлаа түүхээр бүрэн цэнэглэгджээ. Энэний хүч, инерцийг даван туулнаа гэдэг бас л их хүнд ажил, шаггүй сорилт, хэдэн арван жил шаардахаар амь бөхтэй үзэгдэл юм байна. 2023 он гэхэд ч түүхийн хуурамчлалууд ихэнхдээ хадгалагдсан хэвээрээ, түүхийн сэдэвтэй уран сайхны бүтээлүүд ч худлааг үзүүлж, худлааг сурталчилсаар байгаа болно.


Зарим эгзэг, ээдрээтэй цаг үе, улс оронд түүхэн үнэн наад зах нь л 100-150 жилийн дараа жинхэнэ нүүр царайгаараа, хожуу ил тод болсон баримтуудаараа тодорч, тогтоогддог. Монголын ХХ зууны түүх ч мөн их л хожуу жинхэн дүр төрх, үнэн нүүр царайгаа олох бололтой...


Монгол улс, монголчууд бид хэрхэн, яаж Коминтерны болон большевизмын туршлагын туулай болсоор байсны түүхэн үнэнийг сэргээн үзүүлэх баримт, материал хангалттай их байгаа нь үнэн. Зарим судлаач мөнхүү баримтуудын тодорхой хэсэгт нь тулгуурлаад олон боть түүх бичиж, олон хувиар хэвлүүлээд, мөн олон хэлэнд орчуулж, тарааж, сурталчилсаар байна. Харин мөнхүү бүтээлүүдийг үзэх, судлах, шүүн хэлэлцэх, үнэлэх, дүгнэх ажил бараг л хийгдэхгүй байна. ШУА-ийн түүхийн хүрээлэн, их дээд сургуулийн түүхийн танхимууд энэ талаар анхаарах үүрэгтэй гэдгээ яагаад тоохгүй, тооцохгүй байна вэ? Наад зах нь л Бааварын бичсэн 12 боть номын чанар, байдлыг шүүн хэлэлцэх ёстой биш гэж үү? Ноттой баримтуудад түшиглэн түүхэн үнэнийг сэргээн өгүүлсэн нь тогтоогдох, түүхчдээр зөвшөөрөгдөх аваас энэ судлаачийн нөр их хөдөлмөр, бүтээлийг үнэлэх, шагнах ёстой. Уг 12 боть ном онол, аргазүйн хувьд, түүхийн философийн үүднээс зөв зохистой хэмээн үнэлэгдэх юм бол их, дээд сургуулиудад ашиглагдах, судлагдах учиртай. Оюутнуудад үзэх, унших чанартай ном, бүтээл тун ч цөөхөн, хомс байгаа нь үнэн шүү дээ. Бүхий л зэрэг, зиндааны номын сан, уншлагын газруудад мөнхүү ном тараагдаж, уншигдаж байх ёстой. 


Монгол хүн, монгол угсаатан, Монгол төр улсын түүхийг холбогдох бүхий л баримт, материалд тулгуурлан шинжлэх ухаанчаар ойлгож, бичиж чадах судлаачдыг бэлтгэхгүйгээр, дахин давтан мэргэшүүлэхгүйгээр, онол-аргазүйн зөв, зүйтэй үзэл, баримтлалыг тэдэнд эзэмшүүлэхгүйгээр олон талын гуйвуулга, гажуудалд гүнзгий автсан түүхийг шинэчлэх, үнэнд ойртуулж бичих бололцоогүй.


Ингэхлээр түүхчид, судлаачдыг бэлтгэх, давтан сургах, түүхэн үнэнийг таних, ойлгох, урд өмнө гарсан гуйвуулга, гажуудал, худал бүхнийг залруулах чадвар, ёс зүйтэй болгож төлөвшүүлэх явдал чухал байна. Шинэ, жинхэнэ шинжлэх ухаанч, реалист түүхчдийг бэлтгэж чадаагүй байж “түүхээ түүхэн үнэнд ойртуулж” бичих оролдлого хэд дахин ч хийгээд үр дүнд хүрэхгүй. Нэг удаа ийм оролдлого хийж, үр дүнг нь харлаа шүү дээ. Худал, хуурмагийг давтсан хэдэн ч ботийг, хэд дахин ч бичүүлээд дэвшил гарахгүй нь тодорхой билээ. Зөвхөн л түүхийн биет болон биет бус баримтууд дээр тулгуурлан, ганцхүү зөв онол-аргазүйн үүднээс, жинхэнэ шинжлэх ухаанч, реалист байр сууринаас бичигдсэн түүх төрөн гарахад нийгэм-улстөрийн таатай, зохистой орчин, нөхцөл ч бас хэрэгтэй байдаг. Эх түүхээ шашинжуулж, улстөржүүлж, ангич, намч байр, сууринаас хандаж, эсвээс аль нэгэн -измд төөрөлдөн хөтлөгдөж, мөн хэн нэгэн том түүхч хэмээгдэгчдийн үг, үнэлгээг дагалдаж бишгүй л олон алдаа, гажуудал гарчээ. Тэр бүхнийг даван туулнаа гэдэг “намхан даваа” огт биш юм байна. Тийм юм гэдэг нь өнгөрсөн 30 гаруй жилийн турш дахь нийгмийн практикаас харагдлаа, нотлогдлоо. 


Баабарын олсон, цуглуулсан, ашигласан, иш үндэс болгосон баримт, материалуудтай юуны өмнө л монголчууд бид, тэр дундаас түүхчид маш нягт нямбай танилцах ёстой.


Баримт нэг бүр нь үнэнийг өгүүлж байна уу, болоод өнгөрсөн бүхэнтэй нийцэж, дүйцэж байна уу, эсвээс хэн нэгнээс хэн нэгэнд санаатай илгээсэн худал мэдээлэл, төөрөлдүүлэх гэсэн оролдлого уу, цаад эздийн нь жинхэнэ санаа, зорилго нь мөн үү, эсвээс туршсан, сорьсон хүсэлт, бичиг үү гэхчилэн эргэлзэх, шалгах зүйл ч их байдаг шүү дээ. Хожуу нь өөрчилж, засварласан, нэмсэн ба хассан, жинхэнэ эхийг нь устгаад өөр бичгээр орлуулсан тохиолдол ч цөөн бус. Чухам тиймээс өөр өнцгөөс, өөр субъектын үг, үйлдлээр, өөр мэдээ, баримтаар дам болон шууд нотлох шаардлага ч бас гардаг юм. Миний бичсэн “Монголын түүхийн философи (нэн эртнээс XXI зууны эхэн)”, мөн “Дэлхийн түүхийн философи (нэн эртнээс XXI зууны эхэн)” гэсэн номыг ч гэсэн мөн л хатуу шүүн хэлэлцэх, нягтлан үзэх, шалгах нь зөв болно. Дутагдал, согог, алдаа, эндүүрэл бол байдаг л зүйл. Гол нь танигдсан, тогтоогдсон байх нь л чухал. Танигдсан алдаа, дутагдал л цаашид давтагдахгүй шүү дээ. Судлаач хүн санал, шүүмж хүлээж, нотолсон ч бай, няцаасан ч бай ялгаагүй зөв зүйтэй хандлаганд талархаж, үнэ цэнтэй зөвлөгөө бүхэнд олзуурхаж байдаг жамтай билээ.


Би ШУА-д 40 гаруй жил ажилласан, үүнээс 5 жилийг нь түүхийн хүрээлэнд, үлдэх жилүүдийг нь философи, социологи, төр эрхийн хүрээлэнд өнгөрүүлжээ. Ингэхлээр би ахмад болон дунд үеийн түүхчдийг бараг 100 хувь танина, юу юу бичсэн, хийснийг ч мэднэ.


Тэдний ихэнх нь ердийн л нэг цалин аваад л ажиллаж, амьдарч байсан хүмүүс. Монгол хүн, монгол угсаатан, Монгол төр улсын түүхийг энэ гурван шугамын дагуу бүрэн бүтнээр нь, түүхэн үнэнээр нь сэргээчих юмсан гэсэн чин сэтгэл, зүтгэл тэдний хэнд нь ч байгаагүй. Оноогдсон үүргээ л сулхан, дулихан биелүүлсээр тэтгэвэрт гарцгаасан... Эх түүхдээ элэгтэй, түүхэн үнэнийг л чухалчилдаг, иш үндэс баримттай, маргахын аргагүй бүтээл туурвидаг, түүх уламжлалаа дээдэлдэг, монголчууд түүхийн ухамсраараа нэгдмэл байгаасай, үндэстэн улсын хувьд үнэн мэдлэг, зөв мэдээлэлд тулгуурласан дархлаа сайтай байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг түүхч хүн ер нь ховор талдаа л даа. Харин Бааварт (Бат-Эрдэнийн Батбаярт) иймэрхүү шинж, зорилго, зүтгэл ажиглагддаг. Аливаа юм үнэнээрээ байх л сайхан шүү дээ. Дотоод сэтгэлдээ, чин сэтгэлдээ хөтлөгдөж уйгагүй ажилласаар чухал бүтээл туурвижээ. Их ч хүч, цаг, мөнгө зарцуулжээ. Энэнийг зохих ёсоор үзэх, үнэлэх учиртай. Хариу нэхээгүй зүтгэл байх л даа. Гэхдээ оюунлаг хүмүүсийн зүгээс “сайн үг ч үгүй, самбай хадаг ч үгүй” байж ер таарахгүй… Манай ахмад түүхчдийн хувьд архив ухах ч эрх байгаагүй, албан ёсны гэгдэх үзэл, онолоос гажих ч эрх байгаагүй. Ийм болохоор л тэднийг ойлгох, өрөвдөх, бүр уучлахаас өөр аргагүй болдог юм. Хүн бол нийгэмдээ л захирагддаг, нийгмийнхээ буулган дор амьдардаг, нийгмийнхээ модон хударганд оршдог амьтан болохоор яалтай нь ч билээ дээ… Үнэнийг таньсан мэдлэг, мэдээлэлтэй хэрнээ гар хуруугаараа худлыг бичсээр эцэслэсэн түүхчид, философичид ч цөөн биш шүү дээ. Цаг цагийн өнгө, салхи, хүчирхийлэл дор л хүн төрөлхтөн аж төрөхчөө болдог ажээ. Манай ахмад түүхчид бас л яг тэгж л нас, амьдралаа өнгөрөөжээ.


Судлаач, профессор Д.Чулуунжав