sonin.mn
Улаанбаатар, Токио хотуудад  “Өмнөд монголчуудын эсрэг геноцидийг ЮНЕСКО-д бүртгүүлье!” сэдэвт хэвлэлийн хурал боллоо. 
2016 оны 11-р сард Токио хотноо өмнөд монголчууд буюу БНХАУ дахи уугуул монголчуудын эзэн мэдэх эрх, хүний эрх, үндэсний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэх нэгдсэн байгууллага  -  Өмнөд Монголын Их Хуралдай (ӨМИХ)-г үзэл санаа нэгдсэн нам холбоодын журмын нөхөд байгуулсан билээ. 
ӨМИХ энэ хэвлэлийн хурлуудыг зохион байгуулав. 
Улаанбаатар дахь хэвлэлийн хуралд :
1. Өмнөд Монголд Соёлын хувьсгалын зэрэгцээ,  “Өвөр ардын намыг малтах хөдөлгөөн”  нэртэй монгол үндэстний эсрэг харгислан хэлмэгдүүлэлт гаарч, өмнөд монголчуудыг болон, соёл иргэншил, аж ахуйг нь аймшигтайгаар устгах бодлоготой кампани зохион байгуулагдсан болно. БНХАУ-ын төрөөс 27 900 өмнөд монгол хүн тэрхүү хоморголон хядах үеэр алагдсан гэж мэдээлдэг. Гэхдээ баривчлагдсан монгол хүн 500 000, эд дундаас харгислалын үеэр болон, үр дагавраас нь шууд шалтгаалан маш олноороо амиа алдсан, баривчлагдаагүй хүмүүсийн дунд ч амь эрсдэгсэд олон. БНХАУ-ын төрөөс 27 900 өмнөд монгол хүн тэрхүү хоморголон хядах үеэр алагдсан гэдэг. Энэхүү Өмнөд Монголын эсрэг геноцид (аймаглан устгах) гэмт хэргийг ӨМИХ ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгүүлэх санаачилга гаргаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.  Санаачилгыг маань дэмжихийг бүхий шударга хүн төрөлхтөнд уриалж байна!
 
2. Өмнөд Монголд бэлчээр нутгийг булааж, амьдрах аргагүй болгож,  монгол малчдыг уусан замхрахад хүргэж, газар шороон дээр нь нүүн шилжиж ирсэн хятадууд уул уурхай, газар тариалан, амьтан өсгөх зэрэг ажлыг замбараагүй эрхэлж, байгаль орчныг бохирдуулж, нутгийн ард олныг дарлах дарамтлах нь хэрээс хэтэрсэн. Үүнийг эсэргүүцэн, эх нутгаа хамгаалан тэмцсэн Янжиндулам, Давшилт, Шинээ, Алмааз нарыг хавчин харгислаж байна. Өмнөд Монголын малчдын тэмцлийг ӨМИХ дэмжиж, хамтдаа шийдэмгийгээр нэгэн адил шүүмжлэл шаардлагыг өрнүүлж ирсэн. Тэднийг дэмжихийг бүхий шударга хүн төрөлхтөнд уриалж байна!
 
3. Өмнөд монголчуудад БНХАУ эзэн мэдэх эрхийг хангана гэж худал амлан, амлалтаа уландаа гишгэсэн байдаг. Бүрэн эзэн мэдэх эрхийг өмнөд монголчууд буцаан авахын төлөө ӨМИХ тэмцэх болно.  Энэхүү тэмцлийг дэмжихийг бүхий шударга хүн төрөлхтөнд уриалж байна!
4. Өмнөд монголчуудын цус зовлон дүүрэн түүхээс Монгол улсын иргэд сургамж авах ёстой. Эсбөгөөс, Соёлын хувьсгал, малтах хөдөлгөөн, улаан хамгаалагчдын харгислал, геноцид гамшиг, уусган үгүй хийх бодлого, өмнөд монголчуудын бүх зовлон цөм Монгол улсад давтагдах аюултай гэж сэрэмжлүүлж байна!
5. Өмнөд монголчуудын хүний эрхийг өмгөөлж хамгаалах цуглаан Улаанбаатар хотноо 6-р сарын 3-ны өдөр 14 цагт Драмын театрын хойдхи талбайд болно. Цус нэгт ахан дүүсээ гэх элгэн халуун сэтгэлтнүүд өргөнөөр ирж оролцоорой! гэсэн мэдээллүүд ийг өглөө. 
 
Хэвлэлийн хуралд оролцсон хүмүүсийн ярианаас хүргэвэл:
Ч.Мөнхбаяр (Монгол хүндээ тусалъя ТББ-ын тэргүүн): Монгол хүн нийт монгол үндэстэнтэйгээ амь нэгтэй байж, жаргал зовлонгоо хуваалцаж байх жамтай. Өмнөд Монголын асуудал бол бүх монголчуудын асуудал. Яагаад гэвэл бид нэг үндэстэн. Монгол үндэстнийхээ төлөө тэмцдэггүй, санаа зовдоггүй хүнийг монгол хүн гэж үзэх хэцүү. Урвасан хулгай биш гэж бодох бэрхтэй.
 
Д.Гансүрэн (Хөх Монгол бүлхэмийн тэргүүн):  Монголын үндэсний үзэлтнүүд өмнөд монголчуудаа ямагт өмгөөлж хамгаалах болно. Монгол улсын иргэд бид өмнөд монгол ахан дүүсээ ганцаардуулж болохгүй. Ямагт сэтгэлийн дэм өгч, тусалж дэмжиж явцгаая.
 
Х.Оюунцэцэг (Хохирогчдын холбооны тэргүүн): Өмнөд монголчууд Монгол улсын иргэдэд байнга тусалж байдаг. Бид хариуд нь муу хэлэхээс өөр юу байгаа юм. Ингэж болохгүй. Хэн хэндээ тусалж, төрсөн ах дүү шиг хамтдаа бүхнийг туулах ёстой. Манай холбоо өмнөд монгол хохирогчдын эрх ашгийг хамгаалах болно.
 
Д.Чулуунбат (Тэнгэрлиг ивээл ТББ-ын тэргүүн): Энэ Монгол улсын маань тусгаар тогтнолд өмнөд монголчууд асар их үүрэг гүйцэтгэсэн. Өмнөд Монголоос жинхэнэ язгуурын эх оронч ноёд лам нар харьяат албадтайгаа, шавь нартайгаа, босогчид тэмцэгчид нь дайчидтайгаа ирж Нэгдсэн Монгол улс байгуулах үйлсэд амь хайргүй хүчин зүтгэсэн. Бид монголчууд бие биеийн ач тусыг үүрд санаж, харилцан тусалж дэмжих Тэнгэрийн зарлигтай.
 
И.Вандан (Сөнид хошууны ард): Өмнөд Монголд Соёлын хувьсгалын гашуун зовлонг амсаагүй тэр үеийн айл гэж нэгээхэн ч үгүй ээ. Өвөр ардын намыг малтах хөдөлгөөн бол дэлхийг цочирдуулам аймшигт хэрэг мөн. Тэр хэргийн ул мөр, айдас болгоомжлол одоо ч өмнөд монголчуудын дунд тодхон байдаг. Үүний зэрэгцээ, монголчуудын эсрэг ийм ялт хэргийг ахин гаргуулахгүйн тулд эр зоригтойгоор тэмцэж байгаа өмнөд монголчууд олон. Ойлгож дэмжиж байгаа Монгол улсын ахан дүүстээ их баярлаж омогшиж байна.
 
Э.Баттөр (Монгол улсын иргэн): Монгол улсын залуучууд бид өмнөд монгол ахан дүүсийнхээ төлөө тууштай тэмцэх болно. Зарим залуус маань өмнөд монголчуудынхаа талаар буруу ойлголттой байдаг. Яг л чам шиг монгол хүн шүү дээ гээд бодчих. Нэгэн мах цусны тасархай гэдгээ мэдэрч явбал их үйл хэрэг болж бүтнэ гэх зэргээр ярьцгаалаа.
 
Ч.Баяр