sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорч буйгаа өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр, хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөхдөө хариуцлагагүй үйлдэл гаргасныг дурдаж, хүнлэг бус, сэтгэл эмзэглүүлсэн асуудалд эцэг хүнийхээ хувьд харамсаж буйгаа илэрхийлээд хариуцлага алдсан албан тушаалтны нэрийн өмнөөс болон хувиасаа уучлал хүслээ. Тэрбээр, "Цар тахлын үед Засгийн газар, УОК бүхий л нөөц боломжоо дайчилж ирсэн. Цаг тухай бүрт нь хилээ хааж, бүх нийтийн бэлэн байдалд шилжих арга хэмжээг хэрэгжүүлснээр Монгол Улсад коронавирусээр амиа алдсан хүн одоогоор байхгүй байна. Өмнө нь 1.6 сая хүн амтай нийслэл хотод хөл хорио тогтоох, зарим аймгийг тэг зогсоох хүртэл арга хэмжээг хэрэгжүүлсэн, энэ явцад алдаа оноо гарсан. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа гардаг" хэмээв. 
Тэрээр, цар тахлын нөхцөлд нойр, хоолоо хасан ажиллаж буй төрийн албан хаагчдад талархал илэрхийлэхийн зэрэгцээ шат шатандаа сахилга хариуцлагаа дээшлүүлж, алдаа гаргавал хариуцлагаа үүрч чаддаг байхыг мэдэгдлийнхээ үеэр сануулсан юм. 
"Дээрх алдаанаас болж миний кабинетын хоёр гишүүн огцрох өргөдөл өгсөн. Би цэргийн хүн. Дайны гал шугамд  тулалдаанд хамт ялж, ялагдвал тэндээ үлддэг нь цэрэг хүний хувь заяа байдаг. Энэ кабинетыг анх байгуулахдаа бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж төлөвлөсөн. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Ард түмэн энэ явдлаас болж сэтгэл зовнисон, залуус төр засагтаа харамсаж байгаагаа илэрхийлж жагссан нь маш зөв зүйл гэж би бодож байгаа. 
 
 
 
 
Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Тиймээс ард түмэн төр засагтаа үгээ хэлж, тавьсан шаардлагыг хүлээн авч Ерөнхий сайдын хувьд хариуцлагаа хамт үүрэх ёстой. Энэ бол ёс зүйн асуудал. Магадгүй, Монголын улстөрд шинэ соёл оруулж байгааг үгүйсгэхгүй" хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо.
 
 
 
Мөн тэрээр жагсаалыг далимдуулж улс төрийн үйл ажиллагаанууд явагдсан. Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч ард түмнийг үймээнд турхирч хөрөнгө, санхүүжилт хийсэн хэмээн ярив. Тиймээс Ерөнхий сайдын хувьд, Ерөнхийлөгч, Засгийн газрын институц хооронд улс төрийн зүй бус харьцаа үүсэх, үүнээс улбаалж олон нийтийг хамарсан үймээн болохоос урьдчилан сэргийлж  үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдэв. 
 
 
 
Эцэст нь тэрбээр, улстөрөөс бүрмөсөн явж байгаа хэрэг биш, монгол төрийн төлөө, шударга шүүхтэй байхын төлөө зүтгэнэ гэлээ.
 
 
 
Мэдэгдлийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд орлоо. Уг хуралдаанаар, Ерөнхий сайдаас огцрох түүний хүсэлтийг хэлэлцэж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы хуралдаанд хүргүүлэх юм. 
Үндсэн хуулийн 43.2-т "Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно" гэж заасан. Хэрэв УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулбал, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох юм.