sonin.mn
Бид өмнөх дугаартаа  аварга Б.Бат-Эрдэнийн 17 жилийн өмнө сонинд өгсөн ярилцлагын хэсгээс хүргэсэн билээ. Уг ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна. 
 
 
-Энд тэнд явахад хүмүүс та­ныг хор­гоодог уу. Эсвэл хараад ширтээд л…?
 
-Монгол хүн бөхдөө их хүндэтгэлтэй байдаг. Хаа ч явсан бүх хүн таньдаг. Жаа­хан хүүхдүүд хөөе, Бат-Эрдэнээ ч гэдэг юм уу, хойно урд ороод дуудаад хаш­хи­раад бай­­хад, би өөрөө тэгж  хүмүүжээгүй учраас хэцүү байдаг л даа. 
 
 
Гэхдээ тэднийг сургамжлаад, эсвэл “айн” гээд цуг зогсож байлтай биш хар цагаан дуугүй л өнгөрдөг. Настай улсууд, хөгшчүүл таарахаараа  адис өгөөч  гэдэг, ахмад настай хүнийг адислаад зогсож байлтай  биш эвгүй л байдаг. Би золгоод үнсүүлчихээд явдаг.
 
 
-Та өөрөө мэдэрдэг таны “тийм нэг” чанар юу вэ?
 
-Бага зэрэг зөрүүд байж магадгүй.
 
 
-Замын цагдаа зогсоодог уу?
 
-Зогсооно оо.
 
 
-Мэдээж, таныг таниад сүйд болдог байх даа?
 
-Яахав, аварга гээд хүндлэнгүй ханддаг тал байдаг.
 
 
-Торгочихмоор үед  таны нүүрийг хараад больдог болов уу, тэд ?
 
-Үгүй дээ. Тэнгэрийн дор төрсөн л бол төрийн хуульд захирагдах, дагаж мөрдөх ёстой гэж боддог. Би ч тийм зөрчил гаргаж байгаагүй.  Ер нь цаг давчидсан, яарсан үед хүмүүс намайг таних ёстой, оруу­лах ёстой гэж хэзээ ч бодож бай­гаагүй, би жирийн л хүн шүү дээ.
 
 
-Энэ жилийн Ерөнхий­лөгчийн сонгуульд хэн хэн өрсөлдөх вэ гэдэг дээр та хэн нэгнийг таамаглаж байна уу?
 
-Тэрнийг ёстой сайн мэ­дэхгүй байна аа.
 
 
-Сүмод монгол бөхийн мэхийг ашиглаад...?
 
-Монгол бөхийн барил­дааны арга мэх гэдэг их бая­лаг. 1960-аад оноос хойш, манайд хөгжсөн орчин үеийн бөхүүдэд монгол бөхийн мэ­хээс баяжсан зүйл их. Тэр олон төрлийн  барилдаанууд монгол бөхөд гэх мэтээр харилцан нөлөөлсөн юм бий. 
 
 
Гадаадад бол бөхчүүд төрөл төрлөөрөө л барилддаг шүү дээ. Харинх манайд бол олон төрлийн бөхчүүл нэг дор цуглаж монгол бөхөөр барилддаг учраас илүү их ашигтай. Сүмо бөхийн барилдааныг өөрийг нь хөгжүүлэхэд монгол бөхийн оруулсан хувь нэмэр байгаа гэж бодож байна.
 
 
-Том хар арьст бөхтэй таныг барилдахыг зурагтаар харахад со­нин байсан шүү?
 
-Урьд нь нэг барилдаад ялагд­сан. Тийм  том  хүнтэй  лав барь­цанд нь хүрч байлдвал их ашигтай. Гарын үзүүрт нь бол тогтохын арга байхгүй. Ер нь том хүнтэй барилдахад бол тийм байдаг л даа.
 
-Үгүй үгүй, нэг их наймаасаа
 
 
-Та ямар бизнес хийж байна вэ.Төмрийн  наймаа хийдэг, кон­тей­нерддэг гэх мэтээр цуурах юм?
 
-Бөхийнхөө байны шагналаар, төсвийн цалингаар амьдралаа аваад явна гэвэл бас жаахан түвэг­тэй байна л даа. Цаг үеэ дагаад, сайн нөхдийн дэмжлэгээр, ойр зуур наана цаана юманд туслаад оролцоод явж байгаа юм бий.
 
 
-Та тодорхой жишээ хэлнэ үү?
 
-Надад бие даагаад бизнес хийх өөрийн мэдлэг, мэргэжил гэж алга. Бас сонирхол алга. Амьдрахын тулд, орлогоо нэмэгдүүлэхийн тулд л… Миний сэтгэлд чинь үргэлж энэ бөхийн заал, бөхчүүл эргэлдэж байдаг учраас бие дааж наймаа хийнэ гэдэг бол хэцүү л дээ.
 
 
-За яахав ээ, аваргаа. Таныг яг ямар наймаанд хамсаад оролц­догийг тань уншигчид сонирхож л байгаа байх даа. Уг нь, ядаж ганц жишээ хэлчихвэл сайн сан. Би танаас тодорхой үг сонсох гээд л таныг  бачимдуулж байж магадгүй. Бололцоогүй бол та заавал ч хэлэх албагүй л дээ?
 
-Хамсаад, найдвартай газ­руудтай, жишээлбэл “Говь” ком­панитай хоёр гурван жил хийсэн юм бий л дээ. Тэднийд ноолуурыг нь бэлтгэж өгдөг. Бизнес гэдэг маань миний ойлгож байгаагаар хүн хүнийхээ итгэлийг даах, шу­дарга байж байж л явдаг юм байна. Хаа ч надад хүн итгэдэг тэр итгэлийг нь л алдчихгүй явах сан гэж боддог доо.
 
 
-Таньд эр хүний 13 мэхээ гар­гах шаардлага гарч байв уу?
 
-Тийм юм ер нь байгаагүй. Миний нэг бодол байдгийм, хүн өөрийнхөө бололцоог бүрэн дүүрэн ашиглах хэрэггүй юм аа гэж. Болохгүй юмыг заавал болгох гэж зүтгэхийн хэрэггүй юм.
 
 
-Та ойрын ирээдүйд гэрийн үйлч­лэгчтэй болохоор төлөвлөсөн үү?
 
-Тийм юм байхгүй.
 
 
-Удахгүй нар хиртэнэ. Мадонна гэх мэт дэлхийн алдартнууд ма­­­найд ирэх сураг чих дэлсэх боллоо. Хэрэв Мадоннад та маш их таалагдаад, Мадонна тантай ойр танилцая гэвэл Та яаж хүлээж авахсан бол?
 
-Өө яалаа гэж, тийм юм… Ер нь би чинь монголд онцгой их гавьяа байгуулчихсан хүн биш шүү дээ. Жирийн нь л нэг тамирчин.
 
 
-Зүгээр л, тэр хүний зүгээс тийм хүсэл ч гэдэг юм уу, санал гарвал яах вэ л гэж…?
 
-Заавал наадахыг чинь тэгж  тавьж байх ямар хэрэг байна. (санаа алдав)
 
 
-Бетховены “Сарны сонат”-ыг та…?
 
-Ямар билээ, чи нэг аяла даа.
 
 
-Дин дин дин.., заавал “Сарны сонат” ч биш л дээ.Жишээлбэл “Хэнтийн өндөр ууланд”-ыг   сон­соход. Монгол хүний сэт­гэлийн чавхдасыг хий­морь­той, тэнгэрлэг сай­хан бөх хөглөдөг учраас тэр “хөг­лүүрийн” сэтгэлийг хөгжим хэрхэн хөглөдөг тухай л со­нирхох гэсэн үүднээс би энэ асуултыг тавьж байгаа хэрэг л дээ?
 
-Ер нь сайхан хөгжим сонсоход сайхан л даа.
 
 
-Жишээлбэл…?
 
-Тэрнийг одоо мэдэж хэ­лэх юм алга даа.
 
 
-Та тогтмол засуулдаг үсчинтэй юу?
 
-Багшийн дээдийн урд, 100-р дэлгүүрийн тэнд засуулдаг.
 
 
-Та гурван охинтой хүн. Бө­хийн удам хэзээ гарах бол?
 
-Хэлж мэдэхгүй байна.
 
 
-Эвгүй ч байж мэдэх нэг асуулт. Та хариулахгүй байж бас болно. Танай гэр бүлийг монгол бөхийн сайн удам үлдээх зорилгоор хөнд­­лөнгийн оролцоотой зохион бай­гуулсан гэж сонссон юм?
 
-Тийм юм байгаагүй, хувь зо­хиолоор л болсон юм. Бид хөнд­лөнгийн оролцоогүйгээр ханилаад 10 гаруй жил болж байна.
 
 
-Таныг хүү гартал “үзээд” байх нь ээ гэж ойл­говол болох уу?
 
-Тийм, бурхан л мэдэх байх
 
 
-Та хэр гарын дүйтэй вэ?
 
-Дүйний хувьд хэлэх юм байх­гүй дээ. Манай аав дархан хүн байсан. Миний ганц төрсөн ах гарын уртай, юм их хийдэг хүн. Ерөнхийдөө, дүй бол бий. Хөлд орох цагаасаа л хар бор ажил, янз бүрийн юмтай хөөцөлдөж явсан учраас ерөнхийдөө хар ухаанаар юмны эвийг олоод, юу ч хийсэн тэгээд ойлголцоод байж… Хот хүрээ газрын хүүхдүүд чинь ажлын дөр гэдэг талаасаа таарууш дээ.
 
 
-Та зодог шуудгаа хаана, хэнээр хийлгэдэг вэ?
 
-Зодог шуудаг биед их тохирсон байх шаардлагатай. Улсын начин Сэрээтэр, Алтангадас, засуул жижиг Санжаа, аймгийн заан Бат­буян гэж хүмүүсээр оёулж байсан. Биендээ таарсан гу­тал хувцас хэрэглэж байж барилдахгүй бол барилдана гэж хэцүү дээ.
 
 
-Хуучин зодог шуудгаа яадаг вэ?
 
Хадгалаад л байдаг даа. Зодог шуудаг гэдэг маань биед наалдсан байх шаард­лагатай учраас нэг угаахад агш­чихвал хэцүү. Тийм уч­раас биед нэг таарснаа удаан өмсөх нь элбэг байдаг л даа.
 
 
-Таны зодог шуудгийн тоо хэд бол?
 
-20 гаран болсон биз.
 
 
-Бөхчүүд гутал тэс­гээ­дэггүй гэх юм. Ингэхэд та хуучин гутлаа яадаг вэ?
 
-Эдэлж хэрэглэж байсан юм аа хаяна гэсэн ойлголт байхгүй. Шавь, ах дүү нартаа шилжүүлдэг. Хамгийн сүүлд 1988 онд манай нутгийн уран Гомбо гэж хүний хий­сэн гутлыг 10 гаран жил хэрэглэж байна.
 
 
-Таны бишрэн шүтэгчид хуучин юмыг тань авъя гэвэл…?
 
-Өгч яваагүй.
 
 
-Та ямар хөөрөгтэй вэ?
 
-Би чинь өөрөө борог айлын хүүхэд учраас аав ээжээс надад өвлөж ирсэн гэх юм алга. Хувьс­галаас өмнө манайх мал ахуй их­тэй айл  байсан  гэсэн. Ху­раагдаж нийгэмчлэгдсээр байгаад саалийн хоёр үнээ­тэй л…
 
 
Сүүлд манай нут­гийн Гүрдорж гэдэг өвгөн өөрийнхөө цагаан хаш хөөр­гийг надад өгсөн. Бүр сайн гэхээргүй ч нутгийн хүүдээ, нутгийн нэр хамтдаа гарч явах юм гээд өгсөн хөөрөг бий. Тэр хүн сэтгэлээсээ өгсөн учраас надад их үнэтэй эд дээ.
 
 
-Та хувцасаа хаанаас авдаг вэ?
 
-Бэлэн хувцас авъя гэ­хэд таа­рах хувцас энд ч, гадаадад ч байх­гүй. Том хүнд зориулсан тусгай дэл­гүүрээс авах юм мэр сэр бий. Дарханы нэхий, Гутлын үйлдвэр, Савхины үйлдвэр, шилмэл загварт захиалж хийлгэдэг. Монгол дээл хувцсыг миний төрсөн эгч хийдэг. Их уран хүн бий.
 
 
-Танай гэргий танд ямар нэгэн зүйл урлаж шаглаж өгсөн үү?
 
-Гэр бүлийн хүн маань оёх шидэх тал дээр нэлээн хол шүү.
 
 
-Та гэртээ усанд орохдоо онго­цондоо (ванн) түүртдэг үү?
 
-Том ваннтай. Угсармал барил­гын арай том ванн байдаг шүү дээ.
 
 
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс сайхан нөхөрлөж болохгүй гэж үү
 
 
-Нууц амраг, нууцаар амраг­лахуйн талаар юу хэлэх вэ?
 
-Үнэхээр  бас  сайн  хэлж  мэ­дэхүй байна шүү. Эр­гэл­зээтэй юм. Хүн хүний өөрийнх нь амьдралаас л болдог байх. Гэр бүлээсээ гадуур өөр хүн хайх ямар нэг шаалтгаан байдаг болоод л гардаг байх. Заавал амраг гэдэг талаасаа биш эрэгтэй, эмэгтэй хүмүүс сайхан найз нөхөд байж яагаад болдоггүй юм бэ.
 
 
-Олон эхнэр байхыг хуулиар зөвшөөрчихвөл…?
 
-Тэрийг зөвшөөрлөө ч гэсэн хувь хүний өөрийнх нь чадал тэнхээ, сонирхолын л асуудал байх. Тэр олон айлыг, тэр олон хүүхнүүдийг аваад явах чадалтай юу гэдгээс шалтгаалах байх л даа.
 
 
-Та бол чадах уу?
 
-Би чадахгүй.
 
 
-Та хэдэн костюм, зангиатай вэ?
 
-Тийм юм асууснаас хэдэн дээлтэй вэ гэвэл хэдэн дээл хэлж болох байх.
 
 
-Тэгвэл хэдэн дээлтэй вэ?
 
-10 дээл байгаа.
 
 
-Костюм бол?
 
-Барга ганц даа
 
 
-Та өөрийн шавьтай юу?
 
-Шавь бий. Гуч, дөчөөд хүүхдүүдтэй.
 
 
-Та өөрийгөө элитарный кругт…?
 
-Орсоор ярих юм бол би ойлгохгүй шүү дээ. (инээмсэглэв.)
 
 
-Дээдсийн хүрээлэлд та өөрий­гөө оруулж үздэг үү л гэж асууж байгаа царай нь. Та намайг уучлаарай?
 
-Монгол Улсын Дархан аварга хүн тийм юманд хамаарагдах ёстой гэвэл хамаарагдах байх, түүнээс биш Бат-Эрдэнэ хамаарагдах ёстой юу гэвэл би үгүй л юм л даа.
 
 
-Та аль баар, зоогийн газарт тухлахыг илүүтэйд үздэг вэ?
 
-Улаанбаатар, Баянголд хуучин цагт тамирчид их хооллодог бай­сан болохоор дассан болоод ч тэр үү Улаанбаатарт сайхан байдаг юм. Сүүлийн үед олон сайхан юм байгуулагдаж байна. Бүгдийг  нь үзэж харж амжихгүй л байна. Гэхдээ хамгийн гол нь үйлчилгээ.
 
 
-Та ямар бүжигт дуртай вэ?
 
-Би цэрэгт яваад л сурсан юм. Хөдөөгийн юуг бол чи сайн олгохгүй л дээ. Хөдөөд бүжиг мүжиг сурах бололцоо байсангүй. Цэрэг нийтийн бүжгийг гаргуун сайн хийдэг байсан. Одоо бол чадахаа байсан байна лээ.
 
 
-Та гүн ухаанлаг утгаар нь ха­риулаарай. Ахуй анхдагч уу ухамсар анхдагч уу?
 
-Би сайн хэлж мэдэхгүй байна шүү. Энэ чинь өөрөө их маргаантай асуудал биз дээ.
 
 
-Зурагтаар харж байхад том том боодолтой шагнал их авдаг. Дотор нь чухам юу байдаг юм бол?
 
-Хивс, одъяал.
 
 
-Таныг бас шагналд олон зурагт авсан гэдэг. Зурагтуудаа бүгдийг нь гэртээ байлгадаг уу?
 
-Өө нэлээн хэдийг авсан шүү. Яг тэгсэн ингэсэн гэх юм алга даа. Таньдаг хүн, найз нөхөддөө өгсөн байх.
 
 
-Хэн нэгэн ядарсан хүн ирээд танаас юу ч юм гуйвал та өгөх үү?
 
-Ер нь би өөрөө дутуу гуцуу явж үзсэн учраас хүнд аль болох бололцооны хэмжээгээр туслахсан гэж боддог.
 
 
-Таны хувийн төлөвлөгөөнд төдий хүртэл барилдана гэсэн бодол бий юу?
 
-Нэг их бодоогүй
 
 
-Та ганцаардлаас айдаг уу?
 
-Айлгүй яахав… аа айх ч юу байхав, ер нь ганцаараа байх чинь жаахан эвгүй л дээ.
 
 
-Өнгөрсөн, одоо, ирээдүй гур­ван  цагийн Бат-Эрдэнийн талаар таныг юм хэлээч гэвэл та юу гэхсэн бол?
 
-За ёстой би хэлж чадахгүй байна.
 
 
-Цагаан сараар хэнд хамгийн түрүүн золгодог вэ?
 
-Хадам аав ээждээ золгох юм даа. Дараа нь өөрийнхөө том эгчид золгоод…
 
 
-Таныг маш ухаалаг хүн гэцгээдэг.
 
-Тэгж ч хамаагүй үнэлж бо­лохгүй л дээ. Би ерөөсөө л зүгээр бай­гаагаараа л байгаа хүн шүү дээ. Хэрвээ зөв хүмүүжилтэй байгаа л бол аав ээж, ах дүүгийн л ач. Хөдөө чинь хүүхдээ айл хотлоороо хамтраад хүмүүжүүлдэг байлаа шүү дээ.
 
 
-1991 оны наадмаар Сүхбатад унасан явдал таны хувьд эхний бөгөөд эцсийн аархалт байсан гэж ярих юм?
 
-Аархаад байсан юм байхгүй. Хэзээ ч аархаж байгаагүй. Ерөн­хийдөө хариуцлагагүй хандсан тал бий.
 
 
-Аархалт гэж юу вэ?
 
Ер нь хүн  дотоод бодол санаагаа зөв илэрхийлэхэд буруутах юм байхгүй л дээ.
 
 
-Өнөө цагийн монгол бөхчүү­дийн талаар таны сэтгэгдэл... Жи­шээлбэл, Мөнх-Эрдэнэ арслан, Өсөхбаяр заан, Гантогтох заан, Батзориг начин гэх мэт?
 
-Мөнх-Эрдэнэ бид хоёр бол нэг үеийнх л дээ. Бусад нь арга­гүй л бидний дараа үеийн том­цуул. Мөнх-Эрдэнийг их үнэлдэг. Орчин үеийн бөхөөр тууш­тай хичээллээгүй, өөрийнхөө сонирх­лоороо мон­гол бөхөөрөө барилдаад, өөрийнхөө биеийг зөв авч яваад өдий зэргийн ам­жилт үзүүлнэ гэдэг бол “гай­хамшигтай бөх” гэж үнэлдэг.
 
 
Аймгийн арслан Адъяахүү гэж залуу бий. Тэр бол бас үндэсний бөхөөрөө дагнаад амжилт  үзүүлээд явж байна. Улсын начин Нармандах, Улсын начин Мөнхбаатар нарыг их үнэлдэг. Бид бол шигшээ багын хоолыг өчнөөн жил идээд, орчин үеийн бөхөөр өчнөөн барилдаж уралдаан тэмцээнд ороод байгаа хүмүүс чинь гарцаагүй ин­гэж, үүнээс ч сайн барилдах ёстой.
 
 
-Баянмөнх, Цэрэнтогтох, Хад­баатар та нар нэгэн үе байсан бол хэн нь илүүтэй байх байсан бол?
 
-Хүмүүс тэгж их үнэлдэг. Би энэ бодлын эсрэг байдаг. Нэг үеийнхнийг нөгөө үеийнхэнтэй нь сөргөлдүүлэн харьцуулан тавьж хэрэггүй юм. Тухайн цаг үедээ л байх хэрэгтэй. Спорт гэ­дэг чинь тухайн цаг үе, тухайн үеийн нийгмийн хөгжил, хүн зүй, спортын амжилт зэрэг нөлөөлөх олон хүчин зүйлүүдээс шалтгаалах ёстой.
 
 
-Бяр, ухаан гэх мэт талаас нь асуувал…?
 
-Ахмад үенийхэн бол ярих юм байхгүй л дээ. Түвдэндорж, Дамдин, Хоёр Мөнх, Цэрэнтогох, Хад­баатар аварга гээд л тэд­нээсээ дээр гарч чадахгүй нь ойлгомжтой шүү дээ.
 
 
-Та янз бүрийн сайн сэт­гэлийн хандив тус өр­гөж байгаа нь бараг л сон­согдохгүй юм?
 
-Хүний чинь сэтгэлийн сайн санааны  хандив, өглөг, тусламж бол аль болох чимээ шуугиангүй байх хэрэгтэй гэж боддог. Өөрийн­хөө чадлын хэрээр тусалсан юм бол байдаг, тийм сэтгэл ч бий, бодож явдаг зүйл ч бий.
 
 
-Алдар нэртэй, цуутай хүний хувьд бүсгүйчүүд тань руу “хандар­­даг” уу. Ер нь “хандарч” байв уу?
 
-Ийм юм ер нь байгаагүй шүү. Намайг ид залуухан гарч ирж байхад байгаагүй юм чинь одоо юу байхав.
 
 
-Бөхчүүдийг их сек­суальный гэдэг?
 
-Би бол тэрнийг хэлж мэдэхгүй  байна. Сексвуал­ный гэж юу гэсэн үг вэ. Сексдээ дуртай гэсэн үг үү, секс хийх юм бол хүчин чадал сайтай гэсэн үг үү.
 
 
-Яахав дээ, хэр их та­чаангуй, янагийн ажилд чадварлаг вэ л гэж асууж байгаа хэрэг болов уу?
 
-Ер нь хүний хүч ча­­дал, эрүүл бие бялдартай хол­боотой байх л даа.
 
 
 
-Үе үедээ олон сайн найз­тай байлаа. Хүний амьд­рал юм бо­лохоор салъя гэж салсангүй, салаа за­мын эрхээр салах юм л даа, гэх­дээ тэдэнтэйгээ үргэлж сэтгэлээр хамт байдаг. Одоо хамгийн ойрын найз бол дуучин Эрдэнэбат байна. Амьдралын ойрын найз маань юм даа.
 
 
-Та дүнзэн байшин ба­риулж байгаа гэсэн. Дуусаж байна уу?
 
-Нутагт манай нэг хүргэн ах бэлтгэж байгаа л даа. Жижгэвтэр зуслангийн зо­риулалттай юм.
 
 
-Та нэгэн сонинд өгсөн ярилц­лагадаа өөрийгөө “Хор шар, тэмцэгч чанар байхгүй” гэж хэлжээ. Бөхийнхөө хувьд бус­даас хол түрүүлсэн өмнө тань өрсөл­дөгчгүй гэсэн утгаар хэлсэн үг үү?
 
-Ердөө угаасаа тийм юм байхгүй  учраас  л  тэгж  байна л даа. Миний хү­мүүжил энэ л дээ.
 
 
-Та хэдэн размерын гу­тал өмсдөг вэ?
 
-46
 
 
 
-Та олон малтай юу?
 
-Нэг их олон байхгүй. Бэлэг, бай шагналд авсан хэдэн адуу бий.
 
 
-Хүүхэд байхдаа та юунаас их айдаг байв даа?
 
-Юунаас айж байсан юм болоо. Могойноос айдаг байсан юм байна.
 
 
-Одоо ч гэсэн хэвээрээ юу?
 
-Айдаг.
 
 
-Таныг их сайн хоол хийдэг гэж сонссон юм байна. Ямар хоо­лонд гар­гуунаа хэлнэ үү?
 
-Үндэсний хоол сайхан хийхийг боддог. Гурилтай шөлийг хийх амархан мэт боловч шинэхэнэ амттай хийн гэдэг өөр.
 
 
-Таныг барилдаж байхад ямар нэг далдын мэдрэмж төрж байсан уу?
 
-Байхгүй.
 
 
-“Эзгүй арал руу явах болбол хэнийг авч явах вэ” гэж нэг моод­ны асуулт танаас асууя. Энэ асуултыг дандаа л бүсгүйчүүлээс асуудаг байхгүй юу. Гэхдээ яахав?
 
-Эхнэрийгээ дагуулаад л явах­гүй юу, өөр яахав.
 
 
-Алдартнуудаас…?
 
-Манай  авгай  чинь  бас алдар­тай л хүн шүү дээ.
 
 
-Монгол бөх лигийн зарчмаар барилдах болж байна уу?
 
-Монгол  бөх чинь өөрөө олон зуун жил хөгжсөн уч­раас барил­дааныг явуулах олон арга байгаа байхгүй юу. Цол өгдөг, цолоороо ам авдаг гэх мэт. Мэргэжлийн болгож байгаа нь  бизнес тал руу нь оруулах гэдэг юм уу, шинээр маркетингийг нь буй болгож байна ч гэдэг юм уу, зөвхөн бөхөө барилдаад амьдардаг болно ч гэдэг юм уу ийм тал руу нь хандуулж байгаа хэрэг болохоос битгий лиг гэж хэлээсэй гэмээр байна.
 
 
-Удаан барилддагийг янзлах уу?
 
-Цаг үетэйгээ холбогдоод шийд­вэрлэгдчих асуудал даа. Одоо чинь цагийн үнэ цэ­нийг үнэлж чаддаг болж байна шүү дээ.
 
 
-Би тантай ярилцахаар асуулт бэлтгэж байхад хэд хэдэн хүн эц­гийн тань талаар сонирхож байсан?
 
-Аав маань Архангайн Цэн­хэрийн хүн л дээ. 1945 оны дайны үеэр зүүн тийшээ гараад манай ээжтэй суусан юм гэнэ билээ.
 
 
-Таны ахны багш?
 
-Үндэсний бөхөөр Содном гэж аймгийн арслан бий дээ.
 
 
-Таныг Үндэсний бөхийн сур­гууль нээх юм гэж сонс­лоо хэзээ нээх юм бэ?
 
-Одоохондоо хэдэн дунд сур­гуулийн хүүхдийн хэм­жээнд ая­­тайхан хүмүү­жилтэй, зөөлөн чих­тэй, зөв бодолтой болгох талд нь бодож байгаа юм байна л даа. Энэ бөхийн спортоор дамжуулаад хүнийг хүмүү­жүүлэхэд нөлөөтэй юм байна аа гээд төр засгаас дэмжвэл юм хийх бодол бий. Хугацааны хувьд то­дорхойгүй.
 
 
 
 
-Та улстөрд оролцох уу?
 
-Миний амьдралд өөрт хамаатай учраас сонирхдог.
 
 
-Таныг 12-оос дээш тү­рүүлэх захиастай гэлц­гээх юм. Хэн нэгэн иргэн тийм зүйлийг  чухам Танд захисан явдал байна уу?
 
-Яг үнэхээрийн захиас гэх юм бол байхгүй л дээ. Би ард түмэндээ их баярлаж явдаг. Стадионд байхад ч хаа ч байхад хүмүүсийн тэр их хайр мэдрэгддэг. Тэгэхээр ард түмний маань л захиас байж магадгүй юм даа.
 
 
-Анх аварга болоод, тэгээд бас дахиад аварга бо­лоод байх тэр үед юу бодогдож байв даа?
 
-Улсын наадамд хоёр түрүүлээд, улсын аварга гэдэг цолыг аваад үүнээс цааш ядаж нэг даян аварга болох юмсан гэж бодож байсан.
 
 
-Яагаад, би таныг хор шаргүй хүн гэж бодож байдаг?
 
-Яагаад гэвэл, залуу аварга гээд л байдаг. Дөч тавь хүрээд ирэхээр чинь бас залуу аварга гээд л туугаад байх уу гэж бодохоор зэрэг цолоо ахиулах юмсан гэсэн бодолтой байсан. Түү­­­­нээс биш өөр бодол бай­­­­гаагүй. Төрийнхөө их наадамд өөрийнхөө тоосыг өргөж, монголын олон зуун бөх­чүүдийн дунд өөрийнхөө хийморийг сэргээж явах хүсэл бол их байна.
 
 
-Бөх барилдахад бо­ловсрол нөлөөлдөг үү, нө­­лөө байдаг бол юугаар илэрч, ажиглагддаг гэж та хэлэх вэ?
 
-Тэр бол байх ёстой. Ерөнхийдөө бөхчүүлд хү­мүүжил, ноён нуруу гэж нэг сайхан юм байдаг л даа. Анх аавыгаа дагаад л сумын наадам үзэж байхаас эхлээд, үлгэр  домог   болсон тэр сайхан бөх­­­­чүүдийг харахад зөвхөн гадна талаасаа ч биш бүх л талаараа нөмөр нөөлөгтэй, төлөв түвшин, гүндүүгүй сайхан, түшиг тулгатай сайхан улсууд байсан.
 
 
60-аад оноос хойш монголд орж ирсэн орчин үеийн бөхийн барилдаанаар олон улсын хэмжээнд улсынхаа нэрийг гаргах шаард­лагатай болсон уч­раас, бөх болох шинж нь бүрдсэн залуусыг цаашид мэргэжил эзэмшээд явах замаас нь салгаад зөвхөн бөх рүү нь хандуулж байсан.
 
 
Бөх болохоор шулуудсан хүн ном сургуулиасаа хөндий­рөхөөс өөр аргагүй л дээ. Бөхдөө хамаг анхаарлаа хандуулж байж л амжилтыг үзүүлэхээс өөр арга байхгүй. Ер нь монголын бөхийн спорт 30-аад жил иймэрхүү хөгжиж ирсэн болов уу гэж боддогийм.
 
 
-Тэгвэл жараад оноос өмнөх байдалд ямар үнэлэлт өгмөөр байна вэ?
 
-Хүссэн сургуульдаа су­раад  төгсдөг, бөхөө барил­даад цолоо аваад явдаг, нэг тийм сонирхогчийн түв­шиндээ байсан. Тэр үед монгол бөхөөс төрсөн, хууль зүйн ухааны доктор, улсын начин Авхиа гуай байна, улсын начин Балдорж гэх мэт олон хүнийг нэрлэж болно.
 
 
Өнөөдрийг хүртэл бөхчүүл  харьцангуй сур­гууль соёлоосоо хоцорсон тал бий. Гэхдээ өнөөдөр бөхчүүлийн дунд бөхийн дэвжээн дээрээ ч амжилт үзүүлээд сургууль соёлоо ч амжилттай дүүргэсэн, мэргэжил мэдлэг олж авсан бөхчүүл бий.
 
 
Жишээлбэл, хоёр Мөнх аварга, Мөнгөн арслан, Давааням  заан байна, Лхагва-Очир начин байна гэх мэтчилэнгийн олон бөхчүүл байна. Нэг бол бөхөө  нэг бол сургууль соёлоо сонгох ийм зам монгол бөхөд гарцаагүй тохиолдсон үе байсан юм шүү.
 
 
-Мөнхбат аваргын их шавийн дээд сургууль, Баян­мөнх аваргын бөхийн дээд сургуулиудаас таны бай­гуу­лах сургууль юугаараа ялгарах бол?
 
-Тодорхой хэлэхэд эрт байна. Ямар ч байсан дунд сургуулийн ерөнхий эрдмийн сургалт хүмүүжлийг ер орхигдуулж болохгүй юм аа гэж боддогийм. Бас эрүүл мэнд талыг нь нилээн анхаарах бодол байна.
 
 
Бүгд биеийн таририйн мэр­гэжилтэн болоод байвал улс оронд юу бүтээх билээ, тийм ээ. Тэгэхээр сонгосон хос мэргэжилээ эзэмших бололцоог нь олгоно гэсэн зарчим бол бий.
 
 
-Өршөөгөөрэй, аваргаа. Сүүлийн үед бөхийн холбоо цолыг хавтгайруулан ту­шаалаар олгодог болсонд их харасаж байгаа байдал мэр сэр ажиглагдах юм. Энэ талаар та ямар нэг зүйл хэлэхийг зөвшөөрнө үү?
 
-Бөхийн холбоо ард­чиллаас өмнөх жилүүдэд хэн нэгэн сайд даргын аж­лын хавсарга маягаар явж ирснийг 90-ээд оноос болиулж бөхчүүд өөрсдөө ярьж байгаад холбоогоо шинээр байгуулсан. Энэ хугацаанд бөхийн холбоо их олон сайхан сайхан зүй­лүүд хийсэн. 
 
 
Монгол бөхөд дутуу даваатай байвал эсвэл улсын спартакиадаар цол олгодог зэрэг нь дэмий юм гээд болиулчихсан юм л даа. Байдлыг  харах  юм бол миний үеийн, одоо барилдаж байгаа бөхчүүлийн цол хэргэм нь тэднийгээ түрүү үеийн бөхчүүлтэй харьцуулаад аварга, арслан, заан золыг нь өгөх хэрэгтэй гэсэн саналыг би нилээн дэмжсэн юм.
 
 
Өөрийнхөө нэг үеийнхнийг бүгдийг цолтой болоосой гэж нилээн дэмжсэн. Гэтэл бөхчүүд олон түмний дунд МҮБХолбоо шинэ алхмаасаа ухарлаа, бас нэг завхрал, улсын цолыг хавтгайруулан олгодог хуучин байдалдаа эргэж орлоо гэдэг. Энэ ч бас аргагүй л дээ.
 
 
Би жирийн л нэгэн
 
 
-Хэрэв Бат-Эрдэнэ бө­хийн зам сонгоогүй бол “хэн” болох байсан бол?
 
-Би 10 анги төгсөөд энд ирэхдээ Зөвлөлтөд хилийн дээд сургуулийн хуваарьтай ирсэн хүн. Тэр үед “Хүч” нийгэмлэгийн гавъяат дасгалжуулагч Гэлэг гэдэг хүн намайг сургуульд явуулалгүй, бөхөөрөө ба­рилдах хэрэгтэй, сүүлд нэг сургууль төгсчихөж болно оо гэж байсан.
 
 
Тэр үед сургуулиуд спортынхонд дуртай, сургуулийнхаа нэ­рээр тэмцээнд оруулдаг, тэгээд явж байгаад л төгсчихдөг, амьдрал дээр гараад л практикаар мэргэжлээ баталгаажуулдаг цаг байлаа шүү дээ.
 
 
-Тантай жирийн нэгэн хүн уулзах сан гэвэл хэрхэн олж, холбоо тогтоож болох вэ?
 
-Би жирийн хүн гэж чамд их олон хэлэх юм даа. Гэрийн утсаар яриад, Спортын төв ордоноор, “Хүч” нийгэмлэгээр очоод холбоо бариад уулзаж болно л доо.
 
 
-Таны гэрийн утсыг нийтлэхийг зөвшөөрөөч гэж гуймаар байна.
 
-Бололгүй яахав. 326000
 
 
-Тан руу утасдаад залхаавал дараа нь уур чинь хүрэх болов уу?
 
-Амрах цагаар биш бол болно.
 
 
-Өөрийгөө хэр зэрэг царайлаг гэж хэлэх вэ?
 
-Ер нь царай зүсийн хувьд тааруу шүү дээ.
 
 
-Эхнэртэйгээ муудалц­даг уу?
 
-Бага зэрэг юм гардаг. Ихэнхдээ зөвлөлдөөд болно доо.
 
 
-Та хамгийн анх үзсэн киногоо санаж байна уу?
 
-“Улаан дарцаг”
 
 
-Би танаас бас нэг зүйл асууя. Эвгүй санагдвал битгий хариулаарай. Янханыг өнөөгийн мон­голын нийгэм нэг нүдээр үзэхгүй байна. Үүнтэй та санал нийлэх үү?
 
-Хаа ч байдаг л юм шиг байна лээ. Гарцаагүй тэгж амьдрах хүн байна уу гэвэл бас ч байхгүй юм шиг. Өөр аргаар амьдрахаас арай амар хялбарыг нь хардаг юм болов уу гэж боддогийм.
 
 
-Өнөөдрийн байдлаар та хэнийг илүүтэй өрөвдөж байна вэ?
 
-За даа, сүүлийн үед ч ахмад  буурлууд, хүүх­дүүдийг харахад сэтгэлд юм бууна шүү дээ. Тэд ямар ч буруугүй атлаа  буруутан шиг байх юм. Энэ хоёр эмзэг улсуудыг л бүгдээрээ харж хандаж явах юмсан гэж боддог.
 
 
-Өнөөдрийн монголын нийгмийг маш товчоор, ганц­хан үг, өгүүлбэрээр илэр­­­хийлээч гэвэл юу гэх­сэн бол?
 
-Хүн болгон өөрсдөө сэтгээд, чадах юм аа хийгээд явбал сайхан амьдарч болох сайхан нийгэм гэж ойлгоод байгаа шүү дээ.
 
 
-Та темпраментаа тодор­хойловол...?
 
-Тайвандуу.
 
 
-Таны хэлдэг уулгамч үг ч гэдэг…?
 
-Еэ… Гончигсүм минь.
 
 
-Таны туйлын хүсэл мөрөөдөл?
 
-Төр амгалан бол түмэн олон амгалан гэхээр хүмүүс манж үг хэлж байна гэдэг  дээ. Уг нь бол төр төвшин бол бидний амьдрал ч мэдээж түвшин л байна шүү дээ. Нуур амгалан бол нугас амгалан гэдэг билүү.
 
 
-Та худал хэлж, хааяа залж байв уу?
 
-Аль болохоор худал хэлэхгүйг хичээдэг.
 
 
-Хувийн онгоцтой бо­лохсон гэж мөрөөддөг үү?
 
-Айл болгон хувийн онгоцтой болоод л эхэлбэл одоо хүссэн ч хүсээгүй ч онгоцтой болж л таараа шүү дээ. Тийм биз дээ.
 
 
-Та нарийн хүн үү?
 
-Нэг их нарийн гэхэд хаашаа юм бэ дээ, амьдралдаа тооцоотой, арвич, гамтай байгаасай л гэж боддог. Хэдийгээр миний хармаанд байгаа ч гэсэн улсын баялаг юм шүү.
 
 
-Таны дургүйг бүр их хүргээд байвал яахав. Цохиод унагачих уу?
 
-Хамгийн  тайван байд­лаар л хандана. Дургүй хүр­гэсэн шалтгаан нь надаас л гарсан байж таарна, түүнийг нь л өөрөөсөө хайхыг бодно доо.
 
 
-Таны очсон улс орон, хотуудаас аль нь илүүтэй сэтгэгдэл үлдээсэн бэ?
 
-90-оноос өмнө гадаад ертөнцөд хамгийн их явдаг улс чинь тамирчид байлаа. Хамгийн сэтгэлд ойрхон нь Москва л байна даа. Гэртээ ороод ирсэн юм шиг л, нэг алхаад нутагтаа очно доо гэж бодогддог байсан.
 
 
Манай монголчуудтай адил­хан бөхийн орон дэлхийд олон байдаг л даа. Үүнээс өөрийнх нь гэж хэлж болох хоёр төрлийн бөхөөр нь барилддагийн хувьд Япон орон сэтгэлд ойр байдаг. Үнэ­хээр бөхийн орон шүү. 
 
 
Нэг удаа бэлтгэлийн хувцастай гудманд бэлтгэл хийгээд явж байтал хүүхдээ дагуулаад явж байсан эмэгтэй зогсоод хүүхэддээ, энэ сумогийн монгол ёкузуна явж байна гэж хэлж байсан.
 
 
-Бат-Эрдэнэ гэж хэн болохыг ганц үгээр хэлж өгнө үү?
 
-Монгол хүн л гэнэ.
 
 
-Өөрийгөө ойлгохгүй то­хиолдол байдаг уу. Өөр­тэйгөө зөрчилддөг үү?
 
-Нэг их зөрчилтэй юм гарч байгаагүй.
 
 
-Таныг архи уудаггүй гэж сонссон юм байна. Тэгвэл өмнө нь ууж байсан уу. Ядаж амсдаг л биз дээ?
 
-Одоо ч гэсэн хэмжээндээ тохируулаад уудаг.
 
 
-Амьдралдаа хамгийн ихдээ хэдий хэмжээний мөн­гийг тоолж байв даа?
 
-Мөнгө тоолохдоо тааруу. Ихэвчлэн бусдаар л.
 
 
-Хамгийн анх та хаана барилдсан бэ?
 
-Анх гэхээр хөлд орсон цагаасаа л барилдсан байж таарна. Тэмцээнд анх орсон гэвэл 13 настайдаа аймгийн төв дээр болдог спартакиадад 20 хүүхдээс 5 давж 15-д орсон. Тэр л байгаа.
 
 
-Та сард хоол хүнсэндээ хэдий хэмжээний мөнгө зарцуулдаг вэ?
 
-Зуу гаран мянган цаас зарчихдаг биз.
 
 
-Та намын гишүүн байсан уу, одоо намын гишүүн үү?
 
-Хувьсгалт  намын ги­шүүн байсан. Дөнгөж элсээд байж байтал ардчилал гараад больсон доо.
 
 
-Танд их баярлалаа. 
 
Таны сэтгэлд нийцтэй бус асуултууд байсан бол өршөөгөөрэй. Тэгээд бас тэднийг бүр мартахыг гуйя. Ирэх  жилийн наадамд таныг түрүүлээсэй гэж би дотороо бодож байна. Үүнийгээ ерөөл болгоод хэлчих үү.
 
 
Р.Даваажав
 
Эх сурвалж: