sonin.mn
Улаанбаатар хотноо наймдугаар сарын 15-18-нд дөрвөн өдөр болж, амжилттай өндөрлөсөн Олон улсын Монголч эрдэмтний 11 дүгээр Их хурлын талаарх сэтгэгдлийг зарим эрдэмтэн, судлаачдаас сонирхсон юм.
 
Японы эрдэмтэн, монгол судлаач Кимүра Аяако:  
 
-Хурлын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
 
-Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр Их хуралд оролцох боломжийг олгосонд талархал илэрхийлмээр байна. Энэ хурал маш сайхан боллоо. Эрдэмтэн судлаач нарын илтгэлүүд нарийн судалгаатай үнэхээр сайн байна. Бид цаашдын Монгол судлалыг хөгжүүлэх эрчим хүчийг энэ хурлаас авсан.  Тийм учраас сэтгэл өндөр байна.
 
-Энэ удаагийн хуралд ямар илтгэл тавьсан бэ?
 
-Би энэ удаагийн хуралд “Монгол цам”-ын тухай илтгэл тавьсан. Монгол цам Түвд цамаас юугаараа онцлог, Түвд цамд байдаггүй ямар олон онцлогуудыг өөртөө агуулсан байдгийг өөрийн судалгаан дээрээ тулгуурлан танилцуулах завшаан таарсан.
 
-Монгол Улсаас төрийн бодлогоор Монгол судлалыг дэмжиж эхэлсэн шүү дээ?
 
-Тийм ээ. Үүнд маш их баяртай байгаа. Монгол судлаач нарын Монголд хайртай, элэгтэй байдаг тэр сэтгэлд эрчим хүч болсон. Монголын Засгийн газар, ард түмэн биднийг судалгааг ийнхүү дэмжиж өгөхөд бид цаашид ажиллах итгэл сэтгэл улам бүр нэмэгдсэн.
 
-Монголыг судлалыг яагаад шимтэн сонирхох болсон талаараа дурсаач?
 
-Энэ бол миний хувь тавилан гэж боддог. Би бүх насаа уг судалгаанд зориулсан. Тийм учраас Монголын нэрийг дэлхийд мандуулж байгаа монголчуудтай цуг бид бага ч гэсэн  судалгааны ажлаар хувь нэмрээ оруулах санаатай байна. Тэр ч утгаараа бид нэг дор чуулан Монгол судлалын талаар илтгэл тавин өөр хоорондоо санаа бодлоо хуваалцсанд маш их баяртай байна.
 
-Монгол судлалын салбарын хувьд ойрын ирээдүйд хийх шаардлагатай зүйлийг та юу гэж  харж байгаа вэ?
 
-Монгол судлаачид бид цаашдаа Монгол судлалыг улам гүнзгийрүүлэх хэрэгтэй байна.  
 
 
Буриад улсын эрдэмтэн Абаева Любовь Лубсановна:
 
-Их хурлын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
 
-Монголч эрдэмтдийн энэ хурал маш өргөн хүрээтэй боллоо. Сэтгэл  маш өндөр байна.
 
-Ямар илтгэл хэлэлцүүсэн бэ?
 
-Монгол залуучууд яагаад өөр шашин шүтэж байна, Буддын шашны талаар болон залуучууд яагаад зан заншлаа дагахгүй байна вэ гэдэг асуудлаар илтгэлээ хэлэлцүүлсэн.
 
-Та хэдэн жил Монгол судлалын салбарт ажиллаж байна?
 
-1980-аад оноос эхлээд “Монгол Буддын зан заншил” сэдвээр судалгаа хийсэн. 35 жил ажиллаж байна.
 
-Монгол судлалын салбарын ойрын ирээдүйг хэрхэн харж байна?
 
-Монгол судлаач залуучуудыг олон болгох ажлыг эрчимжүүлээсэй гэж хүсч байгаа.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг