sonin.mn

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Ярилцъя л даа” нэвтрүүлэгт оролцож цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Түрүүч нь  https://sonin.mn/newsDetail/9098


 “Засгийн газрын зарим бодлого дээр санал нийлдэггүй, харин баялгийн сангийн асуудлыг 100 хувь дэмжиж байгаа” 

 

-Баялгийн сантай холбоотой Үндсэн хуулийн заалтаа хэрэгжүүлэхээр хувийн хэвшил рүүгээ дайрлаа. Энэ том компанийг ингэж болдог юм уу гэх яриа гарч байна. Үүн дээр та тайлбар өгөхгүй юу?


-Бид АНУ-ыг жишээ болгож яриад байдаг шүү дээ. АНУ л хувийн өмчид дээд зэргийн хүндэтгэлтэй ханддаг гэж боддог. Тэр бол зөв. Тэгтэл яасан бэ гэхлээр “Enron” гэж АНУ-ын эрчим хүчний их том компани байсан. Америктаа эхний тавд багтдаг.  Энэ чинь том гүрний эдийн засгийг нуруун дээр авч явдаг гэсэн үг шүү дээ. Тэр компани одоо бидний яриад байгаа зөрчлөөс бүр хамаагүй бага зөрчил гаргасан.


Манайд гарсан зөрчил бол ард түмнийхээ өмчийг булаачихсан, хулгайлчихсан шүү дээ. Харин “Enron” тайлангаа худлаа гаргасан. Орлогоо нэмэгдүүлж алдагдлаа багасгаж, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа өсгөж байсан.


Тэдэнтэй Америктаа төдийгүй дэлхийд дээгүүрт ордог “Arthur Andersen” гэх аудитын компани хуйвалдаад орлого нь мундаг байна, алдагдал нь бага байна гэсэн тайлан тооцоо гаргасан байна. Үүнийг АНУ-ын шүүх, төр засаг нь луйвар булхай гэж үзсэн. Компани нь том байна уу, жижиг байна уу хамаагүй. Том компаниуд нь асуудал гаргахаар яадаг ч үгүй. Жижиг компаниуд хохирдог маягаар явах юм бол нийгэмд шударга ёс алдагдана. Яагаад гэвэл хуулийн өмнө хүн бүр, бүгдээрээ тэгш эрхтэй. Үүнтэй адил компаниуд ч тэгш эрхтэй байх ёстой гэж үзсэн. Гэхдээ АНУ өмчийг хамгаалдаг орон учраас “Enron” компани татан буугдсан. “Arthur Andersen” татан буугдсан. Ажилчид нь өөр компаниуд руу шилжсэн, хохирсон. Яагаад гэхээр эзэд нь луйварчид байсан учраас хохирсон. Эцэстээ тэр компани татан буугдсан ч АНУ-ын эдийн засаг яагаа ч үгүй. Шударга ёс тогтсон орон өмчид тэгж хандаж байна шүү дээ. Өмч бол шударга хөдөлмөрөөр олсон байх ёстой зүйл. 


Өөрийнхөө хөрөнгийг оруулсан байж тэрийг авах ёстой.  Гэтэл Таван толгой ордыг нээхэд өөрийн хөрөнгөө ерөөсөө оруулаагүй хүмүүс авчхаж болох уу. Лицензийг мэдээлэлд ойрхон байсныгаа ашиглаж авчхаад лицензийн төлбөр төлөх ёстой гэдэг.  Би хөрөнгө оруулсан гэж худлаа хэлээд тэгээд авчхаж болохгүй байхгүй юу. 


Сүүлийн үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг их айлгаж байна. Энэ Засгийн газрыг О.Алтангэрэл сайдыг ч их айлгаж байна. Надад санаа бодол нийлэх нийлэхгүй асуудлууд бий л дээ. Тэгэхдээ энэ байгалийн баялаг дээр ерөөсөө 100 хувь дэмжиж байгаа. Баялагаа Норвегтой адилхан шударга, зөв зүйтэй захиран зарцуулъя. Баялгаа баялгийн сандаа төвлөрүүлье. Жишээлбэл, Норвегийн баялгийн сан бол дотооддоо хөрөнгө оруулалт хийхээсээ илүү гадаад хөрөнгө оруулалт хийж байна. Яагаад гэхээр дотооддоо хөрөнгө оруулалт хийвэл инфляцад нөлөөлнө. Эсвэл хөрөнгө нь өөр зүйлд зарцуулагдаж магадгүй гэсэн болгоомжлол байдаг учраас гадаадын орнуудад байгалийн баялгийн сангаараа дамжуулж хөрөнгө оруулалт хийдэг. Тэрийгээ маш оновчтой өсгөдөг. Баялгийн сангийн энэ шударга хуваарилалт зөвхөн Норвегт биш. АНУ-д ч бий. 


-АНУ-д ямар байдлаар хэрэгжиж байна вэ?


-Хоёр жишээ хэлье. Саяхан Ерөнхийлөгч Трамп АНУ-ын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж, Баялгийн сан байгууллаа. Тэгэхээр манайд яагаад байгуулж болдоггүй юм. Хоёрдугаарт, Аляска мужид байгалийн баялагтай холбоотой сан байна. Тухайн сангаас олон улсын болон америкийн маш сайн менежерүүд санхүүжилт авч мөнгийг нь өсгөдөг. Эдийн засгийн зөв зүйтэй эргэлтэд оруулдаг. Тэд мөнгөө зүв зүгээр хав дарж хэвтдэггүй. Эргэлтэд оруулж, өсгөж байна. Тэгээд тодорхой хувийн ногдол ашгийг Аляска мужийн иргэдэд өгч байна. Сүүлийн гурван жил Аляскад амьдарсан бол мужийн иргэн гэж үзэж байна. Тухайн иргэд нь ногдол ашгаараа юу хийх нь өөрийнх нь асуудал. Юмаа худалдаж авна уу, аялал жуулчлал хийнэ үү, хуримтлал үүсгэнэ үү, хөрөнгө оруулалт хийнэ үү. Ер нь ард түмэн юунд зарцуулахыг дүгнэж, цэгнэж болохгүй. Тухайн хүн, айл өрх надад юу хэрэгтэй вэ гэдгээ хамгийн сайн мэднэ. Тэгэхээр зарцуулалтад битгий санаа зов. Яагаад гэвэл тэр баялаг чинь ард түмний өмч юм шүү дээ.


“Ж.Оджаргал гэдэг хүнд тусалж явсан үе надад бий”


-Гэтэл Монгол Улсын Засгийн газар баялгийнхаа тодорхой хувийг төр засаг эзэмших хэрэгтэй гээд эхлэхээр баялаг бүтээгчид рүүгээ дайрлаа гэдэг зүйл ярьж байна. Баялаг бүтээгч гэж яг хэнийг хэлдэг юм бэ?


-Дахиад Америкийн жишээ байна.  Баялаг бүтээгч бол Зукерберг. Фэйсбүүк гэдэг цахим сүлжээг гаргаж ирсэн хүн. Зукерберг нүүрс авсангүй. Алт зэс авсангүй. Тэр Харвардад сурч байхдаа сургуулиа орхиод, бизнесийн санаагаа олж технологийн дэвшил гаргасан. Фэйсбүүк гэсэн шинэ цахим сүлжээ бий болгож дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болсон. Энэ бол баялаг бүтээгч. Элон Маск байна. Тэр цахилгаан машин үйлдвэрлэж байна. Дээр нь сансарт пуужин харваж нисэж байна. Сая хүртэл АНУ-ын сансарт гацчихсан байсан сансрын нисгэгч нарыг Илон Маскийн нисгэсэн пуужин очиж авчирч байх жишээтэй. Энэ бол баялаг бүтээгч. Энэ хүн зэс авсангүй, алт авсангүй, нүүрс авсангүй. Тэгэхээр бид байгалийн баялгаа ард түмнийхээ нэрийн өмнөөс ард түмнийхээ төлөө захиран зарцуулах эрхээ хурдан сэргээх хэрэгтэй. Тэгээд зөв удирдлагаар хангаж, олсон орлогыг нь төвлөрүүлээд авлигын хэрэгтэйгээ тэмцсэн шиг тэмцэх хэрэгтэй. Хувь хувьсгал нь холилдчихсон баялгийн зохицуулалттай байхад хээл хахуулиас хэзээ ч салахгүй.


-Дундын өмч л болгох ёстой юм байна?


-Тийм ээ. Дундын өмч болгож байж л үүнээс сална. Тэгээд Илон Маск, Зукербергтэй адилхан шинэ зүйл бодож байгаа залуучууддаа баялгийн сангаасаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ маягаар юм хийхгүй бол болохгүй байна. Жишээлбэл, MCS компани байна.  Би энэ компанийг сайн мэднэ. Тухайн үедээ Ж.Оджаргал гэдэг хүнд маш их тусалж байсан. 1990-ээд оны сүүлч 2000 оны эхээр шүү дээ. 


БНСУ-ын “Samsung”, “Хьюндай” зэрэг компаниудтай адил компанийг байгуулж байж Монгол Улсын эдийн засаг тэлж, хөгжих ёстой юм байна гэж ойлгож Б.Жаргалсайхан, Сү.Батболд, Г.Батхүү агсан, П.Батсайхан гэсэн хүмүүст тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байсан.


Тийм учраас одоо надад гомдож, энэ юу яриад байна гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл би зөв юман дээр зөв л гэж хэлнэ. Жишээлбэл, “Кока Кола”-гийн лицензийг авчраад Монголд үйлдвэрлэж байна. Энэ баялаг бүтээж байгаа хэлбэр биш шүү дээ. Дэлхийд бий болчихсон баялгийг Монголд оруулж ирж байна гэдгээрээ сайн байна. Би юу ч хэлэхгүй дэмжээд л явна. Харин ард түмнийхээ өмчийг худлаа хуйвалдаж авчхаад тэрийгээ баялаг бүтээж байгаа юм шигээр ярьж байгаа бол би зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, “MCS” компани Ухаа худагтай холбоотой асуудал дээр баялаг бүтээж байгаа юм ерөөсөө байхгүй.


-Нэг сайдын гарын үсгээр авчихсан учраас хулгай гэж хэлж болохоор байна шүү дээ. Тийм үү?


-Тийм ээ. Үүнийг одоо ялгаж, салгаж ойлгоод асуудлыг нэг тийшээ шийдэх хэрэгтэй. Одоо ахиад дутуу орхивол Монголд олигархийн төр улам бэхжинэ. МАНАН гэдэг үзэгдэл дахиад гарч ирнэ. Шударга ёс алдагдаж, ард түмэн дээд зэргийн бухимдалд автана. Тийм учраас эхлүүлсэн бол одоо л Үндсэн хуульдаа нийцүүлж авах нь чухал байна. Би энд Үндсэн хуулийн асуудал ярьж байгаа юм шүү. Түүнээс биш хувийнхаа асуудлыг яриад байгаа юм биш.


“Залуучуудынхаа оюун ухаан руу анхаарал хандуулах цаг ирсэн”


-Засгийн газар таны ярьж байгаагаас арай зөөлөн хандаад байгаа юм биш үү?


-Тал талаас нь доромжлоод байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд залуу хүн учраас надтай адилхан энэ компанийн гарч ирсэн түүхийг сайн мэдэхгүй байж магадгүй шүү дээ. Яагаад энэ ордыг авчихсан юм.  Мундаг мундаг бизнес л хийнэ гэж боддог байж магадгүй. Үнэн хэрэг дээрээ мундаг бизнесмен биш. Зөвшөөрлийн эдийн засаг буюу хамгийн муу эдийн засаг бүтээдэг. Тусгай зөвшөөрлийг төр засагт ойрхон байгаа хүмүүстэй нийлж байгаад авчихдаг. Бусад хүмүүст ямар ч дэмжлэг байдаггүй.  Зукерберг гэхэд шинэ бизнесийг бий болгож байна.


Харин Ж.Оджаргал, “MCS” компани бол байгалийн баялгийг хууль бусаар авч том компани болчхоод жижиг компаниудаа дэмжихийн оронд шахаж байна. “CU” байна. Мөн Ухаа худгийг авчихсан компани ууц чанах юм уу, үгүй бол хэвийн боов хийх, ресторан нээгээд махны бизнес ч хийж байна. Ингэж жижиг дунд компаниа шахдаг байж болохгүй.


Солонгосын жишээ байна шүү дээ. “Samsung” гэхэд “Shinsegae” их дэлгүүрээ авчихсан. “Е-mart”-аа авчихсан. Тэгээд солонгосчууд гайхаад байгаа шүү дээ. Ингэж болохгүй юм байна. Хэтэрхий том компаниудыг зохицуулахгүй хаяж болдоггүй. Одоо компаниудынхаа зохицуулалтыг хийх гэж зовж байна. Манайх энэ маягаар удаан явбал хэзээ ч шийдэж чадахгүй. Тэр хэдэн том компаниудын эрх мэдэлд улстөрчид нь ороод компаниудын төлөөний хүмүүс нь худлаагаасаа 2-3 намд хуваагдаж зорилгыг биелүүлдэг. Солонгосын эдийн засаг сүүлийн үед энэ асуудлаас болж гацаад байна. Залуучуудад орон зай алга байна. Залуучуудад маш ээлгүй хот улс болчихлоо. Залуучууд нь маш их бухимдаж байна шүү дээ. Үүнтэй адилхан бид яг тэр замаар явах гээд байна. Ер нь явчихсан. Одоо бүүр цаашаа гүнзгийрүүлэхгүйн тулд бүх салбарт залуучуудаа дэмжмээр байна. Монголын залуучууд яагаад хиймэл оюун ухаан, Chatgpt-тай адилхан хиймэл оюун ухааныг хийж чадахгүй гэж. Чадна шүү дээ. Биотехнологийн чиглэлд дэмжмээр байна. 


Мэдээллийн технологиор дэмжмээр байна. Одоо залуучуудынхаа оюун ухаан руу анхаарал хандуулах цаг ирсэн байна. Тэгэхээр байгалийн баялагтай холбоотой маргааныг ерөөсөө Үндсэн хуульдаа нийцүүлж засаад, өмчөө буцааж эзэндээ аваад баялгийн сангаа байгуулаад явах нь зөв. 


Баялгийн сангаараа дамжуулж ард түмнийхээ оюун ухааныг дэмжсэн үйл ажиллагаа явуулж, залуучууд маань дараагийн шударга ардчилсан нийгмийг бүтээн байгуулах юм. Хүн бүхний оролцоо байж, хөгждөг нийгэм юм шүү дээ. Хүн бүхний оролцоо байж л ардчилал бат бий болно. Түүнээс биш ганцхан АН байснаараа өнөөдөр Монголд ардчилал байна гэж ойлгож болохгүй. Эсвэл ганцхан МАН байснаараа, гурав, дөрөв дэх нам байснаараа ардчилал хөгжихгүй. Нам байснаар ардчилал хөгждөггүй. Харин иргэн бүр, ТББ-ууд, хэвлэл мэдээлэл, намууд, нам бус хүмүүс бүгдээрээ энэ нийгмийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаараа оролцдог байж, тэр үүд хаалгыг нь нээдэг байж тэр нийгэм хамгийн амжилттай хөгждөг байна. Тэгэхлээр АНУ-ын давуу тал нь юу вэ Үндсэн хууль дээр нь маш хийсвэр гэмээр гурван агуулга байна. Нэгдүгээрт, хүн бүр ижил тэгш төрсөн. Хэн нэгэн дутуу эсвэл илүү эрх дархтай төрөөгүй.


Хоёрдугаарт, хүн бүр эрх чөлөөтэй төрнө гэж. Ижил тэгш гэдэг бол хийсвэр. Бид бүгд эрх чөлөөтэй төрсөн гэдэг нь ч хийсвэр. Гурав дахь нь бүр их хийсвэр зүйл байна. Энэ нь хүн болгон аз жаргалын хойноос хөөцөлдөх эрхтэй гэжээ. Ийм гурван хийсвэр гэмээр суурь зарчим дээр АНУ-ын Үндсэн хууль тулгуурлаж, батлагдсан. 


Энэ бол АНУ-ыг амьд байлгаж байгаа гол хөдөлгүүр. АНУ бол хуучин Монгол Улсад байсан шиг ЗХУ-д байсан шиг аз жаргал гэж ийм юм байдаг юм аа гээд дөрвөлжин, гурвалжин үгүй бол дугуй юм үзүүлчхээд “Энэ аз жаргалд л таарч амьдар би мэдэж байна” гээд хүнийг дөрвөлжин, гурвалжин үгүй бол дугуй болгох гээд байсан байна шүү дээ. Тэгж болохгүй юм байна. Хүн болгонд аз жаргалын тухай ойлголт өөр өөр. Гэхдээ зөв аз жаргалыг ярьж байна шүү дээ. Бие биеийгээ алах, дайн дажин хийх, хар тамхи хэрэглэх, бие биеийгээ үзэн ядах, хараах, ерөөх, хууль бусаар хулгай хийх өмч дээрэмдэх энэ бол аз жаргал биш. Харин юм хийж бүтээе шинийг санаачилъя гэж байгаа хүмүүст бололцоог нь АНУ өгч байна. Яагаад гэвэл Үндсэн хууль дээрээ аз жаргалын хойноос хөөцөлдөх зүтгэн тэмүүлэх эрхтэй гэжээ. 


Харин манай Монголд аз жаргалын хойноос тэмүүлэх гээд чадахгүй байна. Яагаад гэвэл аз жаргалыг зөвхөн албан тушаалтан тэрэнтэй холбоотой бизнесийнхэн л эдэлдэг. Бусад нь аз жаргалын хойноос хөөцөлдөх бололцоогүй. Тийм учраас аль нэг намд нь шургалан оръё. 


Үгүй бол намын хүнийг хахуулдаж байгаад ажлаа бүтээлгэе. Энэ бол миний аз жаргал. Монголд өнөөдөр тогтолцоо нь ямар байна гэхлээр аз жаргалын хойноос хөөцөлдөх бололцоог хаачихсан тогтолцоо байна шүү дээ. Тийм учраас яаралтай энэ тогтолцоогоо өөрчлөх ёстой. Аз жаргалын хойноос хөөцөлдөх эрхийг нь нээсэн тогтолцоог бий болгох ёстой. Нийгмийн чиг баримжаатай тогтолцоо байх ёстой. Дээр нь дундын өмчийн ойлголтыг бий болгож бид нарын оролцоогүй, хэний ч оролцоогүй бий болчихсон баялгийг ард түмний дундын өмч болгоод түүнийгээ зөв зүйтэй захиран зарцуулаад явах нь чухал байна. Ордыг бид бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ч зохицуулж болно шүү дээ. АНУ, Вьетнам, Куба, Норвег, Катарт ч юм уу, технологийн хувьд хэцүү орд дээр бүтээгдэхүүн хуваая, чамд технологи нь байна бид нарт байхгүй байна. Тэгвэл технологийнхоо дагуу ордоос алтыг нь, зэсийг нь нүүрсийг нь гаргаад ир. Бүтээгдэхүүний тэдэн хувь нь манайд байх ёстой. Өмчийг бол чамд өгөхгүй. Лиценз өгөхгүй. Ийм байдлаар гэрээ байгуулж болно. Гэхдээ манайх лиценз, өмч хоёрыг хольж хутгаад өмчийн асуудлыг лиценз гэж худлаа хэлж, өөрийнхөө ойр дотны хүмүүст өгч байгааг яаралтай засахгүй бол баялгийн хараал Монголд тусчихсан байна. Энэ баялгийн хараалаас гарах ёстой.


“Хархорин хотыг жинхэнэ орчин үеийн хот болгох ёстой”


-Таны ярианд залуучуудыг дэмжих тухай асуудал нэлээд яригдлаа. Энэ чиглэлд анхаарч ажиллахаар шийдсэн үү. Засгийн газарт бас тодорхой санал гаргасан гэж ойлголоо? 


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдоод нэг санаачилга гаргаж байгаагаа хэлсэн. Энэ бол дэлхийд байдаг санаачилга. Тэр нь ажлын туршлагатай, олонд танигдсан гэхдээ зөвхөн дотооддоо биш гадаадад танигдсан хүмүүсийг тусгай үүргийн элч, тусгай төлөөлөгчийн статустай болгоод аливаа том асуудлыг шийдвэрлэхэд оруулах гэж байгаагаа хэлсэн. Тэгээд та оролцооч гэсэн. Монголд тулгамдсан олон том асуудлууд байна. Таны туршлага гадаад дотоодод танилцсан, харилцаа холбоо алсыг харж байгаа, ирээдүйг харж байгаа хараа чинь бид нарт хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би бодъё гэж хэлсэн. Дараа нь Ерөнхийлөгчтэй уулзсан.


Ерөнхийлөгч бас Ерөнхий сайд ийм санал гаргаж байгаа. Би бас дэмжиж байгаа тийм учраас та бүхэн маань хүч чадлаа дайчлаарай гэсэн. УИХ-ын дарга бас хамт байсан. Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ийм статустай хүмүүсийг бий болгоё гэсэн ийм бодолтой гэж би ойлгосон.


Ингээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай солилцох маягаар ярихад Хархорины асуудлыг та бүр 1986 оноос эхлээд ярьж байсан юм байна лээ гэсэн. Энэ нь зохиолчдын хороонд ажиллаж байсан үе шүү дээ. Би үүх түүхээ сонирхдог хүний хувьд Хархорин, Эрдэнэзуутай холбоотой асуудлаар ”Соёлын мянган дурсгал хөнөөх нэгэн аюул” өгүүлэл бичиж байсан байна. Ингээд 1986 онд “Утга зохиол урлаг” сонинд хэвлүүлж байсан. Тэгэхээр өнөөдөр 2025 онд гэнэт цоорчихсон юм шиг Хархорины тухай ярьж байгаа юм биш шүү дээ. 1986 онд буюу хуучин тогтолцооны үед энэ буруу бодлого явж байна гэдгийг шүүмжилж байсан.


“Лам нарыг тэр үед хамгийн их эрдэмтэй ном судар сурсан хүмүүс” гэж өгүүлэл дотроо бичиж байсан юм. Тэрийг хасах гэж байхад нь Лам нарын хийсэн бүтээсэн ном, сүм хийд бол манай Монголын бахархал, манай Монголын, монгол хүний дүр төрхийн нэгэн чимэг гэж зүтгэсээр байгаад тэр мөрийг оруулж байсан.


Одоо бол энэ нь нэг их айхтар гайхалтай юм биш. Харин 1986 онд бол маш их хэцүү байсан. Дараа нь Ерөнхий сайд болоод ажиллаж байхдаа Хархориныг дэмжих зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын яриад байгаа зүйлийг 2000-2004 онд их хүчтэй зүтгүүлж байсан. Бүсийн хөгжлийн тулгуур төв гээд Улаанбаатар хотыг оролцуулаад дөрвөн бүсэд хувааж байсан. Босоо бүс болгосон. Хэвтээ бүс болгочих юм бол хойд хэсэг нь дандаа ус, нуур, ой, уул болно. Дунд хэсэг нь дандаа тал, урд хэсэг нь говь болчихно. Тэгэхээр нэг нь нэгийнхээ дутууг нөхөж, илүүгээ бие биетэйгээ хуваалцдаг маягаар бүсийг зохицуулахгүй бол маш хэцүү. Тэгээд Хангайн бүсийн төвийг Хархорин болгож байлаа.


-Тухайн үедээ ийм бодлого гаргаж байсан уу?


-Тийм ээ. Дараа нь УИХ-ын дарга болоод Хархорин хотыг босгох ёстой гэж үзээд Хархорин хотын шавыг нь тавьж байсан. Дараа нь Чингисийнхээ ойгоор хуучин Ерөнхийлөгч байсан хүмүүс санал солилцсон. Тэр үед би нэг санаачилга гаргаж байсан. Тэр нь “Чингис хааныхаа ойг тэмдэглэх тал дээр маш их сайхан санаачилгатай ажиллаж байна. Энэ зөв. Тэгэхдээ ингээд өнгөрчихмөөргүй байна. Чингис хааныхаа зарлигийг бүгдээрээ биелүүлье. Чингис хаан 1220 онд зарлиг гаргажээ. Хархорин хотыг их эзэнт гүрний нийслэл байх болтугай гэсэн зарлиг гаргасан байна. Тэгэхлээр Ерөнхийлөгч танд түүхэн хувь заяа оногдож байна.


П.Очирбат гуай анхны ерөнхийлөгч ерөөж дэмжих байх. Бусад хүмүүс бас дэмжих байх. Та одоо энэ Хархорин хотыг сэргээн босгох тухай зарлиг гаргаач ээ” гэсэн. Уг нь 2022 онд 800 жилийн ой болох байсан. Харамсалтай нь, цар тахал таараад, зарлиг гаргаж чадаагүй. Тийм учраас 2022 он боллоо эзэн Чингисийнхээ ойг тэмдэглэж байна.


Тийм учраас бүгдээрээ саналаа Ерөнхийлөгчид хэлсэн. Ерөнхийлөгч зөв саналыг хүлээж авахдаа чадвартай. Тэгээд ийм зарлиг гаргасан. Тэгэхээр миний хувьд Бүсийн хөгжлийн тулгуур төв болгож байсан. Хархорин хотыг байгуулах шавыг нь тавьж байсан. Бүүр 1986 онд Хархорин хотын тухай өгүүлэл бичиж байсан байна. Тэгээд Хархорин хотыг асуудлыг хариуцъя аа гэсэн Ерөнхийлөгч дэмжсэн, Ерөнхий сайд дэмжсэн. Энэ Хархорин хотыг жинхэнэ орчин үеийн хот болгоё, залуучуудын хот болгоё. Хоггүй, утаагүй хот болгоё хамгийн дэвшилтэт технологийг хэрэглэсэн хот болгоё.  Орчин үеийн Монголын нүүр царай болгосон хот болгох дээр би ажиллая гэсэн.  Дараагийн нэг асуудал бол Хархорин хотын төслийг хэрэгжүүлэхэд хүссэн хүсээгүй хамгийн дээд зэргийн дэвшилтэт технологийг ашиглах ёстой. Тэгээд түрүүн би хэлж байсныхаа дагуу залуучуудыг дэмжье гэсэн. Ингээд Хархорин, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх асуудлыг хариуцсан тусгай элчээр байж болох гэсэн саналаа хэлсэн. Ерөнхий сайд Ерөнхийлөгч нар дэмжсэн. Эцэслэж шийдвэр гарсан, гараагүйг би сайн мэдэхгүй байна. Намайг сая Азербайжанд явж байхад Эдийн засгийн хөгжлийн яамнаас холбогдоод “Та хурдан ирээрэй. Бид тусгай элч нарынхаа асуудлыг эцэслэн шийдэхээр төлөвлөж байгаа. Тэгээд ийм зар хүргэж байна аа” гэсэн. Би тэрийг хүндэтгээд ирсэн.


Гадаад дотоодын харилцаа холбоогоо Монгол Улсынхаа Хархоринг дэмжихэд, байгуулахад мөн одоо дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд зориулна гэж бодож байгаа юм. Харин харамсалтай нь нэг алдаатай мэдээлэл гарсан байна лээ. Элчин сайд гээд хэлэхээр хүмүүс гадаадад суух гэж байна гэж бодоод байгаа юм. Үгүй ээ.


Энэ бол олон улсад байдаг жишиг. АНУ-ын 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Керри гэж хүн Обамагийн Засгийн газрын үед, Байдены үед ч тусгай элчээр ажиллаж байсан. Ялангуяа Байдены Засгийн газрын үед байгаль орчны өөрчлөлтийн асуудлыг хариуцсан тусгай элчээр ажиллаж байсан. Одоо Трамп Ерөнхийлөгч Израил Ойрх Дорнодын асуудлыг хариуцсан тусгай элч, Укриан Оросын дайныг зогсоох тусгай элчийг томилж байна. Кофи Аннан өөрөө Сирийн асуудлыг зохицуулах, дэлхийн халуун цэгүүдэд болж байгаа зөрчилдөөнийг зохицуулах асуудлаар тусгай элч болж ажиллаж байсан. Тийм учраас энэ асуудал байх ёстой. Цаашдаа ч байна. Мөн Ц.Туваан сайд намайг түлшний асуудал хариуцсан тусгай элч болно гэж хэвлэлд ярьсан байна лээ. Дараа нь би өөртэй нь утсаар ярьсан “Уучлаарай би андуурсан байна. Өөрөө залруулна аа” гэсэн. Мөн намайг боомтын асуудал хариуцаж байгаа гэж мэдээлсэн. Тийм зүйл байхгүй. Үүх түүхээ сэргээсэн, тасарсан түүхээ холбосон, ирээдүйн залуучуудынхаа үйл амьдралыг дэмжсэн тэгээд дэвшилтэт технологитой холбосон ийм хоёр том асуудлыг хооронд нь уялдуулан зохицуулах тийм бололцоо олдвол хийнэ гэж бодож байна.



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин