sonin.mn

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор С.Цолмон "Монголын Юань улс ба бүрэлдэхүүний улсуудын харилцааны асуудалд" гэсэн өвөрмөц сэдвээр сонирхолтой илтгэлийг "Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн: Түүх, соёл, өв" олон улсын V симпозиумд тавьсан юм. Ингээд энэ талаар түүнтэй ярилцав.


-Чингис хааны залгамжлагчид нь хоорондоо тэмцэлдсэний улмаас нэгдсэн Монгол улс тун удалгүй задран унасан гэж түүх бичлэгт дүгнэдэг байв. Гэтэл энэ ойлголыг өөрчлөн баяжуулсан дүгнэлтүүд гаргасан шиг байна. Энэ талаараа тодруулна уу?

 


-XIII зуунд дэлхийн түүхийн тавцанд монголчууд хүчирхэгжин гарч ирж Монголын Эзэнт гүрнийг байгуулснаар дэлхий ертөнцийн байдал ихээхэн өөрчлөгдсөн билээ. Монголын Эзэнт гүрний нэг онцлог нь нүүдэл, суурьшил  иргэншилтэй улс түмнийг нэгэн төрийн жолоонд захиран, зангидаж  200 гаруй жил оршин тогтносон нь дэлхийн түүхэн хөгжлийн нэгэн шинэ үе болжээ.    


1990-ээд он хүртлэх үеийн түүх бичлэгт Монголын Эзэнт гүрний дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг судлахдаа өрөөсгөлөөр хандаж гол төлөв олон хүний амь нас, соёлын үнэт зүйлсийг эвдэн сүйтгэснийг нь дөвийлгөн өгүүлж, хийж бүтээснийг нь үгүйсгэж байсан бол нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэй холбоотойгоор тус улсын дэлхийн болон Евразийн түүхэнд үзүүлсэн нөлөөг бодитой авч үзэх хандлагууд гарах болсон нь Монголын түүхийн судалгааг урагш ахиулав.    


Монголын Эзэнт гүрний төрийн эрх барьж байсан Чингис хааныг залгамжлагч алтан ургийн ноёдын дотоод эв нэгдлийн асуудал нь судлаачдын анхаарлын төвд байдаг юм. Их Монгол улсын хоёр дахь их хаан Өгөдэйг таалал төгссөн үеэс л  хэнийг хаан ширээнд өргөмжлөх асуудлаар алтан ургийнхны дунд санал зөрөлдөөн үүсч, хаан өргөмжлөх нь асуудалтай болж 5 жил орчим Өгөдэйн бэлэвсэн хатан төр барьсан билээ. Гүюг /1246-1248 он/ хааныг таалал төгссөний дараа Алтан ордны Бат ханы дэмжлэгтэйгээр Тулуйн удмын Мөнхийг /1251-1259 он/ хаан ширээнд өргөмжилснөөс эхэлж Хубилай, Аригбух нарын хаан ширээний төлөөх тэмцлээр гүнзгийрсэн алтан ургийнхны эвдрэлцэл нь эзэнт гүрний захиргааг сулруулсан ч зарим судлаачдын үзэж байгаачлан бие даасан улсууд болон бүрмөсөн задрахад хараахан  хүргээгүйг түүхэн сурвалжийн мэдээнд тулгуурлан хэлж болохоор байна.


Чингис хааны байгуулсан Монголын Эзэнт гүрэн нь 1260 он хүртэл нэгэн төрийн захиргаан дор нэгдмэл нэг улс шиг  байсан бол Хубилай, Аригбух нарын тэмцлээс үүдэн  бүрэлдэхүүний улсууд нь Юань улсын захиргааг хүлээхгүй харьцангуй бие даасан  бодлого явуулах болсон гэж үзжээ.
 Бие даасан бодлого явуулах болсны нэг илрэл нь бүрэлдэхүүний улсууд болох Цагадай, Ил хан, Алтан ордны улс нь  улсынхаа "мөнгө зоосон дээр их хааны нэр, тамгыг бус харин өөрсдийн нэр, овгийн тамга, хаана, хэзээ цутгуулсан зэргийг үйлдэх болсноос тодорхой харж болно" гэж үздэг. Гэтэл нөгөө хэсэг судлаачид "алтан ургийнхны дотоод зөрчил нь нийт эзэнт гүрний засаглалын хүчийг сулруулахад нөлөөлсөн ч Монголын Эзэнт гүрэн задарч, бүрэлдэхүүний улсууд бие даасан бодлого явуулах хэмжээнд хараахан хүргээгүй бололтой" гэж үздэг байна.


XIII зууны хоёрдугаар хагаст Хубилай хааны өмнөд Хятадыг байлдан дагуулах цэргийн бүрэлдэхүүнд орос цэргийн анги оролцсон, мөн Хубилай хаан мусульман иргэдээс бүрдсэн буучийн ангитай байснаас гадна, Юань улсын гол цэрэг ангийн дотор тангуд, сартуул цэрэгтэй зэрэгцэн асу, алан, кипчак, орос цэргээс бүрдсэн анги байсан тухай хятад сурвалжид нэг бус удаа тэмдэглэжээ.  


Байлдааны цагт төдийгүй мөн тайван цагт ч Алтан Ордны улсаас Юань улс руу олон тооны хүмүүсийг дайчлан аваачиж байсан бололтой. Тухайлбал 1289 онд Ромын Пап IY Николас Монт Корвиног их хаан Хубилай руу элчээр явуулсан байдаг. Тэрбээр далайгаар аялж замдаа Энэтхэгт 3 жил саатаад 1293 онд Ханбалигт ирсэн аж. Тэрбээр “Шинэ гэрээс"-ийг бүхлээр нь, мөн мөргөлийн дууллыг монгол хэлээр орчуулах, Ханбалиг хотноо сүм барих ажилдаа орж, бас 6000 орчим хүнийг хэрээслэсэн гэдэг. Загалмайлуулсан хүмүүс нь хятадууд гэхээсээ илүү аланчууд,түрэгүүд, монголчууд байсан тухай  тэмдэглэсэн байдаг.


Түүнчлэн “Юань улсын судар”-т тэмдэглэснээр Төвтөмөр хаан 1329-1332 оны үед 10000 оросыг цуглуулан 100 чин тариа өгч Шуан зүн хү вэй хэмээх шадар цэргийн түмтийн ноёны ордонд тариа тариулж байжээ. "Тэдгээр оросууд байнгын оршин суугчид болж 1339 оныг хүртэл амьдарч байсан" хэмээн хятадын албан ёсны түүхэнд тэмдэглэсэн нь буй. Юань улс руу дайчилгаагаар харь хүмүүсийг аваачиж заримаар нь бүр тариа тариулж байсан нь хүн хүч дутсандаа бус харин Хятад улсыг баримтлан захирах, эрхшээлдээ барьж байх улсынхаа аюулгүй байдалтай холбоотойгоор дээрх арга хэмжээг авч явуулж байсан бөгөөд тухайн бүс нутгийн эдийн засагт нэрмээс болгохгүйн тулд өөрсдөөр нь хүнсэнд нь нэмэр болгох зорилгоор  тариа тариулж байжээ гэж үзэж болохоор байна. Мөн дайчилгаанд өртөн Хятад руу очиж тэндээ суурьшин суусан хүмүүсээс Оростоо эргэж ирэх боломж бараг байхгүй байсан тухай ч мөн тэмдэглэжээ.


-Алтан ордон их хаанд захирагдаж байсныг нотлох өөр баримт байна биз?


-Алтан ордны хан нар Юань улсын захиргааг хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл болох орлогынхоо тодорхой хувийг Юаний захиргаанд явуулдаг байсны дотор боолууд, олзны оросууд нэлээд хувийг эзэлдэг байсан мэдээ байгаа нь Хубилай хаан болон их хаадын цэргийн тодорхой хувийг бүрдүүлж байсан орос цэргүүдийг Алтан ордны улсаас албаны шугамаар авчирч байсан бололтой байна.


Юань улс нь хүн амын тоогоор Эзэнт гүрний дотроо тэргүүлж байсан хийгээд үе үе бослого тэмцэл гарч, дотоод улс төрийн байдал төвөгтэй болсон нь хааны бие хамгаалах цэргийг нэмэгдүүлэх, тодорхой газар нутгуудад цэрэг татан төвлөрүүлэх  шаардлагатай байсантай холбоотойгоор ийнхүү харь гаралтай цэргүүдийг аваачих болсны гол шалтгаан нь болж байсан болов уу? Тэгэхээр Юань болон Алтан Ордны улсын хооронд улс төрийн харилцаатай байж Монголын эзэнт гүрний төвийн аюулгүй байдлыг хангахад бүрэлдэхүүий улсууд үүрэгтэй байсныг дээрх мэдээнээс харж болох юм.
Монголын Эзэнт гүрний төв Юань улсаас бүрэлдэхүүний улсуудын хоорондын харилцаа төдийгүй тухайн үеийн олон улсын харилцааг эв зүйгээр зохицуулж байсныг түүхэн хэрэг явдал хийгээд эрдэмтдийн судалгаа тодорхой харуулдаг.


Тухайлбал, Хубилай хааныг төр барьж байх үед Египетийн Мамлюкийн улс, Ил ханы улс, Алтан ордны улсын гурван талт харилцаа нь Баруун Ази болон Европын олон улсын харилцаанд ээдрээтэй байдал бий болгосон ч Юаний төвөөс зохицуулалт хийж чадсан байна. Тухайлбал Батыг залгамжлагч Бэрхийн үед Алтан ордон, Хүлэгүгийн улсын хооронд үл ойлголцол үүсч улмаар харийн нутагт монголчууд зэвсэг барин хоорондоо дайтсан нь эзэнт гүрний эв нэгдэлд нөхөж баршгүй хохирол учруулсныг Хубилай хаан зэмлэн буруушааж тэдгээр улсуудыг эв зүйгээр зохицуулах талаар шуурхай арга хэмжээ авсан нь үр дүнтэй болжээ.  

 


-Их хаад бусад улсынхаа хэрэгт хэр нөлөөж чадаж байсан бол?

 


-Бэрхийг залгамжлан Алтан ордны улсын төр барьж байсан Мөнхтөмөр хан /1266-1280 он/ Хубилай хааны шахалт, ятгалгаар, Ил хант улстай хэсэг хугацаанд тайван байдлыг сахиж чадсан төдийгүй урьдын холбоотон Египетийн мамлюктай ч эвслийн холбоогоо бэхжүүлж байв. Эдгээр  нь эзэнт гүрний бүрэлдэхүүний улсууд Юаний захиргаа, шаардлагыг хүлээн  зөвшөөрч дагаж байсны илрэл гэж үзэж болох бөгөөд энэхүү харилцаа нь Хубилай хаанаар дуусгавар болоогүй Юань улсын сүүл үе хүртэл үргэлжилж байсан байна.     


Их монгол улсын хаадын үед нэгдмэл байсан Монголын эзэнт гүрэн цагийн эрхшээлээр Цагадай, Ил хаад, Юань болон Алтан ордны улсууд болон хуваагдсан ч нэгдсэн удирдлага зохион байгуулалтаа хэсэг хугацааны турш хадгалж, хоорондоо улс төр, худалдаа эдийн засгийн талаар холбоо харилцаатай явж ирсэн нь тодорхой байна. Хэдийгээр зарим судлаачид энэхүү харилцаа нь "Юань улсаас олгож байсан эдийн засгийн дэмжлэгийг авахын тулд нэрийн төдий байсан" гэж үздэг ч  харийн нутагт Монголын эзэнт гүрний ноёрхлыг барьж байхын тулд Монголын эрх баригчдад хоорондоо харилцаатай  байх нь зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд    энэхүү харилцаа суларч, эв нэгдэл алдагдснаар бүрэлдэхүүний улсууд бие биеийг дэмжих боломжоо алдаж ээлж дараалан унаснаар Монголын эзэнт гүний ноёрхол эцэс болсон билээ.


-Бүрэлдэхүүний улсуудтай харилцахад Торгоны зам ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

 


-1258 онд персүүд Азербайджаны Марагхэ-д одон орон судлах төв барьж, тэндээ шинэ багаж төхөөрөмж зохион бүтээж, чухал нээлтүүд хийж байжээ. 1267 онд Хубилай хаан Персийн одон оронч Жамал-ад-динийг Хятадад хүрэлцэн ирэхийг урьсан аж. Тэрбээр ирэхдээ гариг эрхсийн байрлалыг хэмжих бөмбөрцгийн зураг, тэмдэг, нарны цаг, өнцөг хэмжигч багаж, дэлхий ба тэнгэрийн бөмбөрцөг зэргийг хааны ордонд бэлэг болгон авчирчээ. Мөн тэрбээр хятадаар "Вань-ниень ли" буюу  "Түмэн жилийн хуанли" хэмээх илүү нарийвчлал бүхий нэгэн шинэ цаг тооны бичгийг Хубилай хаанд санал болгож байсан байна.
 Юань болон Алтан Ордны улсын харилцаагаар дамжин  өрнө дорнын соёлын харилцаа эрчимтэй хөгжсөн нь Монголын Эзэнт гүрний элчин харилцаа, өртөө зам болон худалдааны хөгжилтэй салшгүй холбоотой.


 Японы эрдэмтэн Сагүчи Тоорү "Ижил мөрөн, Хар далай, Хорезмийг холбосон олон улсын худалдаа Алтан ордны улсын нийслэл Сарай хотод төвлөрч, XIV зууны эхээр дорно зүгийн гар урлал, олон улсын худалдааны метрополис хот болсон  байв" гээд Сарай хотын хөгжил цэцэглэлт нь “монголчуудын тогтоосон энх”-ийн (Pax mongolica) хүрээнд багтаж, XIV зууны Каспийн тэнгисийн эргэн тойрны улстай худалдаа хийж, гүйлгээний эдийн засаг хөгжсөн бөгөөд Монголын эзэнт улсын төрүүлсэн нэгэн соёл иргэншлийн дүр төрх болсон" гэсэн  нь тухайн үеийн худалдаа, эдийн засгийн  хөгжлийг бодитой үнэлсэн хэрэг юм.
Алтан Ордны худалдааны харилцаа нь зөвхөн Европ болон Ижил мөрөн, Хар далай, Хорезмоор хязгаарлагдаж байсангүй  дорно зүгт Ойрхи дорнод, Хятадыг Орос болон Европтой холбоход их үүрэг гүйцэтгэж байв.


    Одоо Өрнөдийн худалдаачид торго дурдан авах гэж Хятад руу биш, харин Алтан Ордны улсад ирэхэд л хангалттай байв. Алтан Ордны улс нь Хархорум, Хятадтай байнгын холбоотой байж Өрнөдийг дорнын улсуудын чамин тансаг бараагаар хангах гол төв нь болж байв. Сарайгаас тэмээн жингийн цуваа Юань улсын төв Хаанбалгас хүрэхэд 200 гаруй хоног шаардагдах ч худалдаачид тасралтгүй явж байснаар Сарайн олон улсын худалдааны захыг бараа таваараар хангаж байв.
Үүний хамт Дон мөрний өмнөд эргээс өмнөд Хятадын Ханьчжоу хүртэл худалдаачин аянчны шууд замтай байсан бөгөөд Алтан Ордны улс нь Италийн Венец, Генуя зэрэг хот улсуудыг дорнын улсуудтай худалдаагаар холбоход чухал үүрэг гүйцэтгэж байв.  
Тухайн үед өртөөгөөр явж байсан Франческо Балдуччи Пеголотт гэгч 1340 онд бичсэн тэмдэглэлдээ “Танагаас Сарай хот орох зам Катай хүрэх бусад замаас арай л найдвар муутай санагдаж болно. Гэхдээ замын энэ хэсэгт багтаа 60 орчим хүнтэй байхад нутагтаа байгаа мэт аюулгүй явж чадна. Харин Танагаас Катай орох зам бол өдөр, шөнө ялгалгүй ямар ч аюулгүй. Тэнд хаа сайгүй л татаруудын тогтоосон энхийн журам буюу пакс татарика ноёрхож байдаг” хэмээн тэмдэглэжээ.
Алтан Ордны улсад хотууд маш хурднаар сэргэн хөгжиж худалдааны том төвүүд болохын хэрээр алт, мөнгөн зоос цутгаж гүйлгээнд оруулж байв. Монголын нийслэл Хархорин, Маамуу толгойн булшнаас Алтан Ордны улсад цутгасан 2 мөнгөн зоос, мөн Энэтхэг, Хятадын алслагдсан районуудаас Алтан Ордны зоос олдоод байгаа. Энэ үед Юань гүрний цаасан мөнгө эзэнт гүрэн даяар хэрэглэгдэж байснаас худалдаа хэр өргөн далайцтай хөгжиж байсныг харж болно.


Худалдааг дагаж соёл, шинжлэх ухааны олон шинэ зүйл Өрнө Дорнод нэвтэрчээ. Европт хятад торгоны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бас дууриалгаж хийх болжээ. Чухам тэр үед хятадын луужин, шаазан, дарь, чулуун нүүрс, сампин  зэрэг гайхамшигт зүйлс өрнө дахинд нэвтэрч Италийн дархчуудын алтны урлал, Венецийн шилэн эдлэл хийцээрээ гайхагдаж байв. Шаазан ваарын урлалд Хятадын нөлөө их байсан ч мөн өрнө зүгээс Алтан ордны нутгаар дамжин Византийн Клуассоны паалан Хятадад хүрснээр урлагийн шинэ төрөл бий болгоход түлхэц өгчээ. Үүнийг Алтан ордны нийслэл шинэ, хуучин Сарай болон бусад хотуудыг малтан шинжилсэн оросын археологчдын малтан илрүүлж шинжин судалсан үнэт олдворууд гэрчилдэг бөгөөд өдгөө Оросын Эрмитажийн ордон музейд хадгалагдаж байгаа юм.
Бие биесээ мэдэхгүй шахам байсан Өрнө, Дорныг монголчууд улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шашны олон арван шижмээр анх удаагаа нягт холбож, суурин ба нүүдлийн соёл иргэншлийг түүхийн нэгэн үеийн туршид зэрэгцүүлж чадсанаараа монголчууд хүн нийгмийн хөгжилд онцгой тус хүргэжээ.

 


1305 онд Өлзийт хаанаас Францын Гоо Филиппт явуулсан захидалд “Эдүгээ бид Тэнгэрийн хүчинд их хаан ширээнд суугаад түрүүчийн хаад /бидний/ эрхэм өвгөд дээдэс /бидний/ сайн эцэг сайн ахын тушаал зааврыг эс огоорон, /биднийг/ хаан ширээнд суухад нэгэнт тогтчихсон байсан журмыг хийгээд /биднээс/ өмнө засаглаж байсан хаад сайчуудтай та нарын зөвшилцснийг хэрхэвч омтгойдуулахгүйгээр, харин ч андгай мэт үзэн урьдаас бүр ч та бүхэнтэй үлэмж найрамдан элч нараа илгээхийг зорьж амуй. Ах дүү бид нар муу харцасын ташаа хорлонт үгнээс шалтгаалж бие биедээ өмнө нь дургүй болсон билээ. Эдүгээ Тэнгэрийн соёрхлыг хүртсэн Чингис хааны ургууд....бид....эдүгээ Тэнгэрийн ивээлээр ах дүү бид бүгд зохицож наран ургах Нанхиадуудын газраас Талу тэнгис хүртэл манай улс орнууд холбоо харилцаагаа сэргээж өртөө замуудаа байгуулав. Бидний завсар хэн бус сэтгэвээс бүгдээрээ хамсарч тэдний дээр байя хэмээн үг хэлэлцэн тогтов"  хэмээсэн байдаг. Энэхүү захидалд өгүүлснээр бүрэлдэхүүний улсууд нь хэсэг хугацаанд эв эвдэрч байлдан тэмцэлдэж байсан ч эл явдалдаа дүгнэлт хийн дахин нэгдсэн тухай өгүүлсэн байна.


Эв эеийг хичээж ,төр улсаа төвшин барихыг захиж сургасан эцэг хааныхаа гэрээсийг чанд сахиж, Монголын Эзэнт гүрэн задран унах хүртэл хувь буюу бүрэлдэхүүний улсууд  нь хэдийгээр бүх асуудлаар биш ч гэсэн  гол хэргийг шийдвэрлэхдээ их гүрнийхээ төвтэй   харилцаа холбоотой байж тулгамдсан асуудал, маргааныг хамтын хүчээр нэгэн удирдлагатайгаар шийдвэрлэхийг  эрх барьж буй ноёд чармайж  тэр нь  элдэв саад бэрхшээлтэй тулгарсан ч  даван туулсаар байсныг  сурвалжийн цөөн боловч  мэдээ баримт ийнхүү харуулж байна.

Ярилцсан С.Энх-Амар


Эх сурвалж: Монцамэ