sonin.mn

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 51 нь буюу 73.9 хувь нь, уг хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 75.4 хувь нь дэмжсэнээр хууль тогтоомжийн төслүүд батлагдсан билээ.


Ингэснээр Эрчим Хүчний Яам, Уул Уурхайн Яам, Барилга Хот байгуулалтын Яам, Зам Тээврийн Яам, Эдийн Засгийн Хөгжлийн Яамууд тус тус цомхотгогдон, нийлэхээр болсон юм.
Харин олон нийтийн дунд хамгийн нэр хүндгүй, салбарынхных нь шүүмжлэл тасардаггүй Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Хөдөлмөрийн Яам зэргийг хэвээр нь үлдээсэн нь олон нийтийн гайхшралыг төрүүлж байна.
Тэр бүү хэл Засгийн газар дотроо хамгийн сайн ажилласан гэх яамдаа цомхотгосон нь бүр ч хачирхалтай.
Шинэчлэлийн Засгийн газрын ганц хийсэн гэж "нүүр тахалдаг" ажил нь ердөө л авто зам шинээр тавьсан, зассан гэх явдал байдаг.
Гэтэл Зам, тээвэр хариуцсан яамыг нь татан буулгачихаж байгаа нь  дахиж зам засах, тавих хэрэггүй гэсэн үг юм болов уу?
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тайлан тавих үедээ ажил хийсэн гэж нотолдог жишээний хамгийн эхэнд нь дулааны цахилгаан станцуудын шинэчлэл болон шинээр цахилгаан станц барих төсөл байдаг.


9 сарын 8-нд хийсэн мэдэгдлийнхээ үеэр гэхэд л тэрээр татан буулгаж буй гурван яамныхаа  хийсэн ажлаар нүүр тахалж:
"Шинэчлэлийн Засгийн газрын хичээж зүтгэсэн энэ хоёр жилийн хугацаа шинэчлэл, өөрчлөлт, их бүтээн байгуулалтын үе байж чадлаа.

Хэдхэн жишээ дурдахад, Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 200 Мвт хүчин чадлыг барьж байгуулсан бол бид хоёрхон жилийн дотор энэ 20 жилтэй тэнцэх хүчин чадлыг бүтээн босголоо. Бидний бүтээн байгуулалт ингээд зогсохгүй, ирэх хавраас эхлэн нийтдээ үүнээс 7 дахин илүү хүчин чадалтай гурванч цахилгаан станцыг бүтээн байгуулж эхэлнэ.

Таван Засгийн газар дамжин, 12 жилийн хугацаанд нийтдээ 2300 км замыг тавьсан бол Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их замыг тавьж чадлаа
. Гэхдээ энэ нь ч бас бидний хувьд эцсийн үр дүн бишээ, бид дараагийн 2 жилд бүх аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлаа дуусгана. Зам дагаж хөгжил ирнэ. Хэдхэн хоногийн өмнө нийслэлдээ Богд уулын шинэ замыг ашиглалтад орууллаа. Энэ ч бас бидний хувьд эцсийн үр дүн бишээ. Шинэчлэлийн Засгийн газар Монголдоо, Улаанбаатартаа анхны хурдны замыг бүтээн босгоно.

Орон сууц, барилгын салбарт бид багагүй амжилт оллоо. Өмнө нь жилд хамгийн ихдээ 800 мянган метр квадрат орон сууц барьдаг байсан бол бид нэг жилийн дотор 36 мянган өрх орон сууцтай болох боломжийг бүрдүүлж, 1 сая 200 мянган метр квадрат орон сууц ашиглалтад өглөө." хэмээн өгүүлж байв.

Гэтэл Ц.Оюунгэрэл гэгч нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд үр дүнтэй ямар ч ажил хийгээгүй бөгөөд мөнөөх цуут   "Батаар"-ынхаа музейг хүртэл нээж чадалгүй өдий хүрч байна. Хамгийн сүүлд гэхэд л   Азийн спортын наадамд оролцогчдын санхүү, менежментийг шийдэж өгөөгүйгээр үл барам нөхрийнхөө хамт тусгай суудалд наадам үзээд, тамирчидтайгаа уулзалгүй явжээ.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын хийсэн ажил гэх юм үнэндээ бараг үгүйг ажилгүй, мэргэжилгүй байгаа олон шууд л нотлоно.
Ийм л утга учир муутайхан цомхотголын цаана үнэндээ АН-ын фракцуудын зөрчил бий гэх агаад МҮДН, "Шонхор" фракцийг шахах "Алтангадас"-ын бодлого ийн хэрэгжиж эхэлээ хэмээн эх сурвалжууд дүгнэж байна.

Ч.Явуу