sonin.mn

"Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн: түүх, соёл, өв" сэдэвт олон улсын 5 дахь удаагийн симпозиумд Японы Токиогийн их  сургуулийн судлаач, "Шёова" эмэгтэйчүүдийн их сургуулийн багш, Сэкигүчи Олон нийтийн судалгааны нийгэмлэг, Ацуми Олон улсын санг төлөөлсөн Өвөр Монголын судлаач Боржигон Хүсэл "ХХ зуунаас хойш Чингис хааны тухай Хятад улсын үнэлэлт" сэдвээр илтгэл тавив.


Тэрбээр энэ өгүүлэлдээ "ХХ зуунаас хойш Хятад улс Өвөр Монголын талаар бодлогоо тогтоох, жич Хятад улсаас Зөвлөлт холбоот улс /Орос/, Монгол улстай харилцахдаа Чингис хаан болон Монголын эзэнт гүрнийг хэрхэн үнэлж байгаа асуудлыг ажиглан шинжих болно.


ХХ зууны 30-аад онд Хятадын зарим сэхээтнүүд Чингис хааныг "манай баатар" хэмээх болж, ялангуяа Дорнод хятадын төмөр замын маргаанаас /ЗХУ Хятад улсын хоорондох/ үүдэн Гоминданы засгийн газар "Оросыг эсэргүүцэх хөдөлгөөн" өрнүүлжээ. Энэ үеэр Чин Чюйн 1929 онд хэвлүүлсэн "Манай улс Оросыг дайлсан дайны нэгэн хуудас" номондоо Чингис хааны монголын их цэоэг "Москвад довтлон орж, Европын дундад хэсэгт ойрхон хүрэв. Ингээд сая Ази, Европын нэгдсэн байдал бий болов. Энэ бол манай улсын дайны түүхэн дэх хамгийн яруу алдарт нэгэн хуудас болой" гэж бичжээ. Мөн Хуан Жэнь Шиагийн /1931 он/ "Шар арьстны цус" жүжигт "Бидний хамгийн их хүсэл бол Чингис хааны ач Бат маршалыг дагаж Оросыг устгахаар мордох юм сан" гэж гардаг. Гэтэл үүнийг эсргүүцэн Лү Шюнь "тэр үеэс Хятад, Орос хоёр цөм Монголд эзлэгдэв. Одоо хятадууд яагаад юаньчүүд /монголчууд/-ийг өөрийнхөө өвөг дээдэс болгох гээд байгаа юм бэ? Чингис хаан Европыг эзэлсэн. Манай хамгийн омгорхох үеэс үнэндээ монголчууд Хятадыг эзэлж, бид /хятад хүн/ боол болсон юм" гэжээ.


1930-1945 он хүртэл Манж-Го улс болон Дэ вангийн үед Чингис хааныг өргөнөөр сурталчилсан байна. 1944 онд Вангийн сүмд Чингис хааны сүм байгуулагдав. Хятадын засгийн газар Ордос дахь Чингис хааны онгоныг Ганьсү мужид нүүлгэн аваачиж, хожим нь дахин Хөх нур мужид шилжүүлсэн гэнэ. Мөн Яаннаньд Чингис хааны дурсгалын танхим байгуулсан аж.
Дэлхийн II дайн дууссаны дараа өвөр монгол үндэстний удирдагчийн удирдлага дор Ар, Өвөр Монголыг нэгтгэх хөдөлгөөн Өвөр Монгол даяар өрнөв. 1946 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Өвөр Монголын удирдагчдын хуралдаанаас "Чингис хааны үр ач нар бүлгэмдэгтүн" гэх уриаг дэвшүүлсэн байдаг.
БНХАУ байгуулагдсаны дараа 1954 онд Чингис хааны онгоныг Хөх нуураас Ордост нүүлгэн авчирч, Чингис хааны шинэ онгоныг байгуулжээ.
Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойн 1962 онд БНМАУ болон ӨТӨЗО-д бүгд хурал хийв. 1962 оны 6 дугаар сард Ордост 30 мянган хүн оролцсон өв тэгш их "Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг дурсгах наадмын хурал" болж, дараа нь Хөх хотод 7 хоног үргэлжилсэн "Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал" хурав.


Хятад Зөвлөлтийн хооронд зөрчил үүссэний дараа Хятад улс бүх чадлаараа БНМАУ-тай найрсаг харилцаатай байхыг хичээв. 1962 оны 7 дугаар сард Монголын хувьсгалын 41 жилийн ойд ХКН-ын Төв Хорооны удирдагч Мао Зэ Дун, улсын тэргүүлэгч Лю Шао Чи, Ерөнхий сайд Жоу Энь Лай нар тус бүр Монголын нам, засаг, цэргийн дээд удирдлагад баярын цахилгаан утас ирүүлэв. Мөн оны 12 дугаар сард Ю.Цэдэнбал Хятад улсад айлчиллаа. Гэхдээ олны мэдэж байгаагаар 1963 оноос хойш Хятад Зөвлөлтийн харилцаа улам муудав. 1963 оны 9 дүгээр сараас 1964 оны 7 дугаар сар хүртэл ХКН дараалан 9 удаа "Зөвлөлтийн коммунист намын Төв хороог шүүмжилсэн ил захидал" нийтлэв. Түүний дөрөв дэх шүүмжид "ЗХУКН-ын удирдагч энд тэнд орилон хашгирч, юуны "шарын аюул" гэтэл "Чингисийн сүрдүүлэг дахин гарч ирлээ" гэж байна. Үүнийг няцаах хэрэггүй, Чингис хаан бол тухайн үед Монголын хаан байв. Хятад болон Орос бүр булаан эзлэгдсэн юм" гээд "Монголчууд Оросыг дайран эзэлж, Унгар, Османыг дайран эзэлсэн  нь бүх Хятадыг эзлэхээс өмнө болжээ. Тэр үеийн Чингис хаан манай хаан биш байв. Үүнээс үзвэл оросуудын боолчлогдсон цаг хугацаа нь биднээс урт биш үү" гэжээ.


Одоо Хятад улс Чингис хааныг "дундадын үндэстний баатар" гэж хэлэх болов. Гэтэл энэ саналыг Монгол улс зөвшөөрөхгүй байна.
Хятад улсын хувьд авч үзвэл монголчуудын байгуулсан Юань улс Төвдийг Хятадын нутаг дэвсгэрт багтаан оруулсан юм" гэх зэргээр өгүүлжээ.


    С.Амар


Эх сурвалж: "Монцамэ"