sonin.mn

Нийгмийн идэвхи бол нийгмийн суурь ойлголтын нэг юм. Идэвхи нь ардчиллын тулгуур ойлголтод багтдаг бөгөөд голдуу оролцоо гэж томъёолох. Үүнийг монголоор “идэвхи оролцоо” гэж буулгахгүй бол болдоггүй юм. Аль ч үеийн аль ч нийгэм хүмүүсийнхээ идэвхи, итгэл үнэмшлийн төлөө зүтгэдэг, үүнийг цаг ямагт анхаардаг. Манайхан шиг амин хувиа хичээ, хар амиа бодоцгоо гэж уриалдаг ямар ч нийгэм, төр засаг энэ дэлхийд байхгүй. Ингээд нийгмийн идэвхийн тухай маш товч өгүүлье. Харин дэлгэрэнгүйг их олон жил анхааран судлах ёстой болно байх…


Идэвхи бол системийн суурь ойлголт…


“Үйл” хэмээх нэр болон үйл үгийг орчин үеийн монгол хэлэнд бараг хэрэглэдэггүй. Уг нь монгол хэлний хамгийн идэвхитэй үг юм. Эдүгээ “үйл” гэвэл монголчуудын олонхи эсвэл “үйлийн үр” гэж шашны утгаар ойлгоно байх, эсвэл “оёдол үйл” гэх ахуйн утгаар ойлгоно байх. Гэтэл энэ бол язгуур монгол утгаараа хүний “хийж бүтээж байгаа аливаа ажиллагаа” юм. Иймээс ч монгол хүн өдөр тутам хар мянган “үйл” үйлдэх бөлгөө. Гэхдээ өөрийнх нь “үйл” Монгол Улсад болон Монголын нийгэмд огт падгүй гэж олонхи монголчууд үздэг болсон нь өнөө үед гамшиг болсны учир үүнийг бичиж байна.


Хүний хийж буй зорилготой, сэдэлтэй, ухамсартайгаар, тодорхой арга мэх болон арга ухаанаар гүйцэтгэж буй, хичээл зүтгэл, оюун ухаан орсон, түүнчлэн санаачлага гаргасан, нөхцөл байдлыг харгалзсан үйлдэл буюу дэс дараалсан олон үйл ажиллагааг идэвхи гэнэ. Өөрөөр хэлбэл идэвхи бол хүний үйл ажиллагааны эрчим юм.
Хүн бол угаасаа үйлч амьтан юм. Үйл ажиллагаа хийгээд идэвхи нь хүний салшгүй амин, төрөлх шинж мөн. Амьтнаас ялгагдах асар их идэвхи байгаагүй бол хүн төрөлхтөн өнөөгийн дэвшилд хүрч чадахгүй байсан нь лавтай. Иймээс хүний аль ч нийгэм нэн эртний үеэс одоо болтол гишүүдийнхээ идэвхийг тэтгэх гэж санамсаргүй болон санаатай, ухамсаргүй болон ухамсартай, зорилгогүй болон зорилготой оролдлого цаг ямагт хийж ирсэн, ирсээр байна.
Гэтэл нийгмийн идэвхийг зөв ойлгож тэтгэх нь байтугай, нийгмийн тухай хаа ч байхгүй хачин утгагүй “гүн ухаан” түгээн тарааж, тэр балай юманд нь ард нийтээрээ үнэмшээд балайраад явж байгаа улс үндэстнийг нэрлэ гэвэл би Монголыг л хэлнэ.


Нийгэм гэдгээ ч зөв ойлгохгүй байгаа улсад чинь ямар үхснийх нь нийгмийн идэвхи байдгийм ?! Ухаандаа монголчуудын олонхи нийгэм бол “олон хүнээс”, эсвэл “олон гэр бүлээс” бүрдэнэ гэж хачин тэнэг ойлгодог. Ийм мунхаг ойлголтыг нэр бүхий хэдхэн хүн сүүлийн хэдхэн жилд монголчуудын тархинд суулгаж өгсөн юм.
Үнэндээ ч “нийгэм олон хүнээс бүрддэг” гэвэл боловсрол муутай монголчууд амархан үнэмшинэ. Мэдээж ш дээ. Хүнээс бүрдэхгүй нийгэм гэж байхгүй л дээ. Эндээс л монголын “ид шидтэнгүүдийн” заль мэх эхэлдэг юм. Яг үнэндээ бол ямар ч нийгэм тус тусдаа хүмүүсээс бүрддэггүй юм.


Учир нь хүн угаасаа нийгмийн амьтан юм. Нарийн яривал сүргийн амьтан юм. Яахав, хөгжлийн явцад хүний сүрэг нийгэм болсон нь жич асуудал. Түүнчлэн “хүний нийгэм олон гэр бүлээс бүрддэг” гэсэн үндэслэл бас л утгагүй. Ямар ч хүн гэр бүлд байна, чингэхдээ эдийн засгийн, нийгмийн буюу социал, соёлын, улс төрийн, үндэстний гэсэн олон нийтлэгээр заавал дамжиж байж сая нийгэм бүрдэнэ. Тэрнээс биш, “хүн+олон хүн=нийгэм”, эсвэл “гэр бүл+олон гэр бүл=нийгэм” гэсэн утгагүй, тэнэг томъёоллоор нийгмийн амьдрал явагддаггүй. Хүн заавал ямар нэг нийтлэгээр дамжин нийгэмтэйгээ холбогддог. Нийгмийн хөгжил бол “нийгэм+нийтлэг+хувь хүний” зохист, зохиролт тэнцвэрийн асуудал бөгөөд энд аль нэгийг нь орхиж, хаяж хэрхэвч болдоггүй. Гэтэл Монголд нийгэм, нийтлэг хоёрыг нь хаячихаад зөвхөн хувь хүний асуудал ярьж байгаа нь санаандгүй бол тэнэг явдал, санаатай бол гэмт хэрэг юм.


Ухаандаа нэг буюу нэг хэсэг хүний амьдрал сайхан байна гэдэг нь нийт нийгмийн амьдрал сайхан байна гэсэн хэрэг огт биш юм. Хэрэв нийгэмд байгаа бүх хүн зөвхөн хар амиа хичээвэл тэр нийгэм бүхэлдээ сөнөх бөгөөд улмаар бүх хүнийг сөнөөнө гэсэн хэрэг болох нь дэндүү ойлгомжтой юм. Түүнчлэн яг ийм үндэслэлийг “гэр бүл” гэсэн ойлголт дээр хэлж болно.
Ийм бэртэгчин нийгэм өөдөлж, олигтой байж, дэвжиж, хөгжиж байсан түүх байхгүй. Бүр нэг ч тохиолдол байхгүй. Өрнө, Дорнын олон мянганы түүхэнд байгаагүй…


Хүний түвшинд


Энэ дэлхийн ямар ч хүн ганцаараа амьдарч байна гэж боддоггүй. Гэтэл сүүлийн үед монголчууд ингэж боддог болсон юм шиг байгаа юм. Үүнийг нотлох амархан. Ухаандаа хулгайч гэхэд энэ дэлхийд хаа сайгүй байдаг. Гэхдээ хаанахын ч, ямар ч хулгайч ядаж л гэр бүлээ тэжээх гэж хулгай хийдгийг амархан мэдэж болно. Тэгвэл сүүлийн үед монгол хулгайч зөвхөн өөрийн амин хувийн зугаа цэнгээний хэрэгцээгээ хангах гэж төрсөн гэрээсээ хүртэл хулгай хийж байна. Монголчуудын адгийн бэртэгчин зан үнэнхүү хэтэрч, аливаа эрүүл ухааны хэм хэмжээнээс хэтрээд байна. Эндээс монголчууд хүнээ байж байгаа гэж бүрэн итгэлтэйгээр дүгнэж болно. Энэ мэт жишээг “үй түмээр” нь авч болно.


Үүнийг залгаад зөвхөн гэр бүлээ бодох хэт аминч үзлийг ярьж болно. Энэ нь хүн харахад гэмгүй, буруугүй мэт боловч бусад монгол гэр бүлийн хувь заяа, түүний дотор үр хүүхдийн хувь заяа огт хамаагүй учраас хамгийн явцгүй, хорлогчинтой үзэл юм. Боловсрол, эрүүл мэнд, орон сууц, үйлчилгээнээс эхлээд хүний амьдрал үйл ажиллагааны бүхий л салбарт хүмүүн бусын ялгаварлал гаргадаг нийгмийг дайсагнуулагч гол хүчин зүйл энд байдаг. Үүнээс болж өчүүхэн жижиг нийгмээ аймшигтай том ялгаварт оруулсан нь Монгол ганцаараа. Үүнийг Монголын нийгмийн давхраажлын болон ядуурлын бүх төрлийн судалгаа нотлон харуулдаг. Монголын нийгмийн энэхүү аймшгийг мэддэг, хэлдэг судлаачдийг монголын эргүү тэнэг төр, бэртэгчин нийгэм бүгдээрээ үзэн яддаг.


Алийг нь эхэлж засах юм


Сүүлийн үед “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн зүйр үгийг хүн толгойтой болгон иш татан мэдэмхийрэх. Сайтар ухан үзвээс энд хэрэв чи төрд зүтгэе гэвэл эхлээд өөрийгөө, тэгээд гэр бүлээ “удирдаж” сурчихаад дараа нь төрөө удирд гэсэн санаа илт. Гэтэл Монголчууд үүнийг шал буруу “ойлгож” эхлээд өөрөө “лаг баян” болоод, дараа нь “гэрээ баян” болгож аваад дараа нь төрөө “баян” болгоно гэж мунхаг ухаандаа бодох бөлгөө. Дээрээс нь “иргэн баян бол улс баян” гэсэн бас нэг шал тэнэг “зүйр үг” бодож олоод мэдэмхийрч солиорох болов. Тэгж ярих юм бол монголчууд “иргэн” гэж хятад хүнийг хэлдэг байсан юм…
Үүгээр монголчууд бэртэгчингийн туйл, оюун сэтгэлгээний гүнзгий доройтолд орсон нь тодорхой байна. Хэрэв хүн улс, үндэстэн, нийгмийнхээ эрх ашгийг эрхэмлэн үзвэл түүний гэр бүл болон өөрийнх нь амьдрал сайн сайхан болох нь мэдээж хэрэг.


Иймээс Монголчуудын амин чухал зорилт бол нийгмээ, үндэстнээ, төрөө сайн сайхан болгохын төлөө зорин тэмцэх явдал мөн.


За яахав, Та зөвхөн өөрийгөө буюу гэр бүлээ бодъё гээд үзье. Энд буруу зүйл юу ч байхгүй. Харин бусад олон хүн бүгдээрээ яг ингэж бодож байгаа гэдгийг Та мартаж болохгүй. Мэдээж өрсөлдөөн явагдана. Монгол өрсөлдөөн бол шударга өрсөлдөөнтэй хавьтах зүйл юу ч байхгүй, харин өрсөлдөж байгаа хүмүүсээ дэгээдэж унагах, доош хийх явдал болно. Мянган хүн, зуун мянган хүн өрсөлдөхөд Та “шагналт байранд” орох нь юу л бол. Өөрөөр хэлбэл хэдхэн хүний гэр бүл сайжирч бусад олон гэр бүл хэвэндээ юмуу, муудна гэсэн хэрэг болно. Ингээд “шударга бус” болчихож байгаа юм. Одоо тэд Танд “залхуу”, “арчаагүй” болоод ийм байгаа юм гэж гарцаагүй хэлнэ…
Харин үүний оронд бүх монголчууд гэр бүлээ сайжруулах, тухайлбал, ясли, цэцэрлэг ,сургууль, эмнэлэг гэх мэт нийгмийн, нийтийн сайн сайхны төлөө зүйлүүд хийж болох уу, мэдээж болно. Бусад бүх салбарууд дээр ийм жишээ авч болно. Үүний төлөө санаа зовохыг, үүний төлөө ажил хийхийг нийгмийн идэвхи гэнэ.


Монгол суртал нэвтрүүлэг


Аль ч нийгэм гишүүдийнхээ нийгмийн идэвхийг дээшлүүлэхийг байнга эрмэлзэж байдгийг дээр дурдсан. Харин манай Монгол бол үүнийг эсрэгээр иргэдээ идэвхигүй болгохыг хичээдэг. Монгол Улс, Монгол үндэстнийг хөнөөн устгах гэсэн “ямар нэг юм” байгаа гэдэгт би бат итгэдэг.
Сүүлийн жилүүдэд монгол хүнд нийгмийн идэвхи гэж зүйл оргүй алга болов.
Зөвхөн хувийн материаллаг идэвхи, түүний сэдэл л байх болов. Үүний улмаас монголын нийгэм атомжиж, бүхэллэг шинжээ алдаж, дан ганц бэртэгчин атомуудаас бүрдэх болов. Өөрөөр хэлбэл нийгмийн зохион байгуулалт, хамтын ажиллагаа гэдэг зүйл оргүй алга болов. Системийн онолын үүднээс үзвэл ийм нийгэм оршин тогтнох ямар ч боломжгүй юм.
Зүйрлэвэл паразитууд организмыг дотроос нь сорон мөлжиж үржин амьдарч болох боловч хэрэв организм үхвэл бүх паразитууд бүгдээрээ хамт үхэх нь гарцаагүй. Мөн паразитууд хэзээ ч бүхэл организм болон хөгжих буюу түүнийг орлож чаддаггүй. Паразитууд организмыг мөнхөд сорон мөлжих тавилантай. Иймээс паразитуудыг устгах нь алив организмын зорилго мөн. Нийгэм үүнтэй яг адил юм. Эдүгээ монголын нийгэм паразитуудад бариулаад үхэх гэж байна.
Монголын нийгэм өөр хоорондоо дайсагнагч хүмүүсийн бөөгнөрөл болсон ба ийм нийгэмд алив хүн шударгаар ажиллаж амьдрах ямар нэг гэгээн ариун хүсэл эрмэлзэлгүй болдог.
Нийгмийн идэвхи бол урам зориг, итгэл үнэмшил, сүлд хийморь, жавхаа, нэр төр зэрэг бусад олон суурь ойлголтуудтай амин холбоотой ба үүнийг жич ярина.


Идэвхийн “устгагдсан” хэлбэрүүд


Ингээд нийгмийн идэвхийн устгагдсан төрлүүдийг авч үзье.
1. Танин мэдэхүй идэвхи. Хүний идэвхийн үндсэн бөгөөд гол төрөл юм. Яагаад гэвэл хүн энэ ертөнцийн хамгийн сониуч амьтан юм. Ийм болоод л энэ хорвоо ертөнцийг таньж мэдээд хорвоог орвонгоор нь өөрчлөөд байгаа юм. XXI зууны Монголд энэхүү танин мэдэхүй идэвхи бараг оргүй алга болов. Үүний оронд зүгээр сууж байгаад сураг ажгаар мэдэмхийрэх, багцаагаар цэцэрхэх, далдын хүчинд найдах явдал үүсэв. Далдын хүч байлаа ч гэсэн хүн шулаад, худал яриад, мунхруулга хийгээд өөрөө болохоор залхуурахын дээдээр залхуурч, тархи толгой байтугай, хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа хүмүүст тус болно гэж ёстой байхгүй. Тийм хүмүүсээс Тэнгэр, Бурхан байсан ч гэсэн зугтах нь дэндүү ойлгомжтой. Хаанахын ямар Бурхан Тэнгэр зүгээр суусан, алхаг залхуу, худлаа чалчихаас өөрийг үл мэдэх хүмүүсийг ивээн тэтгэж, харж үзэх ёстой юм ?! Бурхан Тэнгэр ямар залхуу монголчуудын өмнөөс ажлыг нь хийж, хүслийг нь биелүүлж өгдөг “зарц” юм уу ?! Эзэн нь өөрөө хичээхгүй бол ямар ч Бурхан Тэнгэр хичээхгүй ш дээ…


Уг нь хүн дээшээ сансар огторгуй, доошоо эд эс, эгэм бөөмсийн гүн рүү, эсвэл амьдралын нууцыг танин мэдэх хязгааргүй хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн амьдрах ёстой. Монголчуудын энэ хүсэл мөрөөдлийг “прагматик биш байна” гэсэн утгагүй шүүмжлэлээр гутаан доромжилж үгүй болгов. Ингээд Монгол хүн “прагматик” байх явцуу “ардчилсан стандартаас” дээш гарч сэтгэн бодох эрхгүй болов. Үүний тод жишээ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шинээр бий болгосон “Иргэний боловсрол” гэсэн хичээл болно. Энэ нь шинжлэх ухаан уу, хичээл үү, хичээл бол ямар хичээл гэдгийг мэдэх хүн Монголд байтугай дэлхийд ганц ч байхгүй…Танин мэдэхүй идэвхи алга болсноор Монголчууд бүх нийтийн оюун санааны доройтолд орж, сэтгэлгээний хямралд оров.


Танин мэдэхүйн хямралыг далимдуулан хагас дутуу гүн ухаантан, өрөөл дутуу онолч, “төгс мэдлэгтнүүд”, “ертөнцийг гийгүүлэгчид” Монголд үй түмээрээ төрөн гарав. Оюуны ямар ч хөдөлмөр хийдэггүй, оюуны ямар ч бүтээл гаргадаггүй атлаа “дээд төгс мэдлэг” дамжуулдаг, сурталчилдаг ганцхан шинжээр нь тэднийг тун амархан таньж болно. Тун цөөн хүнийг эс тооцвол өнөөгийн монгол сэхээтэн шиг юу ч үл бүтээдэг, ямар ч ажил хөдөлмөр хийдэггүй, адгийн залхуу, сэтгэн бодох чадваргүй, хуулбарлагч, хамгийн мэдэмхий, бэртэгчин энэ дэлхийд байхгүй. Иймээс өнөөгийн монголчуудын танин мэдэхүйн салбарын гол зорилт бол ямар ч хөдөлмөр хийлгүй “төгс мэдлэгийн” хүчээр амжилтад хүрэх гэдэг усан тэнэг сэхээтнүүдээс ангижрах явдал болно. Түүнчлэн шинжлэх ухааныг үл хүндэтгэх мунхаг харанхуйг устган арилган их тэмцлийг яг одооноос эхлэх ёстой.


2. Хөдөлмөрийн идэвхи. Хөдөлмөр бол хүний төрөлх шинж. Хөдөлмөрийн ачаар мичнээс хүн болсон ч гэж үздэг. Одоо бол зарим нь Бурхан бий болгосон гэж маргадаг. Тийм байлаа ч Бурхан бусад оронд зөвхөн ажилсаг хүнийг, Монголд зөвхөн залхуу хүнийг бий болгосон гэж арай ч баталж болохгүй байх. Социализмын үед “хөдөлмөр бол нэр төр, алдар гавъяаны хэрэг мөн” гэж үзэж байсан. Одоо бол Баабар “шударга, хөдөлмөрч хүнээр манаач хийлгэдэг” гэж байгаа. Уг нь бол социализм нь зөв л дөө. Ингээд Монгол Улс залхуу хүмүүсээр пиг дүүрэв.
Яг ч залхуу биш юм аа. Сайнаар хэлбэл “эдийн засгийн идэвхтэй”, муугаар хэлбэл “мөнгөний шуналтай”, социологийн хэлээр бол “таваарын фетишизм”-д автсан хүмүүс. Энэхүү “тааваарын фетишизм” бол хүнийг хөдөлмөрөөс “хүнийсүүлдэг” нийгмийн нэн аюултай үзэгдэл юм.


Монгол төр болон компаниуд “багаар ажиллах чадвартай” боловсон хүчний эрэлд хатах болов. Хүүхдүүдээ хар багаас нь бэртэгчин болгож хүмүүжүүлчихээд том болсон хойно нь “багаар ажиллах чадвартай” хүн хайгаад байгааг хэн ч тайлбарлаж чадахгүйд Монголын хамаг парадокс оршино.
Монгол орон ажил хөдөлмөрийн биш, зугаа цэнгэл найр наадмын орон болов. Энэ мөнгөө эх орны баялгийг зарж идэх, худал хэлж, хулгай хийх гэсэн гэсэн хоёрхон арга замаар олж болно. Гэхдээ эх орноо зарж идэхээ “бүтээн байгуулалт”, худал хэлж, хулгай хийхээ “ардчилал” гэчихээд суугаад байхад санаа зовох юу ч байхгүй бөлгөө. Ингээд монгол ардын үлгэр хүртэл биелж: “Хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уух” болов. Үүгээрээ монголчууд мангасуудыг хүртэл “айлгах” болов…
Бид бүтээлч хөдөлмөрийг дээдэлдэг нийгэм рүү зорин тэмүүлж, залхуу хойрго, худалч хуурамч, бэртэгчнийг жигшин зэвүүцдэг нийгэм болох ёстой. Зүгээр сууж байгаад гэнэт “цөм” баяжих адгийн сэтгэл зүй, үйлдлийг хязгаарлах арга хэмжээ нэн даруй авахгүй бол монгол үндэстэн сөнөх нь олон жилийн асуудал огт биш.


Өнөөгийн монголчууд, нэн ялангуяа авгайчууд, хүүхнүүд, залуучуудын олонхи бохир заваан тархи толгойтой, жигшмээр адгийн хүмүүжилтэй, харилцааны өнгөц соёл, мөнгө, бренд гэсэн гуравхан хальсны цаана нуугдсан араатанлаг араншинтай “бренд гутаагчид” болсон байна. Учир нь тэдний утгагүй араншингаас болж дэлхийн бренд хүртэл заримдаа муухай харагдах болсон бөлгөө.


3. Нийгэм-улс төрийн идэвхи Энэ хүрээ гаднаасаа нэг их сүрхий харагдавч үнэндээ бол ямар ч идэвхи байхгүй гэж дүгнэн хэлмээр байна. Харин ч төр засаг намууд монголчуудын улс төрийн идэвхийг дарах гэж байдгаараа хичээж байна. Одоо тэдэнд ардчиллын үнэр ч үлдээгүй. Гэвч үүнийг монголчууд надаас “илүү мэдэх” учраас энэ удаад ярихаас түдгэлзэв.


Дүгнэлтийн оронд
Энд өгүүлсэн зүйлс бол эрэгцүүлсэн жиших, сэтгэн бодоход зориулсан бодомж дүгнэлтүүд юм. Энэ талаар эрүүл саруул ярьж маргаж, мэтгэлцэх, хамгийн гол нь хойшлуулшгүй шийдэх асуудал асар их хуримтлагдаад байна. Гэтэл манайд ийм боломж тун хомс. Учир нь сүүлийн үед оюун сэтгэлгээний авантюрист-”идэр дүү Дори” нар Монголд үй олноороо төрөн гарч ямар ч асуудлаар ярилцах боломжийг устгаад байна.
Тэд таалагдаагүй юм болгоноо “коммунист” гэж хараадаг, ярьсан сэдэв болгоныг “хэлмэгдүүлэлт” рүү оруулдаг, эрдэм ном гэвэл зөвхөн “либерал ардчилал” ярьж дөвчигнөдөг, шүүмжилсэн хүн болгоныг “даяарчлалыг эсэргүүцсэн” гэж загнадаг гаж зуршилтай болов. Ингээд бараг хорь гаруй жил болж байна. Энэ аргаар эхний 10 гаруй жил яахав болж байв. Харин одоо бол энэ арга ёстой элэгдэж байна ш дээ. Өөрсдийгөө “шинэ хүн” гэж боддог энэ хөгийн хүмүүсийн ихэнхи нь дундад зууных шиг балар хоцрогдсон хөгийн амьтад болчихоод байгааг монголчууд бараг бүгдээрээ харж байна.
“Нийгмийн идэвхи”-тэй өөдрөг үзэл буюу оптимизм ихээхэн холбоотой. Аль ч ард түмэн, үндэстэн, улс гүрэн өөртөө итгэлтэй байж ирээдүйгээ бүтээдэг.


Бид (би биш шүү-Х.Д.Г.) хамтын түүхэн зорилтыг бүтээж чадна гэж ухамсарласан үедээ тухайн үндэстэн өөртөө итгэлтэй болдог. Харин хүн бол үндэстнийхээ өмнө тулгарсан энэхүү түүхэн зорилтод өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах гэж зорин тэмүүлсэн буюу оруулсан үедээ сая хувь хүн болдог.


Гэтэл манайд илт тодорхой энэ үнэнийг худал болгох онол үзэл суртлын суртал нэвтрүүлэг явуулаад хорь гаруй жил болж байна. Тэд муугүй үр дүнд хүрч монголчуудыг цулгүй бэртэгчин болгов. Үндэстнийг үүнээс илүү язгуур үндсээр нь хорлох боломжгүй юм.


Энэ хорлогчин гүн ухаан, үзэл суртал сүүлдээ Монголд ихээхэн газар авч бүхэл бүтэн сүлжээ болон цэцэглэн хөгжиж байна. Гол үзэл сурталч, номлогч нарыг нь манайхан бүгд мэднэ дээ…
Тэд эх орон гэдэг бол хийсвэр, утгагүй ойлголт, ахиад хорин жил хүлээ, ямар ч идэвхи гаргаж болохгүй, манай үеийнхэн үхэж дууссаны дараа л асуудлыг шийдэж болно, эх оронч үзэл бол адгийн амьтдын сүүлчийн хоргодох газар мөн гэх мэтээр амьдралын хамгийн идэвхигүй, үхээнц, арчаагүй зарчмуудыг байнга номлох бөлгөө.


Одоо бол тэд монгол үндэстнийг нэгмөсөн дуусгах гэж байгаа юм байлгүй. Харин би монгол судлаачийн хувьд Та нараар тэгж тоглуулахгүй…
Том үндэстэн улсуудын номлодог түгээмэл даяар зарчмуудыг Монгол шиг жижиг үндэстэн “манай” гүн ухаан, үзэл санаа, суртал номлол гэж дүвчигнөж баларч, хаширвал хаширсан баймаар юм.


Эдүгээ арчаагүй аминч үзлийн эсрэг үндэсний хамтач үзлийг сөргүүлэн тавих нь монголчуудын нийгмийн идэвхийн үндсэн чиглэл бөгөөд энэ бол Монгол үндэстнийг ирээдүйдээ итгэлтэй, өөдрөг үзэлтэй болгох цорын ганц арга зам мөн. Иймээс Монголчууд бурангуй ёсны эсрэг тэмцэж, нийгмийн идэвхээ дээшлүүлэн Монголоо аврах цаг нь болсон…
Монголчууд одоо л нийгмийн идэвхи гаргаж, нийтийн, нийгмийн, үндэсний эрх ашгаа хамгаалахгүй бол хар амиа хичээгээд мөр мөрөө хөөгөөд явж байгаа хэдэн салангид “юмнуудыг” хуурч мэхлэх, дарлаж дээрэлхэх шиг амархан юм хаана байх билээ…


Судлаач Х.Д.Ганхуяг

 

Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?