sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /CNN/. АНУ-д хууль бусаар нэвтэрсэн гэх 100 гаруй цагаачийг Колорадо-Спрингс хотын нэгэн шөнийн цэнгээний газарт явуулсан тусгай ажиллагааны үеэр баривчилжээ.


Тус клубт гэнэтийн баривчилгаа явуулах үед дотор нь 10 гаруй цэргийн албан хаагч байсан бөгөөд холбооны албаныхны мэдээлснээр, тэдний зарим нь хууль бус ажиллагаанд оролцсон байна.


“Мансууруулах бодистой тэмцэх газрын /DEA/ тусгай агентууд шөнийн цэнгээний газарт орохоосоо өмнө тэнд ирснээ урьдчилж мэдэгдсэн. Клубт 200 хүн байснаас 114 нь АНУ-д хууль бусаар оршин сууж байсан хүмүүс. Үүнээс гадна 10 гаруй цэргийн алба хаагч ивээн тэтгэгч, хамгаалалтын ажилтны хувиар тэнд байсан” гэж “Rocky Mountain” дивиз X хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Ерөнхий прокурор Памела Бондигийн мэдэгдсэнээр, тусгай ажиллагааны үеэр хоёр хүнийг холбогдох зөвшөөрлийн дагуу баривчилсан байна. “Америкийг дахин аюулгүй болгох тухай Трампын заавар тушаал үр дүнд хүрч байна!” гэж тэрбээр X хуудсандаа бичсэн байна. 


“Клуб дотор мансууруулах бодисны наймаа, биеэ үнэлэлт, хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэж байсан. Бид тэндээс хэд хэдэн буу хураан авсан. Мөн клубийн хамгаалалтад ажиллаж байсан, эдгээр гэмт хэргийн заримд оролцсон цэргийн алба хаагчид тэнд байсан” гэж “Rocky Mountain” дивизийн тусгай агент Жонатан С.Пуллен ням гаргийн өглөө хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Газар доорх клубээс олдсон мансууруулах бодиснууд дунд кокаин болон “туси” гэж нэрлэгддэг ягаан өнгийн кокаин байсан гэж тэрбээр нэмж хэлжээ.


АНУ-д хууль бусаар оршин сууж байсан хэмээн сэжиглэгдсэн хүмүүсийг Цагаачлал, гаалийн алба баривчлан саатуулсан гэж Ж.Пуллен хэлсэн ба алба хаагчдыг АНУ-ын армийн эрүүгийн мөрдөн байцаах хэлтэст хүлээлгэн өгсөн байна. 


Тус хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч CNN-д хэлэхдээ, DEA-тай хамтарсан мөрдөн байцаалт явуулж байна. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул бид одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп уг ажиллагааг сайшааж, шүүгчид албадан гаргахыг хүсэхгүй байгаа АНУ дахь хамгийн муу хүмүүсийг онилсон ажиллагаа байлаа гэж TruthSocial хуудсандаа бичсэн байна. “Өнгөрсөн шөнө манай улсад хууль бусаар оршин суудаг хамгийн муу хүмүүс болох хар тамхины наймаачид, алуурчид болон бусад харгис гэмт хэрэгтнүүдийн эсрэг томоохон ажиллагаа явууллаа. Америкийг дахин агуу болгоё!” гэж тэрбээр мэдэгджээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг